Skip to content

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

«Есөн шидийн л юм боддог байв»—РАУДЕЛ РОДРИГЕЗ РОДРИГЕЗ

ТӨРСӨН ОН: 1959

УЛС: КУБА

ӨМНӨ НЬ: УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН

ӨМНӨХ АМЬДРАЛ: Би Куба улсын Хавана хотод төрсөн. Миний өссөн газар зодоон цохион ихтэй ядуусын хороолол байв. Тиймдээ ч би жүдо гэх мэтийн тулааны спорт сонирхож өссөн.

Сурлага сайтай хүүхэд байсан болохоор аав ээж хоёр маань намайг их сургуульд орохыг ятгасан юм. Би их сургуульд сурч байхдаа эх орныхоо улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж бодох боллоо. Тэгээд бослого гаргахаар шийдэв. Ангийнхаа хүүхэдтэй нийлээд буу олж авах санаатай нэг цагдааг зодсон чинь тэр цагдаа толгойдоо маш хүнд гэмтэл авчихав. Бид хоёр ч баригдаж шоронд ороод буудан алах ял сонслоо. Ингээд 20-хон насандаа үхдэг юм байжээ!

Шоронгийн өрөөнд ганцаархнаа, хийх юмгүй байхдаа ял гүйцэтгэх өдөр биеэ хэрхэн авч явахаа бэлддэг байлаа. Айж байгаагаа харуулахгүй гэсэндээ тэр шүү дээ. Тухайн үед есөн шидийн л юм бодогддог байв. Жишээ нь, «Хорвоо ертөнцөд шударга юм гэж байна уу? Амьдрал ингээд л дуусчих юм байх даа?» гэх мэт.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Бидэнд оногдуулсан цаазаар авах ялыг 30 жил хорих ял болгож өөрчлөв. Яг энэ үед би итгэл үнэмшлээсээ болж шоронд орсон Еховагийн Гэрчүүдтэй танилцсан юм. Эв эеийг эрхэмлэдэг хэрнээ эр зоригтой тэр хүмүүс надад гүн сэтгэгдэл үлдээж билээ. Тэд хилс хэргээр шоронд орсон мөртлөө уурладаг ч үгүй, өширхдөг ч үгүй байлаа.

Гэрчүүд надад Бурхан хүн төрөлхтний талаар санаа зорилготойг хэлж өгсөн. Дэлхий диваажин болж гэмт хэрэг, шударга бус явдал байхгүй болохыг Библиэс үзүүлсэн. Төгс сайхан орчинд мөнх амьдрах сайн хүмүүсээр дэлхий дүүрэхийг тэд надад заасан (Дуулал 37:29).

Гэрчүүдээс мэдэж авсан юм надад их таалагдсан л даа. Гэхдээ миний зан авиртай нэг л авцалдахгүй байлаа. Жишээ нь, улс төрийн асуудлаар төвийг сахих, бас баруун хацраа алгадуучихаад зүүн хацраа тавьж өгч би лав чадахгүй. Тийм болохоор Библийг бие дааж уншиж үзэхээр шийдлээ. Тэгээд бүгдийг нь уншиж дуусгаад нэг юмыг ойлгов. Еховагийн Гэрчүүд л Есүсийн эртний дагалдагчдыг дуурайж биеэ авч явдаг хүмүүс юм байна.

Библи судлахын хэрээр надад өөрчлөх хэрэгтэй юм их байгааг ухаарсан. Жишээ нь, хараал хэлдгээ болих хэрэгтэй байсан. Тамхиа хаях шаардлагатай болсон. Бас улс төрийн асуудлаар төвийг сахих ёстой байв. Ингэж өөрчлөгдөх амаргүй байсан ч Еховагийн тусламж дэмжлэгийг аваад аажимдаа өөрийгөө ялж чадсан юм.

Надад өөрчлөхөд хамгийн хэцүү юм юу байсан бэ гэвэл уураа барих юм. Би одоо ч уураа барихад туслаач гэж залбирдаг. Библийн их олон зүйл надад тус болсон. Жишээ нь, Сургаалт үгс 16:32-т «Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр» гэж байдаг.

Тэгээд би 1991 онд шоронд байхдаа Еховагийн Гэрч болсон. Торхтой усанд баптисм хүртэж билээ. Хойтон жил нь бидний хэдэн хоригдлыг суллаж, Испани руу явуулсан. Яагаад гэвэл тэнд хамаатнууд маань байдаг юм. Испанид очингуутаа би шууд л Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очлоо. Гэрчүүд намайг хэзээний танилууд шиг халуун дотноор угтан авч билээ. Амьдралаа шинээр эхлэхэд тэд маань л надад тус болсон.

ОДОО: Одоо би эхнэр, хоёр охинтойгоо Ехова Бурхандаа үйлчлээд их жаргалтай явна. Библийн тухай үнэнийг хүмүүст заахад ихэнх цагаа зориулдаг. Хааяа залуу насаа дурсдаг юм. Тэр үед шоронд үхлээ хүлээж байсан залуу өнөөдөр ингээд амьд сэрүүн, ирээдүйн сайхан найдвар өвөрлөөд явж байна. Төдийгөөс өдийг хүртэл олж авсан бүх юмаа би үнэлж эрхэмлэдэг. «Үхэл байхгүй» болж, шударга ёс ноёлох диваажин ирэхийг хүсэн хүлээж байна (Илчлэл 21:3, 4).