Египетээс гарсан нь 29:1–46

  • Тахилчдыг томилох тухай (1-37)

  • Өдөр бүрийн тахил (38-46)

29  Чи Аарон болон хөвгүүдийг нь ариусгаж надад тахилчаар үйлчлүүлэхийн тулд нэг залуу эр үхэр, хоёр согоггүй хуц авагтун. 2  Мөн дээд зэргийн улаан буудайн гурилаар хийсэн исгээгүй талх, тостой хольж зуурсан исгээгүй цагариган боов, дээр нь тос түрхсэн исгээгүй бин ав. 3  Тэдгээрийг сагсанд хийгээд бух, хоёр хуцтайгаа авчрагтун. 4  Чи Аарон болон хөвгүүдийг нь цугларалтын асрын үүдэнд авчраад биеэ угаахыг тушаа. 5  Тэгээд Ааронд дотуур дээл, ханцуйгүй дээл, ефодыг цээживчтэй нь өмсгөн, нэхмэл бүсийг нь чанга бүсэл. 6  Дараа нь толгойн өмсгөлийг нь өмсгөж, дээр нь ариун алтан пайзыг* тогтоо. 7  Мөн тосолгооны тосыг толгой дээр нь асгаж Аароныг томил*. 8  Хөвгүүдийг нь бас авчирч дотуур дээл өмсгөгтүн. 9  Мөн Аароны бүсийг бүсэлсэн шигээ тэдний бүсийг бүсэлж өг. Дараа нь толгойн өмсгөлийг нь өмсгөгтүн. Тэд болон үр удам нь тахилчаар үйлчилнэ. Энэ нь үргэлж сахих ёстой зарлиг юм. Ийнхүү Аарон болон хөвгүүдийг нь тахилчаар томилогтун. 10  Чи цугларалтын асрын өмнө бухыг авчир. Аарон болон хөвгүүд нь бухын толгой дээр гараа тавина. 11  Бухыг цугларалтын асрын үүдэнд, Еховагийн өмнө нядал. 12  Бухын цуснаас хуруугаараа авч, тахилын ширээний эврүүдэд түрх. Үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь луу асгагтун. 13  Тэгээд сэмж, элгэн дээрх өөх, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. 14  Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна шатаа. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 15  Тэгээд нэг хуцыг авагтун. Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавих ёстой. 16  Хуцыг нядалж цусыг нь тахилын ширээний бүх тал руу цац. 17  Махыг эвдээд гэдэс дотор, шийрийг нь угааж, тэдгээрийг толгойтой нь хамт тавигтун. 18  Тэгээд хуцыг тахилын ширээн дээр бүхэлд нь шатаан уугиул. Энэ нь Еховад өргөх тааламжит* үнэрт шатаалт тахил юм. Энэ бол Еховад шатаан өргөх тахил билээ. 19  Дараа нь нөгөө хуцыг нь авагтун. Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавих ёстой. 20  Хуцыг нядлаад цуснаас нь авч Аарон болон хөвгүүдийнх нь баруун чихний гэдэс, бас баруун гар хөлийнх нь эрхий хуруун дээр түрх. Хуцын цуснаас тахилын ширээний бүх тал руу цац. 21  Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тосолгооны тосноос авч, Аарон болон хувцас руу нь, Аароны хөвгүүд болон хувцаснууд руу нь цац. Тэгвэл Аарон болон хувцас нь, Аароны хөвгүүд болон хувцаснууд нь ариун болно. 22  Энэ хуц нь томилох ёслолд зориулсан хуц учраас өөхийг нь буюу сүүлний өөх, сэмж, элгэн дээрх өөх, хоёр бөөрийг өөхтэй нь, мөн баруун гуяыг нь ав. 23  Бас Еховагийн өмнө байх исгээгүй талхны сагснаас дугуй талх, тостой хольж зуурсан цагариган боов, бин авагтун. 24  Чи тэдгээрийг Аарон болон хөвгүүдийнх нь гар дээр тавиад Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь далла. 25  Дараа нь чи тэдний гар дээрээс тэдгээрийг аваад тахилын ширээн дээрх шатаалт тахилын дээр тавь. Түүнийгээ Еховагийн өмнө тааламжит* үнэрт тахил болгон шатаагтун. Энэ бол Еховад шатаан өргөх тахил билээ. 