Малахи 3:1–18

  • Жинхэнэ Эзэн ирж сүмээ цэвэрлэнэ (1-5)

    • Гэрээний элч (1)

  • «Над руу эргэж ир» гэж Ехова уриалсан нь (6-12)

    • Ехова өөрчлөгддөггүй (6)

    • «Над руу эргэж ир. Тэгвэл би та нар луу эргэж очно» (7)

    • Бүх аравны нэгээ авчирвал Ехова ивээлийг хальтал асгана (10)

  • Зөв шударга ба бузар муу хүмүүс (13-18)

    • Дурсгалын ном Бурхны өмнө бичигдсэн байлаа (16)

    • Зөв шударга ба бузар муу хүмүүсийн ялгаа (18)

3  «Би элчээ илгээж байна. Тэрбээр өмнөх замыг минь цэвэрлэнэ*. Та нарын хайж буй жинхэнэ Эзэн сүмдээ гэнэт ирнэ. Та нарын хүсэн хүлээж буй гэрээний элч ирнэ. Тэр заавал ирнэ» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.  «Гэвч түүнийг ирэх өдөр хэн тэсэх вэ? Түүнийг гарч ирэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь тэрбээр цэвэршүүлэгчийн гал мэт, угаагчийн шүлт* мэт байх юм.  Тэрбээр мөнгө хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт суун Левийн хөвгүүдийг цэвэршүүлнэ. Тэднийг алт, мөнгө шиг цэвэршүүлэхэд тэд Еховад зөв шударгаар өргөл өргөдөг ард түмэн болно.  Иуда ба Иерусалимын өргөл Еховад эрт үеийнх шиг, тэртээх он жилүүдийнх шиг тааламжтай байх болно.  Би чамайг шүүхээр очно. Би шидтэн, завхайрагч, хуурамчаар тангараглагчийн эсрэг, мөн хөлсний ажилчид, бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүдийг луйвардагчийн эсрэг, гадаадынханд тусалдаггүй хүмүүсийн эсрэг үтэр түргэн гэрчилнэ. Тэд надаас эмээгээгүй юм» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.  «Би бол Ехова. Би өөрчлөгддөггүй*. Та нар Иаковын хөвгүүд учраас хараахан сүйрээгүй байна.  Та нар өвөг дээдсийнхээ үеэс миний зарлиг тушаалыг үл тоомсорлон, сахихгүй явж ирсэн. Над руу эргэж ир. Тэгвэл би та нар луу эргэж очно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. Гэвч та нар: «Тан руу яаж эргэж очих вэ?» гэдэг.  «Хүн Бурхныг тонон дээрэмдэх үү? Харин та нар намайг тонон дээрэмдэж байна». «Бид таныг яаж тоносон юм бэ?» гэж та нар хэлдэг. «Аравны нэг болон хандиваар.  Та нар намайг тонон дээрэмдэж байгаа тул хараагдсан*. Бүр улс үндэстнээрээ намайг тонон дээрэмдэж байна. 10  Миний өргөөг хоол хүнстэй байлгахын тулд бүх аравны нэгээ агуулахад авчир. Ингэж намайг турш. Би тэнгэрийн цонхыг нээж, ивээлийг та нар дээр хальтал асгах нь уу, үгүй юү гэдгийг хар» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 11  «Танай нутгийн жимсийг сүйтгэхийг, усан үзмийн талбайг чинь жимсгүй болгохыг би царцаанд зөвшөөрөхгүй» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 12  «Бүх үндэстэн та нарыг жаргалтай гэнэ. Учир нь танай нутаг баяр баяслын өлгий нутаг болно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 13  «Та нар намайг муулан ярьдаг» гэж Ехова айлдаж байна. Тэгэхэд та нар: «Бид таныг яаж муулдаг юм бэ?» гэдэг. 14  «Та нар: “Бурханд үйлчлэх нь ямар ч ашиггүй. Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, баргар царайлан явсны хэрэг юу байсан юм бэ? 15  Одоо бодох нь ээ, бардам хүмүүс жаргалтай юм байна. Мууг үйлдэгчид амжилт олдог юм байна. Тэд Бурхныг сорьж зүрхэлчхээд шийтгэлээс мултардаг” гэж хэлдэг». 16  Тэр үед Еховагаас эмээдэг хүмүүс бие биетэйгээ, хүн бүр дотнын хүнтэйгээ ярихад Ехова анхааран сонсож байсан. Еховагаас эмээдэг, нэрийг нь эргэцүүлэн боддог* хүмүүсийн тухай дурсгалын ном түүний өмнө бичигдсэн байлаа. 17  Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна: «Та нар минийх болох тэр өдөр би та нарыг тусгай өмчөө болгоно. Эцэг хүн дуулгавартай хүүгээ өрөвддөгийн адил би тэднийг өрөвдөнө. 18  Тэгэхэд та нар зөв шударга ба бузар муу хүмүүсийн, Бурханд үйлчилдэг ба Бурханд үйлчилдэггүй хүмүүсийн хоорондох ялгааг дахин олж харна».

Зүүлт

Эсвэл «бэлдэнэ»
Эсвэл «саван»
Эсвэл «өөрчлөгдөөгүй»
Эсвэл «намайг харааж байна» гэсэн бололтой.
Эсвэл «эрхэмлэдэг» гэсэн бололтой.