Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 10

Гэр бүл бол Бурхны бэлэг

Гэр бүл бол Бурхны бэлэг

«Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» (НОМЛОГЧИЙН ҮГС 4:12).

1, 2. а) Гэрлэж байгаа хүмүүст юу бодогддог вэ? б) Энэ бүлгээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ХУРИМАА хийж байгаа залуу бүсгүй хоёрыг төсөөлье. Тэд ирээдүйнхээ амьдралыг сайн сайхнаар төсөөлж, итгэл найдвар дүүрэн байна. Насаараа ханилж, сайхан амьдарна гэж найдаж байгаа.

2 Амьдралаа сайхан эхэлсэн ч тэр хэвээр нь байлгаж чадаагүй гэр бүл олон. Ханьтайгаа урт удаан, жаргалтай амьдрахын тулд Бурхнаар удирдуулах хэрэгтэй. Дараах асуултад Библи ямар хариу өгдгийг мэдэж авъя. Гэр бүлтэй байхын сайхан нь юу вэ? Гэрлэхээр шийдвэл ханиа яаж зөв сонгох вэ? Яавал сайн эхнэр, нөхөр байх вэ? Насаараа ханилах нууц юу вэ? (Сургаалт үгс 3:5, 6-г уншина).

ГЭРЛЭХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХ

3. Хүн гэрлэж байж л жаргалтай амьдардаг уу? Тайлбарлана уу.

3 Хүн гэрлэж байж л жаргалтай амьдардаг гэж зарим хүн боддог. Гэхдээ тийм биш ээ. Есүс ганц бие байхыг бэлэг гэсэн (Матай 19:11, зүүлт; 12). Бас элч Паул ганц бие байхын давуу талыг онцолсон (1 Коринт 7:32–38). Гэрлэх эсэхээ та өөрөө л шийднэ. Найз нөхөд, гэрийнхнийхээ шахалтаар эсвэл бусдыг дуурайж гэрлэх хэрэггүй.

4. Сайхан гэр бүлтэй байхын давуу тал юу вэ?

4 Гэр бүл ч бас Бурхны бэлэг юм. Гэр бүл болох нь тодорхой хэмжээгээр давуу талтай гэж Библид байдаг. Ехова анхны хүн Адамын талаар «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэж хэлжээ (Эхлэл 2:18). Тэгээд Ехова Адамд эхнэр болгож Еваг бүтээсэн. Ийнхүү Адам Ева хоёр хамгийн анхны гэр бүл болсон. Хэрэв эхнэр нөхөр хоёр, хүүхэдтэй бол хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үр хүүхэдтэй болох нь гэр бүлийн цорын ганц зорилго биш ээ (Дуулал 127:3; Эфэс 6:1–4).

5, 6. Ямар гэр бүлийг «гурамсалж гөрсөн суртай» зүйрлэж болох вэ?

5 Соломон хаан: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно. Харин ганцаар байгч унахын цагт түүнийг босгох хүн үгүй ... Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» гэж бичсэн (Номлогчийн үгс 4:9–12).

6 Сайн хань хамгийн сайн найз байдаг, тус дэм, түшиг тулгуур болдог, нэгнийхээ сэтгэл санааг дэмжиж амьдардаг. Хайр гэр бүлийг бат бөх байлгадаг. Гэхдээ эхнэр нөхөр хоёр Еховаг шүтдэг бол гэр бүл нь илүү бат бөх байдаг. Ийм гэр бүлийг «гурамсалж гөрсөн» буюу гурваар сүлжсэн суртай зүйрлэж болно. Гурамсалж гөрсөн сур хоёроор гөрсөн сураас илүү бөх байдаг. Еховаг гэр бүлийнхээ гишүүн болговол гэр бүл бат бөх байна.

7, 8. Гэрлэх тухайд Паул юу гэж хэлсэн бэ?

7 Гэрлэсэн хүмүүс ханийнхаа бэлгийн хэрэгцээг зүй ёсоор хангадаг (Сургаалт үгс 5:18). Гэхдээ бэлгийн хэрэгцээгээ хангах гэж л гэрлэвэл ханиа буруу сонгох аюултай. Ийм учраас «хэтэрхий залуу» буюу бэлгийн дур хүсэл хүчтэй байдаг үеэ өнгөрөөсний дараа гэрлэхийг Библи зөвлөдөг (1 Коринт 7:36). Энэ үеийг өнгөрөөвөл юманд нухацтай хандаж, ухаалаг шийдэхэд амар байна. Иймээс хүлээх нь дээр (1 Коринт 7:9; Яаков 1:15).

