Skip to content

Марони голоор аялсан нь

Марони голоор аялсан нь

 Өмнөд Америкийн Амазоны ширэнгэн ойд хотын хөл хөдөлгөөн, дуу шуугианаас хол амьдардаг янз бүрийн омог, хэлтэн, үндэстэн бий. 2017 оны 7 дугаар сард Францын Гвианагийн 13 Гэрчийн бүрэлдэхүүнтэй баг Марони гол болон түүний зүүн салаагаар аялжээ. Аяллын зорилго нь голын эрэг дагуу амьдардаг хүмүүст итгэл найдварын тухай Библийн мэдээ хүргэх байлаа.

Аялалд бэлдсэн нь

 12 хоногийн аялалд гарахаас нэг сарын өмнө бүх оролцогч уулзаж, аяллын төлөвлөгөөгөө хэлэлцжээ. «Бид тэр нутгийн онцлог болон түүхийг судалсан. Бас аялалд яаж бэлдэх тухай ярилцсан» гэж Винсли дурсаж байна. Хүн бүрд ус нэвтэрдэггүй сав өгсөн бөгөөд тэр нь дүүжин ор, шумуулны тор зэргийг хийх зориулалттай байв. Аяллынхан хоёр удаа онгоцоор нисэх, каноэ завиар олон цаг аялахаар төлөвлөжээ.

Клод Лизетт хоёр

 Аяллын багт орсон хүмүүст ямар сэтгэгдэл төрсөн бол? Тэтгэвэрт гарсан Клод Лизетт хоёр урилгыг дуун дээр хүлээж авсан гэнэ. «Баярласан гэж жигтэйхэн. Гэхдээ Марони голын боргионууд аюултай гэж зөндөө сонссон болохоор бага зэрэг айж байсан л даа» гэж Клод ярив. Лизетт бас санаа зовжээ. «Индианчуудтай яаж хэл нэвтрэлцэнэ дээ гэж бодсон» гэлээ.

 Микельд ч санаа зовох юм байжээ. «Бид ваяана омгийн талаар бараг юу ч мэддэггүй байсан. Тийм учраас би интернэтээс судалгаа хийж, мэндчилгээний хэдэн үг сурсан» гэж хэлэв.

 Нөхөр Иоаннтайгаа аялсан Ширли тэндхийн хүмүүсийн ярьдаг хэлний жагсаалтыг гаргажээ. Ширли: «Тэр хэлнүүдийн ихэнхээр гарсан видеонуудыг jw.org сайтаас татаж авсан. Бас ваяана хэлний ярианы дэвтэр олж авсан» гэж ярив.

Индианчуудын нутагт очсон нь

 Аяллын баг 7 дугаар сарын 4-ний мягмар гарагт Сен-Лоран-дю-Маронигаас онгоцонд суугаад нутгийн гүнд байдаг жижиг хот Марипасулад очив.

 Дараагийн 4 өдрийн турш моторт каноэ завиар явж, Марони голын дээд салааны дагуух тосгодын оршин суугчдад дэлгэрүүлжээ. Аяллын багийн гишүүн Ролан: «Бид Библийг маш их сонирхдог индианчуудтай уулзсан. Тэд олон асуулт асууж, зарим нь бүр Библийн хичээл хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн» гэлээ.

 Иоанн Ширли хоёр Элаэ тосгонд залуу хостой уулзжээ. Тэдний хамаатан амиа хорлоод удаагүй байв. «Бид JW телевизээр гарсан “Америкийн уугуул иргэн Бүтээгчээ олсон нь” видеог үзүүлсэн чинь тэр хоёрын сэтгэл маш их хөдөлсөн. Бидэнтэй байнга холбоотой байхын тулд э-мэйлээ өгсөн» гэж Иоанн ярив.

 Аяллын багийн очсон хамгийн хол газар нь Антекюм Пата тосгон байлаа. Аяншиж ядарсан Гэрчүүд тосгоны даргаас хоноглох зөвшөөрөл аваад дүүжин орнуудаа бэхэлцгээв. Дараа нь тосгоныхны адилаар голын усанд оржээ.

 Тэндээсээ хөдөлж Твенке тосгонд очлоо. Нэлээд хэдэн гэр бүл хайртай хүмүүсээ алдсан учраас тосгон даяараа гашуудаж байв. Аялал зохион байгуулагчдын нэг Эрик: «Тосгоноор чөлөөтэй явж, гашуудаж байгаа хүмүүсийг тайвшруулахыг омгийн ахлагч зөвшөөрсөн. Бид ваяана Библиэс уншуулсан чинь омгийн ахлагч болон гэр бүлийнхэнд нь маш их таалагдсан. Мөн нас барсан хүмүүс амилах тухай видеонуудыг үзүүлсэн» гэж ярилаа.

Гран Санти ба Апату орсон нь

 Дараа нь аялагчид Марипасулагаас хагас цаг нисээд Гран Санти сууринд хүрэв. Мягмар, лхагва гарагт нутгийн хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлж, пүрэв гарагт цаашаа аялжээ. Марони гол дагуу 5 цаг 30 мин яваад Апату тосгонд очив.

Марипасула болон Гран Сантигийн дунд орших Марони гол ба Амазоны ширэнгэн ой

 Аялагчид дараагийн өдөр нь марунчуудын тосгодод дэлгэрүүлсэн. Марунчууд бол колоничлолын үед Африкаас хөрш Суринам улсад авчирсан боолуудын үр сад юм. Гэрчүүд ойд тусгай цуглаан хийхээр том асар бариад нутгийнхныг урьжээ. «Маш олон хүн ирэхэд хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Өглөөхөн урьсан шүү дээ!» гэж Клод ярьсан. Ийм аялалд анх удаа оролцсон Карстен «Үхээд л бүх юм дуусах уу?» сэдэвтэй илтгэлийг аукан хэлээр тавьсан юм. Уг цуглаанд ойр хавийн тосгодоос нийт 91 хүн хүрэлцэн иржээ.

«Бид дахиад явахад бэлэн байна!»

 Эцэст нь аялагчид Сен-Лоран-дю-Маронид буцаж ирэв. Нутгийн хүмүүс сайн мэдээнд нааштай хандаж, Еховагийн Гэрчүүдийн гаргасан олон ном хэвлэлийг авч, 100 гаруй видео үзсэнд аяллын багийнхан бүгдээрээ баярлажээ.

 Лизетт: «Би энэ аялалд оролцсондоо үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байна» гэж ярьсан. Синди бас санал нэг байгаа ажээ. «Дахиж аялах боломж олдвол би заавал явна. Та нар өөрсдөө явж үзээд л ойлгоно доо!» гэсэн юм.

 Энэ аялалд оролцсон зарим хүний дахиж явах хүсэл бадарчээ. Микель: «Бид дахиад явахад бэлэн байна!» гэж ярив. Винсли Сен-Лоран-дю-Маронид нүүж очсон байна. 60 гарсан Клод Лизетт хоёр Апату руу нүүхээр шийджээ.