Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Секстингийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?

Секстингийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?

 Секстинг гэж юу вэ?

 «Секстинг» гэдэг нь сексийн утгатай мессеж, зураг, видео гар утаснаасаа явуулах зэргээр хэн нэгэнтэй харьцахыг хэлдэг. Нэг эрэгтэй: «Энэ нь одоо жирийн зүйл болсон. Мессежээр харьцаад удаагүй байгаа хүмүүс хүртэл нэг нэгэндээ өөрсдийнхөө эротик зургийг явуулдаг» гэж хэлжээ.

 Хүмүүс яагаад ийм мессеж явуулдаг вэ? «Нью-Йорк таймс» сонинд нэг алдартай өмгөөлөгчийн хэлснээр «Гар утсан дээрээ найз охиныхоо юм уу найз бандийнхаа нүцгэн зургийг байлгах нь бэлгийн идэвхтэй амьдралтай гэдгээ бусдад харуулах зорилготой» гэжээ. Өсвөр насны нэг охин: «Энэ бол аюулгүй бэлгийн харьцаа. Жирэмсэн болохгүй бас бэлгийн замын халдварт өвчин тусна гэж айх хэрэггүй» гэжээ.

 Өсвөр насныхан өөр ямар шалтгаанаар ийм мессеж явуулдаг вэ?

  •   Дотно харьцаа тогтоох хүсэлтэйгээ мэдэгдэх зорилгоор

  •   Хэн нэгний явуулсан зургийн хариуд өөрийнхөө зургийг аргагүйн эрхэнд явуулах

 Ямар үр дагавартай вэ?

 Хэн нэгэн рүү гар утаснаасаа зургаа явуулсан л бол зураг чинь тэр хүний гарт орно. Чиний зургийг юунд хэрэглэхийг нэр хүндэд чинь хэрхэн нөлөөлөхийг чи мэдэх аргагүй болно. Пью судалгааны төвийн ахлах судлаач, мэргэжилтэн Аманда Ленхарт секстингийн тухай хийсэн судалгааныхаа талаар хэлэхдээ «Зохисгүй үйлдлийг хүмүүс рүү илгээх юм уу хадгалах нь урьд хожид байгаагүйгээр амархан болсон» гэжээ.

 Зарим тохиолдолд:

  •    Охидоос ирсэн нүцгэн зургийг хөвгүүд найз нарынхаа зугааг гаргах зорилгоор бөөнөөр нь илгээдэг.

  •    Хаягдсан хөвгүүд өшөө авахын тулд хуучин найз охиныхоо нүцгэн зургийг тараадаг.

 ЧИ МЭДЭХ ҮҮ? Насанд хүрээгүй хүүхдийн нүцгэн зургийг гар утаснаасаа явуулахыг ихэнх тохиолдолд хүүхдэд бэлгийн дарамт учруулсан, хүүхдийн порно материал тараасантай ижил гэж үздэг. Секстинг хийсэн зарим өсвөр насныхан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллагджээ.

 Библид юу гэж байдаг вэ?

 Библи эхнэр нөхрийн хоорондох бэлгийн харьцааг тааламжтай гэж үздэг (Сургаалт үгс 5:18). Гэвч гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцааны талаар Библи тодорхой хариу өгдөг. Библид юу гэж байдгийг авч үзье:

  •   «Садар самуун, аливаа бузар булай, шуналын талаар та нар дурсах ч учиргүй. Ичгүүргүй авирлах, дэмий хоосон юм ярих, шалиг завхай юм ярьж хошигнох нь зохисгүй» (Эфэс 5:3, 4).

  •   «Садар самуун, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» (Колосай 3:5).

 Библийн эдгээр зүйлд зөвхөн «садар самууныг» (гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа) буруушаагаад зогсохгүй «бузар булай» (ёс суртахууны хувьд зохисгүй үйлдлийг хэлдэг өргөн хүрээтэй ойлголт) «тачаалыг» (Нөхөр эхнэр хоёрын хооронд л байх ёстой дур хүсэл биш, харин зохисгүй үйлдэлд хүргэдэг хүсэл тачаалыг хэлдэг) ч буруушаадаг.

 Өөрөөсөө асуугаарай:

  •   Нүцгэн зураг утсаараа явуулах нь яагаад “бузар булай” зүйл вэ?

  •   Энэ нь ямар утгаар буруу хүсэл тачаалыг хөдөлгөдөг вэ?

  •   Нүцгэн зураг харах эсвэл бусдад тараахыг хүсэх нь яагаад «муу хүсэл» вэ?

 Секстингээс хол байх нь хэчнээн ухаалаг болохыг Библийн дараах зүйлүүд хэлж өгдөг.

