Skip to content

Гарчиг руу орох

«Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач»

«Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач»

«Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» (ЗЕХ. 8:23).

ДУУ: 32, 31

1, 2. а) Ехова өнөөгийн цаг үеийн талаар зөнч Зехариагаар юу хэлүүлсэн бэ? б) Энэ өгүүллээр ямар асуултын хариуг мэдэж авах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

БИДНИЙ амьдарч буй цаг үеийн талаар Ехова өөрийн зөнч Зехариагаар ийн хэлүүлжээ. «Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран “Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо” гэх болно» (Зех. 8:23). «Арван хүн» нь дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг төлөөлдөг. Тэд «Бурханы Израиль» буюу тослогдогсодтой мөр зэрэгцэн үйлчилдгээ нэр төрийн хэрэг гэж үздэг. Тослогдогсдыг Ехова ивээдэг гэдгийг мэддэг учраас тэр юм (Гал. 6:16).

2 Бурхны ард түмэн гайхалтай эв нэгдэлтэй байхыг Есүс бас онцолжээ. Дагалдагчид нь «өчүүхэн сүрэг» ба «өөр хонинууд» гэсэн хоёр бүлэг хүнээс бүрдэх бөгөөд «нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно» гэж хэлсэн (Лук 12:32; Иох. 10:16, ШГ). Үүнээс үүдээд дараах асуулт төрж болох юм. 1) «Өөр хонинууд» дэлхий дээр байгаа тослогдсон бүх хүний нэрийг мэдэх хэрэгтэй юү? 2) Тослогдсон хүмүүс өөрсдийгөө юу гэж үзэх ёстой вэ? 3) Хурлын маань хэн нэг гишүүн Дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртвэл яах нь зүйтэй вэ? 4) Бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаад санаа зовох нь зөв үү? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээр ярилцъя.

ТОСЛОГДСОН БҮХ ХҮНИЙ НЭРИЙГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

3. Хэн нь 144 000 хүний бүрэлдэхүүнд орсон байхыг таах гэж оролдох нь яагаад утгагүй вэ?

3 «Өөр хонинууд» дэлхий дээр байгаа тослогдсон бүх хүний нэрийг мэдэх хэрэгтэй юү? Товчхон хэлэхэд мэдэх хэрэггүй. Яагаад? Тослогдоно гэдэг нь тэнгэрт амьдрах урилга авч байна гэсэн үг. Харин шагнал авна гэсэн баталгаа биш юм. Сатан үүнийг мэддэг учраас «хуурамч эш үзүүлэгчдийг» ашиглан тэднийг «төөрөлдүүлэхийг» оролддог (Мат. 24:24). Тослогдсон хүн тэнгэрийн шагналаа авах эсэхээ мэдэхгүй. Тухайн хүнийг шагнал авах зохистой юу, үгүй юү гэдгийг Ехова шийднэ. Тэгээд энэ шийдвэрээ мэдүүлж эцсийн тамга дарна. Зарим хүнийг нас барахынх нь өмнө, зарим хүнийг агуу их гай гамшиг эхлэхийн өмнө эцсийн удаа тамгална (Илч. 2:10; 7:3, 14). Тэгэхлээр дэлхий дээр амьдарч байгаа тослогдсон христиануудын хэн нь 144 000 хүний бүрэлдэхүүнд орсон байхыг таах гэж оролдох нь утгагүй юм. [1]

4. Одоо амьд байгаа тослогдсон хүмүүсийн нэрийг мэдэх боломжгүй юм бол яаж тэдэнтэй хамт явах вэ?

4 Одоо амьд байгаа тослогдсон хүмүүсийн нэрийг мэдэх боломжгүй юм бол «өөр хонинууд» яаж тэдэнтэй хамт явах болж байна вэ? Зехариагийн зөгнөлд бэлгэдлийн «арван хүний» тухай юу гэж байдгийг анхааръя. Тэд «нэг иудей хүний хувцаснаас зууран “Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо” гэх болно». Нэг иудей хүн гэсэн атлаа «өөрсөдтэйгөө», «та нартай» хэмээн олон тоогоор бичсэн байна. Тэгэхлээр нэг иудей хүн гэдэг нь ганц хүн биш, харин бүлэг хүн гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас тослогдсон хүн нэг бүрийг мэдэж аваад дагаж явах шаардлагагүй ажээ. Харин бүлэг хүнийх нь хувьд мэдэж аваад дэмжих хэрэгтэй. Тэгээд ч бид хувь хүнийг бус, Удирдагч Есүсийг дагах ёстой (Мат. 23:10).

