Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

Бүлэг 3

Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?

1. Библийн эхний үгтэй олон хүн санал нийлдгийн учир юу вэ?

 ҮҮЛГҮЙ цэлмэг шөнө, тэнгэрт түгсэн тоо томшгүй оддыг харахдаа та гайхан биширдэггүй гэж үү? Тэдгээрийг хаанаас бий болсон байх гэж та боддог вэ? Бас, өнгө алаглах цэцэгс, жиргэн донгодох шувууд, далайн усанд шумбан хөвөгч аварга том халим загаснууд гээд энэ ертөнцийн амьд байгалийн талаар та юу боддог вэ? Иймэрхүү асуултууд эцэс төгсгөлгүй үргэлжилж болох юм. Энэ бүхэн хар аяндаа бий болох аргагүй. «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэсэн Библийн эхний үгтэй олон хүн санал нийлдэгт гайхах явдал байхгүй (Эхлэл 1:1).

2. Библи Бурхны тухай юу хэлдэг вэ? Энэ нь биднийг юунд уриалдаг вэ?

2 Өнөөдөр хүмүүс Бурхны тухай асуудлаар асар их санал зөрөлдөөнтэй байна. Зарим нь Бурхан бол бодгаль биш, харин ямар нэг хүч гэж боддог. Сая сая хүн Бурхныг хүрэхийн аргагүй хол байдаг гэж үзэн, талийн одсон өвөг дээдсээ шүтэн дээдэлдэг. Гэтэл, жинхэнэ Бурхан бол биетэй бодгаль бөгөөд бид бүхнийг нэг бүрчлэн анхааралтайгаар ширтэн сонирхож байдаг гэдгийг Библи нээн хэлж өгдөг. Тийм учраас, Библи: «Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй» гэж өгүүлэн, «Бурхныг эрж хайхыг» бидэнд уриалдаг (Үйлс 17:27).

3. Бурхныг яагаад дүрслэн зурж болдоггүй вэ?

3 Бурхан ямар дүр төрхтэй вэ? Үйчлэгчдээс нь цөөн хэд нь түүний сүрлэг дүрийг үзэгдэлд үзсэн байдаг. Тэдний үзэгдэлд Бурхан сэнтийдээ залран суух бөгөөд биеэс нь нүд гялбуулам хурц гэрэл цацран байгаагаар дүрслэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч, тийм үзэгдэл үзсэн хүмүүсээс нэг нь ч түүний нүүр царайг тодорхой дүрслээгүй юм (Даниел 7:9, 10; Илчлэлт 4:2, 3). Яагаад гэвэл «Бурхан бол сүнс». Тэрбээр махан бодгүй (Иохан 4:24). Үнэндээ, «Бурхныг хэн ч хэзээ ч хараагүй» учраас Бүтээгчийн маань дүр төрхийг нарийн тодорхой дүрслэн гаргах боломжгүй юм (Иохан 1:18; Египетээс гарсан нь 33:20). Гэхдээ, Библи бидэнд Бурхны тухай ихийг хэлж өгдөг.

ЖИНХЭНЭ БУРХАН НЭРТЭЙ

4. Библид Бурхныг ямар ямар утгатай цол гуншингаар дуудсан байдаг вэ?

4 Библид жинхэнэ Бурхныг «Төгс Хүчит», «Хамгийн Дээд», «Бүтээгч», «Багш», «Хэмжээгүй эрхт Бурхан», «Мөнхийн Хаан» гэх мэтийн цол гуншингаар илэрхийлсэн байдаг (Эхлэл 17:1; Дуулал 50:14; Номлогчийн үгс 12:1; Исаиа 30:20; Үйлс 4:24, ШЕ; 1 Тимот 1:17, ШГ). Эдгээр цол гуншинг сайтар эргэцүүлж бодох аваас Бурхны тухай их зүйлийг мэдэж болно.

5. Бурхны нэрийг хэн гэдэг вэ? Энэ нэр Еврей Сударт хэдэн удаа гардаг вэ?

