ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Бэлгийн хүчирхийллийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?—Хэсэг 2: Сэтгэлийн шархаа эдгээх нь
Өөрийгөө буруутгадаг бол яах вэ?
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид болсон явдлаас болж маш их ичдэг. Тэр байтугай өөрийгөө буруутгадаг. 19 настай Карен гэдэг охинд юу тохиолдсоныг авч үзье. Тэрээр 6–13 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Карен: «Миний хувьд өөрийгөө буруутгах нь хамгийн аймшигтай байсан. “Би яаж ийм олон жил хүчиндүүлээд яваад байсан юм бэ?” гэж өөрийгөө зүхдэг» хэмээн ярьжээ.
Чи ч бас өөрийгөө буруутгаж явдаг бол дараах зүйлийг анхаараарай.
Хүүхэд бие махбод болон сэтгэл зүйн хувьд бэлгийн харьцаанд орох ямар ч бэлтгэлгүй байдаг. Бэлгийн харьцаанд орно гэж яахыг мэддэггүй болохоор учраа ололгүй хүчинд автчихдаг. Тийм болохоор хүүхэд ямар ч буруугүй.
Хүүхэд гэнэн цайлган, итгэмтгий учраас муу хүмүүсийн арга залинд амархан ордог. Нэгэн номд тэмдэглэснээр, «Хүүхэд бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн арга залийг мэддэггүй учраас тэдний арга мэхэнд өлхөн ордог» аж («The Right to Innocence»).
Бэлгийн хүчирхийлэлд өртөх үед хүүхдийн сэрэл хөдлөх нь бий. Чиний сэрэл бас хөдөлсөн бол биеийн чинь эмзэг хэсэгт хүрэхээр бие цаанаасаа ийм хариу үйлдэл үзүүлдгийг санаарай. Энэ нь чи өөрөө хүссэн эсвэл болсон явдалд буруутай гэсэн үг яавч биш.
Зөвлөгөө: Чи хэдэн насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн бэ? Одоо яг тийм насны таньдаг хүүхдээ бодоорой. Тэгээд «Тэр хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэхэд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцэх үү?» гэж бодож үзээрэй.
Үүнийг Карен хүүхэд асрагч хийгээд ойлгожээ. 3 хүүхэд хардаг байсны нэг нь 6 хүрч байв. Карен яг ийм насан дээрээ хүчирхийлүүлсэн юм. Тэрээр: «Ийм насны хүүхэд хэчнээн гэнэн цайлган байдгийг би ойлгосон. Би ч гэсэн ийм байсан» хэмээн дурссан юм.
Үнэндээ бол: Чамайг хүчирхийлсэн этгээд л хариуцлага хүлээх ёстой. Библид «Хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ» гэж байдаг (Езекиел 18:20).
Итгэл хүлээсэн хүнд сэтгэлээ уудлах нь чухал
Болсон явдлын талаар итгэл даасан том хүнтэй ярилцвал тайвширна. Библид «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг (Сургаалт үгс 17:17).
Хэрэг явдлыг ярихгүй байх нь аюулгүй санагдах нь ойлгомжтой. Сэтгэлээ улам шархлуулахгүйн тулд хэнд ч хэлэхгүй байя гэж өөртөө хана босгож болох юм. Хэдийгээр тэр хана чамайг хамгаалж болох ч бас бусдаас тусламж авахад чинь саад болно.
Жанет гэдэг бүсгүй болсон явдлыг ярьсныхаа дараа сэтгэл нь уужирчээ. Тэрээр: «Миний сайн мэддэг, итгэж явдаг хүн намайг жаахан байхад минь хүчирхийлсэн. Би энэ тухай хэнд ч хэлэлгүй олон жил хав дарсан. Гэхдээ нэг өдөр ээждээ бүгдийг нь хэлсний дараа мөрөн дээрээс хүнд ачаа аваад хаясан юм шиг л санагдсан» гэж ярьжээ.
Зарим хүн яагаад болсон явдлыг тас нуудгийг Жанет туршлагаасаа ойлгожээ. «Хүчирхийлэл бол яриад байхаар сэдэв биш ээ. Гэхдээ миний хувьд болсон явдлыг нуугаад шаналж явах нь амаргүй байсан. Эрт орой хэзээ нэгэн цагт хэлэхээс хойш, эртхэн хэлсэн нь дээр юм байна лээ» гэж Жанет хэлжээ.
«Анагаах цаг»
Хүчирхийлэлд өртсөн хүн өөрийгөө хэнд ч хэрэггүй, өнгөрсөн хүн эсвэл бусдын хүсэл тачаалыг хангахын тулд л амьд яваа гэх зэргээр өөрийнхөө талаар буруу үзэлтэй болдог. Гэхдээ ийм буруу үзлээсээ салж, сэтгэлийн шархаа эдгээх боломжтой (Номлогчийн үгс 3:3). Яаж?
Библи судлах. Библид «цайз» мэт хөдөлшгүй, нэвт шингэсэн үзлийг ч ялах хүчтэй Бурхны үзэл бодлыг бичсэн байдаг. Тийм учраас Библи судалбал би хэнд ч хэрэггүй, ямар ч үнэ хүндгүй гэсэн үзлээсээ ангижирч чадна (2 Коринт 10:4, 5). Жишээ нь Исаиа 41:10; Иеремиа 31:3; Малахи 3:16, 17; Лук 12:6, 7; 1 Ёохан 3:19, 20-ийг уншаад, эргэцүүлэн бодоорой.
Залбирах. Өөрийгөө буруутгах юм уу би хэнд ч хэрэггүй хүн гэж бодогдож эхэлбэл Еховад залбирч «ачаагаа ... даатгаарай» (Дуулал 55:22). Чи хэзээ ч ганцаараа биш шүү.
Ахлагчид. Тэд бол «салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт» байхаар сургагдсан эрчүүд юм (Исаиа 32:2). Ахлагчид чамд өөрийнхөө талаар зөв үзэл бодолтой болоход чинь туслаад зогсохгүй амьдрах эрч хүч хайрлана.
Сайн хүмүүстэй нөхөрлөх. Христийн дагалдагчийн ёсоор биеэ үлгэр жишээ авч явдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажиглаарай. Бусадтай хэрхэн харьцаж байгааг нь ажаарай. Яваандаа чи, бүх хүн хайртай хүнээ хүчирхийлээд байдаггүйг ойлгоно.
Таняа гэдэг бүсгүй үүнийг ойлгожээ. Бүр багаасаа хэд хэдэн эрчүүдийн сексийн объект болсон тэрээр: «Хамгийн дотнын маань хүмүүс миний сэтгэлийг шархлуулсан» гэжээ. Яваандаа Таняа жинхэнэ хайрыг илэрхийлдэг эрчүүд бас байдгийг ойлгожээ. Хэрхэн ойлгосон бол?
Сайн жишээ үзүүлдэг эхнэр нөхөр хоёртой дотноссоноор үзэл бодол нь өөрчлөгджээ. Таняа: «Би нөхрийнх нь биеэ авч яваа байдлыг хараад бүх эрчүүд зэрлэг балмад биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр ах эхнэрээ хайрлаж хамгаалдаг. Бурхан эрэгтэй хүнийг ийм л байхаар бүтээсэн шүү дээ» гэж ярьжээ a (Эфэс 5:28, 29).
a Дараах эмгэг болон шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай. Сэтгэл гутралын архаг эмгэг, хооллох дурын эмгэг, нойрны эмгэг, өөрийгөө тарчилгах, мансууруулах бодист донтох, амиа хорлох тухай бодох гэх мэт.