БҮЛЭГ 3
Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөе
«Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» (СУРГААЛТ ҮГС 13:20).
1–3. а) Сургаалт үгс 13:20-оос юу мэдэж авах вэ? б) Найз нөхдөө яагаад зөв сонгох хэрэгтэй вэ?
ХҮҮХЭД аав ээжийгээ ажиглаж байдгийг та мэдэх үү? Хэлд ороогүй боловч харсан, сонссон болгоноо сурч байдаг. Өсөж томрохын хэрээр аав ээжийгээ өөрөө ч мэдэлгүй дуурайдаг. Томчууд ч бас хамт байдаг хүмүүс шигээ бодож сэтгэдэг, аливааг хийдэг болох нь бий.
2 Сургаалт үгс 13:20-д «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» гэж бичжээ. «Хамт явах» гэдгээр цагийг хамт өнгөрүүлэхийг хэлсэн. Гэхдээ энэ нь зүгээр хамт байх төдий юм биш ээ. Хүнтэй хамт явах гэдэг нь тэр хүнийг хайрлаж, дотно нөхөрлөх гэсэн үг гэж нэг судлаач хэлжээ. Ер нь, хүн хамт их байдаг, ялангуяа, хайрлаж хүндэлдэг хүнээ хамгийн их дуурайдаг.
3 Найз нөхөд хүнд сайнаар ч, муугаар ч нөлөөлдөг. Сургаалт үгс 13:20-д «Мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж бас байдаг. Бурхныг хайрладаг найз нөхөд Бурханд үнэнч байхад тусалдаг. Ехова ямар хүнтэй нөхөрлөдгийг мэдэж авъя. Тэгвэл бид найз нөхдөө зөв сонгоно.
БУРХАН ЯМАР ХҮНТЭЙ НӨХӨРЛӨДӨГ ВЭ?
4. Бурхны найз байх нь завшаан гэж яагаад хэлж болох вэ? Ехова яагаад Абрахамыг «миний найз» гэсэн бэ?
4 Ехова орчлонт ертөнцөд хамгийн дээд эрх мэдэлтэй ч өөртэй нь нөхөрлөх боломжийг бидэнд өгдөг. Энэ нь бидэнд том завшаан юм. Ехова найз нөхдөө ул суурьтай сонгодог. Өөрт нь хайртай, итгэдэг хүмүүсийг анд нөхдөө болгодог. Жишээ нь, Абрахам Бурхны найз байжээ. Абрахам Бурхны тушаасан бүхнийг биелүүлэхэд бэлэн байж, Бурханд итгэдэг, дуулгавартай хүн гэдгээ удаа дараа баталсан юм. Хүү Исаакаа Бурханд тахил болгож өргөхөд ч бэлэн байсан. «Хүү нь үхсэн ч Бурхан амилуулах чадалтай» гэдэгт итгэж байв (Еврей 11:17–19; Эхлэл 22:1, 2, 9–13). Ехова бат итгэлтэй, дуулгавартай Абрахамыг «миний найз» гэсэн (Исаиа 41:8; Яаков 2:21–23).
5. Ехова үнэнч хүнд хэрхэн ханддаг вэ?
5 Еховагийн найз болсон хүн Еховад үнэнч байхыг хамгийн чухалд үздэг. Ехова ч анд нөхдөө их эрхэмлэдэг (Дуулал 41:12-ыг уншина). Анд нөхөд нь Еховаг хайрладаг учраас үнэнч, дуулгавартай байдаг. Бурхан «цэх шулуун хүнтэй дотно байдаг» гэж Библид бичжээ (Сургаалт үгс 3:32). Ехова найзуудаа «асарт[аа]» хүндэт зочноор урьдаг. Энэ нь өөрийг нь шүтэж, хүссэн үедээ залбирах завшаан олгодог гэсэн үг (Дуулал 15:1–5).
6. Есүсийг хайрладаг хүн яадаг вэ?
