ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Би баптисм хүртэх ёстой юу?—3-р хэсэг: Би яагаад хойшлуулдаг вэ?
Чи Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ гэж бодохоор айж байна уу? Тийм бол айдсаа ялахад энэ өгүүлэл тус болно.
Энэ өгүүлэлд:
«Би баптисм хүртсэнийхээ дараа ноцтой алдаа гаргачихвал яах вэ?»
Ингэж бодохын учир: Чи хэн нэгнийг ноцтой нүгэл үйлдээд хурлаас хасагдсаныг мэддэг байж болох юм (1 Коринт 5:11–13). Тэгээд чамд ч бас ийм юм тохиолдох вий гэж санаа зовж байж магадгүй.
«Би анх баптисм хүртэх талаар бодохдоо том алдаа гаргачихвал яана аа гэж их айж байсан. Хэрэв тэгвэл аав ээж минь хэчнээн их шаналах бол гэж бодсон»—Ребека.
Библийн гол зүйл: «Хилэнцтэн нь өөрийн замаа ... орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна» (Исаиа 55:7).
Бодож үзээрэй. Ноцтой нүгэл үйлдээд гэмшээгүй хүн хурлаас хасагддаг. Харин даруу байн гэмшиж, сахилгажуулалтыг хүлээж авбал Ехова өршөөнө (Дуулал 103:13, 14; 2 Коринт 7:11).
Түүнээс гадна, чи төгс бус ч гэлээ Бурхны тусламжтайгаар хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна (1 Коринт 10:13). Чи өөрөө л яахаа шийднэ.
«Би баптисм хүртсэнийхээ дараа ноцтой нүгэл үйлдвэл яана аа гэж айж байсан. Харин ингэж бодоод баптисм хүртэхээ хойшлуулах нь буруу гэдгийг ойлгосон. Ирээдүйд тохиолдож болзошгүй зүйлээс айж, хийх ёстой юмаа хойшлуулах ёсгүйг ухаарсан»—Карен.
Хамгийн гол нь: Еховагийн ихэнх үйлчлэгчийн адилаар, чи ноцтой нүгэл үйлдэхгүй гэж бат шийдвэл шийдсэнийхээ дагуу байж чадна (Филиппой 2:12).
Тусламж: «Хорхой хүргэм зүйлийг хэрхэн тэвчих вэ?» өгүүллийг үзээрэй (англи).
«Би баптисм хүртсэнийхээ дараа үйлчлэлээ өргөжүүлж чадахгүй байх»
Ингэж бодохын учир: Жишээ нь, Еховад илүү их үйлчлэхийн тулд гэр бүл, найз нөхдөө орхиод хол газарт нүүж очсон залуусыг чи мэддэг байх. Тэгээд чамайг ч бас ингэнэ гэж хүмүүс бодож байгаа гээд санаа чинь зовж байж магадгүй.
«Баптисм хүртвэл Еховад илүү олон аргаар үйлчлэх үүд хаалга нээгддэг. Гэхдээ зарим нь өөрийгөө бэлэн биш, одоогийн нөхцөл байдал тохиромжгүй гэж боддог»—Мэри.
Библийн гол зүйл: «Харин хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» (Галат 6:4).
Бодож үзээрэй. Өөрийгөө бусадтай харьцуулахын оронд Марк 12:30-д байдаг «Бүхий л зүрх[ээрээ] ... Ехова Бурхнаа хайрла» гэсэн үгийг тунгаан бодоорой.
Бусдын яаж үйлчилж буйг бус, чи өөрөө л Еховад бүх зүрхээрээ үйлчлэх ёстойг анхаараарай. Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бол өөрийнхөө л чадах хамгийн сайн аргаар түүнд үйлчилнэ.
«Баптисм бол чухал алхам ч гэсэн хүнд дарамт биш. Сайн найзуудтай болбол тэд чамд тусална. Аажмаар үйлчлэлээ өргөжүүлснээр илүү аз жаргалтай болно. Баптисм хүртэхээ хойшлуулаад байх нь чамд л муу»—Жулиа.
Хамгийн гол нь: Еховагийн чамд илэрхийлсэн хайранд талархах сэтгэлээ лавшруулаарай. Ингэвэл түүнд хамгийн сайныгаа өгөх хүсэлтэй болно (1 Ёохан 4:19).
Тусламж: «Би хэр хариуцлагатай хүн бэ?» өгүүллийг үзээрэй (англи).
«Би Еховад үйлчлэх зохисгүй хүн»
Ингэж бодохын учир: Ехова бол орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн. Түүнтэй харьцуулахад хүмүүс бол юу ч биш! Ер нь намайг байдгийг Ехова мэддэг юм болов уу гэж чамд бодогдож болох юм.
«Аав ээж минь Гэрч учраас Еховатай тогтоосон харьцааг тэднээс “өвлөөд” авчихсан, Ехова намайг татаагүй гэж бодоод санаа зовдог байв»—Натали.
Библийн гол зүйл: «Намайг илгээсэн Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй» (Ёохан 6:44).
Бодож үзээрэй. Чи баптисм хүртэх талаар бодож байгаа гэдэг нь Ехова чамтай улам дотносохыг хүсэж буйн илрэл байж болох юм. Энэ урилгыг чи хүлээж авахгүй гэж үү?
Ехова хэнийг татахаа өөрөө л шийддэгийг бас санаарай. Чамаар ч, өөр хэнээр ч шийдүүлэхгүй. Мөн «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж Бурхны Үг чамд батлан хэлдэг (Яаков 4:8).
«Чи Еховаг мэдэж түүнтэй дотноссон нь тэрбээр чамайг хайрладгийн баталгаа юм. Тиймээс Еховад үйлчлэх зохисгүй хүн гэж бодогдвол тэрбээр ингэж боддоггүйг өөртөө сануулаарай. Тэгээд ч үргэлж Еховагийн зөв байдаг шүү»—Селина.
Хамгийн гол нь: Чи баптисм хүртэх Библийн шаардлагыг хангасан нь Еховад үйлчлэх эрхтэй болж байгаа хэрэг. Үүгээр зогсохгүй үйлчлэх ч ёстой, алдаршуулах ч учиртай (Илчлэл 4:11).
Тусламж: «Би яагаад залбирах хэрэгтэй вэ?» өгүүллийг уншаарай.