Skip to content

Гарчиг руу орох

1

Еврей Сударт гардаг Бурхны нэр

Еврей Сударт гардаг Бурхны нэр

Вавилонд цөлөгдөхөөс өмнөх үеийн эртний еврей үсгээр бичигдсэн Бурхны нэр

Вавилоноос чөлөөлөгдсөний дараах үеийн еврей үсгээр бичигдсэн Бурхны нэр

Еврей хэлний יהוה гэсэн дөрвөн гийгүүлэгчээр тэмдэглэсэн Бурхны нэр Еврей Сударт бараг 7 000 удаа гардаг. Тетраграмматон гэгдэх эдгээр дөрвөн үсгийг «Шинэ ертөнцийн орчуулга»-д «Ехова» гэж бичсэн. Энэ нэр Библид хамгийн олон удаа гардаг. Ариун сүнсээр хөтлөгдөн Библийг бичсэн хүмүүс олон цол бичдэг байсан ч Тетраграмматон бол Бурхныг таниулдаг цорын ганц нэр юм.

Ехова Бурхан өөрөө Библи бичигчдийг удирдаж нэрээ бичүүлсэн. Жишээ нь, зөнч Иоелийг удирдан «ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно» гэж бичүүлсэн (Иоел 2:32). Бас нэг дуулалчаар «Тэд ЭЗЭН [«Ехова», ШЕ] гэдэг нэртэй Та л ганцаараа бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай» гэж бичүүлсэн (Дуулал 83:18). Үнэндээ зөвхөн Дуулал номд гэхэд Бурхны нэр 700 орчим удаа гардаг. Энэ нь Бурхны ард түмний дуулж, уран уншдаг байсан яруу найргийн ном юм. Тэгвэл Бурхны нэр Библийн олон орчуулгад гардаггүйн учир юу вэ? «Шинэ ертөнцийн орчуулга»-д яагаад «Ехова» (англиар Jehovah) гэдэг хувилбарыг тавьсан бэ? Ехова гэдэг нэр ямар утгатай вэ?

МЭ I зууны эхний тавин жилд бичигдсэн, Сөнөсөн тэнгисийн хуйлмал номд байдаг «Дуулал» номын хэсэг. Үүнийг Вавилоноос чөлөөлөгдсөний дараа хэрэглэдэг байсан еврей үсгээр бичсэн ч Тетраграмматоныг дандаа эртний еврей үсгээр бичсэн байдаг

Бурхны нэр Библийн олон орчуулгад гардаггүйн учир юу вэ? Олон шалтгаан бий. Төгс хүчит Бурханд өөрийг нь таниулах оноосон нэр хэрэггүй гэж боддог хүмүүс байдаг. Зарим нь Бурхны нэрийг бузарлах вий гэсэндээ ч тэр үү дуудахаас зайлсхийдэг байсан иудейчүүдийн уламжлалын нөлөөнд автсан бололтой. Түүнээс гадна, Бурхны нэрийг зөвөөр дуудаж чадах хүн нэг ч байхгүй учраас зөвхөн «Эзэн» юм уу «Бурхан» гэсэн цолоор дуудах нь дээр гэж үздэг хүмүүс бас байдаг. Гэхдээ дараах учрыг бодож үзвэл эдгээр нь Библиэс Бурхны нэрийг хасах хангалттай шалтгаан биш юм.

  • Төгс хүчит Бурханд оноосон нэр хэрэггүй гэж мэтгэдэг хүмүүс Бурхны Үгийн эртний хуулбарт Бурхны нэр гардаг гэсэн баримтыг тоодоггүй. Эдгээр баримтад Христээс өмнө бичигдсэн хуулбарууд бас байна. Дээр дурдсанчлан Бурхан өөрөө Үгэндээ 7 000 орчим удаа нэрээ бичүүлсэн. Бурхан биднийг нэрийг нь мэдэж, дуудаасай гэж хүсдэг нь тодорхой байна.

  • Иудейчүүдийн уламжлалыг хүндэтгэж Бурхны нэрийг хасдаг орчуулагчид нэг чухал юмыг ойлгодоггүй. Зарим хуулийн багш Бурхны нэрийг дууддаггүй байсан хэдий ч уг нэрийг Библиэсээ хасдаггүй байсан. Сөнөсөн тэнгисийн ойролцоох Кумранд олдсон эртний хуулбарын олон хэсэгт Бурхны нэр гардаг. Библийн зарим орчуулагч Бурхны нэрийг цолоор нь орлуулаад бүх үсгийг томоор «ЭЗЭН» гэж бичиж, эх бичигт Бурхны нэр байсныг илтгэдэг. Тэглээ ч гэсэн нэг асуулт гарч ирж байна. Тэдгээр орчуулагч Библид Бурхны нэр олон мянган удаа гардгийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө яагаад хасах юм уу өөр үгээр орлуулж болно гэж бодсон юм бол? Тэд ингэж өөрчлөх эрхийг хэнээс авсан юм бол? Тэд өөрсдөө л мэднэ.