6 Есүс: «Хэрэв хүн надад хайртай бол хэлснийг минь биелүүлнэ. Эцэг минь тэр хүнийг хайрлана» гэж хэлсэн (Ёохан 14:23). Тиймээс Еховагийн найз байхын тулд Есүсийг хайрлаж, зааж сургасныг нь хийх хэрэгтэй. Жишээ нь, бид хүмүүст сайн мэдээ тунхаглаж, шавь болго гэсэн Есүсийн зааврыг биелүүлдэг (Матай 28:19, 20; Ёохан 14:15, 21). Есүсийг хайрладаг учраас «мөрөөр [нь] яг таг дагадаг» (1 Петр 2:21). Үг яриа, үйл хэргээрээ Хүүг нь дуурайхыг хамаг чадлаараа хичээдэг хүнд Ехова баярладаг.
7. Еховагийн найзуудтай нөхөрлөх нь яагаад чухал бэ?
7 Ехова өөрт нь итгэдэг, үнэнч, дуулгавартай, Хүүг нь хайрладаг хүнийг анд нөхрөө болгодог. Бид найз нөхдөө сонгохдоо Еховаг дуурайдаг уу? Есүсийг дуурайдаг, Бурхны Хаант төрийн тухай бусдад зааж сургадаг хүнтэй найзалж нөхөрлөх нь илүү сайн хүн болж, Еховад үнэнч байхад тустай.
БИБЛИЙН ЖИШЭЭНЭЭС СУРЪЯ
8. Рут Наоми хоёрын нөхөрлөлийн юу нь танд сайхан санагдсан бэ?
8 Нөхөрлөлийн тухай Библиэс ихийг мэдэж болдог. Жишээ нь, Рут гэдэг эмэгтэй хадам эх Наомитайгаа сайн найз болжээ. Энэ хоёр эмэгтэй үндэс угсаа, хэл соёл өөр, олон насны зөрүүтэй хүмүүс байсан. Гэхдээ хэн хэн нь Еховад хайртай учир дотнын найзууд болжээ. Наомиг Моабаас Израйл руу буцахаар болоход «Рут түүнд наалдав». Бас «Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан» гэж хэлдэг (Рут 1:14, 16). Рут Наомид их сайхан сэтгэл гаргасан. Израйлд ирсэн хойноо Наомиг харж хандахын тулд хүнд хүчир ажил хийсэн. Наоми ч Рутийг хайрлаж, зааж зөвлөдөг байжээ. Рут зөвлөгөөг нь дагаж, хэн хэн нь Бурхнаас ивээл хүртсэн юм (Рут 3:6).
9. Давид Ионатан хоёрын нөхөрлөлийн юу нь танд сайхан санагдсан бэ?
9 Давид Ионатан хоёр бол сайхан нөхөрлөхийн үлгэр жишээ болсон, Еховад үнэнч хүмүүс юм. Ионатан Давидаас 30 орчим насаар ах, Израйлын дараагийн хаан болох хүн байлаа (1 Самуел 17:33; 31:2; 2 Самуел 5:4). Гэхдээ Ехова Давидыг хаан болгохоор сонгосныг мэдээд атаархаж өрсөлдөөгүй. Харин ч Давидад тус дэм болохын тулд чадах бүхнээ хийдэг. Жишээлбэл, Давидын амь насанд аюул учрахад түүнийг «Бурханы дотор ... зоригжуулав» гэж Библид бичжээ. Давидын төлөө бүр амь насаараа дэнчин тавьж байсан (1 Самуел 23:16, 17). Давид ч сайн найз байжээ. Ионатаны гэрийнхнийг харж хандаж явахаа амласан юм. Ионатаныг нас барсны дараа ч энэ амлалтаа биелүүлж байсан (1 Самуел 18:1; 20:15–17, 30–34; 2 Самуел 9:1–7).
