Иошуа 24:1–33
24 Тэгээд Иошуа Израйлын бүх овгийг Шехемд цуглуулж, Израйлын ахлагчид, тэргүүнүүд, шүүгчид, удирдагчдыг дуудаж ирүүлэв. Тэд жинхэнэ Бурхны өмнө зогслоо.
2 Иошуа бүх ард олонд «Израйлын Бурхан Ехова ингэж айлдаж байна. “Эрт дээр үед танай өвөг дээдэс, тухайлбал, Абрахам, Нахор хоёрын эцэг Тера Их мөрний* нөгөө талд амьдран сууж, өөр бурхдад үйлчилж байсан.
3 Тэгэхэд би танай өвөг Абрахамыг Их мөрний нөгөө талаас авчирч Канаан нутгаар хөндлөн гулд явуулж, үр садыг нь өнөр өтгөн болгосон билээ. Би түүнийг Исаак гэдэг хүүтэй,
4 Исаакийг Иаков, Есав гэдэг хоёр хүүтэй болгож, хожим нь Есавт Сеир уулыг эзэмшил болгон өгсөн. Харин Иаков хөвгүүдтэйгээ урагшаа Египет рүү явсан.
5 Хожим хойно нь би Мосе, Аарон хоёрыг тийшээ явуулсан. Бас би Египетэд гамшиг учруулаад та нарыг гаргасан билээ.
6 Танай эцэг өвгөдийг Египетээс гаргаж тэнгист аваачихад египетчүүд байлдааны тэрэг, морьт цэрэгтэйгээ тэднийг нэхэж Улаан тэнгист ирсэн.
7 Эцэг өвгөдийг чинь тусламж гуйхад Ехова би египетчүүд болон тэдний хооронд харанхуй болгож, египетчүүдийн дээр тэнгисийн усыг буулгаж живүүлсэн. Израйлчууд та нар Египетэд юу хийснийг минь нүдээрээ үзсэн шүү дээ. Дараа нь олон жил цөлд амьдарсан.
8 Тэгээд би та нарыг Иорданы зүүн талд оршин суудаг аморичуудын нутагт аваачсан. Тэд та нартай тулалдсан ч миний ачаар та нар тэднийг ялж газар нутгийг нь эзэмшсэн билээ. Би тэднийг та нарын өмнө устгасан.
9 Дараа нь Моабын хаан, Зиппорын хүү Балак та нартай тэмцсэн. Тэрбээр та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудаж ирүүлсэн.
10 Би Балаамыг сонсоогүй, харин ч Балаамаар та нарыг олон удаа ерөөлгөсөн. Би та нарыг түүний гараас аварсан билээ.
11 Дараа нь та нар Иорданыг гаталж Иериход очиход Иерихогийн удирдагчид*, аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нартай тулалдсан. Гэсэн ч та нар миний ачаар тэднийг ялсан билээ.
12 Би тэднийг зүрх зориггүй болгосон* учраас тэд аморичуудын хоёр хааны адилаар та нараас зугтсан юм. Та нар сэлэм, нумаараа тулалдаж тэднийг ялсан юм биш.
13 Харин би та нарт өөрсдийн чинь зүтгэж олж аваагүй газар, өөрсдийн чинь барьж байгуулаагүй хотыг өгсөн бөгөөд та нар тэнд суурьшсан. Та нар өөрсдийнхөө тариагүй усан үзмийн талбай, чидуны төглөөс идэж байгаа билээ” гэсэн.
14 Иймд Еховагаас эмээж, чин сэтгэлээсээ*, үнэнчээр үйлчлэгтүн. Их мөрний нөгөө талд болон Египетэд өвөг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдыг зайлуулж Еховад үйлчлэгтүн.
15 Хэрэв та нар Еховад үйлчлэхийг хүсэхгүй байвал хэнд үйлчлэхээ өнөөдөр өөрсдөө сонго. Их мөрний нөгөө талд өвөг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, оршин сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдад уу гэдгээ сонго. Харин би ч, манай гэрийнхэн ч Еховад үйлчилнэ» гэжээ.
16 Тэгэхэд нь ард түмэн: «Бид яасан ч Еховаг орхиж, өөр бурхдад үйлчлэхгүй.
