Египетээс гарсан нь 39:1–43
39 Тэд хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсыг нарийн нэхэж, ариун газрын үйлчлэлд зориулсан хувцаснуудыг хийв. Аароны ариун өмсгөлийг Еховагийн Мосед тушаасан ёсоор хийжээ.
2 Безалел ефодыг алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар хийв.
3 Тэд алтыг давтаж нимгэлэн, Безалел нарийн утас болгон зүсэж хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утастай нийлүүлж ефодыг урлаж шагласан юм.
4 Мөн тэд ефодын ар тал, урд талын мөрний хэсгийг нийлүүлж оёжээ.
5 Ефодыг ийш тийш нь гүйлгэхгүйн тулд ефодтойгоо залгаа нэхмэл бүс хийв. Бүсийг адилхан материалаар буюу алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар нэхэж Еховагийн Мосед тушаасан ёсоор хийжээ.
6 Дараа нь тэд хоёр оникс чулуу аваад алтан хүрээнд суулган дээр нь Израйлын хөвгүүдийн нэрсийг тамга мэт сийлжээ.
7 Тэрбээр Еховагийн Мосед тушаасан ёсоор тэр хоёрыг Израйлын хөвгүүдийн дурсгал болгон ефодын хоёр мөрөн дээр хадав.
8 Мөн ефодтой адилаар алтан утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утас, сайн чанарын маалинган утсаар цээживчийг урлаж шаглав.
9 Тэд цээживчийг хоёр давхарлаж, нэг сөөм* урт, нэг сөөм өргөнтэй, дөрвөлжин хийсэн юм.
10 Цээживчид дөрвөн эгнээ чулуу тогтоожээ. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад,
11 хоёр дахь эгнээнд оюу, индранил, хас,
12 гурав дахь эгнээнд лешем*, гартаам, ягаан болор,
13 дөрөв дэх эгнээнд алтан чулуу, оникс, хаш байв. Тэдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгажээ.
14 Израйлын хөвгүүдийн нэрсийн дагуу эдгээр чулуун дээр 12 овгийн нэрийг нэг нэгээр нь тамга мэт сийлсэн юм.
15 Тэгээд тэд цээживчид зориулж шижир алтан уяа шиг эрчилсэн гинж хийжээ.
16 Мөн хоёр алтан хүрээ, хоёр алтан гархи хийгээд хоёр алтан гархиа цээживчийн хоёр үзүүрт тогтоов.
17 Тэр хоёр гархитайгаа хоёр алтан гинжээ холбожээ.
18 Хоёр гинжнийхээ нөгөө хоёр үзүүрийг ефодын мөрөн дээрх алтан хүрээтэй хоёр сууринд холбож, цээживчийг ефодын урд талд унжуулав.
19 Мөн хоёр алтан гархи хийж, ефодын урдах цээживчийн доод хоёр үзүүрт нь, дотор талд нь хадав.
20 Бас дахиад хоёр алтан гархи хийгээд ефодтой залгаа нэхмэл бүсний дээхэн хаджээ. Тэдгээр нь ефодын урд талд хоёр мөрний харалдаа доор байв.
21 Тэгээд Еховагийн Мосед тушаасан ёсоор ефодын тэр хоёр гархийг цээживчийн доод хоёр гархитай хөх уяагаар уяжээ. Ийнхүү цээживчийг ефодоос салгахгүй, нэхмэл бүсний дээхэн талд тогтоосон юм.
22 Дараа нь тэрбээр ефодын ханцуйгүй дээлийг хөх утсаар нэхэв.
23 Дээд хэсгийнх нь голд ухлаадас гаргаж, захалж нэхжээ. Тэгээд сэмрэхгүй, хайрст хуяг шиг бөх болов.
24 Мөн хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсыг сүлжин анар жимс хийгээд хормойг нь тойруулж зүүжээ.
25 Бас шижир алтан хонхнууд хийгээд ханцуйгүй дээлийн хормойд зүүсэн анаруудын дунд зүүв.
26 Еховагийн Мосед тушаасан ёсоор үйлчлэлд өмсөх ханцуйгүй дээлийн хормойд хонх, анар, хонх, анар гэх маягаар сөөлжлүүлэн зүүжээ.
27 Бас тэд Аарон болон хөвгүүдэд нь сайн чанарын маалинган утсаар дотуур дээл нэхэж,
28 сайн чанарын маалинган даавуугаар Аароны толгойн өмсгөл, хөвгүүдийнх нь толгойн өмсгөл, дотуур өмднүүдийг хийв.
29 Мөн сайн чанарын маалинган утас, хөх утас, нил ягаан ноосон утас, час улаан утсаар бүс нэхжээ. Тэд Еховагийн Мосед тушаасан ёсоор хийсэн юм.
30 Сүүлд нь тэд ариун пайз* болох гялтганасан шижир алтан пайз хийгээд дээр нь “Ариун байдал Еховагийнх” гэж тамга мэт сийлэв.
31 Тэр пайзаа Еховагийн Мосед тушаасан ёсоор толгойн өмсгөлийн дээр хөх утсаар тогтоожээ.
32 Ингээд шүтлэгийн асар буюу цугларалтын асрын бүх ажил дуусчээ. Израйлчууд Еховагийн Мосед тушаасан бүхнийг ёсчлон биелүүлжээ.
33 Тэгээд тэд шүтлэгийн асрын бүх юмыг Мосед авчирч өгөв. Тэдгээр нь асрын бүрээснүүд болон эд хэрэгслүүд нь болох гархинууд, яс модон хүрээнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд,
34 улаан өнгөнд оруулсан хуцын арьсан бүрээс, далайн хавын арьсан бүрээс, халхлах хөшиг байв.
35 Бас гэрчлэлийн авдар нь дамнуургууд, тагтайгаа,
36 ширээ нь бүх эд хэрэгсэл, талхтайгаа,
37 шижир алтан дэнгийн суурь нь эгнэсэн дэнгүүд болон бүх эд хэрэгсэл, тостойгоо байлаа.
38 Түүнчлэн утлагын алтан ширээ, тосолгооны тос, анхилуун утлага, асрын үүдний хөшиг байв.
39 Зэс тахилын ширээ нь зэс сараалж, дамнуургууд, бүх эд хэрэгсэлтэйгээ, усны сав суурьтайгаа,
40 хашааны хөшиг нь баганууд, углуургуудтайгаа, хашааны үүдний хөшиг нь уяанууд, гадаснуудтайгаа байжээ. Мөн цугларалтын асар болох шүтлэгийн асрын үйлчлэлд зориулсан бүх эд хэрэгсэл,
41 ариун газар үйлчлэхдээ өмсөхөд зориулсан нарийн нэхсэн хувцаснууд, тахилч Аароны ариун өмсгөл, тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь өмсгөлүүд байв.
42 Израйлчууд бүх ажлыг Еховагийн Мосед тушаасан ёсоор гүйцэтгэв.
43 Мосег бүх ажлыг нь үзэж шалгахад үнэхээр Еховагийн тушаасан ёсоор хийсэн байлаа. Тэгээд Мосе тэднийг ерөөжээ.
Зүүлт
^ 22,2 см орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Ямар чулуу байсан нь тодорхойгүй. Хув, циркон, гэрэлт чимэд, турмалины аль нэг нь байсан бололтой.
^ Эсвэл «Аарон Бурханд зориулагдсаны ариун тэмдэг»