10. Гурван еврей залуугийн жишээнээс та нөхөрлөлийн тухай юу мэдэж авсан бэ?
10 Шадрах, Мешах, Абед-него гэдэг гурван еврей залуу сайн найзууд байсан. Тэднийг бага залууд нь олзолж, гэрээс нь хол аваачжээ. Аав ээжээсээ хол байсан тэд бие биедээ түшиг тулгуур болж Еховад үнэнч байсан. Хожим нь тэдний итгэлийг сорьсон нэг явдал болдог. Небухаднезар хаан алтан хөрөг хийлгээд тэднийг мөргө гэж тушаахад тэр гурав: «Бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй» гэж хэлээд мөргөөгүй. Ийм сорилтын үед ч тэд Бурхандаа үнэнч байсан (Даниел 1:1–17; 3:12, 16–28).
11. Паул Тимот хоёр яаж сайн найзууд болсон бэ?
11 Элч Паул Тимот гэдэг залуутай танилцаад Еховаг хайрладаг, итгэл нэгтнүүддээ санаа тавьдгийг нь анзаарчээ. Тэгээд газар газрын ах дүүдээ туслахыг зааж сургасан (Үйлс 16:1–8; 17:10–14). Паул Тимотын тухай «сайн мэдээг түгээхийн тулд надтай хамт зүтгэсэн» гэж бичсэнийг бодвол Тимот үнэхээр их юм хийжээ. Тимот итгэл нэгтнүүддээ «санаа тавьдаг» хүн гэдгийг Паул мэдэж байсан. Еховад идэвх зүтгэлтэй үйлчилсэн Паул Тимот хоёр сайн найзууд болсон (Филиппой 2:20–22; 1 Коринт 4:17).
ЯМАР ХҮНТЭЙ НӨХӨРЛӨХ ВЭ?
12, 13. а) Хурлынхныхаа дундаас найз нөхөр сонгохдоо ч яагаад ухаалаг байх хэрэгтэй вэ? б) Элч Паул 1 Коринт 15:33-т байдаг сэрэмжлүүлгийг яагаад өгсөн бэ?
12 Бид хурлынхаа итгэл нэгтнүүдээс ихийг сурч, үнэнч байхад нь бие биедээ тусалдаг (Ром 1:11, 12-ыг уншина). Гэхдээ хурлынхныхаа дундаас найз нөхөр сонгохдоо ч ухаалаг байх хэрэгтэй. Гэрчүүд бол өөр өөр орчинд өсөж хүмүүжсэн, янз бүрийн соёлтой, үзэл бодолтой хүмүүс. Еховад үйлчилж эхлээд удаагүй хүн ч бий, олон жил үйлчилсэн хүн ч бий. Жимс боловсроход хугацаа хэрэгтэй байдаг шиг Еховатай дотносоход ч хугацаа хэрэгтэй. Иймээс бие биеэ хайрлаж, тэвчээртэй байж, найз нөхрөө үргэлж ухаалаг сонгох хэрэгтэй (Ром 14:1; 15:1; Еврей 5:12—6:3).
13 Хэрэв хурал дотор ярвигтай асуудал гарвал хэрсүү байх хэрэгтэй. Жишээ нь, хурлын гишүүн Библид буруушаадаг юмыг хийдэг болж мэднэ. Эсвэл бүх юмнаас өө хайдаг болсон байж болох юм. Энэ нь хуралд их аюултай. Гэхдээ ийм юм боллоо гэхэд гайхах хэрэггүй. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчдын дунд ч янз бүрийн асуудал гарч байсан. Тэр үед элч Паул: «Бүү мэхлэгд. Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж захижээ (1 Коринт 15:12, 33). Бас найз нөхдөө ухаалаг сонгохыг Тимотод зөвлөсөн. Бид ч тэгэх хэрэгтэй (2 Тимот 2:20–22-ыг уншина).
