Нэгдүгээр Ёохан 2:1–29
2 Хүүхдүүд ээ, та нарыг нүгэл бүү үйлдэг гэсэндээ би эдгээрийг бичиж байна. Гэхдээ хэн нэг нь нүгэл үйлдлээ гэхэд бидэнд туслагч* бий. Тэр бол Эцэгтэй хамт байдаг, таалалд нь нийцүүлдэг Есүс Христ юм.
2 Тэр бидний нүглийг уучлуулж, Бурхантай эвлэрүүлэхийн тулд тахил болсон. Гэхдээ зөвхөн бидний төлөө бус, хүн төрөлхтний төлөө юм.
3 Хуулийг нь сахидаг бол бид түүнийг мэддэгээ баталж байгаа хэрэг.
4 Хэрэв хүн: «Би түүнийг мэддэг» гэдэг атлаа хуулийг нь сахидаггүй бол тэр хүн худалч бөгөөд үнэн зөв сургаалд итгэхгүй байгаа хэрэг.
5 Харин үгийг нь дагадаг бол Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг нь илэрхий байх юм. Бид ч гэсэн үгийг нь дагадаг бол түүнтэй санаа нийлдгээ батална.
6 Түүнтэй санаа нийлдэг гэж хэлдэг хэн боловч Есүсийн амьдарсан шиг амьдрах ёстой.
7 Хайрт ах дүү нар аа, та нарын анх мэддэг болсон хуучин тушаалыг бичиж байна. Энэ бол шинэ тушаал биш, та нар урьд өмнө нь сонссон хуучин тушаал юм.
8 Гэхдээ миний бичиж байгаа энэ тушаалыг бас шинэ гэж болно. Энэ тушаалыг Есүс ч дагасан, та нар ч дагадаг. Тийм учраас харанхуй өнгөрөн одож, жинхэнэ гэрэл гэрэлтэж байна.
9 Гэрэлд байдаг гэж ярьдаг атлаа ах дүүгээ үзэн яддаг хүн бол одоо ч харанхуйд байгаа хэрэг.
10 Ах дүүгээ хайрладаг хүн гэрэлд байдаг бөгөөд бүдэрдэггүй.
11 Харин ах дүүгээ үзэн яддаг хүн харанхуйд байдаг, харанхуйд явдаг. Тэр хүн хаашаа явж байгаагаа мэддэггүй. Учир нь харанхуйгаас болж сохорчээ.
12 Хүүхдүүд ээ, түүний* нэрийн төлөө Бурхан та нарын нүглийг уучилсан учир би та нарт бичиж байна.
13 Эцгүүд ээ, та нар эхэнд байсан нэгнийг мэддэг болсон учир би та нарт бичиж байна. Залуус аа, та нар хорон муу нэгнийг ялсан учир би та нарт бичиж байна. Хүүхдүүд ээ, та нар Эцгийг мэддэг болсон учир би та нарт бичиж байна.
14 Эцгүүд ээ, та нар эхэнд байсан нэгнийг мэддэг болсон учир би та нарт бичиж байна. Залуус аа, та нар хүчтэй бас Бурхны үгэнд итгэдэг бөгөөд хорон муу нэгнийг ялсан учир би та нарт бичиж байна.
15 Ертөнц болон ертөнцийн юмыг бүү хайрла. Ертөнцийг хайрладаг хүн Эцгийг хайрладаггүй.
16 Учир нь ертөнцийн бүх юм, тухайлбал, махан биеийн хүсэл, нүдний хүсэл, эд хөрөнгөөрөө гайхуулах нь Эцгээс бус, ертөнцөөс эхтэй.
17 Түүнээс гадна, ертөнц болон түүний хүсэл үгүй болно. Харин Бурхны хүсэлд нийцүүлдэг хүн мөнх амьдарна.
18 Хүүхдүүд ээ, одоо бол эцсийн үе ажээ. Христийг эсэргүүцэгч ирэхийг та нар сонссон. Одоо Христийг эсэргүүцэгчид олноороо гарч иржээ. Энэ нь эцсийн үе эхэлсний баталгаа юм.
19 Тэд биднээс салж одсон. Бидэнтэй нөхөрлөх хүмүүс биш ажээ. Хэрэв бидэнтэй нөхөрлөх байсан бол хамт байх л байсан. Харин салж одсон нь бүх хүн бидэнтэй нөхөрлөхгүйг харуулдаг.
20 Ариун нэгэн та нарыг сонгосон бөгөөд та нар бүгдээрээ үнэнийг мэддэг болсон.
21 Та нар үнэнийг мэддэггүй учраас би бичиж байгаа юм биш. Харин ч мэддэг учраас, мөн ямар ч худал нь үнэнээс гардаггүй учраас бичиж байна.
22 Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ нь Христийг эсэргүүцэгч бөгөөд Эцгийг ч, Хүүг ч үгүйсгэдэг.
23 Хүүг үгүйсгэдэг хэн боловч Бурхны үйлчлэгч биш. Харин Хүүг хүлээн зөвшөөрдөг хэн боловч Бурхны үйлчлэгч мөн.
24 Та нар анх юу сонссоноо зүрх сэтгэлдээ нандигнан хадгалах ёстой. Ингэвэл Хүүтэй ч, Эцэгтэй ч санаа нийлнэ.
25 Тэр өөрөө бидэнд мөнх амийг амласан билээ.
26 Зарим хүн та нарыг төөрөлдүүлэхийг оролддог учраас би эдгээрийг бичиж байна.
27 Бурхан та нарыг сонгож, агуу хүчнээсээ өгсөн. Тэр хүч та нарт байдаг болохоор та нар хэнээр ч заалгах шаардлагагүй. Бурхан та нарыг сонгоод бүх юмыг зааж байгаа нь худал биш, үнэн. Иймээс зааснаар нь санаа нэгтэй бай.
28 Тэгэхээр хүүхдүүд ээ, одоо түүнтэй санаа нэг бай. Тэгвэл түүнийг илчлэгдэхэд ичсэндээ зугтахгүй, харин зоригтой байна.
29 Тэр нэгэн Бурхны таалалд нийцүүлдгийг та нар мэддэг бол Бурханд таалагдахыг боддог хүн Бурхны хүүхэд мөн гэдгийг бас мэднэ.