ТОСЛОГДОГСОД ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

5. Тослогдсон хүн ямар анхааруулгыг нухацтай бодох ёстой вэ? Яагаад?

5 Дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртдэг хүн 1 Коринт 11:27–29бичсэн анхааруулгыг нухацтай бодох учиртай (Уншина уу). Элч Паул юу хэлэх гэсэн юм бол? Тослогдсон хүн Еховатай сайн харьцаатай биш бол бэлгэдлийн идээнээс хүртэх нь зохисгүй ажээ (Евр. 6:4–6; 10:26–29). Тослогдсон христианууд энэ анхааруулгыг уншаад шагналаас хараахан барьж аваагүйгээ санах учиртай. Тэд «Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа уруу урагшилсаар» байх ёстой (Флп. 3:13–16).

6. Тослогдсон хүмүүс өөрсдийгөө юу гэж үзэх ёстой вэ?

6 Паул тослогдсон хүмүүст «Та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой яв» хэмээн уриалжээ. Яавал «дуудлагадаа зүй зохистой явах вэ? Паул цааш нь «Аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн» гэжээ (Еф. 4:1–3). Еховагийн ариун сүнс христиануудад бардам зангаа ялж, даруу байхад нь тусалдаг (Кол. 3:12). Ехова дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүст ч ариун сүнсээ адилхан өгдгийг тослогдогсод хүлээн зөвшөөрдөг. Тэд өөрсдийгөө Библийг илүү сайн мэддэг, бусдаас ямар нэг байдлаараа онцгой гэж хэзээ ч боддоггүй. Бас тослогдсон гэж бодсон хүндээ бэлгэдлийн идээнээс хүртэхийг зөвлөдөггүй. Харин даруу байж, Ехова л хүмүүсийг тэнгэрт урих эрхтэйг сайн ойлгодог.

7, 8. Тослогдогсод бусдаас юу шаарддаггүй вэ? Яагаад?

7 Тослогдогсод тэнгэрт амьдрах урилга авснаа нэр төрийн хэрэг гэж боддог ч онцгой хүндэтгэл үзүүлэхийг бусдаас шаарддаггүй (Еф. 1:18, 19; Филиппой 2:2, 3-ыг уншина уу). Тэнгэрийн найдвартай болсныг нь Еховагийн сүнс хувьчлан мэдүүлдэг болохоос, дэлхий даяар зарладаггүй. Тийм болохоор ариун сүнсээр тослогдсонд нь хүмүүс итгэхгүй байвал тэд гайхдаггүй. Тэгээд ч Бурхнаас тусгай томилолт авсан гэж хэлж байгаа хүмүүст юу юугүй итгэж болохгүй гэсэн зөвлөгөө Библид байдгийг мэддэг (Илч. 2:2). Тиймд бусдад өөрийгөө танилцуулахдаа тослогдсоныгоо «нэрийн хуудас» болгон ашигладаггүй. Бусдын анхаарлыг өөртөө татахгүй гэсэндээ өөрийнхөө тухай тэр бүр яриад байдаггүй. Бас ирээдүйд авах шагналаараа гайхуулахыг хүсдэггүй (1 Кор. 1:28, 29; 4:6–8-ыг уншина).

8 Түүнээс гадна өөрсдийгөө дээд зиндааныхан гэж үздэггүй. Адилхан найдвартай хүмүүсийг хайж олоод байнга харилцаа холбоотой байх юм уу Библи судлах тусгай бүлэг байгуулахыг зорьдоггүй (Гал. 1:15–17). Хэрэв тослогдсон хүмүүс ийм зорилго өвөрлөдөг бол хурлыг хагалан бутаргана. Амар тайван, эв нэгдэлтэй байлгадаг ариун сүнсийг эсэргүүцэж байна гэсэн үг болно (Ром 16:17, 18-ыг уншина уу).

ТА ЯАХ ВЭ?

9. Дурсах цуглаан дээр талх, дарснаас хүртдэг хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? ( «Хайр “зохисгүй авирладаггүй”» гэсэн гарчигтай хавсралтыг үзнэ үү).

