Эхлэл 44:1–34
44 Дараа нь Иосеф гэрийн даамалдаа «Энэ хүмүүсийн шуудайг даах хэмжээгээр нь тариа будаагаар дүүргэ. Хүн бүрийн мөнгийг шуудайнх нь аман дээр хий.
2 Тэгэхдээ миний мөнгөн аягыг отгон дүүгийнх нь шуудайн аманд тариа будааных нь мөнгөтэй хамт хий» гэж тушаав. Даамал Иосефын тушааснаар хийжээ.
3 Өглөө гэгээ ороход тэд илжгээ унаад замд гарлаа.
4 Тэднийг хотоос холдоогүй байхад Иосеф гэрийн даамалдаа «Алив, тэдний араас яв. Гүйцэж очоод “Та нар яагаад сайныг муугаар хариулж байгаа юм бэ?
5 Эзний минь аягыг яагаад хулгайлав? Эзэн тэр аяганаасаа уудаг, тэр аягаараа алдаа мадаггүй мэргэлдэг юм. Та нар буруу юм хийлээ” гэж хэл» хэмээн тушаав.
6 Даамал тэднийг гүйцэж очоод тийн хэлжээ.
7 Гэвч тэд: «Эзэнтэн минь, та юу ярих нь энэ вэ? Таны боол бид яалаа гэж тийм юм хийх билээ?
8 Шуудайнуудын маань аманд байсан мөнгийг бид Канаанаас буцааж авчирсан шүү дээ. Тэгсэн байтлаа яаж эзний тань гэрээс алт мөнгө хулгайлах юм бэ?
9 Хэрэв тэр аяга боол бидний нэгээс олдвол тэр хүнийг хөнөөгөөрэй. Бусад нь эзнийхээ зарц болъё» гэж өчжээ.
10 Тэгэхэд нь даамал: «Та нарын хэлснээр болъё. Аяга хэнээс олдоно, тэр хүн миний зарц болно. Бусад нь буруугүй» гэж хэлэв.
11 Тэд бүгдээрээ тэр даруй шуудайгаа газар буулгаж задаллаа.
12 Даамал ууганых нь шуудайнаас эхэлж нэг бүрчлэн үзсээр сүүлд нь отгон дүү Бениаминых нь шуудайг үзтэл аяга олдов.
13 Тэгэхэд тэд хувцсаа урж, буулгасан ачаагаа дор бүрнээ илжгэндээ ачаад хот руу буцжээ.
14 Иудаг ах дүүтэйгээ Иосефын гэрт ороход Иосеф байж байлаа. Тэд сөхөрч мөргөв.
15 Иосеф тэдэнд «Та нар яах нь энэ вэ? Над шиг хүн алдаа мадаггүй мэргэлдгийг мэддэггүй юм уу?» гэхэд
16 Иуда: «Эзэн танд юу ч гэж хэлэх вэ дээ! Хэлэх үг олдохгүй байна. Гэм буруугүй гэдгээ яаж батлах билээ? Жинхэнэ Бурхан боолуудын тань урьдын алдааг олж мэджээ. Бид ч, шуудайнаас нь аяга олдсон хүн ч одоо эзэн таны зарц болъё» гэжээ.
17 Харин Иосеф: «Би бүгдийг чинь зарц болгохгүй. Шуудайнаас нь аяга олдсон хүн л миний зарц болно. Бусад нь санаа амар явж эцэгтээ очицгоо» гэж өгүүлэв.
18 Иуда Иосефт дөхөж очоод «Танаас гуйя. Фараонтой адил эрх мэдэлтэй эзэн таныхаа сонорт боол би үг айлтгая. Та боолдоо бүү хилэгнээрэй.
19 Эзэн та боолуудаасаа “Танай эцэг амьд сэрүүн байгаа юу? Та нар өөр дүүтэй юү?” гэж асуусан билээ.
20 Тэгэхэд бид эзэн танд “Нас өндөр эцэг маань амьд сэрүүн байгаа. Бас бид эцгийг маань өтөлсөн хойно төрсөн отгон дүүтэй. Тэр дүүгийн маань ах нь өнгөрчихсөн учир эхээсээ ганцаараа хоцорсон юм. Эцэг нь түүнд хайртай” гэж хариулсан.
21 Тэгэхэд та боолууддаа “Дүүгээ аваад ир. Би нүдээрээ харъя” гэсэн билээ.
22 Харин бид эзэн танд “Тэр хүү эцгээ орхиж явж болохгүй. Хэрэв орхиж явбал эцэг нь гарцаагүй үхнэ” гэж хэлэхэд
23 та: “Дүү чинь та нартай ирэхгүй бол та нар миний царайг дахин харахгүй” гэж боолууддаа айлдсан билээ.
24 Тиймд бид таны боол болох эцэгтээ очиж, эзэн таны үгийг уламжилсан юм.
25 Дараа нь эцэг маань: “Дахиж яваад тариа будаа аваад ир” гэхээр нь
26 “Бид явахгүй. Отгон дүү маань хамт явбал бид явна. Отгон дүү маань бидэнтэй явахгүй бол бид тэр хүний царайг харахгүй шүү дээ” гэсэн юм.
27 Тэгэхэд таны боол болох эцэг маань: “Эхнэр маань надад хоёрхон хүү төрүүлж өгснийг та нар сайн мэднэ.
28 Гэтэл нэг нь намайг орхисон. Би: «Хүү минь тасдчуулчхаж» гэж байсан шүү дээ. Тэр цагаас хойш би хүүгээ хараагүй.
29 Та нар энэ хүүг минь бас аваад явж байтал хүүд минь муу юм тохиолдож амиа алдвал яах юм бэ? Хөгшин би та нараас болж уй гашууд автаж Булшинд* орно шүү дээ” гэж хэлсэн юм.
30 Энэ хүү бол эцгийн маань амин хайртай хүү учраас, таны боол болох эцэгтээ би энэ хүүг дагуулж очихгүй бол
31 хүүгээ ирээгүйг хармагцаа эцэг маань үхнэ. Таны боол болох нас өндөр эцэг маань боол биднээс болж уй гашууд автаж Булшинд* орох болно.
32 Боол би энэ хүүг хариуцаж, эцэгтээ “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол бүх насаараа эцэг таны өмнө гэмтэй явъя” гэж хэлсэн юм.
33 Иймд одоо эзэн та энэ хүүг ах нартай нь буцааж явуулаад оронд нь намайг зарцаа болгооч.
34 Би энэ хүүг орхиод яаж эцэгтээ очих юм бэ? Эцгийнхээ тэгж зовохыг би харж чадахгүй» гэж учирлажээ.
Зүүлт
^ буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
^ буюу Шеолд. Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.