14. Найз нөхөр Еховатай тогтоосон харьцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
14 Еховатай тогтоосон харьцаа бидэнд их эрхэм нандин учраас үүнийгээ хамгаалах ёстой. Иймээс бид Еховад итгэх итгэлийг маань сулруулж, харьцааг маань сэвтүүлж болзошгүй хүнтэй дотносон нөхөрлөхөөс зайлсхийдэг. Бохир ус шингээсэн хөвөнгөөс цэвэр ус гардаггүй. Үүнтэй адилаар, буруу юм хийдэг хүнтэй нөхөрлөдөг бол зөв юм хийхэд амаргүй байна. Тэгэхээр найз нөхрөө ухаалаг сонгох хэрэгтэй (1 Коринт 5:6; 2 Тесалоник 3:6, 7, 14).
15. Хурлынхныхаа дундаас сайн найзтай болохын тулд яах хэрэгтэй вэ?
15 Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг хүнийг хурлынхныхаа дундаас олж нөхөрлөх боломжтой. Тийм хүн сайн найз болж чаддаг (Дуулал 133:1). Зөвхөн өөрийнхөө үеийн юм уу арьс өнгө, хэл соёл нэгтэй хүмүүстэй л нөхөрлөнө гэж битгий бодоорой. Ионатан Давидаас олон насаар ах, Рут Наомигаас олон насаар дүү байсныг санаарай. «Илүү их хайрла» гэсэн Библийн зөвлөгөөг дагахыг хичээгээрэй (2 Коринт 6:13; 1 Петр 2:17-г уншина). Та Еховаг хэдийчинээ сайн дуурайна, хүмүүс тантай нөхөрлөхийг төдийчинээ хүснэ.
НЭГЭНДЭЭ ГОМДВОЛ
16, 17. Хурлын гишүүн гомдоолоо гэхэд яах ёсгүй вэ?
16 Нэг гэрийн хүмүүс ч өөр өөр ааш зантай, үзэл бодолтой байдаг. Бас юмыг өөрөөр хийдэг. Хурлын гишүүд ч ялгаагүй. Энэ нь бие биеэсээ сурах сайхан боломж бүрдүүлдэг бөгөөд амьдралыг сонирхолтой болгодог. Гэхдээ заримдаа ааш зангийн ялгаанаас болж бид нөгөөгөө буруу ойлгох юм уу нэгэндээ дургүйцэх үе бий. Гомдох үе ч гарч мэднэ (Сургаалт үгс 12:18). Ингэлээ гээд урам хугарч, хурлаасаа холдож хөндийрөх нь зөв үү?
17 Хүн биднийг гомдоолоо ч, хурлаасаа холдож хөндийрөх нь буруу. Ехова биднийг гомдоогоогүй шүү дээ. Ехова бидэнд амь, бусад бүх юмыг өгсөн учир бид Еховаг хайрлаж, үнэнч байх ёстой (Илчлэл 4:11). Хурал бол Еховагийн өгсөн нэг бэлэг юм. Биднийг бат итгэлтэй байхад хурлынхан их дэм болдог (Еврей 13:17). Хүнд гомдлоо гээд энэ сайхан бэлгийг үл тоомсорлож болохгүй (Дуулал 119:165-ыг уншина).
18. а) Яавал итгэл нэгтнүүдтэйгээ эвтэй байх вэ? б) Яагаад бусдыгаа уучлах хэрэгтэй вэ?