9 Дурсах цуглаанаар бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүст хэрхэн хандах нь зүйтэй вэ? Есүс шавь нартаа «Та нар бүгд ахан дүүс билээ» гээд цааш нь «Өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно» гэжээ (Мат. 23:8–12). Тиймээс хэн нэг хүнийг, тэр дундаа, Христийн тослогдсон ах дүүсийг өргөмжлөх нь буруу юм. Ахлагчдын талаар Библид «Тэдний ... итгэлийг нь дуурай» гэж зөвлөсөн байдаг. Гэхдээ хүнийг удирдагчаа болгон өргөмжилж болохгүй (Евр. 13:7). Зарим хүн «хоёр дахин хүндэтгэл авах зохистой» гэж Библид байдаг нь үнэн. Гэхдээ тослогдсон учраас бус, харин «сайн удирдаж ... үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй» учраас ийм хүндэтгэл хүлээх эрхтэй (1 Тим. 5:17). Хэрэв бид тослогдсон хүмүүсийг хэтэрхий их хүндэлж, өргөмжлөн дээдэлбэл тэднийг эвгүй байдалд оруулна. Бусдаас онцгой хандаад байвал даруу байхад амаргүй болно (Ром 12:3). Христийн тослогдсон ах дүүсийг бүдрүүлэхийг хэн маань ч хүсдэггүй! (Лук 17:2).

Бэлгэдлийн идээнээс хүртдэг нэгэндээ яаж хандах ёстой вэ? (9–11-р догол мөрийг үзнэ үү)

10. Тослогдогсдыг хэрхэн хүндлэх вэ?

10 Еховагийн тосолсон хүмүүсийг зохих ёсоор хэрхэн хүндлэх вэ? Хувийн хэрэгт нь хөндлөнгөөс оролцож тослогдсон талаар нь асуух хэрэггүй. Энэ бол бидний мэдэх ёстой зүйл биш (1 Тес. 4:11; 2 Тес. 3:11). Тослогдсон хүний аав ээж, хань ижил, хамаатан садан нь бас тослогдсон байх гэж бодох хэрэггүй. Тослогдоход ураг төрлийн холбоо огт хамаагүй (1 Тес. 2:12). Бас ханьтайгаа хамт диваажин дэлхийд амьдрахгүй гэж бодохлоор ямар санагддагийг хань ижлээс нь асуух ёсгүй. Хүний зүрхийг шархлуулах юм асуухын оронд Ехова «мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангана» гэдэгт бүрэн дүүрэн итгэх учиртай (Дуу. 145:16).

11. Зусарч бялдууч занг жигшдэг бол өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

11 Тэнгэрт амьдрах найдвар өвөрлөсөн хүмүүст зөв зохистой ханддаг хүн далд аюулаас өөрийгөө хамгаалдаг. «Хуурамч ах дүү нар», түүний дотор өөрсдийгөө тослогдсон гэж хэлэх хүмүүс хуралд шургалан орно гэсэн анхааруулга Библид байдаг (Гал. 2:4, 5; 1 Иох. 2:19). Түүнээс гадна тослогдсон зарим хүн үнэнч байхаа болихыг үгүйсгэх аргагүй (Мат. 25:10–12; 2 Петр 2:20, 21). Зусарч бялдууч занг жигшдэг хүн бусдыг аялдан дагадаггүй. Нэр алдартай, Еховад олон жил үйлчилсэн эсвэл тослогдсон итгэл нэгтэн маань үнэнч бус боллоо гэхэд бүдэрч Еховад үйлчлэхээ болих юм уу итгэлгүй болохгүй (Иуда 16).

САНАА ЗОВОХ НЬ ЗӨВ ҮҮ?

12, 13. Талх, дарснаас хүртдэг хүмүүсийн тоо өсөж байгаад санаа зовох ёсгүйн учир юу вэ?

12 Христийн нас барсныг дурсах цуглаан дээр бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүсийн тоо буурсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд өсөж байна. Үүнд бид санаа зовох хэрэгтэй юү? Хэрэггүй. Байнга санаж явах ёстой хэдэн чухал зүйлийг ярилцъя.

13 Ехова «Өөрийн хүмүүсийг таньдаг» (2 Тим. 2:19). Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэгчдийг тоолдог хүмүүс чухам хэн тослогдсоныг мэдэхгүй. Зарим хүн тослогдсон гэж эндүүрээд талх дарснаас хүртчихдэг. Яваандаа хүртэхээ больдог. Сэтгэцийн эмгэг юм уу сэтгэл санааны өвчнөөс болоод Христтэй хамт тэнгэрээс захирна гэж итгэдэг хүмүүс ч байдаг. Тиймээс бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүсийн тоог одоо дэлхий дээр байгаа тослогдсон хүмүүсийн тоо гэж үзэх аргагүй юм.