8 Та гэрлэх бодолтой бол аливаад бодитой хандаж, гэрлэсэн хүнд ч бэрхшээл тулгарна гэдгийг ойлгох хэрэгтэй. «Гэрлэхээр санаа зовох юм нэмэгдэнэ» гэж Паул хэлсэн (1 Коринт 7:28). Гэр бүлээ сайхан авч явдаг эхнэр нөхөрт ч бэрхшээл тулгарах үе байдаг. Иймээс гэрлэхээр шийдвэл ханиа зөв сонгох нь хамгийн чухал.

ХАНИА СОНГОХ

9, 10. Еховаг шүтдэггүй хүнтэй гэрлэвэл яах вэ?

9 Гэрлэх хүнээ сонгохдоо баримтлах хэрэгтэй Библийн зарчим бий. «Үл итгэгчтэй хамт нэг буулганд бүү ор» гэж байдаг (2 Коринт 6:14). Энд хөдөө аж ахуйн сэдэвтэй жишээ татжээ. Хүч чадал, бие цогцын хувьд эрс ялгаатай хоёр өөр малыг нэг буулганд оруулдаггүй. Оруулбал хоёулаа их зовно. Үүнтэй адилаар, Еховаг шүтдэг хүн, шүтдэггүй хүнтэй гэрлэвэл хоёулаа зовох биз ээ. Ийм учраас «Эзний дагалдагчтай л гэрлэ» гэсэн мэргэн зөвлөгөө Библид байдаг (1 Коринт 7:39).

10 Зарим Гэрч ганцаараа явснаас Еховаг шүтдэггүй хүнтэй гэрлэе гэж боддог. Гэхдээ Библийн зөвлөгөөг үл тоомсорловол зовлон үздэг. Еховад үйлчилдэг хүн Еховаг шүтэхийг хамгийн чухалд үздэг. Таны хамгийн чухалд үздэг юмыг хань тань тоодоггүй бол ямар санагдах вэ? Еховад хайргүй, үйлчилдэггүй хүнтэй гэрлэснээс ганцаараа байх нь дээр гэж үздэг Гэрч олон (Дуулал 32:8-ыг уншина).

11. Ханиа яаж зөв сонгох вэ?

11 Гэхдээ Еховад үйлчилдэг л бол ямар ч хүн танд таарч тохирно гэсэн үг биш ээ. Гэрлэх бодолтой хүн сэтгэлдээ нийцсэн, сайн таарч тохирох хүнийг л хайх хэрэгтэй. Зорилго нэгтэй, Бурханд үйлчлэхийг хамгийн чухалд үздэг хүнийг олтлоо хүлээгээрэй. Итгэмжит ухаалаг боолын гаргадаг хэвлэлээс гэр бүлд хамаатай зөвлөгөөг цаг гарган уншиж, эргэцүүлж бодоорой (Дуулал 119:105-ыг уншина).

12. Абрахам хүүдээ эхнэр сонгосон тухай Библид бичсэнээс юу мэдэж болох вэ?

12 Зарим оронд эцэг эх нь хүүхдээ хэнтэй гэрлүүлэхээ шийддэг. Энэ нь эцэг эх хүүхдэдээ хамгийн сайн тохирох хүнийг таних туршлагатай гэж үздэгийнх юм. Библийг бичиж байх үед ч ийм уламжлал байсан. Танай гэрийнхэн ийм уламжлалыг дагахаар шийдвэл эцэг эх хүн Библийг удирдлага болгох нь зүйтэй. Библид сайн хань болох хүний илэрхийлдэг зан чанарыг бичсэн байдаг. Жишээ нь, Абрахам хүү Исаактаа эхнэр сонгохдоо хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийг нь чухалчлаагүй. Гол нь, Еховаг хайрладаг бүсгүйг сонгосон (Эхлэл 24:3, 67; Тайлбар 25-ыг үзнэ үү).

ӨӨРИЙГӨӨ БЭЛДЭХ

13–15. а) Эр хүн сайн нөхөр болохын тулд яаж бэлдэх вэ? б) Эмэгтэй хүн сайн эхнэр болохын тулд яаж бэлдэх вэ?

13 Та гэрлэх бодолтой бол өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бэлэн гэж санагдаж болох ч гэр бүл болоход чухам яаж бэлдэх хэрэгтэйг мэдэх нь чухал юм.

