Маркийн бичсэн сайн мэдээ 5:1–43
5 Тэгээд тэд нуурын нөгөө эрэг дээрх Герас нутагт иржээ.
2 Чөтгөрт эзэмдүүлсэн нэг хүн булшнуудын дундаас гарч яваад Есүсийг завинаас буумагц тааралдав.
3 Булшнуудын дунд орогнодог тэр хүнийг хүлж чадсан хүн одоог хүртэл нэг ч байсангүй. Гинжлээд ч нэмэргүй ажээ.
4 Олон удаа гарыг нь гавлаж, хөлийг нь дөнгөлсөн боловч гаваа тасдаж, дөнгөө хэдэн хэсэг болгодог байв. Түүнийг дийлэх чадалтай хүн нэг ч байсангүй.
5 Булшнуудын дунд бас ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсдэг байв.
6 Тэр хүн Есүсийг холоос хараад гүйн ирж мэхийв.
7 Тэгснээ чанга дуугаар «Хамгийн дээд Бурхны Хүү Есүс ээ, та намайг яах гээ вэ? Намайг зовоохгүй гэдгээ Бурхны нэрээр тангараглаач» гэжээ.
8 Учир нь Есүс: «Чөтгөр өө, чи энэ хүнээс гар» хэмээн хэлсэн байжээ.
9 Гэхдээ Есүс түүнээс «Чамайг хэн гэдэг вэ?» гэж асуухад «Бид олуулаа учир намайг Легион* гэдэг» хэмээн хариулав.
10 Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас хөөхгүй байхыг гуйж байлаа.
11 Ууланд сүрэг гахай идээшилж байв.
12 Чөтгөрүүд: «Биднийг гахайнуудад оруулаач» гэж гуйхад
13 Есүс зөвшөөрөв. Чөтгөрүүд нөгөө хүнээс гарч гахайнуудад орлоо. 2 000 орчим гахай хадан хясаа руу гүйлдсээр нууранд унаж, живжээ.
14 Гахайчид зугтаж хот, тосгонд очоод энэ тухай мэдэгдэхэд хүмүүс юу болсныг харах гэж
15 Есүс рүү ирэв. Легион гэдэг чөтгөрт эзэмдүүлж байсан хүн хувцас өмсчихсөн, эрүүл ухаантай болчихоод сууж байхыг хараад тэд айжээ.
16 Болсон явдлыг үзсэн хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүнд юу тохиолдсоныг, гахайнууд яасныг тэдэнд ярьж өгөв.
17 Тэгэхэд тэд нутгаасаа явуулах гэж Есүсийг ятгажээ.
18 Есүс завинд суух гэж байлаа. Чөтгөрт эзэмдүүлж байсан өнөөх хүн өөрийг нь дагуулж явахыг гуйхад
19 Есүс зөвшөөрсөнгүй. Харин түүнд «Гэртээ хариад таны төлөө Еховагийн* хийсэн бүхнийг, таныг хэрхэн энэрснийг хамаатнууддаа ярь» гэлээ.
20 Өнөөх хүн явж, өөрийнх нь төлөө Есүсийн хийсэн бүхнийг Декаполд* тунхаглахад бүх хүн гайхав.
21 Есүс завиар нуур гатлан нөгөө эрэг дээр гараад, нуураас холдоогүй байхад олон хүн цугларчээ.
22 Синагогийн ахлагчдын нэг Яир ирээд Есүсийг харан өмнө нь сөгдөж
23 «Бяцхан охин минь хүнд өвчтэй байна. Та очиж гараа тавиач. Тэгвэл охин минь эдгэрч амьд үлдэнэ» гэж дахин дахин гуйв.
24 Тэгээд Есүс түүнтэй хамт явахад олон хүн дагаж, бүчин шахаж байлаа.
25 Цус алдах өвчнөөр 12 жил зовсон нэгэн эмэгтэй байв.
26 Олон эмчийн гар дамжин зовж, хамаг байдгаа эмчилгээнд зарцуулсан ч тусыг олсонгүй, харин ч улам мууджээ.
27 Есүсийн тухай сонсоод, цугласан олны дунд орж Есүсийн ард очоод хувцсанд нь хүрэв.
28 Учир нь эмэгтэй: «Хувцсанд нь л хүрчихвэл би эдгэнэ» гэсээр явжээ.
29 Тэр даруй цус алдах нь зогсож, шаналгаат өвчнөөс салснаа эмэгтэй мэдрэв.
30 Өөрөөс нь хүч гарсныг Есүс тэр даруй мэдрээд эргэн тойрноо харж «Хэн миний хувцсанд хүрэв?» гэлээ.
31 Харин шавь нар нь түүнд «Энэ олон хүн шахалдаж байхад та “Хэн миний хувцсанд хүрэв?” гэж асуух юм» хэмээв.
32 Харин Есүс өөрт нь хүрсэн хүнийг олох гэж эргэн тойрноо харж байлаа.
33 Эдгэснээ мэдсэн эмэгтэй айн чичирсээр Есүсийн өмнө ирж сөхрөөд бүх үнэнээ хэлэхэд
34 тэрээр: «Охин минь, чи итгэсэн учраас эдгэлээ. Амар тайван яв. Энэ муухай өвчин чамайг дахиж бүү зовоог» гэжээ.
35 Тийн ярьж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж «Танай охин нас барчихлаа! Багшид төвөг удаад яах вэ дээ» гэж хэлжээ.
36 Энэ үгийг сонссон Есүс синагогийн ахлагчид «Бүү санаа зов. Зөвхөн итгэ» гэж хэлэв.
37 Тэгээд Петр болон ах дүү Яаков, Ёохан гурваас өөр хэнийг ч дагуулж явсангүй.
38 Синагогийн ахлагчийнд Есүс ирээд, чангаар уйлж, гашуудаж байгаа хүмүүсийг харав.
39 Дотогш ороод тэдэнд «Та нар яагаад гашуудаж уйлалдана вэ? Хүүхэд үхээгүй, унтаж байна» гэхэд
40 хүмүүс түүнийг дооглон инээв. Харин Есүс бүх хүнийг гаргаад хүүхдийн эцэг эхийг болон шавь нараа дагуулан хүүхдийн өрөөнд оржээ.
41 Тэгээд охины гараас бариад «Талита күми» гэж хэлэв. Энэ нь «Бяцхан охин минь, бос!» гэсэн утгатай.
42 Тэр даруй охин босоод явж эхлэв. (Охин 12 настай байжээ.) Тэгэхэд эцэг эх нь магнайгаа хагартал баярлажээ.
43 Энэ явдлыг хэнд ч хэлж болохгүйг Есүс дахин дахин анхааруулаад «Охинд идэх юм өг» гэжээ.