Яаковын бичсэн захидал 2:1–26
2 Ах дүү нар аа, хүнийг алаг үздэг та нар алдарт Эзэн Есүс Христэд итгэдэг хэрэг үү?
2 Алтан бөгжтэй, ганган хувцастай хүн, бас бохир хувцастай ядуу хүн цуглаанд ирлээ гэхэд
3 та нар ганган хүнд саймширч «Та дээшээ суу» гэснээ ядууд нь «Чи зогсож бай» эсвэл «Шалан дээр* суу» гэдэг бол
4 алаг үзэлтэй, хорон санаатай шүүгч болсон бус уу?
5 Хайрт ах дүү нар минь сонсогтун. Бурхан итгэлээр баян болгох гэж, өөрт нь хайртай хүмүүст амласан Хаант төрийг өвлүүлэх гэж энэ ертөнцийн хувьд ядууд тооцогддог хүмүүсийг сонгоогүй гэж үү?
6 Гэтэл та нар ядуусыг хүндэлдэггүй. Та нарыг хавчдаг, шүүхэд өгдөг нь баячууд биз дээ?
7 Та нарын авч явдаг алдарт нэрийг тэд гутаан доромжилдог биз дээ?
8 «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг* хайрла» гэж Сударт бичсэн хаан хуулийг та нар сахидаг бол магтууштай.
9 Гэхдээ хүнийг алаг үзвэл нүгэл үйлдэж байгаа хэрэг. Та нарын нүгэлтэйг хууль илчилдэг.
10 Учир нь бүх Хуулийг сахидаг боловч нэгийг нь л сахидаггүй бол бүгдийг нь зөрчсөн болно.
11 «Хүн бүү ал» гэж тушаасан нэгэн «Бүү завхайр» гэж бас тушаасан. Завхайраагүй ч хүн алсан бол хууль зөрчсөн хэрэг.
12 Та нар эрх чөлөөт хүмүүсийн хуулиар шүүгдэх тул тэр хуульд нийцүүлэн ярь, үйлд.
13 Яагаад гэвэл өршөөдөггүй хүнийг өршөөлгүй шүүнэ. Өршөөл шүүлтийг ялдаг.
14 Ах дүү нар минь ээ, итгэдэг гэсэн боловч үйлсээрээ батлахгүй бол ямар хэрэгтэй юм бэ? Итгэдгээ үйлсээрээ баталдаггүй хүн аврагдана гэж үү?
15 Ах дүү чинь өмсөх хувцасгүй*, өлөн зэлмэн явж байлаа гэхэд
16 та нарын нэг: «Санаа зовох хэрэггүй. Дулаацах болтугай, цадах болтугай» гэж хэлчихээд зайлшгүй хэрэгтэй юмыг нь өгөхгүй бол ямар хэрэгтэй юм бэ?
17 Яг үүн шиг, итгэлээ үйлсээр баталдаггүй хүний итгэл үхмэл юм.
18 Хэн нэгэн: «Чамд итгэл, надад үйлс байна. Үйлсгүй чи, надад итгэлээ харуулж чадна гэж үү? Харин би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя» гэж хэлж болох юм.
19 Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг, Бурхнаас айгаад чичирдэг.
20 Мунхаг хүн ээ, үйлсгүй итгэл ямар ч ашиггүй гэдгийг ойлгохыг хүсэхгүй байна уу?
21 Бидний өвөг* Абрахам, хүү Исаакаа тахил болгон өргөсөн учир Бурхан түүнийг шударга сайнд тооцсон биш үү?
22 Абрахамын итгэл үйлсээр батлагдсан бөгөөд үйлс нь итгэлийг нь төгс болгосон нь тодорхой байгаа биз?
23 Ийнхүү «Абрахам Еховад* итгэсэн бөгөөд Бурхан түүнийг шударга сайнд тооцсон» гэсэн Судрын зүйл биелсэн. Абрахам Еховагийн* анд нөхөр гэгдэх болсон.
24 Хүн дан ганц итгэлээр бус, үйлсээр шударга сайнд тооцогддог нь тодорхой болж байна.
25 Үүнчлэн, янхан эм Рахаб үйлсээрээ шударга сайнд тооцогдсон биз дээ? Тэрээр туршуулуудыг* найрсгаар хүлээн авч, өөр замаар явуулсан шүү дээ.
26 Амьгүй* бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл үхмэл юм.
Зүүлт
^ Үгч. «Миний хөлийн гишгүүрийн доор»
^ Үгч. «хөршөө»
^ Үгч. «нүцгэн»
^ Үгч. «эцэг»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «элчүүдийг»
^ Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.