Бурхны Үгнээс гэр бүлийн талаарх зөвлөгөөг уншиж, эргэцүүлж бодох цаг гаргаарай

14 Эхнэр нөхөр хоёр гэр бүлд өөр өөр үүрэг биелүүлдгийг Библид бичсэн байдаг. Иймээс гэр бүл болохын тулд эрэгтэй, эмэгтэй хүн өөр өөр бэлтгэл хангана гэсэн үг. Гэрлэх бодолтой эр хүн өрхийн тэргүүн болоход бэлэн эсэхээ мэдэх хэрэгтэй. Ехова нөхөр хүнээс эхнэр хүүхдээ тэжээж, сэтгэл санааг нь анхаарч, дэмжиж байхыг хүсдэг. Нөхөр хүний хамгийн гол үүрэг бол Бурхныг шүтэхэд нь гэр бүлээ удирдан чиглүүлэх юм. Гэр бүлээ тэжээж тэтгэдэггүй хүнийг «сүсэг бишрэлгүй хүнээс дор» гэж Библид бичжээ (1 Тимот 5:8). Иймд гэрлэх бодолтой эр хүн «Байшин барихаасаа өмнө гаднах ажлаа цэгцэлж, хээр талд буй юмсаа бэлэн болго» гэсэн Библийн зарчмыг яаж ажил хэрэг болгохоо бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Еховагийн тавьдаг шаардлагад нийцдэг нөхөр байж чадах эсэхээ гэрлэхээсээ өмнө магадлах нь зүйтэй (Сургаалт үгс 24:27).

15 Эмэгтэй хүн гэрлэх бодолтой бол эхнэр хүний, цаашлаад, эх хүний үүргийг биелүүлэхэд бэлэн эсэхээ сайн бодох хэрэгтэй. Сайн гэрийн эзэгтэй эр нөхөр, үр хүүхдээ хэрхэн халамжилдгийг Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 31:10–31). Орчин үед хүмүүс хувиа хичээж, бусдаас авахыг л боддог болсон. Харин Ехова гэр бүлтэй хүнийг ханиа гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

16, 17. Гэрлэх бодолтой хүн юуны тухай эргэцүүлж бодох хэрэгтэй вэ?

16 Эхнэр нөхрийн талаар Библид юу гэж байдгийг гэрлэхээсээ өмнө эргэцүүлж бодоорой. Өрхийн тэргүүн гээд гэрийнхэнтэйгээ бүдүүлэг харьцах юм уу биед нь халдах эрхтэй гэсэн үг биш ээ. Сайн тэргүүн Есүсийг дуурайдаг. Есүс цаг үргэлж хүнийг хайрлан халамжилж, сайхан сэтгэл гаргадаг байсан (Эфэс 5:23). Эмэгтэй хүн нөхрийнхөө шийдвэрийг дэмжиж, санаа сэтгэл, гар нийлнэ гэж яахыг хэлдгийг бодож үзэх хэрэгтэй (Ром 7:2). Төгс бус хүнд захирагдаад жаргалтай амьдарч чадах уу гэж өөрөөсөө асуугаарай. Чадахааргүй санагдвал хэсэгтээ ганц бие байх нь дээр болов уу.

17 Гэрлэсэн хүн ханийнхаа сайн сайхныг өөрийнхөөсөө дээгүүр тавьж байх хэрэгтэй (Филиппой 2:4-ийг уншина). Паул: «Хүн бүр өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой. Харин эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» гэж бичсэн (Эфэс 5:21–33). Эрэгтэй эмэгтэй хүний хэн хэнд нь хайр, хүндлэл хэрэгтэй. Гэхдээ гэр бүлийг сайн сайхан авч явахад эр хүнд эхнэрийнх нь хүндлэл, эмэгтэй хүнд нөхрийнх нь хайр онцгой хэрэгтэй.

18. Үерхэж байгаа хүмүүс яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?

18 Үерхэнэ гэдэг бол бие биетэйгээ дотно танилцах сайхан үе юм. Үерхэж байгаа хүмүүс үнэхээр гэрлэх эсэхээ шийдэхийн тулд асуудалд бодитой, нухацтай хандах хэрэгтэй. Бас ааш зангаа мэдэлцэж, сэтгэлийг нь танихыг хичээх хэрэгтэй. Дотносохын хэрээр бие биедээ татагддаг. Гэхдээ гэрлэхээсээ өмнө садар самуун явдалд орооцолдохгүйн тулд сэтгэлээ илэрхийлэхдээ ч биеэ барьж байх хэрэгтэй. Бие биеэ жинхэнэ ёсоор хайрладаг бол биеэ барина. Бас хоёр биеийнхээ харьцаанд ч, Еховатай тогтоосон харьцаандаа ч сэв суулгах юм хийхгүй (1 Тесалоник 4:6).

