Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Яавал аав ээжтэйгээ эвтэй байх вэ?

Яавал аав ээжтэйгээ эвтэй байх вэ?

 Асуулт

  •   Чи аав ээжийнхээ хэнтэй нь илүү их муудалцдаг вэ?

    •  Аав

    •  Ээж

  •   Хэр их муудалцдаг вэ?

    •  Хааяа

    •  Заримдаа

    •  Байнга

  •   Муудалцахаараа яадаг вэ?

    •  Муудалцсан ч хурдан эвлэрдэг.

    •  Нэлээн маргалдсаны эцэст эвлэрдэг.

    •  Нэлээн маргалдаад эвлэрч чадахгүй өнгөрдөг.

 Чи аав ээжтэйгээ таардаггүй бол нөхцөл байдлыг сайжруулахын тулд тэд л ямар нэг юм хийх ёстой гэж бодож байж магадгүй. Гэхдээ аль болох муудалцахгүй байхад, бас маргалдсан ч хурдан эвлэрэхэд чиний зүгээс хийж чадах зүйл бий. Эхлээд, юунаас болж муудалцахад хүрдгийг бодож үзье.

 Яагаад муудалцдаг вэ?

  •   Бодох чадвар. Өсөж томрохын хэрээр чи аливаа юмыг илүү нухацтай боддог болно. Бас өөрийн гэсэн үзэл бодолтой болоод аав ээжтэйгээ таарахаа больж магадгүй. Харин Библид «Эцэг эхээ хүндэл» гэж байдаг (Египетээс гарсан нь 20:12).

     Бодит үнэн: Санал нийлэхгүй байгаагаа эвтэйхэн илэрхийлдэг болохын тулд сурч, хөгжих хэрэгтэй.

  •   Биеэ даах. Том болохын хэрээр аав ээж чинь чамайг илүү эрх чөлөөтэй байлгана. Харин хүссэнээр чинь биш, эсвэл бүр удаан хүлээлгээд байгаа юм шиг санагдаж болох юм. Үүнээс болж муудалцахад хүрдэг. Харин Библид «Эцэг эхдээ дуулгавартай бай» гэж байдаг (Эфэс 6:1).

     Бодит үнэн: Ер нь аав ээж чинь хэр их эрх чөлөө олгох нь одоогийн эрх чөлөөгөө хэрхэн ашиглаж байгаагаас чинь шалтгаална.

 Яах нь зүйтэй вэ?

  •   Юу хийж чадахаа бод. Муудалцсан нь аав ээжээс л боллоо гэхийн оронд эвтэй байхын тулд чи юу хийж чадахаа бодоорой. Жеффри гэдэг хүү: «Муудалцсаны шалтгаан нь дандаа аав ээжид чинь байдаггүй. Чиний хэрхэн харьцсанаас болсон байж магадгүй. Тайван ярих нь хурцадмал байдал үүсэхгүй байхад чухал үүрэгтэй» гэжээ.

     Библид ингэж байдаг: «Та нараас шалтгаалж байгаа бол эвтэй бай» (Ром 12:18).

  •   Сонс. 17 настай Саманта: «Миний хувьд сонсох хамгийн хэцүү. Гэхдээ өөрсдийг нь сонсож байгааг аав ээж анзаарвал тэд ч намайг сонсоно гэдгийг би ойлгосон» гэжээ.

     Библид ингэж байдаг: «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яаков 1:19).

    Муудалцах нь гал гарахтай адил. Хяналтгүй орхивол гал алдах аюултай

  •   Нэг баг бай. Муудалцвал спортын, жишээ нь теннисний тэмцээнд оролцож байна гэж бодоорой. Өрсөлдөгчийн талд аав ээжийгээ бус, тухайн асуудлыг тавиарай. Адам гэдэг хүү: «Муудалцах үед аав ээж нь хүүхдийнхээ л сайн сайхныг боддог. Хүүхэд ч хүсэж байгаа юмаа анхаардаг. Тэгэхээр хэн хэн нь нэг зорилготой гэсэн үг» гэж ярьжээ.

     Библид ингэж байдаг: «Эвтэй байхын тулд ... чадах бүхнээ хийцгээе» (Ром 14:19).

  •   Аав ээжийгээ ойлго. Сара гэдэг охин: «Бидэнд хэцүү асуудал тулгардаг шиг аав ээжид маань ч хэцүү асуудал тулгардаг гэдгийг ойлгох нь надад тустай байдаг» гэжээ. Карла гэдэг охин энэ талаар «Би аав ээжийнхээ оронд өөрийгөө тавьж боддог. “Хэрэв би хүүхэд өсгөөд, тэдэн шиг нөхцөлд байсан бол ямар байх бол? Би хүүхдийнхээ төлөө юу хийх бол?” гэж төсөөлдөг» гэжээ.

     Библид ингэж байдаг: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:4).

  •   Дуулгавартай бай. Хамгийн гол нь Библид дуулгавартай байхыг уриалдаг (Колосай 3:20). Энэ зөвлөгөөг дагавал амьдрал чинь илүү амар болно. Карен гэдэг охин: «Аав ээжийнхээ хэлснийг л хийчихвэл би бага стресстдэг. Тэд миний төлөө их юм хийдэг учраас би ядаж дуулгавартай байх хэрэгтэй» гэжээ. Дуулгавартай байх нь муудалцахаас сэргийлэх хамгийн сайн арга!

     Библид ингэж байдаг: «Түлээ дутагдвал гал унтарна» (Сургаалт үгс 26:20).

 Зөвлөгөө. Аав ээжтэйгээ ярилцах амаргүй байвал захиа эсвэл мессеж бичээд үзээрэй. Алисса гэдэг охин: «Тайван ярьж чадахгүй, бухимдсан үедээ би тэгдэг. Энэ нь орилж хашхирахгүй, дараа нь харамсах үг хэлэхгүйгээр өөрийгөө илэрхийлэхэд тустай байдаг» гэж хэлжээ.