26  Дараа нь чи Аароныг тахилчаар томилоход зориулан өргөх хуцын өвчүүг Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь далла. Энэ нь чиний хувь болно. 27  Аарон болон хөвгүүдийнх нь төлөөх томилох ёслолын хуцаас даллах өргөл болгон өргөсөн өвчүү, ариун хэсэг болох гуяыг ариусга. 28  Эдгээр нь ариун хувь бөгөөд Аарон болон хөвгүүдийнх нь болно. Энэ зарлигийг израйлчууд үргэлж сахих ёстой. Израйлчуудын Еховад өргөсөн эвийн тахилаас эдгээр нь ариун хувь болох юм. 29  Аароныг залгамжлах үр удам нь тослогдож тахилчаар томилогдоход Аароны ариун өмсгөл тэднийх болно. 30  Аароны халааг үе уламжлан авах тахилчид нь цугларалтын асарт орж ариун газар үйлчлэхдээ тэр өмсгөлийг долоо хоног өмсөх ёстой. 31  Чи томилох ёслолд зориулсан хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун. 32  Аарон болон хөвгүүд нь хуцын мах, сагстай талхыг цугларалтын асрын үүдэнд иднэ. 33  Өөрсдийг нь тахилчаар томилж, ариусгаж, нүглийг нь уучлуулахын тулд өргөсөн тэдгээр юмыг тэд идэх ёстой. Тэдгээр нь ариун учраас бусад хүн* идэх ёсгүй. 34  Томилох ёслолын мах, талхнаас маргааш өглөө нь үлдсэн байвал шатаагтун. Ариун учраас идэж болохгүй. 35  Миний чамд тушаасан бүхнийг чи Аарон болон хөвгүүдэд нь үйлдэгтүн. Тэднийг тахилчаар томилоход долоон хоног орно. 36  Нүглийг нь уучлуулахын тулд өдөр бүр бухаар нүглийн төлөөх тахил өргө. Ингэж тахил өргөснөөр тахилын ширээ ариусна. Бас тахилын ширээг тосолж ариусгагтун. 37  Чи тахилын ширээн дээр долоон өдөр нүглийг уучлуулах тахил өргөж тахилын ширээг ариусга. Ингэвэл маш ариун болно. Тахилын ширээнд хүрэх хэн боловч ариун байх ёстой. 38  Тахилын ширээн дээр өдөр алгасалгүй хоёр эр хургаар тахил өргөж бай. 39  Нэг эр хургыг нь өглөө, нөгөөг нь үдшийн бүрийгээр өргөгтүн. 40  Эхний эр хургатай хамт өргөх зүйлс нь хинийн* дөрөвний нэг хэмжээтэй сайн чанарын тостой хольсон ефагийн* аравны нэг хэмжээтэй сайн гурил, мөн ундаан өргөл болох хинийн дөрөвний нэг хэмжээтэй дарс юм. 41  Нөгөө эр хургыг үдшийн бүрийгээр өргөхдөө өглөө өргөдөг шигээ идээн өргөл, ундаан өргөлтэй өргө. Үүнийг Еховад тааламжит* үнэрт тахил болгон шатаан өргөх ёстой. 42  Энэ бол Еховагийн өмнө цугларалтын асрын үүдэнд үе уламжлан өргөх байнгын шатаалт тахил юм. Би тэнд чамтай уулзаж ярилцана. 43  Би тэнд израйлчуудтай уулзах бөгөөд миний сүр жавхлангийн улмаас тэр газар ариусна. 44  Би цугларалтын асар, тахилын ширээг ариусгана. Мөн Аарон болон хөвгүүдийг нь ариусгана. Тэгснээр тэд надад тахилчаар үйлчлэх юм. 45  Би израйлчуудын дунд оршин байж, тэдний Бурхан нь болно. 46  Би бол тэдний дунд оршихын тулд Египетээс гаргаж авчирсан, тэдний Бурхан Ехова гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан Ехова.

Зүүлт

Эсвэл «Аарон Бурханд зориулагдсаны ариун тэмдгийг»
Эсвэл «тосол»
Эсвэл «тайтгаруулам», «тайвшруулам»
Эсвэл «тайтгаруулам», «тайвшруулам»
Аароны удмын биш хүн
1 хин нь 3,67 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 ефа нь 22 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «тайтгаруулам», «тайвшруулам»