Үерхэж байгаа хүмүүс ааш зангаа мэдэлцдэг

НАСАН ТУРШДАА ХАНИЛАХ

19, 20. Еховагийн үйлчлэгчид гэр бүлийг юу гэж үздэг вэ?

19 Олон ном зохиол, кино нижгэр сайхан хуримаар төгсдөг. Харин амьдрал дээр хурим бол дөнгөж эхлэл юм. Ехова гэр бүлийг үүрдийн холбоо байхаар санаачилсан (Эхлэл 2:24).

20 Сүүлийн үед хүмүүс гэр бүлийг насан туршийн холбоо гэж үзэхээ больж байна. Гэрлэх ч, салах ч амархан болжээ. Бэрхшээл тулгарахаар ханиа орхиж, салах цаг болжээ гэж зарим хүн боддог. Гэхдээ Библид гурамсалж гөрсөн, бөх гэгчийн сураар жишээ татсаныг санаарай. Ийм сур барагтай бол тасардаггүй. Еховатай дотно хүн ханьтайгаа насаараа ханилдаг. Есүс: «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн (Матай 19:6).

21. Яавал эхнэр нөхөр бие биеэ хайрлах вэ?

21 Хүн бүр сайн талтай, бас дутагдалтай. Бусдын, ялангуяа, ханийнхаа дутагдлыг олж харах амархан. Гэхдээ дутагдлыг нь л хараад байвал жаргалтай амьдрахгүй. Харин сайн тал, сайхан зан чанарыг нь анхаардаг бол жаргалтай амьдарна. Төгс бус хүний сайн талыг л харах боломжтой юу? Боломжтой. Ехова бидний төгс бусыг мэддэг ч сайн талыг маань л голлон хардаг. Тэгдэггүй байсан бол яах бол? «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» гэж дуулалч хэлжээ (Дуулал 130:3). Эхнэр нөхрүүд ханийнхаа сайн талыг хардаг, бас дуртайяа уучилдаг бол Еховаг дуурайдаг гэсэн үг (Колосай 3:13-ыг уншина).

22, 23. Абрахам Сара хоёр эхнэр нөхрүүдэд ямар үлгэр дуурайл үлдээсэн бэ?

22 Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эхнэр нөхөр хоёр улам дотносдог. Абрахам Сара хоёр олон жил сайхан ханилсан. Ехова Абрахамыг Ур хотоос гэр бүлээ авч явахыг тушаахад Сара 60 гарсан байсан бололтой. Тохилог сайхан гэр орноо орхиод майханд амьдрах амаргүй байсан биз ээ. Гэхдээ Сара эр нөхөртөө дотнын найз, сайн хамтрагч болж, нөхрөө үнэн сэтгэлээсээ хүндэлдэг байсан. Тиймээс явах шийдвэр гаргасан Абрахамыг дэмжиж, зорьсондоо хүрэхэд нь тусалсан (Эхлэл 18:12; 1 Петр 3:6).

23 Гэхдээ сайн эхнэр нөхөр хоёр цаг үргэлж санал нийлдэг гэсэн үг биш ээ. Нэг удаа Абрахам Сарагаас өөр бодолтой байв. Тэгэхэд нь Ехова: «Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс» гэж хэлдэг. Абрахам ч хэлснээр нь хийж, хэрэг явдал сайнаар төгсдөг (Эхлэл 21:9–13). Ханьтайгаа санал зөрөлдлөө гэхэд урам хугарах хэрэггүй. Санал зөрсөн ч бие биеэ хайрлаж, хүндлэх нь хамгийн чухал.

Бурхны Үгийг гэр бүлээрээ уншиж, судлахыг анхнаасаа хэвшил болгоорой

24. Яавал гэр бүлийн амьдралаараа Еховаг алдаршуулах вэ?

24 Сайхан гэр бүл Бурхны ард түмний дунд олон бий. Хэрэв та гэрлэхийг хүсдэг бол ханиа сонгоно гэдэг насан туршийн амьдралд нөлөөлдөг, хамгийн чухал шийдвэрийн нэг гэдгийг санаарай. Ийм учраас Еховагаар удирдуулаарай. Ингэвэл ханиа зөв сонгож, өөрийгөө сайн бэлдэж, хайр бялхсан, бат бөх гэр бүлийг зохиож чадна. Үүний үрээр Ехова Бурхнаа алдаршуулна.