  •   «Бурхнаар магтуулдаг, ичих юмгүй ажилчин ... байхын тулд чадах бүхнээ хий» (2 Тимот 2:15).

  •    «Та нар биеэ хэрхэн авч явдгаа, юу хийдгээ бодох нь зүйтэй. Та нар ариун байж, Бурханд үнэнчээ үйлсээрээ батлах ёстой» (2 Петр 3:11).

 Дээрх Библийн зүйлүүд ёс суртахууны зарчмыг чанд баримталдаг байх нь сайн үр дүнд хүргэдгийг харуулдаг. Биеэ ямагт зөв авч явдаг бол бодлогогүй хийсэн үйлдэл эргээд өөрийн чинь толгой дээр бууна гэж санаа зовох хэрэггүй (Галат 6:7).

 Өөрөөсөө асуугаарай:

  •    Би ямаршуу хүн бэ?

  •    Би хүний нэр хүндийг хэр их боддог вэ?

  •    Бусдын сэтгэлийг шархлуулах зүйлээр би өөрийгөө зугаацуулмаар байна уу?

  •    Секстинг миний нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ?

  •    Секстинг эцэг, эхийн минь надад итгэх итгэлийг хэрхэн үгүй хийх вэ?

 БОДИТ ЯВДАЛ: «Миний нэг найз нууцаар нэг бандитай үерхэж байсан. Тэгээд өөрийнхөө нүцгэн зургийг түүн рүү явуулж, нөгөө банди нь бас эргүүлээд нүцгэн зургаа явуулсан. Гэтэл үүний дараахан нь аав нь охиныхоо утсыг шалгаж тэдний бичсэн мессежүүдийг олж уншаад сэтгэл санаагаар их унасан. Тэгээд охиноосоо асуутал охин нь бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Бас хийсэн зүйлдээ их харамссан. Эцэг эх нь шоконд орж үнэхээр их шаналсан! Охиндоо итгэж чадах эсэхээ ч мэдэхгүй байна гэж байсан».

 Бодоод үз дээ. Секстинг хийж байгаа хүн ч, хүлээн авдаг хүн ч өөрийгөө хүндэтгэхээ больдог. Найз бандийнхаа шахалтад орж секстинг хийсэн нэг охин: «Би өөртөө дургүй хүрч, өөрийгөө үзэн ядсан» гэжээ.

 Секстингээс болж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хохироохоос гадна хуулийн өмнө хариуцлага хүлээж ч магадгүй гэдгийг бодож үзвэл дараах Библийн зөвлөгөөг дагах нь ухаалаг хэрэг юм.

  •   «Залуу насны хүсэл тачаалаас зугт» (2 Тимот 2:22).

  •   «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» (Дуулал 119:37).

 Чи яах вэ?

 Библийн зөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүлээрэй. Жанетэд тохиолдсон явдлыг уншаад чи байсан бол яах байснаа дараах хувилбаруудаас сонгоорой.

 «Би нэг бандитай танилцаад, бид дугаараа солилцсон. Долоохон хоногийн дараа намайг усны хувцастай зургаа явуулаач гэсэн»​—Жанет.

 Чиний бодлоор, Жанет яах ёстой байсан бэ? Чи яах вэ?

  •  ХУВИЛБАР А. «Зураг явуулахад болохгүй юм юу ч байхгүй. Тэгээд ч бид хоёр далай руу явсан байсан бол намайг усны хувцастай байхыг харах л байсан» гэж бодно.

  •  ХУВИЛБАР Б. «Тэр ямар санаатай байгааг би сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн, нэг их задгай биш хувцастай зургаа явуулаад үзье» гэж бодно.

  •  ХУВИЛБАР В. «Ямар санаатайг нь сайн мэдэж байна. Мессежийг нь яг одоо устгачихъя».

 В хувилбар хамгийн сайн гэдэг нь ойлгомжтой! «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» (Сургаалт үгс 22:3).

 Юунаас болж залуучууд секстинг болон бусад зохисгүй юм хийдгийг дээрх жишээ харуулж байна: Чи найзаа хэр зөв сонгодог вэ? (Сургаалт үгс 13:20). Сара гэдэг охин: «Зохисгүй зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүстэй нөхөрлөөрэй» гэж хэлжээ. Дилияа гэдэг нэг охин санал нийлэн «Найзын дүр эсгэдэг зарим хүүхэд зохисгүй зүйлээс хол байхад туслахын оронд харин ч хийхийг дэмждэг. Бурхны тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлодог, чиний баримталдаг ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэдэггүй хүнтэй чи үнэхээр нөхөрлөмөөр байна гэж үү?» гэж хэлжээ.