Египетээс гарсан нь 32:1–35

  • Алтан тугал шүтэв (1-35)

    • Мосе хачин дуу сонсов (17, 18)

    • Мосе хуулийн хавтангуудыг бутлав (19)

    • Еховад үнэнч левичүүд (26-29)

32  Мосег уулаас бууж ирэхгүй удаад байхаар нь ард түмэн Аароныг тойрч цуглаад «Бид нарын өмнө явах бурхныг хийж өг. Биднийг Египетээс гаргасан энэ Мосед юу тохиолдсоныг мэдэхгүй байна» гэцгээв. 2  Тэгэхэд нь Аарон: «Эхнэр, охид, хөвгүүдийнхээ чихнээс алтан ээмгийг нь аваад надад авчирч өг» гэлээ. 3  Ард олон ч чихэндээ зүүж байсан алтан ээмгээ тайлж Ааронд авчирч өгөв. 4  Тэрбээр тэднээс алтыг нь аваад сийлбэрийн багажаар урлан тугалын хөшөө* босгов. Ард олон: «Израйлчууд аа, энэ бол та нарыг Египетээс гаргасан бурхан» гэлцэв. 5  Аарон үүнийг үзээд тугалын өмнө тахилын ширээ босгожээ. Тэгээд Аарон: «Маргааш Еховад зориулсан баяр наадам болно» гэхэд 6  тэд маргааш нь эрт босоод шатаалт тахил, эвийн тахилуудыг өргөцгөөжээ. Дараа нь тэд идэж уухаар сууж, наадаж цэнгэхээр босов. 7  Ехова Мосед «Доошоо буугтун. Египетээс гаргасан ард түмэн чинь завхарч байна. 8  Миний явахыг тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө зориулж тугалын хөшөө босгоод тэрэндээ мөргөж, тахил өргөж байна. Бүр “Израйлчууд аа, энэ бол Египетээс та нарыг гаргасан бурхан” гэцгээж байна» гэжээ. 9  Ехова цааш нь Мосед «Энэ ард түмэн зөрүүд юм. 10  Одоо намайг бүү хорь. Миний уур хилэн шатаж байна. Би тэднийг устгаж, оронд нь чамайг агуу үндэстэн болгоно» гэж айлдав. 11  Тэгэхэд нь Мосе Ехова Бурхнаасаа гуйн «Ехова минь ээ, та агуу хүч, хүчит мутраараа Египетээс гаргасан ард түмэндээ яагаад ингэж их уурлана вэ? 12  “Израйлчуудыг ууланд хөнөөж, газрын хөрснөөс арчихын тулд Бурхан нь тэднийг Египетээс хорон санаагаар гаргасан юм” гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Та уурлан хилэгнэхээ больж, ард түмэн дээрээ гамшиг буулгана гэсэн шийдвэрээ эргэн нэг хараач. 13  Та зарц Абрахам, Исаак, Израйлаа санаач. Та тэдэнд “Би чиний үр хүүхдийг тэнгэрийн од мэт олон болгож, энэ бүх нутгийг өгнө. Энэ газар тэдний эзэмшилд үргэлж байна” гэж амьд буйгаараа тангарагласан шүү дээ» гэжээ. 14  Иймээс Ехова ард түмэн дээрээ гамшиг буулгах гэж байснаа болив. 15  Тэгээд Мосе гэрчлэлийн хоёр хавтанг бариад буцаж уулаас буув. Тэдгээр хавтан ар өвөргүй бичээстэй байлаа. 16  Уг хавтангууд нь Бурхны бүтээл бөгөөд бичээсийг нь Бурхан сийлсэн ажээ. 17  Иошуа ард олны шуугилдахыг сонсоод Мосед «Хуарангаас тулалдах чимээ гарч байна» гэсэнд 18  Мосе: «Энэ бол ялалтын дуу ч бишЯлагдлын орь дуу ч бишӨөр чимээ байна» гэлээ. 19  Мосе хуаранд дөхөж очмогцоо тугал болон бүжиглэж байгаа хүмүүсийг хараад ихэд уурлав. Тэгээд барьж явсан хавтангуудаа уулын бэлд шидэж хэдэн хэсэг болголоо. 20  Дараа нь Мосе тугалыг авч шатааж нунтаглаад усан дээгүүр цацан тэр уснаасаа израйлчуудад уулгав. 21  Мосе Ааронд «Ард түмэн чамайг яасан болоод чи тэднийг ийм ноцтой нүгэл үйлдэхэд хүргэв ээ?» гэхэд 22  Аарон: «Эзэнтэн минь, та битгий уурла. Энэ ард түмэн муу юм хийхдээ гарамгайг та мэднэ шүү дээ. 23  Ард олон надад “Бид нарын өмнө явах бурхныг хийж өг. Биднийг Египетээс гаргасан энэ Мосед юу тохиолдсоныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. 24  Тэгэхээр нь би тэдэнд “Алттай хүмүүс нь алтаа тайлж өг” гэсэн юм. Тэгээд би алтнуудыг нь галд хаяхад энэ тугал бий болсон» гэлээ. 25  Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Аарон тэднийг хориглоогүй учраас тэд дайснууддаа шившиг болох юм хийжээ. 26  Мосе хуарангийн үүдэнд зогсоод «Хэн Еховагийн талд байна вэ? Нааш ирэгтүн!» гэхэд левичүүд бүгдээрээ түүнийг тойрон цуглав. 27  Мосе тэдэнд «Израйлын Бурхан Ехова: “Хүн бүр илдээ зүүгтүн! Хуарангийн нэг захаас нөгөө зах хүртэл явж, ах дүү, хөрш, анд нөхдөө хөнөө!” гэж айлдаж байна» гэлээ. 28  Левичүүд ч Мосегийн хэлснээр хийв. Тэр өдөр 3 000 эр алагджээ. 29  Дараа нь Мосе: «Еховад үйлчлэхийн төлөө өнөөдөр өөрсдийгөө зориул. Учир нь та нар хөвгүүд, ах дүү нартайгаа тулалдсан билээ. Бурхан өнөөдөр та нарыг ивээнэ» гэжээ. 30  Маргааш нь Мосе ард олонд «Та нар маш ноцтой нүгэл үйлдсэн. Би одоо Ехова руу очиж та нарын төлөө гуйя. Тэгвэл тэрбээр та нарын нүглийг уучлах байх» гэв. 31  Тэгээд Мосе Ехова руу буцаж очоод «Ард олон маш ноцтой нүгэл үйлджээ. Тэд өөрсдөдөө зориулж алтан бурхан хийсэн байна. 32  Гэхдээ одоо та тэднийг уучлахыг хүсэж байвал уучлаач. Үгүй бол миний нэрийг номоосоо арилгаач» гэжээ. 33  Гэсэн хэдий ч Ехова Мосед «Миний эсрэг нүгэл үйлдсэн хүний нэрийг л би номоосоо арилгана. 34  Одоо чи миний хэлсэн газар луу ард түмнийг аваад яв. Миний тэнгэрийн элч урд чинь явна. Би тооцоо бодох өдрөө тэднийг нүгэл үйлдсэнийх нь төлөө шийтгэнэ» хэмээн айлдав. 35  Дараа нь Ехова тугал хийснээс нь болж ард түмэн дээр гамшиг буулгажээ. Тэд Аароноор тугал хийлгэсэн юм.

Зүүлт

Эсвэл «цутгамал хөшөө»