Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бэлгийн хүчирхийллийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?—Хэсэг 1: Урьдчилан сэргийлэх нь

Бэлгийн хүчирхийллийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?—Хэсэг 1: Урьдчилан сэргийлэх нь

 Бэлгийн хүчирхийлэл гэж юу вэ?

 Бэлгийн хүчирхийллийн хууль ёсны тодорхойлолт нь улс бүрд харилцан адилгүй байдаг. Ер нь бэлгийн хүчирхийлэл гэдгээр хүсээгүй байхад нь эсвэл хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орохыг хэлдэг. Үүнд бага болон өсвөр насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, гэр бүл, ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл, эмч, багш, лам хувраг зэрэг итгэл даах хүмүүсийн бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэх зэрэг нь ордог. Зарим этгээд үг хэлээр дарамтлах юм уу хүчирхийлчихээд хэргийг нь илчилбэл хор хүргэнэ хэмээн айлган сүрдүүлдэг.

 АНУ-д л гэхэд жилд 250 000 орчим хүн бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Хохирогчдын бараг тал нь 12–18 насны хүүхдүүд байдаг аж.

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

  •   Библид бэлгийн хүчирхийллийг буруушаасан байдаг. 4000 орчим жилийн өмнө Содом хотын хуял тачаалдаа шатсан эрчүүд хотод нь ирсэн хоёр эрэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон тухай Библид гардаг. Ехова уг хотыг яагаад устгасан нь энэ үйл явдлаас тодорхой харагддаг (Эхлэл 19:4–13). Түүнчлэн 3500 жилийн өмнө Бурхан Мосед өгсөн Хуульдаа гэр бүл, ураг төрлийн хүмүүсийн бэлгийн харьцааг хоригложээ (Левит 18:6).

  •   Ихэнх тохиолдолд таньдаг хүн нь хүчирхийлдэг. Нэгэн номд «3 хүчингийн хэрэг тутмын 2 нь таньдаг хүндээ хүчиндүүлсэн байна. Гэмт этгээд хаа нэгтээ харанхуй газраас гэнэт гараад ирдэггүй» гэж бичжээ («Talking Sex With Your Kids»).

  •   Эрэгтэй эмэгтэй хүний аль аль нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг. АНУ-д хохирогчдын 10 хувь нь эрэгтэйчүүд байдаг. «Хүчирхийлэлд өртсөн эрчүүд ижил хүйстэн болчих вий гэж айж явдгийг эсвэл эр хүний шинжгүй гэж өөрийгөө буруутгадгийг» АНУ-ын хүчирхийллийн эсрэг тэмцдэг нэгэн байгууллага судалгаагаар тогтоожээ («Rape, Abuse & Incest National Network»).

  •   Бэлгийн хүчирхийлэл хаа сайгүй байдаг нь гайхах зүйл биш. «Эцсийн өдрүүдэд ... хүнийг хайрладаггүй, ... биеэ хянадаггүй, хэрцгий» хүмүүс олшрохыг Библид зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1–3). Ийм хүмүүс бусдыг хүчирхийлдэг.

  •   Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь хохирогчийн буруу биш. Хэн ч бэлгийн хүчирхийлэлд өртөх ёсгүй. Хүчирхийлсэн хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Нөгөөтээгүүр, бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой.

 Юу хийж болох вэ?

  •   Бэлтгэлтэй байгаарай. Үерхдэг залуу, хамаатан садан гээд хэн нэгэн хүн чамайг хүчирхийлэхийг оролдвол юу хийхээ урьдаас мэддэг байх хэрэгтэй. Ерин гэдэг эмэгтэйн зөвлөснөөр, юу ч тохиолдсон бэлтгэлтэй байх ёстой ажээ. Янз бүрийн нөхцөл байдлыг ургуулж бодоод юу хийхээ урьдчилан бэлдэх хэрэгтэй. Энэ нь «шал дэмий» юм шиг санагдаж болох ч «хохирогч болохоос сэргийлнэ» гэж хэлжээ.

     Библид юу гэж байдаг вэ? «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга ... Учир нь бид хэцүү цаг үед амьдарч байна» (Эфэс 5:15, 16).

     Бодож үзээрэй: Хэрэв хүн надад бие арзас хийтэл хүрвэл би яах вэ?

  •   Гарах төлөвлөгөө зохиогоорой. Дээр дурдсан хүчирхийллийн эсрэг тэмцдэг байгууллага ийн зөвлөж байна. «Найз юм уу гэрийнхэн чинь л ойлгодог нууц үгтэй болоорой. Байдал эвгүйтээд эхэлбэл тэдэн рүүгээ залгаж нууц үгээрээ яриарай. Тэгвэл тэд чамайг ирж авах юм уу тухайн нөхцөл байдлаас гарах арга зам зааж өгнө». Ийнхүү эрсдэлтэй нөхцөл байдлаас хурдан зайлбал ямар нэг хохирол амсахгүй.

     Библид юу гэж байдаг вэ? «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» (Сургаалт үгс 22:3).

     Бодож үзээрэй: «Надад ямар төлөвлөгөө байгаа билээ?».

    Гарах төлөвлөгөөтэй байгаарай

  •   Хэм хэмжээ тогтоож, чанд баримтлаарай. Жишээлбэл чи хэн нэгэнтэй үерхдэг гэж бодъё. Биеэ яаж авч явбал зохистой эсвэл зохисгүйг хоорондоо заавал ярилцаарай. Ингэж хэм хэмжээ тогтоож, зааг тавих нь тэр хүнд таалагдахгүй байвал чамайг хүндэлдэг хүнтэй үерхэх хэрэгтэй гэсэн үг.

     Библид юу гэж байдаг вэ? «Хайрладаг хүн ... зохисгүй авирладаггүй, амин хувиа боддоггүй» (1 Коринт 13:4, 5).

     Бодож үзээрэй: «Би ямар хэм хэмжээ баримталдаг вэ? Яавал миний хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх вэ?».