18 Бид итгэл нэгтнүүдээ хайрладаг, тэдэнтэйгээ эвтэй байхыг хүсдэг. Ехова төгс байхыг биднээс шаарддаггүй байхад бид бусдаас тийм юм шаардах эрхтэй гэж үү? (Сургаалт үгс 17:9; 1 Петр 4:8). Хүн бүр л алддаг. Гэхдээ бие биеэ хайрладаг бол «дуртайяа уучилна» (Колосай 3:13). Бас туулайн чинээ харыг уулын чинээ болгохгүй. Гомдохоо больж, болсон явдлыг мартах амаргүй байдаг. Харин уурлах, хорслоо дотроо хадгалж явах амархан. Гэхдээ ингэвэл баяр хөөрөө алдана, өширхөн зэвүүцдэг болно. Гомдоосон хүнийг уучилбал сэтгэл амар, хурлынхантайгаа эв нэгдэлтэй, гол нь, Еховатай сайн харьцаатай байна (Матай 6:14, 15; Лук 17:3, 4; Ром 14:19).
ИТГЭЛ НЭГТЭН ХУРЛААС ХАСАГДВАЛ
19. Ямар тохиолдолд итгэл нэгтнээсээ харьцаагаа таслах хэрэгтэй вэ?
19 Нэг гэрийн хүмүүс бие биеэ хайрладаг бол бусдынхаа сайн сайхныг бодож үүргээ биелүүлдэг. Гэтэл нэг нь буруу юм хийдэг болжээ гэж бодъё. Буруу замаас нь гаргах гэж гэрийнхэн нь бүгдээрээ ахин дахин оролдсон ч тус болсонгүй. Тэгтэл тэр хүн өөрөө гэрээсээ явахаар эсвэл өрхийн тэргүүн өнөөх хүнийг гэрээсээ явуулахаар болжээ. Үүнтэй төстэй явдал хуралд гарч болох юм. Хурлын гишүүн Еховагийн таалалд нийцдэггүй юм хийдэг болж, бусдыгаа уруу татаж мэднэ. Буруу юм хийдгээ болиход нь туслах гэхэд тусламж авахаас зориуд татгалзаж, цаашид хурлын гишүүн байх хүсэлгүйгээ үйлдлээрээ харуулж болох юм. Ийм хүн өөрөө хурлаа орхидог. Эсвэл ийм хүнийг хурлаас хасдаг. «Тийм хүнээс холбоогоо тасал» гэж Библид байдаг (1 Коринт 5:11–13-ыг уншина; 2 Ёохан 9–11). Тэр хүн бидний найз эсвэл гэр бүлийн гишүүн бол бидэнд их хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ ийм л үед хүнд биш, Еховад илүү үнэнч байх ёстой (Тайлбар 8-ыг үзнэ үү).
20, 21. а) Хурлаас хасахыг хайрын үүднээс авдаг арга хэмжээ гэж яагаад хэлж болох вэ? б) Найз нөхдөө ухаалаг сонгох нь яагаад чухал бэ?
20 Хурлаас хасах нь Еховагийн санаачилсан, хайрын үүднээс авдаг арга хэмжээ юм. Энэ нь Еховагийн тогтоосон хэм хэмжээг зөрчдөг хүмүүсээс хурлыг хамгаалдаг (1 Коринт 5:7; Еврей 12:15, 16). Бид энэ арга хэмжээг дэмжиж Еховаг, ариун нэрийг нь, өндөр хэм хэмжээг нь хайрладгаа баталдаг (1 Петр 1:15, 16). Мөн хурлаас хасах нь хурлын гишүүн байхаа больсон хүнийг ч хайрлаж байгаа хэрэг. Яагаад гэвэл сахилга батын арга хэмжээ авхуулсан хүн буруу юм хийж байгаагаа ухаарч, засаръя гэж бодож болох юм. Хурлаас хасагдсан олон хүн Ехова руу буцаж ирэхэд итгэл нэгтнүүд нь халуун дотноор угтаж авсан (Еврей 12:11).
21 Найз нөхөд хүнд сайнаар ч, муугаар ч нөлөөлдөг. Ийм учраас найз нөхдөө ухаалаг сонгох хэрэгтэй. Еховагийн хайрладаг хүмүүсийг хайрладаг бол Еховад үүрд үнэнч байхад тус дэм болох найзуудтай болно.