5 Хэдий тийм боловч Бурхан, зөвхөн Еврей Сударт бараг 7 000 удаа гардаг ижилгүй ганц л нэртэй. Энэ нь түүний аль ч цол гуншингаас хамаагүй олон бөлгөө. Еврейчүүд мухар сүсэг бишрэлийн улмаас 1 900 орчим жилийн тэртээгээс Бурхны нэрийг хэлэхээ больжээ. Библи бичигдсэн тэр үеийн еврей хэлэнд эгшиг үсэг байдаггүй байжээ. Тиймээс, Бурхны нэрийг тэмдэглэсэн дөрвөн гийгүүлэгч үсгийг (יהוה) Мосе, Давид болон эрт дээр үеийн бусад хүмүүс яг яаж дууддаг байсныг мэдэх аргагүй юм. Зарим эрдэмтэд Бурхны нэрийг «Яхве» гэж дуудъя гэдэг боловч түүндээ бүрэн итгэлтэй байж чаддаггүй. «Ехова» гэдэг энэ нэр монгол хэлнээ олон жилийн өмнөөс илэрхий болсон бөгөөд үүний хувилбар өнөөдөр олон хэлээр үлэмж өргөн тархсан байна (Дуулал 83:18, монгол бичгээр, 1838 он; Эхлэл 2:4, «ЭХЛЭЛ», 1994 он).

БУРХНЫ НЭРИЙГ ХЭРЭГЛЭХИЙН УЧИР

6. Дуулал 83:18-д Еховагийн тухай юу гэж бичсэн байдаг вэ? Түүнийг нэрээр нь дуудах хэрэгтэйн учир юу вэ?

6 Ехова гэдэг энэ нэр бол Бурхны цорын ганц нэр бөгөөд жинхэнэ Бурхныг бусад бурхдаас ялгаж өгдөг. Үүний улмаас энэ нэр Библид, ялангуяа Еврей Сударт тийм олон удаа гардаг. Хэдийгээр олон орчуулгад Бурхны нэр орхигдсон байдаг ч 1838 оны монгол бичгээр орчуулсан орчуулгын Дуулал 83:18-д: «Таны нэрийг Ехова мөн хийгээд... [та] бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж бичсэн буй. Ийм учраас, Бурхны тухай ярихдаа түүнийг оноосон нэрээр нь дуудах нь зөв.

7. Нэрийнх нь утгаас Ехова Бурхны тухай юу мэдэж болох вэ?

7 Ехова гэдэг энэ нэр нь еврей хэлний «болох» гэсэн утгатай үйл үгийн хэлбэр бөгөөд монголоор «Тэр болгодог» гэсэн утгыг илэрхийлдэг юм. Тийнхүү Ехова өөрийгөө агуу их санаа зорилготой Бурхан гэдгээ таниулдаг. Бурхан санаа зорилгоо дандаа биелүүлдэг. Хүмүүс өөрсдийнхөө бодол төлөвлөгөөний амжилтад хэзээ ч бүрэн итгэлтэй байж чаддаггүй учир зөвхөн жинхэнэ Бурхан л ийм нэртэй байх эрхтэй юм (Иаков 4:13, 14). «Миний амнаас гарсан Миний үг... илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлнэ» гэж ганцхан Ехова л хэлж чадна (Исаиа 55:11).

8. Ехова Мосегоор дамжуулан ямар санаа зорилгын тухай мэдэгдсэн бэ?

8 Еврейн ард түмний өвөг дээдэс болох Абрахам Исаак Иаков нар «Еховагийн нэрийг дууддаг» байсан ч түүний утга учрыг бүрэн мэддэггүй байжээ (Эхлэл 21:33; 26:25; 32:9, «ЭХЛЭЛ», 1994 он; Египетээс гарсан нь 6:3, ШЕ). Хожим тэдний үр удам болох израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж, «сүү балаар бялхсан нутаг» өгнө гэж Еховаг амлахад энэ нь бүтэшгүй юм шиг санагдсан байж болох юм (Египетээс гарсан нь 3:17). Гэвч, Бурхан зөнч Мосед: «Израилийн хөвгүүдэд чи „Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох Эзэн [«Ехова», ШЕ] намайг та нар уруу илгээв“ гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм» хэмээн айлдан, нэрийнхээ мөнх утгыг онцолж хэлсэн (Египетээс гарсан нь 3:15).