17 Биднийг, бас манай эцэг өвгөдийг Египетэд боолчлогдож байхад Ехова Бурхан маань л тэндээс гаргаж, бидний нүдэн дээр олон агуу гайхамшиг үйлдсэн. Замын туршид болон үндэстнүүдийн нутгаар дайрч өнгөрөхөд маань хамгаалсан билээ.
18 Өмнө нь энэ нутагт сууж байсан аморичууд гээд бүх үндэстнийг Ехова хөөн зайлуулсан шүү дээ. Иймээс бид ч бас Еховад үйлчилнэ. Учир нь тэр бол бидний Бурхан» хэмээн хариулав.
19 Тэгэхэд нь Иошуа ард түмэнд «Та нар үнэхээр Еховад үйлчилж чадна гэж үү? Тэр бол ариун Бурхан бөгөөд зөвхөн өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг Бурхан. Та нарын гэм*, нүглийг уучлахгүй.
20 Хэрэв та нар Еховаг орхиж, харийн бурхдад үйлчилбэл, хэдий тэрбээр та нарын төлөө сайн юм хийж байсан ч гэсэн та нараас нүүр буруулж, устгана» гэж хэлэв.
21 Тэгтэл ард түмэн Иошуад «Бид Еховад үйлчилнэ!» гэлээ.
22 Иймээс Иошуа: «Та нар Еховад үйлчилнэ гэж өөрсдөө шийдлээ. Үүнийхээ гэрч нь та нар өөрсдөө боллоо» гэж хэлэхэд тэд: «Тийм ээ, бид гэрч» хэмээв.
23 Иошуа: «Тэгвэл одоо та нар харийн бурхдаа зайлуулж, Израйлын Бурхан Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэгтүн» гэсэнд
24 ард түмэн: «Бид Ехова Бурхандаа үйлчилнэ, үгийг нь дагана!» гэцгээв.
25 Тэр өдөр Иошуа Шехемд ард түмэнтэй гэрээ байгуулаад тэдэнд зориулж хууль, тогтоол гаргав.
26 Тэгээд Иошуа энэ бүхнийг Бурхны Хуулийн номд бичжээ. Тэрбээр нэг том чулуу аваад Еховагийн ариусгасан газрын дэргэдэх том модны доор тавив.
27 Иошуа ард олонд «Еховагийн бидэнд айлдсан бүхнийг энэ чулуу сонссон учраас энэ чулуу бидний гэрч болно. Та нарыг Бурханд үнэнч бус болбол энэ чулуу та нарын эсрэг гэрчилнэ» гэж хэлэв.
28 Тэгээд Иошуа ард олныг тус тусынх нь нутаг руу явуулжээ.
29 Энэ бүхний дараа Еховагийн үйлчлэгч, Нуны хүү Иошуа 110 настайдаа нас барав.
30 Тэд Иошуаг Ефраимын уулархаг нутаг дахь Гааш уулаас хойд зүгт байдаг Тимнат-сера буюу өв болгон авсан газарт нь оршуулжээ.
31 Иошуаг амьд сэрүүн байх үед, мөн израйлчуудын төлөө Еховагийн хийсэн бүхнийг нүдээрээ үзсэн, Иошуагаас хойш нас барсан ахлагчдын амьд ахуйд израйлчууд Еховад үйлчилж байсан юм.
32 Египетээс израйлчуудын авчирсан Иосефын ясыг Шехем дэх талбайд оршуулжээ. Уг газрыг Иаков 100 нэгж мөнгөөр Шехемийн эцэг Хаморын хөвгүүдээс худалдаж авч байсан бөгөөд тэр газар Иосефын үр удмын өв болсон юм.
33 Аароны хүү Елеазар ч нас барж, тэд түүнийг Финехасын гүвээнд оршуулав. Энэ нь Ефраимын уулархаг нутагт Аароны хүү Финехаст оногдсон газар юм.
Зүүлт
^ Евфрат мөрөн
^ Эсвэл «газар эзэмшигчид» гэсэн бололтой.
^ Эсвэл «самууруулсан», «айдаст автуулсан» гэсэн бололтой.
^ Эсвэл «гэм зэмгүй байн»
^ Эсвэл «тэрс явдал»