Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой зүйл зүгээр нэг тоглоом гэж үү?

Далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой зүйл зүгээр нэг тоглоом гэж үү?

 Чи юу гэж боддог вэ?

  •   Зурхайч, сүнс дуудагч, мэргэ төлөгчид үзүүлэх, чөтгөртэй холбоо тогтоох хэрэгсэл ашиглах нь аюултай юу?

  •   Далдын хүч, сүнс чөтгөрийн талаар бичсэн ном зохиолуудад зүгээр л сайн муугийн хоорондох бэлгэдлийн тэмцлийн тухай өгүүлдэг үү? Эсвэл илүү бодит зүйл үү?

 Энэ өгүүллээр сүнс чөтгөртэй холбоотой зүйл яагаад хүний сонирхлыг татдагийг, мөн яагаад болгоомжлох хэрэгтэйг ярилцана.

 Яагаад хүний сонирхлыг татдаг вэ?

 Орчин үед хүмүүс их ашиг олохын тулд кино жүжиг, телевизийн нэвтрүүлэг, видео тоглоом, ном зохиолын ихэнхийг нь далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой сэдвээр зохиодог болсон. Ийм учраас залуучууд зурхай, чөтгөрүүд, цус сорогч, ид шидийн талаар их сонирхдог болжээ. Яагаад сонирхож үздэг вэ? Дараах шалтгаанаас болж байна.

  •   Хүсэл сонирхол: Сүнс үнэхээр байдаг үгүйг мэдмээр санагддаг

  •   Санаа зовнил: Ирээдүйд юу болох тухай сонирхдог

  •   Харилцаа: Нас барсан дотнын хүнтэйгээ холбоо тогтоомоор санагддаг

 Ингэж бодох нь ч буруу биш юм. Ирээдүйн тухай, нас барсан хайртай хүнийхээ тухай бодох нь хүнд байх л ёстой зүйл. Гэхдээ болгоомжтой байхгүй бол болохгүй.

 Яагаад болгоомжлох хэрэгтэй вэ?

 Сүнс чөтгөртэй холбоо тогтоох бүх аргыг Библид хүчтэй эсэргүүцдэг. Жишээ нь:

 «Та нарын дунд, ... мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин, хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм» (Дэд хууль 18:10–12).

 Яагаад сүнс чөтгөртэй холбоо тогтоохыг Библид буруушаадаг вэ?

  •   Чөтгөрүүдтэй холбоо тогтоовол тэднийг дэмжсэн хэрэг болно. Библид бичсэнээр зарим тэнгэрийн элч Бурханд тэрсэлж дайсан нь болов (Эхлэл 6:2; Юуда 6). Тэрсэлсэн тэнгэрийн элчүүд дараа нь бүгд чөтгөр болсон бөгөөд сүнс зуучлагч, хар домч, мэргэ төлөгч, зурхайчдыг ашиглан хүмүүсийг мэхэлдэг. Ийм зүйлд оролцвол бид бас Бурхны дайсан болно гэсэн үг.

  •   Далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой зүйлс, зарим хүн ирээдүйг зөгнөх чадвартай байдаг гэсэн худал хуурмагийг тараадаг. Гэхдээ зөвхөн Бурхан л «Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» гэж хэлж чадна (Исаиа 46:10; Яаков 4:13, 14).

  •   Далдын хүч, сүнс чөтгөртэй холбоотой зүйлс, нас барсан хүн бидэнтэй холбоо барьж чаддаг гэсэн худал хуурмагийг тараадаг. Энэ талаар Библид «Үхэгсэд юу ч мэддэггүй аж ... Чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» гэж байдаг (Номлогчийн үгс 9:5, 10).

 Тиймээс Еховагийн Гэрчүүд далдын хүч, чөтгөрүүдтэй холбоотой зүйлсээс зайлсхийдэг. Мөн үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо зомби, цус сорогч, ер бусын хүчийг онцолсон зүйлээс хол байхыг хичээдэг. Мариа гэдэг нэг охин «Хэрвээ далдын хүч, сүнстэй холбоотой юм гарвал би л лав үзэхгүй» гэжээ. a

Гэмт хэрэгтнүүд үнэн төрхөө нууж жүжиглэн бусдыг мэхэлдэг шиг чөтгөрүүд нас барсан хүний дүрд хувилж хүмүүсийг мэхэлдэг

 Яах хэрэгтэй вэ?

  •   Еховагийн өмнө «хүний мөсөөр сайн байхын» тулд сүнс чөтгөртэй холбоотой ёс заншил, зугаа цэнгэлээс зайлсхийхээр бат шийдээрэй (Үйлс 24:16).

  •   Сүнс чөтгөртэй холбоотой эд зүйлсээ хаяж устгаарай. Үйлс 19:19, 20-ыг уншаад І зууны Христийн дагалдагчдын үлгэр дуурайлыг эргэцүүлэн бодоорой.

 Сүнс чөтгөртэй холбоотой ёс заншил, зугаа цэнгэлээс зайлсхийдэг бол чи Еховагийн талд бат зогсож чадна, мөн Еховаг баярлуулж чадна! (Сургаалт үгс 27:11).

a Зөгнөлт зохиол, үлгэрүүд бүгдээрээ сүнс чөтгөртэй холбоотой байх албагүй. Гэхдээ Христийн дагалдагчид Библид үндэслэн сургасан мөс чанараараа сүнс чөтгөртэй холбоотой ёс заншил, зугаа цэнгэлээс зайлсхийдэг (2 Коринт 6:17; Еврей 5:14).