9. Фараон Еховад яаж хандсан бэ?

9 Мосе Египетийн хаан Фараоноос израильчуудыг Еховад мөргөхөөр цөл уруу явахыг зөвшөөрнө үү гэж гуйжээ. Гэтэл, Египетийн бурхдад шүтэж мөргөдөг, өөрийгөө бурхан хэмээн үздэг байсан Фараон: «Эзэн [«Ехова», ШЕ] гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би Эзнийг [«Еховаг», ШЕ] мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй» гэж хариулжээ (Египетээс гарсан нь 5:1, 2).

10. Израильчуудад хамаатай санаа зорилгоо биелүүлэхийн тулд Ехова эртний Египетэд ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

10 Тэгэхлээр нь Ехова нэрийнхээ утга санаанд тохирсон үйл ажиллагаа явуулан, санаа зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбээр эртний египетчүүдэд арван гамшиг учруулжээ. Сүүлийн гамшгаар Египетийн бүх ууган хөвгүүд, түүний дотор бардам ихэрхэг Фараоны хүү нь хүртэл үхжээ. Тэгсний эцэст египетчүүд израильчуудыг яваасай гэж тэсэж ядан хүлээдэг болов. Түүгээр ч барахгүй, зарим египет хүн Еховагийн сүр хүчинд сэтгэл нь хөдөлж, израильчуудтай нийлэн Египетийг орхин явжээ (Египетээс гарсан нь 12:35—38).

11. Ехова Улаан тэнгист ямар гайхамшгийг үзүүлсэн ба дайснууд нь юуг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрсөн бэ?

11 Зөрүүд Фараон байлдааны олон зуун тэрэг бүхий цэргээ хөдөлгөн, боол хамжлагуудаа буцаан авчрахаар араас нь нэхэн хөөв. Египетчүүд тэднийг гүйцдэгийн даваан дээр Бурхан гайхамшгаар Улаан тэнгисийг таслан хувааж, израильчууд түүний хуурай ёроолоор нь явж нөгөө эрэгт нь гарч амжжээ. Элдэн хөөгчид бий болсон хонгилоор орж ирэхэд нь Ехова «тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов». Египетийн цэргүүд: «Израилиас зугтацгаая. Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна» гэж хашгиралджээ. Гэвч, дэндүү оройтсон байлаа. Асар том усан хана хуйлран бууж, «тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргүүдийг бүрхэн авсан» (Египетээс гарсан нь 14:22—25, 28). Тийнхүү, Ехова нэр алдраа дуурсган мандуулсан бөгөөд тэр үйл явдал өнөөдрийг хүртэл мартагдсангүй (Иошуа 2:9—11).

12, 13. а) Бурхны нэр өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой вэ? б) Хүмүүс юунд хичээнгүйлэн суралцах хэрэгтэй вэ? Яагаад?

12 Бурхны алдаршуулсан энэ нэр өнөөдөр бидэнд асар их ач холбогдолтой. Ехова хэмээсэн Бурхны энэ нэр бол тэрбээр санаа зорилгоо бүгдийг нь биелүүлнэ гэдгийн баталгаа юм. Үүнд дэлхийг Диваажин болгоно гэсэн анхных нь санаа зорилго ч багтана (Эхлэл 1:28; 2:8). Ингэхийн тулд, «тэд Намайг Эзэн [«Ехова», ШЕ] мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлснийхээ дагуу өнөөдөр өөрийнх нь дээд эрхийг эсэргүүцэж байгаа бүхнийг устгах болно (Езекиел 38:23). Дараа нь Бурхан өөрийг нь шүтэн бишрэгчдийг шударга, шинэ ертөнцөд аваачна гэсэн амлалтаа биелүүлнэ (2 Петр 3:13).

13 Бурхны таалалд багтахыг хүсэж байгаа хэн боловч нэрийг нь сүсэглэн дуудаж сурах хэрэгтэй. «Эзний [«Еховагийн», ШЕ] нэрээр дуудах хэн ч аврагдах болно» гэж Библи амладаг (Ром 10:13). Тийм ээ, Ехова гэдэг энэ нэрийн утга учир асар гүн юм. Еховаг өөрийн Бурхнаа, Аврагчаа хэмээн дуудах аваас та хязгааргүй их аз жаргалыг эдлэх болно.

