Естер 8:1–17
8 Тэр өдөр Ахашверош хаан иудейчүүдийн дайсан Хаманы эзэмшилд байсан бүхнийг Естер хатанд өгөв. Мөн Естер Мордехаиг өөртэй нь ямар хамаатайг илчилсэн учир хаан түүнийг өргөөндөө дуудан ирүүлжээ.
2 Хаан Хаманд байсан тамгат бөгжийг авч Мордехаид өглөө. Естер Хаманых гэсэн болгоныг Мордехаид хариуцуулав.
3 Естер дахин хаантай ярив. Тэрбээр хааны хөлд сөхрөн сууж, агаг хүн Хаманы учруулсан хор хохирлыг арилгахыг, иудейчүүдийн эсрэг төлөвлөсөн хорон муу төлөвлөгөөг нь хүчингүй болгож өгөхийг уйлан байж гуйжээ.
4 Хаан очирт алтан таягаа Естер лүү сунгасанд Естер босоод хааны өмнө зогсов.
5 Тэрбээр: «Хэрэв энэ нь хааны тааллыг олсон бол, би хааны сэтгэлд нийцэж байвал, үүнийг хаан зөв гэж үзвэл, хэрэв хаантан намайг таалж байвал хааны бүх мужид буй иудейчүүдийг устгана гэж агаг хүн Хаммедатагийн хүү, хорон санаат Хаманы бичсэн албан бичгийг хүчингүй болгох зарлиг буулгаж өгөөч.
6 Ард түмэнд минь учрах гамшгийг би харж тэвчинэ гэж үү? Төрөл садан минь устгагдахыг би харж тэснэ гэж үү?» гэлээ.
7 Ахашверош хаан Естер хатан болон иудей хүн Мордехаид ийн хэлэв. «Иудейчүүд рүү дайрах гэсэн хорон төлөвлөгөөнөөс нь болоод би Хаманыг шонд өлгөн алж, эзэмшилд нь байсан бүхнийг Естерт өгсөн билээ.
8 Одоо та хоёр иудейчүүдэд тустай гэсэн болгоноо хааны нэрийн өмнөөс бичээд хааны тамгат бөгжөөр тамгалан лацад. Учир нь хааны нэрийн өмнөөс бичиж, хааны тамгат бөгжөөр тамгалан лацадсан зарлиг хүчингүй болдоггүй юм».
9 Ингээд тэд хааны бичээч нарыг Сиван* буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дуудаж цуглуулаад иудейчүүдэд, мөн дээд тушаалтнууд, эрх баригчид, Энэтхэгээс Етиоп хүртэлх 127 мужийн захирагчдад өгөх Мордехаин тушаалыг муж бүрд өөрсдийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр, иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлжээ.
10 Мордехаи Ахашверош хааны нэрийн өмнөөс захидал бичин хааны тамгат бөгжөөр тамгалан лацдаад буухиа элч нарт өгч илгээв. Тэд хааны албанд зориулан үржүүлсэн хурдан хүлгүүдийг* унажээ.
11 Тэрхүү захидал нь, хот бүрд буй иудейчүүд цугларан амиа хамгаалж, өөрсөд рүү нь дайрсан ямар ч үндэстний, ямар ч мужийн хүмүүсийг хүүхэд эмэгтэйчүүдтэй нь алж устган, хүйс тэмтэрч, эд хөрөнгийг нь булааж авахыг хаан зөвшөөрсөн гэсэн агуулгатай байлаа.
12 Энэ явдал Ахашверош хааны бүх мужид нэг өдөр болох ёстой байв. Энэ нь Адар* буюу 12 дугаар сарын 13-ны өдөр юм.
13 Уг захидлын агуулгыг муж болгонд хуульчлан баталж бүх ард түмэнд тунхаглан сонордуулав. Ингэснээр иудейчүүд тэр өдөр дайснуудаасаа өшөө авахад бэлэн болох ажээ.
14 Хааны албаны хурдан хүлгүүдийг* унасан буухиа элч нар хааны тушаалаар яаравчлан давхицгаав. Суса дахь шилтгээнд ч бас хууль гарчээ.
15 Мордехаи хөх цагаан хосолсон өмсгөл өмсөж, сүрлэг алтан титэм гялалзуулж, нил ягаан өнгийн нарийн ноосон нөмрөг намируулсаар хааны өргөөнөөс гарч ирэв. Суса хотынхон баярлан хашхиралдаж байлаа.
16 Иудейчүүдийн хувьд энэ нь аврал*, баяр баясгалан, алдар хүндэтгэл байсан юм.
17 Хааны зарлиг, хууль хүрсэн муж, хот болгонд иудейчүүд баясан цэнгэж, хөл хөөрцөг болж, найр наадам хийж, ёслон тэмдэглэж байв. Тэр нутгийн олон үндэстний хүмүүс иудейчүүдээс айж байсан учир өөрсдийгөө иудейчүүд хэмээн зарлажээ*.
Зүүлт
^ Хавсралт Б15-ыг үзнэ үү.
^ Эсвэл «шуудангийн морьдыг»
^ Хавсралт Б15-ыг үзнэ үү.
^ Эсвэл «шуудангийн морьдыг»
^ Үгч. «гэрэл гэгээ»
^ Эсвэл «иудейчүүд болсон»