Еврейчүүдэд бичсэн захидал 7:1–28

  • Мелхизедек бол онцгой хаан, тахилч (1-10)

  • Тэргүүн тахилч Христийн давуу тал (11-28)

    • Христ жинхэнэ ёсоор аврах чадалтай (25)

7  Энэ Мелхизедек бол Салемын хаан, Хамгийн дээд Бурхны тахилч юм. Тэрээр хаадыг хядаад буцаж явсан Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн билээ.  2  Абрахам бүх юмныхаа аравны нэгийг түүнд өгсөн. Түүний нэрийг орчуулбал «Шударга сайн хаан» гэсэн утгатай. Түүнээс гадна, тэр Салемын хаан буюу «Энхийн хаан» юм.  3  Эцэг эх нь ямар хүмүүс байсан нь тодорхойгүй, угийн бичиггүй, хэзээ төрж, хэзээ нас барсан нь тодорхойгүй ажээ. Гэвч Бурхны Хүүтэй адил болгогдсон тэрээр үүрдийн тахилч юм. 4  Бидний өвөг дээдэс Абрахам олзныхоо хамгийн сайнаас аравны нэгийг өгснийг бодвол энэ хүн ямар агуу байж вэ!  5  Хуульд зааснаар бол тахилчаар үйлчилдэг Левийн хөвгүүд ард түмэн буюу ах дүүгээсээ аравны нэгийг авах тушаалтай байсан. Ах дүү нь Абрахамын удмын хүмүүс байсан* шүү дээ.  6  Гэтэл Левийн удамтай холбоогүй энэ хүн Абрахамаас аравны нэгийг авсан, түүнийг ерөөсөн. Абрахамд Бурхан амлалт өгсөн байв.  7  Ер нь, агуу нэг нь дорд нэгнийг ерөөдөг шүү дээ.  8  Левичүүд аравны нэгийг авдаг. Тэд бол үхдэг хүмүүс. Харин тэр үед энэ хүн аравны нэгийг авсан. Судар түүнийг амьд гэж баталдаг.  9  Аравны нэгийг авдаг Леви ч гэсэн аравны нэгийг Абрахамаар дамжуулж өгсөн гэж болно.  10  Учир нь Левийг өвөг дээдсийнхээ үр удам болж төрөөгүй байхад* Мелхизедек Абрахамтай уулзсан юм. 11  Хэрэв Левийн удмын тахилчдын ачаар төгс болох байсан юм бол (энэ нь ард түмэнд өгсөн Хуулийн онцлог байсан) Ааронтой бус, Мелхизедектэй адил гэгдэх өөр тахилчийн хэрэг юу байна вэ?  12  Тахилчийн үүрэг өөрчлөгдвөл Хуулийг ч өөрчлөх шаардлага гарна.  13  Бидний ярьж байгаа энэ хүн өөр овгийнх бөгөөд түүний овгийнхноос нэг ч хүн тахилын ширээнд үйлчлэх үүрэг гүйцэтгээгүй.  14  Манай Эзэн Иуда овгийнх гэдэг нь тодорхой билээ. Гэвч Мосе тэр овгоос тахилч гарах тухай юу ч хэлээгүй. 15  Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирэхэд энэ нь бүр тодорхой болсон.  16  Тэрээр Хуульд заасан удмынх учраас тахилч болсон юм биш. Харин усташгүй амь өгдөг хүчний ачаар тахилч болсон.  17  Учир нь түүний тухай «Чи бол Мелхизедектэй адил мөнхийн тахилч» гэж гэрчилсэн байдаг. 18  Тэгэхээр өмнөх тушаал нь мөхөс, үр ашиггүй байсан тул хүчингүй болсон.  19  Учир нь Хууль юуг ч төгс болгоогүй. Харин төгс болгосон илүү сайн найдвар байдаг. Үүний ачаар бид Бурхантай дотносож байна.  20  Бас энэ тахилч тангарагласны дагуу гарч ирсэн билээ.  21  (Учир нь тангараглаагүй байхад тахилч болдог хүмүүс байдаг. Харин энэ тахилч бол «Ехова* тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй*. “Чи бол мөнхийн тахилч”» гэж өөрийнх нь талаар айлдсан Нэгний тангаргийн дагуу тахилч болсон)  22  Тиймээс Есүс бол илүү сайн гэрээний баталгаа болсон.  23  Түүнчлэн, үхлийн улмаас тахилчаар тасралтгүй үйлчлэх аргагүй байсан тул олон хүн удмаа дагаж тахилч болох шаардлага гарсан.  24  Харин тэрээр үүрд амьд байдаг учир түүнд залгамжлагч хэрэггүй.  25  Тиймээс өөрийнх нь нэрээр Бурханд залбирдаг хүмүүсийг жинхэнэ ёсоор аврах чадалтай бөгөөд тэдний төлөө Бурхнаас тусламж гуйхын тулд мөнхөд оршдог. 26  Үнэнч, гэм зэмгүй, ариун, нүгэлтнүүдтэй адилгүй, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм тэргүүн тахилч бидэнд хэрэгтэй.  27  Тэрээр эхлээд өөрийнхөө нүглийн төлөө, дараа нь ард түмний нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй учир бусад тэргүүн тахилчаас ялгаатай. Учир нь тэрээр өөрийгөө өргөхдөө үүрд хүчинтэй байх тахилыг нэг удаа өргөсөн.  28  Хуулийн дагуу томилдог тэргүүн тахилчид нь нүгэлтэй хүмүүс бол Хуулийн дараа тангаргийн дагуу томилсон тэргүүн тахилч бол үүрд мөнхөд төгс болгогдсон хүү юм.

Зүүлт

Үгч. «ууцнаас гарсан»
Үгч. «өвөг дээдсийнхээ ууцанд байхад»
Эсвэл «харамсахгүй»