ЖИНХЭНЭ БУРХНЫ ЧАНАРУУД

14. Бурхны ямар ямар үндсэн чанарыг Библи онцгойлон үзсэн байна вэ?

14 Израильчуудыг Египетээс чөлөөлсөн үйл явдлыг нягтлан үзвэл хоорондоо уялдаа холбоо бүхий Бурхны үндсэн дөрвөн чанарыг бид ухаарч мэдэх болно. Фараонтай харьцсан байдал нь Бурхны бишрэм хүчийг илтгэн харуулсан (Египетээс гарсан нь 9:16). Тэрхүү хэцүү түвэгтэй байдлыг гялалзтал шийдвэрлэсэн нь түүний эгнэшгүй мэргэн ухааныг илэрхийлсэн (Ром 11:33). Тэрбээр ард түмнийг нь дарлагч, зөрүүд дайснаа шийтгэн шударга чанараа харуулсан (Дэд хууль 32:4). Бурхны хамгийн эрхэм чухал чанар бол хайр юм. Абрахамын үр удамд хамааралтай амлалтаа биелүүлснээрээ Ехова хосгүй хайраа харуулсан (Дэд хууль 7:8). Тэрбээр зарим египет хүнийг хуурамч бурхан шүтээнээ орхин өөрсдийнхөө тусын тулд цорын ганц жинхэнэ Бурханд хандахыг зөвшөөрснөөрөө бас хайраа илэрхийлсэн.

15, 16. Бурхан хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?

15 Библийг унших явцдаа та Бурхны гол чанар бол хайр бөгөөд тэр нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг юм байна гэдгийг анзаарч мэдэх болно. Жишээ нь: Тэрбээр чухамдаа хайрын Бурхан учраас л Бүтээгч болсон бөгөөд амьдралын баяр жаргалаа сүнсэн бүтээлүүдтэйгээ хуваалцдаг байжээ. Олон зуун сая тэнгэр элч Бурхныг хайрладаг ба түүнийг магтан дуулдаг (Иов 38:4, 7; Даниел 7:10). Мөн түүнчлэн, хүмүүсийг аз жаргалтай амьдрахад нь зориулж дэлхийг бүтээсэн нь Бурхны хайрын илрэл юм (Эхлэл 1:1, 26—28; Дуулал 115:16).

16 Хайраараа бидэнд өгдөг сайн бүхнийг нь тоочиж баршгүй. Бурхан хайрынхаа эрхээр бид бүхнийг аз жаргалтай амьдрах боломжтойгоор, гайхамшигтай бүтээжээ (Дуулал 139:14). Тэрбээр хайраа «тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, идэж уухаар ханган, зүрхийг [маань] баяр баяслаар дүүрэн байлгаж» илэрхийлдэг (Үйлс 14:17, МБОХ, 1996). Тэр ч бүү хэл, Бурхан «Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөв болоод зөв бус хүмүүс дээр бороо оруулдаг юм» (Матай 5:45). Түүнчлэн, Бурхны тухай мэдлэгтэй болж, түүнд баяр хөөртэйгөөр үйлчлэхэд маань Бүтээгч хайрынхаа үүднээс тусалдаг. Үнэхээр, «Бурхан бол хайр билээ» (1 Иохан 4:8). Үүнээс гадна, түүний зан чанарын талаар өөр олон юм бий.

«ӨРӨВЧ, САЙХАН СЭТГЭЛТЭЙ»

17. Бид Египетээс гарсан нь 34:6, 7-гоос Бурхны тухай юу мэдэж болох вэ?