  • Бурхны нэрийг зөв дуудаж мэдэх хүн байхгүй учраас нэрээр нь дуудаж болохгүй гэж хэлдэг хүмүүс Есүс гэдэг нэрийг ядах юмгүй хэлдэг. Гэхдээ Есүсийн I зууны шавь нар нэрийг нь өнөөгийн христиануудаас их өөрөөр дууддаг байсан. Иудей христиануудын ярьдгаар бол, хүмүүс Есүс гэдэг нэрийг Иешуа гэж дууддаг байсан бололтой. Бас «Христ» гэдэг цол нь «Мессиа» буюу Машиах байсан. Грек хэлтэй христианууд түүнийг Иесоус Христос, харин латин хэлтэй христианууд Иесүс Кристүс гэдэг байсан. Ариун сүнсээр удирдуулж бичигдсэн Библид нэрийнх нь грек хувилбарыг бичсэнийг үзвэл I зууны христианууд Есүсийн нэрийг тухайн хэлээрх түгээмэл дуудлагаар хэлдэг байсан нь харагддаг. Үүнтэй адил, Шинэ ертөнцийн Библи орчуулгын хороо бас «Ехова» гэдэг нэр нь эртний еврей хэлээрх дуудлагатай яг адилгүй ч гэсэн уг нэрийг бичих нь зүйд нийцнэ гэж үзсэн.

«Шинэ ертөнцийн орчуулга»-д яагаад «Ехова» гэдэг хувилбарыг тавьсан бэ? Бурхны нэрийг יהוה (ЙХВХ) гэдэг еврей гийгүүлэгчээр бичдэг. Үүнийг Тетраграмматон гэдэг. Эртний еврей бичигт гардаг бусад бүх үгтэй адилаар Тетраграмматонд бас эгшиг байгаагүй. Эртний еврей хэл нь өдөр тутмын хэл байхад хүмүүс тохирох эгшгийг оруулж амархан уншдаг байсан.

Еврей Судар бичигдэж дууссанаас 1 000 орчим жилийн дараа иудей эрдэмтэд еврей бичгийг уншихдаа ямар эгшиг оруулж ун⁠шихыг заасан дуудлагын тэмдэг гаргасан. Харин тэр үед олон иудей хүн Бурхныг оноосон нэрээр дуудах нь буруу гэсэн мухар сүсэгт автсан учраас цолуудаар нь дууддаг байсан. Тиймээс эрдэмтэд Тетраграмматоныг бичихдээ, Бурхны нэрийг бичсэн эдгээр дөрвөн гийгүүлэгч дээр орлуулах цолынх нь эгшгийг тавьсан бололтой. Тийм учраас ийм тэмдгийг тавьсан гар бичмэл нь Бурхны нэрийг еврейгээр хэрхэн дууддаг байсныг мэдэхэд нэмэр болдоггүй. Зарим хүн «Яахве» гэдэг хувилбарыг зөв гэж үзэж байхад бусад нь өөр олон хувилбарыг дэмждэг. Сөнөсөн тэнгисийн орчимд олдсон нэг хуйлмал бичмэлд буй «Левит» номын нэг хэсэгт Бурхны нэрийн грек хэлээрх дуудлагыг Иао гэж бичсэн байдаг. Харин хажууд нь, Иае, Иабе, Иаоуе гэсэн байж ч болохыг эртний грек бичигчид тэмдэглэсэн байжээ. Гэхдээ бид хатуу дүрэм зохиох хэрэггүй. Бурхны эртний үйлчлэгчид нэрийг нь еврейгээр хэрхэн дууддаг байсныг бид мэдэх аргагүй (Эхлэл 13:4; Египетээс гарсан нь 3:15). Харин Бурхан ард түмэнтэйгээ ярилцахдаа нэрээ олон удаа хэлдэг байсныг, хүмүүс түүнийг нэрээр нь дууддаг байсныг, бас тэд бусадтай ярилцахдаа нэрийг нь чөлөөтэй хэлдэг байсныг бид мэддэг (Египетээс гарсан нь 6:2; Хаадын дээд 8:23; Дуулал 99:9).

Тэгвэл «Шинэ ертөнцийн орчуулга»-д яагаад «Ехова» гэдэг хувилбарыг тавьсан бэ? Яагаад гэвэл англи хэлээр энэ хувилбарыг бичиж байсан урт удаан түүхтэй.

