Бурхны үзэн яддаг үйл хэрэг
Хичээл 10
Бурхны үзэн яддаг үйл хэрэг
Ехова Бурхны үзэн яддаг үйл хэрэгт бид яаж хандах ёстой вэ? (1)
Ехова юуг садар самуун гэж үздэг вэ? (2)
Худал хэлэх (3), мөрийтэй тоглох (3), хулгай хийх (3), хүч хэрэглэх (4), ид шид үзүүлэх, хараал хийх (5), архидан согтуурах (6)
зэрэгт бид яаж хандах ёстой вэ? Муу үйл хэргээс хэрхэн ангижирч болох вэ? (7)
1. Ехова Бурхны үйлчлэгчид сайн юманд дуртай. Гэхдээ үүний хажуугаар, бузар мууг үзэн ядаж сурах ёстой (Дуулал 97:10). Энэ нь, Бурхны үзэн яддаг үйл хэргээс зайлсхийнэ гэсэн үг. Ямар ямар үйл хэрэг вэ?
2. Садар самуун. Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох, ханьдаа үнэнч бус байх, малтай хурьцах, цус ойртох, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг нь Бурхны өмнө ноцтой нүгэл үйлдэж байгаа хэрэг юм (Левит 18:6; Ром 1:26, 27; 1 Коринт 6:9, 10). Хэрэв эр эм хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй мөртлөө хамт амьдарч байгаа бол тусдаа амьдрах юм уу, эсвэл гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай (Еврей 13:4).
3. Худал хэлэх, мөрийтэй тоглох, хулгай хийх. Ехова Бурхан худал огт хэлдэггүй (Тит 1:2). Бурхны тааллыг олохыг хүсдэг хэн боловч худлаа ярих ёсгүй (Сургаалт үгс 6:16—19; Колоссай 3:9, 10). Мөрийтэй тоглоом хүнийг шунахай болгодог тул Еховагийн үйлчлэгчид сугалаа сугалах юм уу казино, бинго гэх мэтийн мөрийтэй ямар ч тоглоом тоглодоггүй (Ефес 5:3—5). Тэрчлэн, хулгай хийх, хулгайн эд зүйлийг мэдсээр байж худалдан авахыг цээрлэдэг. Мөн бусдын юмыг ч зөвшөөрөлгүй авдаггүй (Египетээс гарсан нь 20:15; Ефес 4:28).
4. Хилэгнэн уурлах ба хүч хэрэглэх. Уураа барихгүй бол гашуун үр дагавар амсана (Эхлэл 4:5—8). Хүч хэрэглэдэг хүн Бурхны анд нөхөр байж чадахгүй (Дуулал 11:5; Сургаалт үгс 22:24, 25). Бусдад «бузар муугаар хариулах» буюу өшөө авах нь буруу (Сургаалт үгс 24:29; Ром 12:17—21).
5. Ид шид үзүүлэх, хараал хийх. Зарим хүн ер бусын хүчээр өвчин эмгэг эдгээхийг оролддог. Зарим нь дайснаа хорлох, түүгээр ч барахгүй үхүүлэх гэж хараал хийдэг. Энэ бүхний цаана Сатан байдаг учир Еховагийн үйлчлэгчид тийм үйл хэрэгт ямар ч байдлаар оролцох ёсгүй (Дэд хууль 18:9—13). Еховатай дотно харьцаатай байх нь хараал шившлэгээс өөрсдийгөө хамгаалах шилдэг арга юм (Сургаалт үгс 18:10).
6. Архидан согтуурах. Дарс, шар айраг болон бусад төрлийн согтууруулах ундаа бага зэрэг уухад буруу юм байхгүй (Дуулал 104:15; 1 Тимот 5:23). Харин ихээр ууж, согтуурахыг Ехова Бурхан буруушаадаг (1 Коринт 5:11—13; 1 Тимот 3:8). Согтууруулах ундааг донтон хэрэглэвэл эрүүл мэндээрээ хохирч, гэр бүлээ сүйтгэх аюултай. Түүнээс гадна, алив муу зүйлд уруу татагдахдаа амархан байдаг (Сургаалт үгс 23:20, 21, 29—35).
7. Бурхны үзэн яддаг үйл хэргийг хийдэг хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19—21). Хэрэв та Ехова Бурханд үнэхээр хайртай бөгөөд тааллыг нь олохыг хүсдэг бол тийм үйл хэргээс бүрмөсөн ангижирч чадна (1 Иохан 5:3). Бурхны бузар муу гэж үздэг бүхнийг үзэн яддаг болоорой (Ром 12:9). Еховад таалагддаг зан чанартай хүмүүстэй нөхөрлөөрэй (Сургаалт үгс 13:20). Төлөвшсөн итгэл нэгтнүүдээсээ тусламж аваарай (Иаков 5:14). Хамгийн гол нь, байнга залбирч, Бурханд найдаарай (Филиппой 4:6, 7, 13).
[20, 21-р хуудасны зураг]
Архидан согтуурах, хулгай хийх, мөрийтэй тоглох, хүч хэрэглэхийг Ехова Бурхан үзэн яддаг