Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 69

Нэгэн охин алдартай жанжинд тусалсан нь

Нэгэн охин алдартай жанжинд тусалсан нь

ЭНЭ жаахан охин юу ярьж байна вэ? Еховагийн зөнч Елишагийн тухай, Еховагийн тусламжтайгаар хийсэн гайхамшгийнх нь тухай энэ хатагтайд ярьж байна. Энэ хатагтай израиль хүн биш учраас Еховаг мэддэггүй ажээ. Охин яагаад хатагтайн гэрт байгаа учрыг мэдэцгээе.

Хатагтай бол арамей хүн юм. Түүний нөхөр Нааман Арамын цэргийн жанжин аж. Арамейчууд энэ бяцхан израиль охиныг олзолж, Нааманы эхнэрийн зарц болгожээ.

Нааман уяман гэдэг муухай өвчтэй юм байжээ. Энэ өвчнөөс болж хүний мах хэсэг хэсгээрээ тасарч унадаг байна. Тийм болохоор охин Нааманы эхнэрт: «Эзэн маань Израильд байдаг Еховагийн зөнч дээр очоосой гэж би хүсэх юм. Тэр л түүнийг уямангаас нь эдгээж чадна» гэж хэлсэн юмсанж. Хожим нь энэ яриа хатагтайн нөхрийн сонорт хүрчээ.

Нааман эдгэрэхийг маш их хүсэж байсан тул Израиль уруу явахаар шийджээ. Тэнд очоод, Елишагийн гэрийн гадаа ирэв. Елиша, Иордан голд долоон удаа ор гэж Нааманд зарцаараа хэлүүлжээ. Тэгэхэд нь Нааман уурлаж: «Нутгийн минь голууд Израилийн аль ч голоос илүү сайн!» гэж хэлчихээд, яваад өгчээ.

Гэтэл зарц нар нь түүнд: «Эзэнтэн минь, хэрэв Елиша танд хийхэд хэцүү юм хэлсэн бол та лав хийх байсан. Гэтэл ердөө усанд ор гэж хэлснийг нь та яагаад хийж болохгүй билээ?» гэв. Нааман зарц нарынхаа үгэнд орж, Иордан голын усанд долоон удаа шумбажээ. Үүний дараа бие нь тэнхэрч, эрүүл болов!

Нааман ихэд баярлан, Елиша уруу эргэн очиж: «Израилийн Бурхан бол энэ дэлхийн цорын ганц жинхэнэ Бурхан юм байна гэдгийг би одоо баттай мэдлээ. Тиймд бэлгийг минь авна уу» гэж хэлэв. Гэвч Елиша: «Үгүй дээ, би авахгүй» гэж хариулав. Нааманыг Ехова эдгээсэн болохоор өөртөө бэлэг авах нь буруу гэдгийг Елиша мэдэж байлаа. Харин Елишагийн зарц Гехази тэр бэлгийг авахыг хүсжээ.

Тэгээд Гехази хүссэнээрээ болжээ. Нааманыг явсны дараа араас нь гүйцэж очоод: «Дөнгөж сая зочилж ирсэн найзууддаа таны бэлгээс зарим зүйлийг авмаар байна гэж хэлүүлэхээр Елиша намайг явууллаа» гэлээ. Энэ мэдээж худлаа байв. Нааман үүнийг худал гэж мэдээгүй учир Гехазид бэлэг өгөв.

Гехазиг гэртээ ирэхэд Елиша түүний яасныг мэдэж байлаа. Учир нь Ехова түүнд хэлсэн ажээ. Елиша Гехазид: «Чи муу юм хийсэн тул Нааманы уяман өвчин чамд тусах болно» гэж хэллээ. Тэр даруй хэлснээр нь болжээ!

Энэ бүхнээс бид ямар сургамж авч болох вэ? Нэгдүгээрт, тэр бяцхан охин шиг байж, Еховагийн тухай ярих хэрэгтэй. Ингэх нь сайн үр дүнд хүргэж болно. Хоёрдугаарт, Нааман эхлээд ямар байсан шиг их зантай байж болохгүй, харин Бурхны үйлчлэгчдийн үгэнд орох хэрэгтэй. Гуравдугаарт, Гехази шиг худалч байж болохгүй байх нь. Библиэс олон ашигтай юм мэдэж авч байгаа биз?

Хаадын дэд 5:1–27.