Эхлэл 15:1–21
15 Энэ явдлын дараа Ехова Абрамд үзэгдэл үзүүлж «Абрам аа, бүү ай. Би бол чиний бамбай. Чамд маш том шагнал өгнө» гэж айлдав.
2 Тэгэхэд Абрам: «Хэмжээгүй эрхт эзэн Ехова, та надад юу өгөх сөн бол? Би одоо болтол хүүхэдгүй яваа. Тэгэхээр миний өв залгамжлагч бол Дамаскийн хүн Елиезер юм» гээд
3 цааш нь «Та надад үр хүүхэд хайрлаагүй билээ. Зарц маань миний өв залгамжлагч болно шүү дээ» гэж хэлэв.
4 Тэгэхэд Ехова: «Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин төрсөн хүү чинь өв залгамжлагч болно» гэж хариулжээ.
5 Бурхан Абрамыг гадагш гарган «Тэнгэр өөд хар даа. Оддыг тоолж чадвал тоол» гэв. Тэгээд «Чиний үр удам ийм олон болно» гэж хэлжээ.
6 Абрам Ехова Бурханд итгэсэнд Бурхан түүнийг үнэнч шударга гэж тооцов.
7 Тэгээд Бурхан: «Би бол Ехова. Би энэ нутгийг чамд эзэмшил болгон өгөхөөр чамайг Халдеин Ураас гаргасан билээ» гэж айлдлаа.
8 Тэгэхэд Абрам: «Хэмжээгүй эрхт эзэн Ехова, энэ нутгийг эзэмшил болгон авна гэдгээ би яаж мэдэх вэ?» гэж асуухад
9 Бурхан: «Гунжин үнээ, зусаг ямаа, хязаалан хуц, хүүрзгэнэ, залуу тагтаа авч ир» гэж хэлэв.
10 Абрам бүгдийг нь авчирч таллан хуваагаад тал бүрийг нь өөд өөдөөс нь харуулан тавилаа. Харин шувуудыг хуваасангүй.
11 Махчин шувуудыг махан дээр бууж ирэхэд Абрам үргээж байлаа.
12 Нар жаргахын хэрд Абрам гүн нойронд автжээ. Түүнийг айдас төрүүлэм түнэр харанхуй нөмрөн авав.
13 Тэгээд Бурхан Абрамд «Чиний үр удам харийн нутагт гаднын хүмүүс болохыг мэдтүгэй. Тэндхийн хүмүүс тэднийг 400 жил боолчилно, дарлан зовооно.
14 Гэхдээ тэднийг боолчлох үндэстнийг би шүүнэ. Дараа нь тэд их эд баялагтай тэндээс явна.
15 Чи урт удаан, сайн сайхан амьдраад эцэг өвгөд шигээ амар тайван нойрсоно.
16 Харин чиний үр удам дөрөв дэх үедээ энд буцаж ирнэ. Учир нь аморичуудыг шийтгэх цаг хараахан болоогүй байна» гэж айлджээ.
17 Нар жаргаж, түнэр харанхуй болоход утаа баагьсан зуух үзэгдэж, талласан махнуудын дундуур галт бамбар өнгөрөв.
18 Тэр өдөр Ехова Абрамтай гэрээ байгуулж «Би Египетийн мөрнөөс Их мөрөн Евфрат хүрдэг энэ нутгийг чиний үр удамд өгнө.
19 Энэ нутаг нь кенчүүд, кенизчүүд, кадмончууд,
20 хитчүүд, перизчүүд, рефаимчууд,
21 аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын нутаг юм» хэмээн айлдав.