1530 оны Уильям Тиндалын орчуулсан Библийн эхний таван номын Эхлэл 15:2-т буй Бурхны нэр.

Бурхны оноосон нэрийг англи хэлээрх Библид анх бичсэн нь эхний таван номыг орчуулсан Уильям Тиндалын 1530 оны орчуулга юм. Тэрбээр «Иехоуа» (Iehouah) гэдэг хувилбараар бичжээ. Цаг өнгөрөхийн хэрээр англи хэл өөрчлөгдөж, Бурхны нэрийг галиглан буулгах арга бас өөрчлөгдсөн. Жишээ нь, Хенри Аинсворт 1612 онд «Дуулал» номыг орчуулахдаа бүхэлд нь «Иехова» (Iehovah) гэдэг хувилбарыг бичжээ. Дараа нь, 1639 онд уг номыг засаж сайжруулан Библийн эхний таван номтой хэвлэж гаргахдаа «Ехова» (Jehovah) гэдэг хувилбараар бичсэн. 1901 онд «Америк Стандарт Хувилбар»-ын («American Standard Version») орчуулагчид Еврей бичигт гарсан Бурхны нэрийг «Ехова» (Jehovah) гэдэг хувилбараар бичсэн.

Библийн хүндэт эрдэмтэн Жосеф Брайант Ротерхам «Дуулал номыг судалсан нь» («Studies in the Psalms») номдоо «Яахве» (Yahweh) гэхийн оронд «Ехова» гэж бичсэн учраа тайлбарлан «Библийг уншдаг жирийн хүмүүст дассан бөгөөд олны хүлээн зөвшөөрдөг хувилбарыг» бичихийг хүссэнээ хэлжээ. 1930 онд эрдэмтэн А. Ф. Киркпатрик бас «Ехова» гэдэг хувилбарыг бичээд дээрхтэй төстэй шалтгааныг дурдан «Яахве (Yahveh) юм уу Яахаве (Yahaveh) гэдэг хувилбараар бичих ёстой гэж орчин үед хэлний дүрмийн эрдэмтэд маргадаг ч гэсэн, англи хэлтэй хүмүүс ЕХОВА гэдэг нэрд дассан байдаг. Түүнээс гадна, “Эзэн” гэсэн зүгээр нэг цол биш, Оноосон Нэр гэдгийг ойлгох нь хамгийн чухал болохоос, зөв дуудлагыг мэдэх нь гол асуудал биш юм» гэж хэлжээ.

Тетраграмматон, ЙХВХ: «Тэр болгодог»

Үйл үг ХВХ: «болох»

Ехова гэдэг нэр ямар утгатай вэ? Ехова гэдэг нэр «болох» гэдэг утгатай еврей үгнээс гаралтай бөгөөд олон эрдэмтэн уг еврей үйл үгийг үйлдүүлэх хэлбэрээр байна гэж боддог. Тиймээс, Шинэ ертөнцийн Библи орчуулгын хороо Бурхны нэрийг «Тэр болгодог» гэсэн утгатай гэж ойлгодог. Эрдэмтэд олон янзын саналтай учраас бид зөвхөн үүнийг л зөв гэж үздэггүй. Гэхдээ энэ утга нь бүхнийг Бүтээгч болон зорилгоо Биелүүлэгч гэсэн Еховагийн цолтой таарч байна. Тэрбээр зөвхөн амьд бодгаль болон нүдэнд харагддаг сансар огторгуйг бий болгоод зогсохгүй, ямар ч үйл явдал болсон хүсэл таалал болон санаа зорилгоо биелүүлдэг.

Тийм учраас, Еховагийн нэрийн утга нь Египетээс гарсан нь 3:14-т гардаг үйл үгээр хязгаарлагдахгүй. Тэр зүйл «Би юу болохоор шийднэ, тэр болдог» (ШЕ) юм уу «Би юу болмоор байна, тэр болдог» (ШЕ) гэж орчуулагддаг. Нарийн яривал, энэ үг Еховагийн нэрийн утгыг бүрэн илэрхийлдэггүй. Харин Бурхны нэг онцлогийг тайлбарлан, Бурхан зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч нөхцөлд юу ч болж чаддагийг харуулдаг. Гэхдээ Еховагийн нэр нь өөрөө юу болмоор байна, тийн болно гэсэн ганцхан утгыг илэрхийлдэггүй. Санаа зорилгоо биелүүлэхийн тулд бүтээлээ юу л болгомоор байна, тийн болгоно гэсэн утгыг бас агуулдаг ажээ.