Еврейчүүдэд бичсэн захидал 10:1–39
10 Учир нь Хууль бол ирэх сайн юмсын сүүдэр болохоос жинхэнэ юм биш. Тийм учраас жил бүр өргөдөг тахилаа өргөлөө ч энэ нь* Бурхныг шүтдэг хүмүүсийг төгс болгож чадахгүй.
2 Хэрэв төгс болгож чадсан бол тахил өргөх хэрэггүй болох бус уу? Учир нь үйлчлэх ариун үүрэгтэй хүмүүс бүрмөсөн ариуссан учир өөрсдийгөө нүгэлтэй гэж буруутгахгүй байх байсан.
3 Эдгээр тахил нүгэлтэйг нь жил бүр сануулдаг.
4 Учир нь бух, ямааны цусаар нүглийг үгүй хийх боломжгүй.
5 Тэрээр дэлхийд ирэхдээ «“Та өргөл, тахилыг хүсээгүй. Харин надад бие бэлдсэн.
6 Шатаалт тахил болон нүглийн төлөөх өргөлийг та таалаагүй”.
7 Тэгээд би: “Бурхан минь ээ, (хуйлмал номонд миний тухай бичсэн байдаг) таны таалалд нийцүүлэхээр би ирлээ” гэж хэлсэн» гэсэн билээ.
8 Тэрээр эхлээд «Та өргөл, тахил, шатаалт тахил, нүглийн төлөөх өргөлийг хүсээгүй, таалаагүй» гэж хэлсэн. (Эдгээрийг Хуулийн дагуу өргөдөг ёстой.)
9 Дараа нь «Таны таалалд нийцүүлэхээр би ирлээ» хэмээжээ. Хоёр дахийг хүчин төгөлдөр болгохын тулд тэрээр эхнийхийг хүчингүй болгосон юм.
10 «Таалалд» нь нийцүүлэн Есүс Христ биеэ нэг удаа өргөл болгосны ачаар бид ариуссан.
11 Түүнчлэн, тахилч бүр үйлчлэх ариун үүргээ биелүүлж, тахил өргөхийн тулд өдөр бүр байраа эзлэн зогсдог. Гэвч тэр тахилууд нүглийг бүрмөсөн үгүй хийж чаддаггүй.
12 Харин энэ хүн нүглийн төлөөх нэг тахилыг ганц удаа өргөөд Бурхны баруун талд суусан бөгөөд
13 тэр цагаас хойш дайснуудыг нь хөл дор нь оруулах хүртэл хүлээж байгаа.
14 Тэрээр ариусгагдсан хүмүүсийг ганц өргөлөөр бүрмөсөн төгс болгосон.
15 Түүнээс гадна, Бурхны хүч үүнийг бас гэрчлэн
16 «“Энэ бол тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах миний гэрээ юм” гэж Ехова* хэлдэг. Түүнчлэн “Би хуулиа тэдний зүрх сэтгэлд шингээж, ухаан санаанд нь бичнэ” хэмээсэн» гэж хэлсэн.
17 Тэгээд «Тэдний гэм буруу, нүглийг би дахин хэзээ ч санахгүй» хэмээсэн.
18 Эдгээрийг уучилж өршөөсөн бол нүглийн төлөөх тахил өргөх хэрэггүй.
19 Тиймээс ах дүү нар аа, цусаа асгаруулсан Есүсийн ачаар ариун газар хүргэх замаар явах итгэл зориг бидэнд байна.
20 Тэрээр хөшиг нэвтлэн гарч амь руу хөтлөх шинэ замыг нээсэн. Тэр хөшиг бол махан бие нь юм.
21 Бурхны гэрийг хариуцдаг агуу тахилчтай бид
22 зүрх рүүгээ цус цацуулж, бузартсан хүн чанараа ариусган, цэвэр ариун усаар биеэ угаасан учир чин сэтгэл, бат итгэлтэйгээр Бурхан руу ойртон очицгооё.
23 Найдварынхаа талаар олон түмэнд тууштай тунхаглая. Учир нь бидэнд амлалт өгсөн нэгэн үнэнч билээ.
24 Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж*,
25 цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя.
26 Үнэнийг сайн мэддэг болсон атлаа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглээ уучлуулах гэж өргөх өөр тахил огт үлдэхгүй.
27 Харин шийтгүүлэхээ айдастайгаар хүлээх, эсэргүүцэгчдийг устгах Бурхны шатаж буй уур хилэнг үзэх л үлдэнэ.
28 Мосегийн Хуулийг зөрчсөн этгээдийг хоёр юм уу гурван гэрч баталбал өршөөлгүйгээр алдаг.
29 Тэгвэл Бурхны Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг үнэ цэнгүйд тооцсон, нигүүлсэнгүй Бурхны агуу хүчийг доромжилсон хүнийг хэр зэрэг хатуу шийтгэнэ гэж та нар бодож байна вэ?
30 Учир нь «Би өшөө авна. Би хариуг нь барина», «Ехова* ард түмнээ шүүнэ» гэж айлдсан Нэгнийг бид мэддэг.
31 Амьд Бурхны гарт орох нь аймшигтай хэрэг.
32 Та нар эхэн үе буюу гэрлийг үзсэнийхээ дараа хэрхэн зовж, хэрхэн тэмцэж байснаа санаж яваарай.
33 Та нар олны өмнө элэг доог болж*, зовлон туулж ч байсан. Бас тийм юм үзэж байгаа хүмүүсийн зовлонг хуваалцаж ч байсан.
34 Шоронд байсан ах дүүдээ энэрэнгүй хандсан. Мөн эд хөрөнгөө тонуулсан ч баяр хөөрөө алдаагүй. Учир нь та нар илүү сайн, мөнхийн хөрөнгөтэй гэдгээ мэддэг.
35 Тиймээс эр зоригтой ярьсаар бай. Учир нь та нар агуу их ивээл хүртэнэ.
36 Бурхны таалалд нийцүүлснийхээ дараа л амлалт биелэхийг үзэх тул та нарт тэвчээр хэрэгтэй.
37 Гэхдээ «тун удахгүй». «Айсуй нэгэн заавал ирнэ, хоцрохгүй».
38 «Шударга сайн үйлчлэгч минь итгэлийнхээ дагуу амьдрах» бөгөөд «хэрэв тэр ухарвал би түүнийг таалахгүй».
39 Бид бол сүйрэх гэж ухардаг хүмүүс биш. Харин амиа* аврахын тулд итгэдэг хүмүүс билээ.
Зүүлт
^ Эсвэл «хүмүүс» гэсэн бололтой.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «нэг нэгнээ анхаарч»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «театрын үзмэр»
^ Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.