Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Одоо л бусдад тусалж чадахаар боллоо

Одоо л бусдад тусалж чадахаар боллоо
  • ТӨРСӨН ОН 1981

  • УЛС ГВАТЕМАЛ

  • ӨМНӨ НЬ ХҮҮХЭД НАСАНДАА ИХ ЗОВЛОН ҮЗСЭН

ӨМНӨХ АМЬДРАЛ

Би Гватемалын баруун зүгт байдаг уулархаг нутгийн Акул гэдэг алслагдсан хотод төрсөн. Манай гэр бүлийнхэн маяагийн удмын исил овгийн хүмүүс. Би испани хэлээс гадна нутгийнхаа уугуул хэлээр ярьж өссөн. Миний хүүхэд нас 36 жил үргэлжилсэн Гватемалын иргэний дайны хүндхэн жилүүдэд өнгөрсөн юм. Энэ дайнаар олон исил хүн амь үрэгдсэн.

Ах маань долоотой, би дөрөвтэй байсан юм. Бид хоёр жижиг тэсрэх бөмбөгөөр тоглож байтал дэлбэрч, харамсалтай нь ах минь амиа алдаж би хараагүй болсон юм. Тэгээд хүүхэд нас маань Гватемал хотод байдаг хараагүй хүүхдүүдийн асрамжийн газар өнгөрсөн юм. Тэнд би брайл үсэг сурсан. Яагаад гэж мэдэхгүй намайг бусад хүүхэдтэй ярихыг хориглосон. Хүүхдүүд ч надаас дөлдөг байсан. Их ганцаардаж билээ. Жил бүр хоёр сарын хугацаатай гэртээ харьж болдог байлаа. Өрөвч, сайхан сэтгэлтэй ээжтэйгээ хамт байх тэр цагийг би хүсэн хүлээдэг байж билээ. Харамсалтай нь намайг аравтай байхад ээж минь нас барчихсан. Энэ хорвоо дээр намайг гэх цорын ганц хүн ийнхүү орхиод одсон юм. Ингээд би гэдэг хүн ямар ч найдваргүй хоцорлоо.

Тэгээд 11 настайдаа нутаг буцаж эцэг нэгтэй ахынхантайгаа амьдрах боллоо. Тэднийд очоод гэдэс цатгалан, мөр бүтэн байсан ч сэтгэл санааг минь хэн ч ойлгодоггүй байлаа. Заримдаа би: «Яагаад би заавал сохрох ёстой юм бэ? Ээж маань яагаад нас барчихсан юм бол?» гэж уйлан байж Бурхнаас асуудаг байлаа. Хүмүүс надад «Зовж байгаа чинь Бурхны таалал» гэж хэлдэг байсан болохоор би Бурхныг сэтгэл зүрхгүй шударга бус нэгэн гэж боддог болсон юм. Амиа хорлох тухай бодол зөндөө орж ирдэг байсан ч аргаа олдоггүй байсан.

Хараагүй болохоор бусдад их амархан дээрэлхүүлдэг байсан. Бас ийм байгаадаа их эмзэглэдэг байв. Жаахан байхдаа би хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэхдээ би энэ тухай хэнд ч хэлээгүй. Хэллээ гээд хэн ч тоохгүй байх гэж бодсон. Хүмүүс надтай бараг ярьдаггүй, би ч хэнтэй ч харьцдаггүй байлаа. Би их зожиг, гутранги, хэнд ч итгэдэггүй хүүхэд байсан юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

Намайг арван хэдтэй байхад сургуулийн амралтаар Еховагийн Гэрч эхнэр нөхөр хоёр надтай ирж уулзсан юм. Миний байдалд санаа зовсон манай сургуулийн нэг багш тэр хоёроос надтай уулзаач гэж гуйсан юм билээ. Тэр хоёр надад нас барсан хүн амилах тухай, хараагүй хүн эргээд хардаг болно гэсэн амлалт Библид байдгийг хэлж өгсөн (Исаиа 35:5; Ёохан 5:28, 29). Зааж өгсөн зүйл нь надад их сайхан санагдсан Гэхдээ угийн ярихдаа маруухан хүн чинь тэр хоёртой ярина гэхээс хэцүү санагддаг байлаа. Намайг өөрөөс нь халгаж дөлсөөр байхад тэр хоёр сайхан сэтгэлтэй, тэвчээртэй байж, Библи заахаа болиогүй юм. Тэр хоёр уул давж 10 гаруй км зам туулан над дээр ирдэг байж билээ.

Тэр эхнэр нөхөр хоёрын тухай ах маань надад, цэвэр үзэмжтэй хувцасласан мөртлөө тийм ч баян хүмүүс биш бололтой гэж хэлсэн. Гэхдээ л тэр хоёр үргэлж надад халамж анхаарал тавьж, жижиг бэлэг сэлт авчирдаг байсан юм. Христийн жинхэнэ дагалдагчид л ингэж өөрийгөө золиосолдог байх даа гэж надад бодогдсон.

