Эхлэл 21:1–34
21 Ехова хэлсэн ёсоороо Сараг ивээжээ. Ийнхүү Ехова амласнаа биелүүлэв.
2 Сара жирэмсэлж өтөл буурал Абрахамд хүү төрүүлж өглөө. Энэ нь Бурхны Абрахамд товлосон цагт болсон юм.
3 Абрахам Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөөд
4 Бурхны тушаасан ёсоор найм хоногтойд нь хүүгийнхээ хөвчийг таслав.
5 Хүү Исаакаа төрөхөд Абрахам 100 настай байлаа.
6 Сара: «Бурхан надад инээд бэлэглэлээ. Үүнийг сонссон хүн бүр надтай цуг инээнэ*» гээд
7 «“Сара хүүхдүүдээ хөхүүлнэ” гэж Абрахамд хэн хэлж чадах байсан бэ? Гэвч би өтөл буурал Абрахамд хүү төрүүлж өглөө» гэж хэлжээ.
8 Хүү өсөж хөхнөөс гарав. Абрахам Исаакийг хөхнөөс гарсан өдөр том найр хийжээ.
9 Тэгэхэд египет эмэгтэй Хагарын Абрахамд төрүүлж өгсөн хүү нь Исаакийг тохуурхаж байхыг Сара ажиглав.
10 Тэгээд Абрахамд «Энэ шивэгчнийг хүүтэй нь зайлуул. Энэ шивэгчний хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй!» гэж хэлэв.
11 Сараг хүүгийнх нь талаар ингэж хэлсэнд Абрахам ихэд дургүйцэв.
12 Тэгтэл Бурхан Абрахамд «Тэр хүү болон шивэгчин бүсгүйн талаар Сарагийн чамд хэлсэн үгэнд бүү дургүйц. Хэлснээр нь хий. Яагаад гэвэл чиний үр удам гэгдэх хүмүүс Исаакаас гарна.
13 Шивэгчний хүүгийн тухайд, би бас түүнээс нэг үндэстнийг бий болгоно. Яагаад гэвэл тэр чиний үр хүүхэд юм» гэж айлджээ.
14 Абрахам өглөө эрт босоод туламтай ус, талх авчирч Хагарт үүрүүлээд хүүтэй нь цуг явууллаа. Ингээд Хагар гарч Беершебагийн цөлөөр явав.
15 Туламтай ус нь дуусахад Хагар хүүгээ бутан дор үлдээж
16 «Би хүүгийнхээ үхэхийг хармааргүй байна» гээд харвасан сум буух дайны газар очиж ганцаараа суугаад уйлж гарлаа.
17 Бурхан хүүгийн уйлахыг сонсжээ. Бурхны тэнгэрийн элч тэнгэрээс Хагарыг дуудаж «Хагар аа, чи яагаа вэ? Бурхан тэнд байгаа хүүгийн чинь уйлахыг сонссон учир бүү ай.
18 Босогтун. Хүүгээ босгоод түшээд яв. Би түүнийг агуу үндэстэн болгоно» гэв.
19 Бурхан Хагарт нэгэн худгийг харуулахад Хагар очиж тулмаа усаар дүүргээд хүүдээ ус уулгажээ.
20 Бурхан Ишмаелтай хамт байсан бөгөөд Ишмаел өсөж том болов. Тэрбээр цөлд амьдарч харваач болжээ.
21 Ишмаел Параны цөлд амьдарч, эх нь Египетээс эхнэр авч өгчээ.
22 Тэр үед Абимелех цэргийн жанжин Фиколтойгоо ирээд Абрахамд «Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байх юм.
23 Та намайг, үр хүүхэд, үр удмыг минь хуурахгүй гэдгээ, мөн би таныг үнэнчээр хайрласан шиг та надад болон амьдран суугаа энэ нутгийнхаа хүмүүст тийн хандахаа энд Бурхнаар тангараглаач» гэхэд
24 Абрахам: «Би тангараглаж байна» гэжээ.
25 Абимелехийн зарц нар худгийг нь хүчээр булааж авсан талаар Абрахам Абимелехт гомдол мэдүүлжээ.
26 Абимелех: «Хэн ингэснийг би мэдэхгүй байна. Та хэлээгүй шүү дээ. Би өнөөдөр л сонсож байна» гэв.
27 Тэгэхэд Абрахам Абимелехт хонь, үхэр өгч, тэд гэрээ байгуулжээ.
28 Абрахам долоон охин хургыг сүргээсээ ялгахад
29 Абимелех Абрахамаас «Та яагаад долоон охин хургыг сүргээсээ ялгав?» гэж асуулаа.
30 Абрахам: «Би энэ худгийг ухсанаа батлан энэ долоон охин хургыг танд гэрч болгон өгч байгаа юм» гэж хариулав.
31 Иймээс тэр газрыг Беершеба* гэж нэрлэжээ. Яагаад гэвэл тэр хоёр тэнд тангараг өргөсөн юм.
32 Ийнхүү тэд Беершебад гэрээ байгуулаад Абимелех цэргийн жанжин Фиколтойгоо хөдөлж филистчүүдийн нутаг руугаа буцжээ.
33 Үүний дараа Абрахам Беершебад сухай мод тарьж, тэндээ мөнхийн Бурхан Еховагийн нэрийг дууджээ*.
34 Абрахам филистчүүдийн нутагт удаан амьдарсан билээ.
Зүүлт
^ Эсвэл «намайг хараад инээнэ» гэсэн бололтой.
^ «Тангаргийн худаг» эсвэл «Долоогийн худаг» гэсэн утгатай.
^ Еврей үг нь Бурхнаас тусламж хүсэн нэрийг нь дуудах, түүнд итгэж найдах, нэрийг нь тунхаглах гэсэн санаа агуулдаг.