Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ

Эзний оройн зоог бол Бурхныг алдаршуулах арга хэмжээ мөн

Эзний оройн зоог бол Бурхныг алдаршуулах арга хэмжээ мөн

ХРИСТИЙН дагалдагчид Есүсийн нас барсныг дурсаж байх тушаалтай. Энэ арга хэмжээг «Эзний оройн зоог» гэж нэрлэдэг (1 Коринт 11:20). Уг ёслолыг хэзээ, хэрхэн үйлддэг вэ? Ач холбогдол нь юу вэ?

Есүс Христ энэ арга хэмжээг анх МЭ 33 онд еврейчүүдийн тэмдэглэдэг Дээгүүр өнгөрөх баярын өдөр зохион байгуулжээ. Энэ баярыг жилд ганцхан удаа еврей тооллын нисан сарын 14-нд тэмдэглэдэг байв. Тэд өдөр шөнө тэнцэх хаврын өдрөөр баримжаалан баярын товоо гаргадаг байжээ. Хаврын тэнцлийн өдөрт хамгийн ойр тохиох сар хавиргалах өдрийг еврей тооллын нисан сарын эхний өдөр гэж үздэг. Тэр өдрөөс хойш 13 хоногийг тоолж Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг байсан.

Есүс Дээгүүр өнгөрөх баярыг элчүүдтэйгээ хамт тэмдэглээд, Искариот Юудасыг явсны дараа Эзний оройн зоогийг тэмдэглэсэн. Уг ёслол нь Дээгүүр өнгөрөх баярыг орлох болсон учраас жилд ганц л удаа үйлдэж байх учиртай юм.

«Матай» номонд «Есүс талх аваад залбирав. Тэгээд талх хувааж шавь нартаа өгөөд “Аваад идэцгээ. Энэ нь миний биеийг бэлгэддэг” гэлээ. Дараа нь аягатай дарс авч талархан залбираад шавь нартаа өгч “Бүгдээрээ ууцгаа. Энэ нь олны нүглийг уучлуулахын тулд урсах «гэрээний цусыг минь бэлгэддэг»” [гэжээ]» хэмээн бичсэн байдаг (Матай 26:26–28).

Зарим хүн Есүс тэр талхыг хувирган биеэ болгож, харин дарсыг цусаа болгосон гэж үздэг. Тэгвэл элчүүд Есүсийн биеийг идэж, цусыг уусан хэрэг үү? Үгүй. Есүс шавь нартаа талх өгөх үед биед нь ямар ч өөрчлөлт гараагүй. Бас хүний мах идэж, цус уух нь зэрлэг балмад явдал бөгөөд Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болно (Эхлэл 9:3, 4; Левит 17:10). Лук 22:20-д бичсэнээр, Есүс: «Та нарын төлөө урсах цусаар минь баталгаажих шинэ гэрээг энэ аяга бэлгэддэг» гэж хэлжээ. Тэр аяга нь үнэхээр «шинэ гэрээ» болсон уу? Мэдээж үгүй. Учир нь гэрээ гэдэг бол биет юм биш ээ.

Тэгэхлээр, талх, дарсны аль аль нь бэлгэдлийн утга илэрхийлж байжээ. Талх нь Христийн төгс биеийг төлөөлдөг. Эзний оройн зоогийг тэмдэглэхдээ Есүсийн элчүүддээ идүүлсэн талх нь Дээгүүр өнгөрөх баяраас үлдсэн исгээгүй талх байсан (Египетээс гарсан нь 12:8). Библид нүгэл болон завхрал гажуудлыг заримдаа хөрөнгөөр бэлгэддэг. Тиймээс, исгээгүй талх нь Есүсийн золиос болгон өгсөн төгс, нүгэлгүй биеийг төлөөлдөг (Матай 16:11, 12; 1 Коринт 5:6, 7; 1 Петр 2:22; 1 Ёохан 2:1, 2).

Улаан дарс Есүсийн цусыг бэлгэддэг. Тэр цусаар шинэ гэрээ хүчин төгөлдөр болсон ажээ. Есүс «нүглийг уучлуулахын тулд» цусаа асгаруулна гэж хэлсэн. Үүний дүнд хүмүүс Бурханд цэвэр хэмээн тооцогдож, шинэ гэрээ байгуулах боломж бүрдсэн (Еврей 9:14; 10:16, 17). Ийм гэрээ байгуулснаар Бурханд үнэнч 144000 хүн тэнгэрт гарах боломжтой болжээ. Тэд хүн төрөлхтний сайн сайхны төлөө хаан, тахилч болох юм (Эхлэл 22:18; Иеремиа 31:31–33; 1 Петр 2:9; Илчлэл 5:9, 10; 14:1–3).

Тэгвэл Эзний оройн зоогийн бэлгэдлийн идээнээс хэн хүртэх эрхтэй вэ? Шинэ гэрээнд багтсан буюу тэнгэрт гарах найдвартай хүмүүс л талх, дарснаас хүртэх эрхтэй нь ойлгомжтой. Бурхны агуу хүч тэднийг тэнгэрийн хаанаар сонгогдсоныг нь баталдаг (Ром 8:16). Түүнээс гадна, Есүс тэдэнтэй «Хаант төрийн гэрээ» байгуулсан (Лук 22:29).

Харин диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэд Есүсийн тушаалыг биелүүлэн, Эзний оройн зоогийг тэмдэглэдэг ч, бэлгэдлийн идээнээс хүртэлгүй, хүндэт ажиглагчаар оролцдог. Еховагийн Гэрчүүд жилд нэг удаа, нисан сарын 14-нд нар жаргасны дараа Эзний оройн зоогийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэнгэрт амьдрах найдвартай хүн дэлхий дээр хэдхэн мянга байдаг боловч энэ ёслолыг үйлдэх нь Христийн бүх дагалдагчид чухал ач холбогдолтой. Энэхүү онцгой цуглаанд очих нь Ехова Бурхан болон Есүс Христийн агуу хайрын тухай гүн гүнзгий эргэцүүлэн бодоход ач тустай (Ёохан 3:16).