Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бид зүгээр л найзууд уу? Эсвэл бие биедээ сайн уу?—1-р хэсэг: Би буруу ойлгоод байгаа юм биш биз?

Бид зүгээр л найзууд уу? Эсвэл бие биедээ сайн уу?—1-р хэсэг: Би буруу ойлгоод байгаа юм биш биз?

 Чи эсрэг хүйсийнхээ нэг хүнд үнэхээр сайн. Тэр хүнийг ч өөртөө сайн гэж бодно. Бие бие рүүгээ үргэлж мессеж бичнэ, үдэшлэг дээр дандаа хамт байна. Тэр хүн заримдаа чамайг үнэхээр сонирхоод байгаа юм шиг санагдам мессеж бичнэ.

 Сайн гэдгээ хэлж «Чи бас надад сайн уу» гээд асуулаа. Гэтэл «Би чамайг зүгээр найзаа гэж боддог» гэдэг хариулт сонсдог юм байна.

 Ийм юм тохиолдвол чамд ямар санагдах вэ?

 «Үнэхээр уур хүрсэн. Тэрэнд ч, өөртөө ч уурласан. Өдөр бүр бие бие рүүгээ мессеж бичиж, тэр ч намайг үнэхээр сонирхож байсан. Би түүнд өөрийн эрхгүй сайн болчихсон байв»—Жасмин.

 «Нэг охин бид хоёр үерхэж байгаа хосод хань болоод явдаг байсан юм. Яваандаа бид хоёр бас болзоод байгаа юм шиг санагдсан. Бид хоёр хоорондоо их ярьж, мессеж бичилцдэг болов. Гэхдээ нөгөө охин маань намайг зүгээр л найзаа гэж боддог, бүр өөр хүнтэй үерхдэг байсныг нь мэдэхэд надад их хэцүү байсан»—Ричард.

 «Нэг залуу над руу өдөр болгон мессеж бичдэг байлаа. Заримдаа бид яг бие биедээ сайн юм шиг санагддаг. Ингээд би нөгөө залуудаа сэтгэлээ нээн ярихад тэр бүр инээж байгаад “Би яг одоо хэнтэй ч болзмооргүй байна” гэж хэлдэг юм даа. Би маш их уйлсан»—Тамара.

 Хамгийн гол нь: Чи нэг хүнд сайн боллоо гэж бодъё. Гэтэл тэр хүн чамд сайн биш байсныг мэдвэл уурлах, ичих, тэр байтугай бүр хууртагдсан мэдрэмж төрдөг. Стивен: «Ийм юм надад тохиолдоход үнэхээр хэцүү байсан. Маш их гомдсон. Би нэг хэсэгтээ хэнд ч итгэхээ больсон» гэж өгүүлсэн юм.

 Яагаад ингэдэг вэ?

 Мессежээр юм уу олон нийтийн сүлжээгээр өөртөө сэтгэлгүй хүнд амархан дасдаг. Залуучууд юу гэж хэлснийг сонирхоцгооё.

 «Зарим нь зүгээр л цаг нөхцөөх зорилгоор чам руу мессеж явуулна. Гэтэл чи өөрийг чинь сонирхож байна гээд ойлгочихно. Тэр чам руу өдөр болгон мессеж явуулаад байхаар энэ хүн үнэхээр надад сайн юм байна даа гэж андуурна»—Женнифер.

 «Зарим нь чамайг үнэхээр сонирхоод байж болох юм. Харин зарим нь зүгээр л чамтай ярих, анхаарлыг чинь татах зорилготой»—Жеймс.

 «“Сайхан амраарай” гээд мессеж явуулахад л надад зүгээргүй юм байна гэж санагдаж болох юм. Гэхдээ энэ чинь байдаг л эелдэг боловсон зан шүү дээ»—Хэйли.

 «Инээсэн эможи хүртэл учиртай санагдаж болох юм. Зарим хүн ийм мессеж аваад надад сайн юм байна даа гээд бодчихдог»—Алисиа.

 Хамгийн гол нь: Тэр хүний санаа тавьж байгааг хайртай юм байна гэж бүү андуураарай.

 Үүнийг бид сайн мэддэг. Харин амьдрал дээр ямар байдаг вэ? «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» хэмээн Библид бичсэн байдаг (Иеремиа 17:9). Зүрх хуурамч учир энэ хүн надад сайн юм байна гэж бодон, хоосон мөрөөднө.

 Яавал дээр вэ?

  •   Бодитоор хараарай. Яаран дүгнэлгүй дараах асуултыг нухацтай бодож үзээрэй. «Тэр намайг бусдаас онцгойлон үздэг гэсэн баталгаа байна уу?» «Оюун ухаанаа дайчлах» чадвараа алдталаа сэтгэл хөдлөлдөө битгий автаарай (Ром 12:1).

  •   Хэрсүү байгаарай. Бид жирийн найзууд биш, бие биедээ сэтгэлтэй юм байна гэж бодогдож болох юм. Гэхдээ яг тийм баталгаа байна уу? Чи хэн нэгэнд сайн байна гэдэг нь тэр хүн бас чамд хайртай гэсэн үг биш шүү дээ.

  •   Тэвчээртэй байгаарай. Дотно танилцъя гэж хэлэх хүртэл нь олон юм бодож сэтгэл алдрах хэрэггүй.

  •   Илэн далангүй байгаарай. Библид «ярих цаг» байдаг гэж бий (Номлогчийн үгс 3:7). Тэр хүн надад үнэхээр сайн уу гэдгийг мэдмээр байвал шууд ярилц. Валери гэдэг бүсгүй: «Өөрийг чинь анхнаасаа сонирхоогүй байсан гэдгийг хэдэн сарын дараа мэдсэнээс эртхэн мэдсэн нь хамаагүй дээр» хэмээжээ.

 Хамгийн гол нь: Сургаалт үгс 4:23-т «Зүрхээ хамгаал» гэж байдаг. Хэрэв чи хэн нэгэнд сайн болсон бол тэр хүн ч гэсэн чамд сайн эсэхийг мэдээрэй. Нөгөө хүнийхээ юу бодож байгааг магадлалгүй сэтгэл алдрах нь чулуун дээр цэцэг ургуулах гэж оролдож байгаатай адил юм.

 Хэрэв тэр хүн чинь чамд үнэхээр сайн, чи үерхэх насанд хүрсэн, болзоход бэлэн бол энэ харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ өөрөө шийдээрэй. Эхнэр нөхөр хоёр Бурханд үйлчлэх ижил зорилготой, бие биедээ үнэнч, илэн далангүй байвал бат бөх гэр бүлийг цогцлооно (1 Коринт 7:39). Хос хоёр анхнаасаа сайн найзууд байдаг. Цаг хугацаа өнгөрсөн ч тэр хэвээрээ байдаг (Сургаалт үгс 5:18).