17 Израильчууд Улаан тэнгисийг гаталсныхаа дараа ч урьдын адил Бурхныг илүү сайн мэдэх шаардлагатай хэвээрээ байлаа. Мосе энэ шаардлагыг ойлгон мэдэрч: «Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон юм бол Өөрийнхөө замуудыг надад мэдүүлээч, би Таныг мэдье. Ингэснээр би Таны мэлмийд таллыг олох юм» хэмээн гуйн залбирчээ (Египетээс гарсан нь 33:13). Мосе «Эзэн [«Ехова», ШЕ] Бурхан өрөвч, нигүүлсэнгүй [«сайхан сэтгэлтэй», ШЕ], уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ. Тэр энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй» гэж хэлсэн үгнээс нь Бурхныг илүү сайн таньж мэдсэн (Египетээс гарсан нь 34:6, 7). Бурхны хайрыг шударга чанар нь тэнцвэржүүлж байдаг учраас санаатайгаар гэм нүгэл үйлдсэн хүмүүсийг үйлдсэн муу үйлийнх нь үр дагавраас хамгаалж хаацайлдаггүй.

18. Еховагийн өрөвдөх сэтгэл нь юугаар илэрдэг вэ?

18 Ехова бол өрөвчхөн сэтгэлтэй гэдгийг Мосе мэдсэн. Өрөвчхөн хүн зовж шаналж байгаа хүмүүсийг өрөвдөн хайрлаж, тэдэнд туслахыг хичээдэг. Түүн лүгээ адил Бурхан хүн төрөлхтнийг өрөвдөж, зовлон зүдүүр, өвчин эмгэг болон үхлээс үүрд ангижруулах талаар санаа тавьдаг (Илчлэлт 21:3—5). Бурхныг шүтэгчид, энэхүү ертөнцөд ноёлж байгаа нөхцөл байдлаас юм уу, эсвэл алив юманд хайхрамжгүй хандсанаасаа болоод гай зовлонд унаж болох юм. Гэвч, тэд Еховагаас тусламж хүсэн, даруухнаар хандвал Бурхан тэднийг тайвшруулж, тэдэнд тусална. Яагаад? Яагаад гэвэл тэрбээр шүтэгчдийнхээ төлөө санаа зовдог (Дуулал 86:15; 1 Петр 5:6, 7).

19. Бурхныг яагаад сайхан сэтгэлтэй гэж хэлж болох вэ?

19 Эрх мэдэл бүхий олон хүн бусадтай ширүүн харьцдаг. Гэтэл Ехова өөрийн номхон даруу үйлчлэгчдэд сайхан сэтгэлээр ханддаг! Хэдийгээр тэрбээр орчлонт ертөнцөд хамгийн дээд эрх мэдэлтэй ч хүн төрөлхтөнд ер бусын нинжин сэтгэлээр ханддаг юм (Дуулал 8:3, 4; Лук 6:35). Мөн түүнчлэн түүнээс ивээл гуйн хандсан хүн болгонд Ехова анхаарлаа хандуулж, хариу өгдөг (Египетээс гарсан нь 22:26, 27; Лук 18:13, 14). Мэдээжээр, Бурхан хэн нэгэнд ивээл юм уу, энэрэл үзүүлэх албагүй (Египетээс гарсан нь 33:19). Тийм учраас бид Бурхны өрөвчхөн, сайхан сэтгэлийг өндөр үнэлэх шаардлагатай (Дуулал 145:1, 8).

УУРЛАХДАА УДААН, НҮҮР ТАЛ ХАРДАГГҮЙ, ЗӨВ БУРХАН

20. Ехова уурлахдаа удаан бөгөөд нүүр тал хардаггүй нь юунаас харагддаг вэ?

20 Ехова бол уурлахдаа удаан. Гэхдээ, зөрүүд Фараон болон түүний цэргийг Улаан тэнгист үйж устгасан үйл явдлаас харвал тэрбээр гараа хумхиад зүгээр суудаггүй нь илэрхий харагддаг. Түүнээс гадна, Ехова нүүр тал хардаггүй. Тийм учраас, Бурхны ард түмэн болох израильчууд давтан давтан нүгэл үйлдэж байснаасаа болоод эцэстээ түүний ивээлээс хагацжээ. Эдүгээ Бурхан үндэстэн бүрээс зөвхөн өөрийнх нь зөв шударга замыг дагасан хүмүүсийг шүтэгчээ болгон хүлээн авдаг (Үйлс 10:34, 35).

