Бурхнаа шүтэхээр цуглах ёстойн учир
«Тэд ... нөхөрлөлд ... өөрсдийгөө зориулдаг байлаа» (ҮЙЛС 2:42, АБН).
ДУУ: 20, 120
1-3. а) Христийн дагалдагчид хамтдаа цуглах завшаанаа эрхэмлэж ирсэн нь юунаас харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?
КОРИНАГ дөнгөж 17-той байхад ээжийг нь баривчилж ЗХУ-ын хөдөлмөрийн лагерь луу явуулжээ. Хожим нь Коринаг гэрээс нь хэдэн мянган бээрийн алсад, Сибирь лүү цөлсөн байна. Фермд ажиллуулж, боол шиг харьцдаг байв. Заримдаа хахир хүйтэнд дулаан хувцасгүй гаргаж ажиллуулна. Гэлээ ч Корина өөр нэг Гэрч бүсгүйтэй хамт цуглаанд очихын тулд чадах бүхнээ хийхээр шийджээ.
2 «Бид ажиллаж байсан газраасаа орой нь гарч төмөр замын өртөө хүртэл 25 километр алхсан. Галт тэрэг шөнийн 2 цагт ирлээ. Бүтэн 6 цаг яваад галт тэрэгнээс бууж цуглаан болдог газар хүртэл 10 километр зам туулсан» гэж Корина ярьсан юм. Энэ аялал нь үр дүнтэй байсан болов уу? Корина: «Цуглаан дээр “Харуулын цамхаг” сэтгүүл судалж Хаанчлалын дуу дуулсан. Энэ явдал сэтгэл сэргээж, итгэл бэхжүүлсэн» хэмээн дүгнэж байна. Тэднийг 3 хоногийн дараа буцаад очиход фермийн эрхлэгч нь юу ч мэдээгүй байжээ.
Үйлс 2:42, АБН). Та бас тэдэн шиг, цуглаанд тогтмол очихыг хүсдэг байх. Гэлээ ч Христийн дагалдагч бүрд саад тулгардаг. Ажил төрөл, стресс ядаргаа зэргээс болоод цуглаанд очих тэр бүр амаргүй байж болох юм. Иймэрхүү саадыг даваад цуглаандаа тогтмол очих хэвшилтэй болоход юу тус болох вэ? [1] Цуглаанд очих нь маш чухал гэдгийг суралцагчдаа болон бусад хүнд хэрхэн ойлгуулах вэ? Энэ өгүүллээр цуглаанд очих найман шалтгааныг авч үзье. Эдгээр шалтгааныг гурван бүлэг болгоё. Цуглаанд очих нь 1) танд, 2) бусдад, 3) Еховад ямар ач тустай вэ? [2]
3 Еховагийн ард түмэн хамтдаа цуглах завшаанаа хэзээд эрхэмлэдэг. Нэгдүгээр зуунд хурал бий болсны дараахан Есүсийн дагалдагчид «нөхөрлөлд ... өөрсдийгөө зориулдаг байлаа» (ТАНД ...
4. Еховагийн тухай мэдэхэд цуглаан ямар ач холбогдолтой вэ?
4 Цуглаанаас их зүйлийг сурдаг. Бид цуглаан болгоноос Ехова Бурхныхаа тухай сурч мэддэг. Жишээлбэл сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэнх хурал «Еховад ойртогтун» («Draw Close to Jehovah») номыг Библи судлалын цуглаанаар үзсэн. Бурхны зан чанаруудын тухай судлаад, итгэл нэгтнүүдийнхээ чин сэтгэлийн хариултыг сонсоод тэнгэрийн Эцгээ гэсэн хайр тань улам лавширсан биз дээ? Түүнчлэн илтгэл, үзүүлбэрүүдийг анхаарч, Библиэс уншихыг сонсохлоор Бурхны Үгийн талаарх мэдлэг маань нэмэгддэг (Нех. 8:8). Жишээ нь та «Библиэс унших» гэдэг хэсгийг бэлдэж байхдаа эсвэл бусад хүн энэ хэсгээс юу онцолж байгааг сонсоод ямар их зүйлийг мэдэж авдгаа бодоод үз дээ.