Би брайл үсгээр гарсан ном хэвлэлээр Библийн хичээл хийдэг байсан. Үзэж байгаа зүйлээ оюун ухаанаараа бол сайн ойлгож байв. Сэтгэл зүрхээрээ хүлээж авахад хэцүү байлаа. Нэг жишээ гэвэл Бурхан үнэхээр надад санаа тавьдаг гэдэгт бас бусад хүн Бурхныг дуурайж надад санаа тавина гэдэгт итгэхэд нэлээн хэцүү байсан. Ехова яагаад бузар муухайг хэсэг хугацаанд хүлцэн тэвчиж байгааг би ойлгосон. Гэхдээ Еховаг үнэхээр хайрын сэтгэлтэй, халамжтай эцэг гэж итгэхэд надад хэцүү байлаа. *

Библи судлахын хэрээр үзэл бодол минь аажим аажмаар өөрчлөгдсөн. Жишээ нь, Бурхан зовж байгаа хүнийг хараад маш их өрөвддөгийг би ойлгосон. Дарлуулж байгаа ард түмнийхээ тухай Бурхан: «Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харсан, ... Би тэдний зовлонг мэдсэн» гэж хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 3:7). Бурхны уян зөөлөн сэтгэлд талархаж, би түүнд өөрийгөө зориулж 1998 онд Еховагийн Гэрч болж баптисм хүртсэн.

Намайг гэртээ байлгасан ахын хамт

Баптисм хүртээд жил орчмын дараа би Эскуинтла хотын ойролцоо хараагүйчүүдэд зориулсан сургалтад хамрагдсан. Тэндхийн хурлын нэг ахлагч намайг өөрийнхөө хотын цуглаанд очиход их хэцүү байдгийг анзаарсан юм. Миний очдог хамгийн ойрын хурал, Библийн хичээл зааж өгсөн эхнэр нөхөр хоёрын давж ирдэг байсан уулын ойролцоо байв. Тийм болохоор тийшээ очиход надад янз бүрийн бэрхшээл тулгардаг байсан. Ахлагч ах маань Эскуинтлад намайг гэртээ байлгаад цуглаандаа очиход туслах боломжтой Гэрч айлыг танилцуулж өгсөн юм. Тэд өнөөг хүртэл намайг гэр бүлийнхээ гишүүн шиг халамжилж ирсэн.

Хурлын гишүүдийн надад илэрхийлсэн жинхэнэ хайрын жишээг тоочоод барахгүй. Энэ бүгдийг бодоод үзэхээр би Христийн жинхэнэ дагалдагчдын дунд байгаа гэдэгтээ итгэсэн (Ёохан 13:34, 35).

ОДОО

Би өөрийгөө үнэ цэнгүй, ямар ч найдваргүй хүн гэж бодохоо больсон. Одоо би утга учиртай амьдарч байна. Өөрийнхөө хөгжлийн бэрхшээлтэйг үл тоон Библийн эрхэм үнэнийг бусдад заах ажилд голлон анхаарч, Еховагийн Гэрчүүдийн явуулдаг боловсролын ажилд бүрэн цагаар оролцож байна. Хуралдаа ахлагчаар үйлчилж, нутгийнхаа хурлуудад Библид үндэслэсэн илтгэл тавьдаг маань завшаан юм. Хэдэн мянган хүн оролцсон бүсийн чуулганд Библид үндэслэсэн илтгэл тавих завшаан хүртэл эдэлж байлаа.

Брайл Библиэ бариад илтгэл тавьж байна

Би 2010 онд Эль Сальвадорт Үйлчлэл дээшлүүлэх сургууль буюу одоогийнхоор Сайн мэдээ тунхаглагчийн сургууль төгссөн. Хуралд гүйцэтгэдэг үүргээ илүү сайн биелүүлэхэд маань энэ сургууль намайг бэлдэж өгсөн. Би Еховагаар хайрлуулдгаа, бас Бурхны өмнө их үнэ цэнтэй гэдгээ, даалгасан ажлыг нь хийх чадвартай болсноо энэ сургуульд сураад мэдэж авсан.

Есүс: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн (Үйлс 20:35). Одоо би өөрийгөө жаргалтай байна гэж хэлнэ. Урьд өмнө нь ингэж жаргалтай байх тухай төсөөлж ч байгаагүй. Одоо л бусдад тусалж чадахаар боллоо.

^ д/м 13 Бурхан муу муухайг яагаад хүлцэн тэвчдэг тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 11-р бүлгийг үзээрэй.