21. а) Илчлэлт 15:2—4-т Бурхны тухай юу гэж бичсэн байдаг вэ? б) Бурхны хэм хэмжээний дагуу амьдрахад бидэнд юу туслах вэ?

21 Библийн «Илчлэлт» номд Бурхны «зөв үйлсийн» тухай мэдэх нь чухал гэж тэмдэглэсэн байдаг. Тэнд: «Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөв бөгөөд үнэн. Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстнүүд Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөв үйлс илчлэгдсэн» гэж тэнгэрийн бүтээлүүд дуулдаг хэмээн бичжээ (Илчлэлт 15:2—4). Еховагийн хэм хэмжээг дагаж мөрдсөнөөрөө бид түүнээс зохих ёсоор эмээж буйгаа буюу түүнийг хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг. Хэрэв, бид Бурхны мэргэн ухаан болон хайрыг санаж явбал үүнийг хийхэд хүнд биш. Түүний бүхий л тушаалууд нь бидний сайн сайхны тулд байдаг (Исаиа 48:17, 18).

«ЕХОВА БОЛ ГАНЦ»

22. Библийг сайн мэддэг хүмүүс Гурвалыг яагаад шүтдэггүй вэ?

22 Эртний египетчүүд олон бурхан шүтдэг байв. Харин Ехова бол «зөвхөн өөрт нь үнэнч байхыг шаарддаг Бурхан» (ШЕ) юм (Египетээс гарсан нь 20:5). Мосе израильчуудад сануулж: «Эзэн [«Ехова», ШЕ] бол бидний Бурхан, Эзэн [«Ехова», ШЕ] бол ганц» гэж хэлсэн (Дэд хууль 6:4). Есүс Христ энэ үгийг давтан хэлсэн (Марк 12:28, 29). Тийм учраас, Библийг Бурхны Үг гэж үздэг хүмүүс Гурвал буюу гурван бодгалиас бүрддэг нэг бурхан шүтдэггүй. Үнэндээ, «Гурвал» гэдэг үг Библид ганц ч удаа байдаггүй. Жинхэнэ Бурхан бол Есүс Христээс ялгаатай бөгөөд тусдаа бодгаль юм (Иохан 14:28; 1 Коринт 15:28). Ариун сүнс бол Бурхан биш. Энэ нь Еховагийн үйлдэх хүч бөгөөд Төгс хүчит Бурхан санаа зорилгоо гүйцэлдүүлэхдээ үүнийг ашигладаг (Эхлэл 1:2; Үйлс 2:1—4, 32, 33; 2 Петр 1:20, 21).

23. а) Бурхныг хайрлах хайр тань яавал нэмэгдэх вэ? б) Бурхныг хайрлах талаар Есүс юу гэж хэлсэн бэ? Есүсийн талаар юу мэдэх шаардлагатай вэ?

23 Еховаг ямар гайхамшигтай Бурхан болохыг тооцох аваас түүнийг шүтэн бишрэхээс өөр аргагүйг та зөвшөөрөхгүй гэж үү? Түүний Үг, Библийг судалснаар та Еховаг илүү сайн мэддэг болно. Мөн үүрд мөнх, элбэг дэлбэг, аз жаргалтай амьдрахад Бурхан танаас юу шаарддагийг мэдэж авна (Матай 5:3, 6). Түүнээс гадна, Бурхныг хайрлах хайр тань нэмэгдэнэ. «Чи өөрийн Бурхан Эзнийг [«Еховаг», ШЕ] бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» гэж Есүс хэлжээ (Марк 12:30). Бурхныг Есүс тэгж л хайрлаж байсан нь эргэлзээгүй. Харин, Есүс Христийн тухай Библид юу гэж байдаг вэ? Еховагийн санаа зорилгын тухайд Есүс ямар үүрэгтэй вэ?

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Бурхны нэрийг хэн гэдэг вэ? Энэ нэр Еврей Сударт хэдэн удаа гардаг вэ?

Бурхны нэрийг хэрэглэхийн учир юу вэ?

Танд Ехова Бурхны ямар ямар чанар илүү таалагддаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Бүхнийг Бүтээгчийг та хэр сайн мэдэх вэ?