5. Библиэс сурсан зүйлээ хэрэгжүүлж, дэлгэрүүлэх аргаа сайжруулахад тань цуглаан яаж тус болдог вэ?
5 Цуглаанаар бид Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх аргыг заалгадаг (1 Тес. 4:9, 10). Тухайлбал та «Харуулын цамхаг» судлалын цуглаанд сууж байхдаа Еховагийн төлөө илүү ихийг хийе, итгэл нэгтнээ уучилъя, залбирлынхаа чанарыг сайжруулъя гэх зэргээр бодож байсан уу? Долоо хоногийн дундуур болдог цуглаанаар, сайн мэдээг яаж дэлгэрүүлэх, Библийн сургаалыг хэрхэн үр дүнтэй заахад суралцдаг (Мат. 28:19, 20).
6. Цуглаанд очихлоор яагаад урам зориг бадарч, эрч хүчтэй байдаг вэ?
6 Цуглаанд очихлоор урам зориг бадардаг. Өнөөгийн ертөнц бидний итгэлийг сулруулж, ухааныг хордуулж, сэтгэлийг хямраадаг. Харин цуглаан урам зориг бадрааж, хүч тэнхээтэй болгодог (Үйлс 15:30–32-ыг уншина). Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг цуглаан дээр ярилцдаг. Үүний дүнд ирээдүйн тухай зөгнөл ч биелнэ гэдэгт улам бат итгэдэг. Тайзан дээр зогсоод ярьж байгаа хүмүүс л урам зориг өгдөг юм биш ээ. Хариулт тайлбар хэлж, чин зүрхнээсээ дуулж буй итгэл нэгтнүүд маань ч биднийг сэргээдэг (1 Кор. 14:26). Бас цуглааны өмнө, цуглааны дараа өөр хоорондоо ярилцахад сэтгэл сэргэж, тулж түших ах дүүтэйгээ мэдрээд баярладаг (1 Кор. 16:17, 18).
7. Цуглаанд очих нь яагаад чухал бэ?
7 Цуглаанд очвол Бурхны ариун сүнсээр удирдуулна. Есүс Христ: «Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун» гэсэн байдаг (Илч. 2:7). Есүс хурлуудыг ариун сүнсээр удирддаг. Хорхой хүргэм зүйлийг тэвчих, дэлгэрүүлэх эр зориг, ур чадвартай болох, зөв шийдвэр гаргахад ариун сүнсний тусламж бидэнд хэрэгтэй. Тийм учраас цуглаанд очиж энэ сүнсийг авахын тулд чадах бүхнээ хийх учиртай.
БУСДАД ...
8. Цуглаанд суугаад, чин сэтгэлээсээ хариулж, дуу дуулдаг маань итгэл нэгтнүүдэд ямар ач тустай вэ? («Бие хөнгөрчихсөн байдаг» гэсэн хавсралтыг үзээрэй).
8 Цуглаанд очвол ах дүүдээ хайраа илэрхийлэх боломж олдоно. Хурлынхаа итгэл нэгтнүүдэд тохиолддог бэрхшээлийн тухай бодоод үз дээ. Элч Паул: «Бие биеэ ... анхааръя» гэж бичсэн байдаг. Ингэж анхаарахын тулд «хамтран цуглахаа» болихгүй байх хэрэгтэй гэжээ (Евр. 10:24, 25). Цуглаанд очдог тань итгэл нэгтнүүдтэйгээ хамт байж, ярьж хөөрч, анхаарч халамжлахыг хүсдэгээ харуулж буй хэрэг юм. Бас таныг чин сэтгэлээсээ хариулж, дуу дуулахад итгэл нэгтнүүд тань урамшдаг (Кол. 3:16).
9, 10. а) Иохан 10:16-д буй Есүсийн үгнээс үзвэл итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах нь яагаад чухал бэ? б) Цуглаандаа тогтмол очдог бол итгэгч бус гэр бүлтэй хүмүүст ямар ач тус хүргэх вэ?
