ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Хараал хэлэх нь үнэхээр муу зүйл гэж үү?
«Би хараалын үг сонссоор байгаад бүр дөжирсөн. Надад хэвийн л юм шиг санаддаг»—Кристофер, нас 17.
«Би хараал их хэлдэг хүүхэд байсан. Амархан ийм зуршилтай болсон ч салахад үнэхээр хэцүү байсан»—Ребека, нас 19.
Асуулт
Бусад хүн хараал хэлж байвал чамд ямар санагддаг вэ?
Надад сонин санагддаггүй болохоор хүн хараал хэлж байгааг анзаардаг ч үгүй.
Таагүй санагддаг ч байх л зүйл гэж боддог.
Хараал хэлэхийг буруу гэж боддог учраас доромжилж байна гэж үздэг.
Чи хэр их хараал хэлдэг вэ?
Хэлдэггүй
Хааяа
Байнга
Чиний бодлоор бүдүүлэг үг яриа хэр ноцтой асуудал вэ?
Тийм ч ноцтой биш
Ноцтой
Яагаад муу зүйл вэ?
Чи хараал хэлэхийг ноцтой асуудал гэж үздэг үү? «Яг ч ноцтой асуудал гэж үздэггүй л дээ. Энэ дэлхийд өөр санаа зовоосон асуудлууд зөндөө л байна шүү дээ. Тэгээд ч хүн болгон хараал хэлдэг» гэж чи хэлж магадгүй. Ингэж бодох нь зөв үү?
Олон хүн хараалын үг хэлдэггүй. Тэд бусдын мэдэхгүй хэдэн зүйлийг мэддэг. Жишээлбэл:
Хараал хэлдэг хүн ямар хүн гэдгээ илчилдэг. Чиний үг яриа дотроо юу бодож явдаг, ямар хүн бэ гэдгийг чинь илчилдэг. Бүдүүлэг үг их хэрэглэдэг бол бусдад ямар санагдахыг огт боддоггүй гэсэн үг. Чи үнэхээр тийм хүн үү?
Библид «Амнаас гардаг юм зүрх сэтгэлээс гардаг» гэж байдаг (Матай 15:18).
Хүмүүс хараал хэлдэг хүнийг олигтой хүн гэж боддоггүй. «Хараал үл хэлэхүй» номд «Бидний яаж ярьдгаас ямар найз нөхөдтэй байх, найз нөхөд ажлын хамт олныхоо хүндэтгэлийг хэр хүлээх, хүнтэй хэр дотно байх, хэр нэр нөлөөтэй байх, ажилд орох эсвэл албан тушаал ахих эсэх, мөн танихгүй хүн бидэнтэй хэрхэн харьцах ч шалтгаална» гээд цааш нь «“Хараал хэлэхээ больчихвол бусадтай сайн харьцаатай болох уу?” гэж өөрөөсөө асуугаарай» гэжээ.
Библид «Доромжлон гутаахаа ... боль» гэж байдаг (Эфэс 4:31).
Хараал урсгах нь бодож байгаа шиг чинь бусдад сайхан санагддаггүй. Доктор Алекс Пакерын «Ямар бүдүүлэг юм бэ!» номд «Дандаа хараал урсгаж явдаг хүний яриаг сонсох үнэхээр ядаргаатай байдаг» гээд цааш нь харилцан яриа хараалын үгээр дүүрэн байвал «гүнзгий бодоогүй, ухаалаг бус, найдваргүй, хүний сэтгэлийг бодоогүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэрвээ таны яриа залхуутай, юу яриад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, төсөөлж бодуулах юмгүй бол таны оюун ухаан ч бас тийм л байна гэсэн үг» гэжээ.
Библид «Ялзарсан үг бүү хэл» гэж байдаг (Эфэс 4:29).
Яах нь зүйтэй вэ?
Зорилго тавиарай. Хараал хэлэхээ ганц сар юм уу түүнээс ч богино хугацаанд яагаад больж болохгүй гэж? Ямар ахицтай байгаагаа жагсаалт гаргах юм уу календарь дээрээ тэмдэглээрэй. Тууштай байж, дараах зөвлөгөөг дагаарай. Жишээлбэл:
Тархиа хараалын үгээр дүүргэхгүйн тулд үзэх харах юмаа зөв сонгоорой. Библид «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж бий (1 Коринт 15:33). Муу нөхөр гэдэгт зөвхөн муу найз нөхөд биш үздэг кино чинь, тоглодог видео тоглоомууд, сонсдог дуу хөгжим ордог. Кеннет гэдэг 17 настай хүү «Хэмнэл нь гоё болохоор хараалын үгтэй байсан ч хамаагүй дагаад дуулчихдаг» гэжээ.
Төлөвшсөн хүн гэдгээ харуулаарай. Зарим хүн нэг их том хүн болох гээд хараалын үг хэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эсрэгээр байдаг. «Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» (Еврей 5:14). Тэд хэзээ ч бусдад сайхан харагдах гээд ёс суртахуунаа уландаа гишгэдэггүй.
Үнэндээ хараалын үг хэлэх нь агаарын бохирдол шиг чиний оюун ухааныг зохисгүй бодлоор дүүргэдэг. Одоо хараал хэлдэг хүн хангалттай их байна. «Тэдний тоог нэгээр битгий нэмээрэй. Үг яриагаа цэвэр болгох тал дээр өөрийн зүгээс хийж чадахаа хийгээрэй. Тэгвэл та өөрийгөө илүү өөдрөгөөр харж, бусад хүн ч танд сайнаар хандах болно» гэж «Хараал үл хэлэхгүй» номд зөвлөжээ.