Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?

Хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?

 Яагаад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй вэ?

 «Би өмнөх шигээ их ном уншихаа больсон. Урт догол мөр ч унших дургүй болсон»—Элайн.

 «Бичлэг үзэж байхад явж өгөхгүй байгаа юм шиг санагдвал шууд гүйлгээд л үзчихдэг»—Миранда.

 «Хамаг анхаарлаа төвлөрүүлээд чухал юм хийж байтал утсанд мессеж ирвэл хэн юм бол гээд анхаарал бүр сарничихдаг»—Жэйн.

 Электрон хэрэгсэл анхаарлаа төвлөрүүлэхэд саад болдог уу? Зарим хүн тэгж үздэг. «Интернэт ашиглах тусам бидний тархи нэг зүйлд гүйцэд төвлөрөхөө больдог. Богино хугацаанд их мэдээллийг өнгөц боловсруулдаг болчихдог учраас тэр юм» гэж зохиолч, менежментийн зөвлөх Николас Карр бичжээ a.

 Электрон хэрэгсэл анхаарал төвлөрүүлэхэд саад болдог гурван нөхцөлийг үзье.

  •   Хүнтэй ярихад. «Хүнтэй уулзаад юм ярьж байхдаа хүртэл хүмүүс мессеж бичих, тоглоом тоглох, олон нийтийн сүлжээгээ шалгах гэх мэтээр утсаа оролдоод яриандаа анхаарлаа 100 хувь хандуулдаггүй» гэж Мариа гэдэг бүсгүй анзаарснаа хэлжээ.

  •   Хичээл дээр. «Сурагчдын дийлэнх нь хичээлийн үеэр электрон хэрэгслээрээ мессеж бичиж, интернэтээс юм уншиж эсвэл бичлэг үздэг. Электрон хэрэгслээ хичээлийн бус зорилгоор ашигладаг» гэж нэг номд бичжээ («Digital Kids»).

  •   Даалгавар хийхэд. «Утсанд юм ирэх тоолонд харахгүй байна гэдэг хамгийн хэцүү» гэж 22 настай Крис хэлсэн. Даалгавраа хийж байхдаа утсаа байн байн үзээд байвал ганцхан цаг хийх даалгавраа хэдэн ч цаг хийж мэднэ.

 Хамгийн гол нь: Хамаг ухаан санаа нь электрон хэрэгсэл рүүгээ явчихдаг бол анхаарлаа төвлөрүүлж чадахгүй.

Анхаарлаа төвлөрүүлэхгүй бол догшин морь унасан мэт. Чамайг хаашаа ч хамаагүй аваад давхина.

 Анхаарлаа төвлөрүүлж сурах арга

  •   Хүнтэй ярихдаа. Библид «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» гэж байдаг (Филиппой 2:4). Иймд электрон хэрэгслээрээ оролдолгүй, нөгөө хүнийхээ нүд рүү хараад яриаг нь анхааралтай сонсоорой.

     «Хүнтэй ярьж байхдаа электрон хэрэгслээ битгий оролдоорой. Тэр хүнийг хүндэлж ярианд нь анхаарлаа бүрэн хандуулаарай»—Томас.

     ЗӨВЛӨГӨӨ: Утсаа нүднээсээ далд байлгаарай. Утас нүдэнд харагдаж л байх юм бол удахгүй дуугарна даа гэж гэгэлзээд анхаарал сарнидаг гэж судлаачид үздэг байна.

  •   Хичээл дээрээ. Библид «Яаж сонсдогоо анхаар» гэж бий (Лук 8:18). Энэ зарчмыг баримтлан ангидаа интернэт ашиглаж болдог байлаа ч мессеж уншиж, тоглоом тоглож, хүнтэй чатлалгүй хичээлээ анхаараарай.

     «Багшийнхаа яриаг сайн анхаарч бичиж аваарай. Болж өгвөл урдуур суугаарай. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлэхэд амар байна»—Карен.

     ЗӨВЛӨГӨӨ: Хичээлээ компьютер дээр шивэхийн оронд дэвтэр дээр бичээрэй. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлэхэд амар байна, үзсэн юмаа ч сайн тогтоодгийг судалгаагаар баталжээ.

  •   Даалгавраа хийхдээ. «Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав» гэж Библид байдаг (Сургаалт үгс 4:5). Өөрөөр хэлбэл хичээлээ шалгалт өгөх гэж гүйлгэн харах биш сайн ойлгох хэрэгтэй.

     «Би даалгавраа хийхдээ таблетаа нисэх онгоцны горим дээр тавьчихдаг юм. Тэгээд хичээлээ л анхаардаг. Таблетанд юу ч ирсэн хардаггүй. Чухал юм санаанд орвол мартахгүйн тулд бичээд авдаг. Тэгээд дараа нь хийдэг»—Крис.

     ЗӨВЛӨГӨӨ: Хичээл хийхдээ орчноо цэвэрхэн, эмх замбараатай байлгаарай. Тэгвэл анхаарлаа төвлөрүүлж чадна.

a «The Shallows—What the Internet Is Doing to Our Brains» номоос авав.