БҮЛЭГ 10
Есүс чөтгөрүүдээс хүчтэй
ЧИ БУРХНЫ тэнгэрийн элчүүдийн нэг нь яагаад Сатан Диавол болсныг санаж байна уу?— Тэр тэнгэрийн элч аминч болоод өөрийгөө шүтүүлэхийг хүсжээ. Тэгээд Бурхнаас урвасан. Түүний талд өөр тэнгэрийн элчүүд нэгдсэн болов уу?— Тийм ээ, нэгдсэн. Библид тэд нарыг Сатаны тэнгэрийн элчүүд, чөтгөрүүд гэж бичсэн байдаг (Илчлэл 12:9).
Муу тэнгэрийн элчүүд буюу чөтгөрүүд Бурханд итгэдэг болов уу?— Итгэдэг. Библид чөтгөрүүд Бурхан байдаг гэдэгт итгэдэг гэж байдаг (Яаков 2:19). Гэхдээ тэд нар одоо Бурхнаас маш их айдаг. Яагаад гэвэл олон муу юм хийсэн учраас Бурхнаар шийтгүүлэхээ мэддэг. Тэгвэл тэд нар ямар ямар буруу юм хийсэн бэ?—
Библид бичсэнээр тэд тэнгэрт байх ёстой газраа орхиод дэлхий дээр хүний биетэй болоод бууж иржээ. Яагаад тэгсэн юм бол? Үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хараад бэлгийн харьцаанд орохыг хүсжээ (Эхлэл 6:1, 2; Юуда 6). Чи бэлгийн харьцааны тухай мэдэх үү?—
Бэлгийн харьцаа гэдэг нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биетэйгээ маш онцгой аргаар дотносохыг хэлдэг. Тэгээд ээжийнх нь гэдсэнд хүүхэд бий болдог. Тэнгэрийн элчүүд хүнтэй бэлгийн харьцаанд орох нь маш буруу байсан. Харин Ехова зөвхөн гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг л бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэгж байж л тэд хүүхдээ хамтдаа хайрлаж өсгөнө шүү дээ.
Харин тэнгэрийн элчүүд дэлхий дээр бууж ирээд эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ороход тэдний дундаас төрсөн хүүхдүүд нь аварга биетэй болжээ. Тэр аварга биетэй хүүхдүүд нь бусдыг зодож, маш харгис ханддаг байв. Тийм учраас Ехова үер буулгаж, аварга биетнүүдийг болон муу юм хийдэг бусад хүнийг устгахаар шийджээ. Гэхдээ зөв юм хийдэг цөөн хэдэн хүнийг аврахын тулд Ноа гэдэг хүнээр хөвөгч авдар буюу маш том усан онгоц бариулсан юм. Агуу Багш Есүс Үерээр юу болсныг санаж яваарай гэсэн байдаг (Эхлэл 6:3, 4, 13, 14; Лук 17:26, 27).
Үер болоход муу тэнгэрийн элчүүд яасныг чи мэдэх үү?— Тэд хүний биеэ орхиод тэнгэр лүү буцаад явжээ. Гэхдээ Бурхны тэнгэрийн элч байх эрхгүй болж Сатаны тэнгэрийн элч буюу чөтгөрүүд болсон юм. Тэгвэл аварга биетэй хүүхдүүд нь яасан бол?— Тэд үерээр устжээ. Бурханд дуулгаваргүй бусад хүн ч үхсэн юм.
Үерийн дараа Ехова чөтгөрүүдийг хүний биетэй болох чадваргүй болгосон. Одоо чөтгөрүүд бидэнд харагддаггүй ч хүмүүсээр муу муухай юм хийлгэх гэж оролддог хэвээрээ. Хүмүүсийг өмнө зовоож байгаагүйгээрээ зовоож байна. Яагаад гэвэл чөтгөрүүд тэнгэрээс дэлхий рүү хаягдсан юм.
Бид яагаад чөтгөрүүдийг харж чаддаггүйг чи мэдэх үү?— Яагаад гэвэл тэд үл үзэгдэх биетэй. Гэхдээ тэд үнэхээр байдаг. Библид Сатаныг «дэлхийн суугчдыг бүгдийг нь мэхлэгч» гэж бичжээ. Сатанд чөтгөрүүд нь тусалдаг (Илчлэл 12:9, 12).
Тэгвэл Сатан болон чөтгөрүүд биднийг мэхлэх буюу хуурч чадах болов уу?— Тийм ээ, чадна. Бид болгоомжтой байхгүй бол хууртана. Гэхдээ тэднээс айх хэрэггүй. Агуу Багш маань Диавол «намайг гартаа оруулж чадахгүй» гэж хэлж байсан шүү дээ. Бид Бурхантай дотно байвал Бурхан биднийг Диавол болон чөтгөрүүдээс хамгаална (Ёохан 14:30).