14. Агуу их гай гамшиг эхлэхэд тослогдсон хүн хэд байх талаар Библид юу гэж байдаг вэ?

14 Есүс тослогдогсдыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулна. Энэ талаар Библид «Тэр тэнгэр элчүүдээ их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно» гэж байдаг (Мат. 24:31). Бас эцсийн өдрүүдэд цөөхөн тооны тослогдсон хүмүүс дэлхий дээр байхыг хэлж өгдөг (Илч. 12:17). Гэхдээ агуу их гай гамшиг эхлэх үед тослогдогсдоос яг хэдэн хүн амьд байхыг Библид тодорхой дурдаагүй.

15, 16. Ехова 144 000 хүнийг хэрхэн сонгодог талаар бид юу санаж явах хэрэгтэй вэ?

15 Тослогдсон хүмүүсийг хэзээ сонгохыг Ехова шийддэг (Ром 8:28–30). Есүсийг амилсны дараа тослогдогсдыг сонгож эхэлжээ. Нэгдүгээр зууны христианууд бүгд тослогдсон хүмүүс байв. Харин түүнээс хойших үеийн Христийн дагалдагч гэгддэг хүмүүсийн дийлэнх нь хуурамч христианууд байлаа. Есүс тэднийг «зэрлэг өвстэй» зүйрлэжээ. Гэлээ ч эцсийн өдрүүд хүртэл «буудайтай» зүйрлэм үнэнч хүн цөөхөн ч гэсэн байсан юм. Ехова тийм хүмүүсийг ариун сүнсээрээ тосолсон (Мат. 13:24–30). Эцсийн өдрүүд эхэлснээс хойш ч Ехова зарим хүнийг 144 000-ын бүрэлдэхүүнд оруулахаар сонгож ирсэн. [2] Хэрэв заримыг нь төгсгөл болохын өмнөхөн сонгохоор шийдсэн бол «Чи юу хийж байна вэ?» гэж Еховатай маргах хүн байна гэж үү? (Ис. 45:9; Дан. 4:35; Ром 9:11, 16-г уншина уу). [3] «Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн» ажилчидтай барьцаж эзэндээ гомдоллосон хүмүүс шиг болохгүйн тулд бид болгоомжтой байх ёстой (Матай 20:8–15-ыг уншина уу).

16 Тэнгэрт амьдрах найдвартай бүх хүн «итгэмжит ухаалаг боолын» бүрэлдэхүүнд ордоггүй (Мат. 24:45–47). Ехова Есүс хоёр I зуунд цөөхөн хүнээр олон хүнийг хооллож байсан аргаа өнөөдөр бас хэрэглэдэг. І зууны тослогдсон христиануудын дундаас цөөхөн хүн л Библийн Грек судрыг бичсэн билээ. Өнөөдөр бас «цагт нь хоол ундыг өгөх» даалгаврыг тослогдсон цөөхөн хүн авсан.

17. Та энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ?

17 Бид энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ? Ехова бэлгэдлийн иудейчүүдэд тэнгэрт амьдрах найдвар, бэлгэдлийн «арван хүнд» дэлхий дээр амьдрах найдварыг бэлэг болгон өгөхөөр шийдсэн. Гэхдээ үнэнч бай гэсэн шаардлагыг аль алинд нь тавьдаг. Тэд дэлхий дээр амьдрах ч бай, тэнгэрт амьдрах ч бай даруу байх ёстой. Бас эв нэгдэлтэй байж, хурлаа амар тайван байлгах үүрэг хүлээдэг. Тэгэхлээр бүгдээрээ төгсгөл ойртох тусам Христээр удирдуулан нэг сүрэг мэт үйлчилцгээе.

^ [1] (3-р догол мөр). Дуулал 87:5, 6-г үзвэл Есүстэй хамт тэнгэрээс захирах хүмүүсийн нэрс ирээдүйд тодорхой болох бололтой (Ром 8:19).

^ [2] (15-р догол мөрийг үзнэ үү). Үйлс 2:33-т бичсэнээр тослогдогсдыг сонгох ажилд Есүс оролцдог ч урилга өгдөг гол Эзэн нь Ехова юм.

^ [3] (15-р догол мөр) «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 1-р сарын 15-ны дугаарын 22, 23-р хуудсан дахь 13–16-р догол мөрөөс дэлгэрэнгүй үзнэ үү.