Бид чөтгөрүүдэд хууртахгүйн тулд тэднийг юу хийдгийг мэдэх хэрэгтэй. Тэд анх дэлхий дээр бууж ирээд ямар буруу юм хийсэн билээ?— Эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орсон шүү дээ. Уг нь бол тэнгэрийн элчүүд хүнтэй бэлгийн харьцаанд орох нь буруу байсан. Өнөөдөр хүмүүс бэлгийн харьцааны талаарх Бурхны хуулийг зөрчвөл чөтгөрүүд баярладаг. Ямар хүмүүс бэлгийн харьцаанд орж болох билээ?— Тийм ээ, чи зөв хариуллаа. Гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн л болно шүү дээ.
Орчин үед охид хөвгүүд бэлгийн харьцаанд ордог. Гэхдээ энэ нь буруу. Ехова эрэгтэй эмэгтэй хүнийг бэлэг эрхтэнтэй бүтээсэн нь тусгай зорилготой. Юу вэ гэвэл гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хүнийг л бэлгийн харьцаанд орж жаргалтай байлгахаар бүтээсэн. Хэрэв Еховагийн хориглосон юмыг хийвэл, жишээлбэл охид хөвгүүд бие биеийнхээ бэлэг эрхтнээр оролдож тогловол чөтгөрүүд баярладаг. Чи чөтгөрүүдийг баярлуулмааргүй байгаа биз дээ?—
Чөтгөрүүдийн дуртай, Еховагийн үзэн яддаг бас нэг юм бий. Тэр нь юу вэ?— Хүчирхийлэл (Дуулал 11:5). Хүчирхийлэл гэдэг нь бусдад харгис хандаж, гэмтээхийг хэлдэг. Эрт үед чөтгөрүүдийн хөвгүүд буюу аварга биетнүүд тэгдэг байсан шүү дээ.
Чөтгөрүүд бас хүмүүсийг айлгах дуртай. Яаж айлгадаг вэ гэвэл нас барсан хүний дүрд хувирч, заримдаа бүр дуу хоолойг нь дуурайлгаж ярьдаг. Ингэж хүмүүсийг хуурдаг. Тэдэнд хууртсан хүмүүс нас барсан хүн дараа нь үргэлжилж амьдардаг юм байна, тэдэнтэй ярьж болох юм байна гэж боддог. Олон хүн сүнс байдаг гэдэгт итгэдэг нь ийм учиртай.
Тэгэхээр бид Сатан болон чөтгөрүүдэд нь хууртахгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй. Библид Сатаныг «тэнгэрийн сайн элч болж хувирдаг» гэж бичсэн байдаг. Чөтгөрүүд ч бас тэгдэг (2 Коринт 11:14, 15). Гэхдээ үнэндээ бол чөтгөрүүд маш хорон санаатай. Тэд биднийг өөрсөд шигээ муу болгохын тулд яадаг вэ?
Бодоод үз дээ. Хүмүүс хүчирхийлэл, садар самуун, ид шид, сүнсний тухай хаанаас мэдэж авдаг вэ?— Зурагтаар гардаг нэвтрүүлэг, кино, компьютер, видео тоглоом, интернэт, комик ном зэргээс мэдэж авдаг шүү дээ. Чиний бодлоор ийм юм үзэж, тоглодог бол хэнтэй илүү дотно болох вэ? Бурхантай юу? Диавол болон чөтгөрүүдтэй нь үү?—
Биднийг муу юм үзэж, сонсоосой гэж хэн хүсдэг вэ?— Зүйтэй. Сатан болон чөтгөрүүд. Тэгвэл бид нар яах хэрэгтэй вэ?— Бидэнд сайнаар нөлөөлөх, Ехова Бурханд үйлчлэхэд тус болох зүйлийг үзэж, уншиж, сонсох хэрэгтэй. Чиний бодлоор үүнд юу юу орох вэ?—
Чи зөв юм хийдэг бол чөтгөрүүдээс ерөөсөө айх хэрэггүй. Яагаад гэвэл Есүс чөтгөрүүдээс хамаагүй хүчтэй. Тэгээд ч чөтгөрүүд Есүсээс айдаг. Нэг удаа бүр айснаасаа болоод «та биднийг ... устгахаар ирээ юү?» гэж Есүсээс асууж байсан (Марк 1:24). Есүс Сатан болон чөтгөрүүдийг устгахад бид ямар их баярлах бол оо! Тийм ээ?— Тэр болтол Есүстэй, тэнгэрийн Эцэг Еховатай нь дотно байвал Есүс биднийг чөтгөрүүдээс хамгаална.
Одоо юу хийх хэрэгтэйгээ 1 Петр 5:8, 9; Яаков 4:7, 8-аас уншъя.