9 Цуглаанд очдог бол хурлын эв нэгдэл бэхэжнэ. (Иохан 10:16-г уншина). Есүс өөрийгөө хоньчинтой, дагалдагчдаа хонин сүрэгтэй зүйрлэжээ. Хоёр хонь ууланд, хоёр хонь хөндийд, нэг хонь хаа нэгтээ бэлчиж байна гэж бодъё. Энэ таван хонийг сүрэг гэж хэлж болох уу? Ер нь хонин сүрэг хамт байж хоньчноо дагадаг. Хэрэв бид бусдаасаа зориуд хөндийрөөд байвал Хоньчноо дагаж чадахгүй. «Нэг хоньчинтой нэг хонин сүрэг» байхын тулд бусад итгэл нэгтэнтэйгээ хамт цуглах учиртай.
10 Нэг гэр бүл шиг болоход цуглаан тус болдог (Дуу. 133:1). Зарим итгэл нэгтнийг маань эцэг эх, төрсөн ах эгч нь шоовдорлодог. Есүс тэдэнд хайр халамжтай гэр бүл өгөхөө амласан (Марк 10:29, 30). Та цуглаанд тогтмол явдаг бол тийм хүмүүсийн аав нь, ээж нь, ах нь, эгч нь болно шүү дээ! Ингэж бодвол цуглаанаа таслахгүйн төлөө чадах бүхнээ хийнэ биз дээ?
ЕХОВАД ...
11. Цуглаанд очвол Еховад юу өгч чадах вэ?
11 Цуглаанд очвол Еховаг магтан алдаршуулж, талархлаа илэрхийлж, хүндлэн дээдэлнэ. Ехова биднийг бүтээсэн учраас энэ бүхнийг хүртэх зохистой нэгэн билээ (Илчлэлт 7:12-ыг уншина). Цуглаан дээр залбирч, дуу дуулж, Еховагийн тухай ярьдаг маань ийм учиртай. Долоо хоног бүр Еховаг шүтэх боломжтой маань ямар их завшаан бэ!
12. Цуглаанд очоорой гэсэн тушаалыг нь дуртайяа дагадаг бол Еховад ямар санагдах вэ?
12 Бид Еховад захирагдах учиртай. Энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам хамтдаа цуглаарай гэж Ехова бидэнд тушаасан. Энэ тушаалыг нь дуртайяа дагадаг бол баярлана (1 Иох. 3:22). Цуглаанд суухыг үнэхээр хүсэж байгааг маань харж, хичээл зүтгэлийг маань өндөр үнэлдэг (Евр. 6:10).
13, 14. Цуглаанд очвол Ехова Есүс хоёртой дотно болдог гэхийн учир юу вэ?
13 Цуглаанд очдог маань Еховатай болон Хүүтэй нь дотно болохыг хүсдэгийн баталгаа юм. Цуглаан дээр бид Библи судалж, юу хийх, яаж амьдрах ёстойгоо мэдэж авдаг (Ис. 30:20, 21). Итгэгч бус хүмүүс хүртэл манай цуглаанд суухлаараа Бурхан «үнэхээр та нарын дунд байгаа» юм байна гэдэг (1 Кор. 14:23–25). Ехова цуглааныг маань ариун сүнсээрээ удирдаж, бидэнд Библийн боловсрол олгодог. Тийм учраас бид цуглаан дээр Еховагийн хэлэх үгийг сонсож, хайр халамжийг нь мэдэрдэг. Тэгээд Ехова Бурхантайгаа дотно болдог.
14 Есүс: «Хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна» хэмээн айлджээ (Мат. 18:20). Энэ нь цуглааны тухай хэлсэн хэрэг юм. Христ хурлын тэргүүн учир Бурхны ард түмний хурлуудын дунд «алхдаг» гэж Библид байдаг (Илч. 1:20—2:1). Тэгэхлээр Ехова Есүс хоёр цуглааны үед бидэнтэй хамт байж, бидний урам зоригийг бадраадаг ажээ. Өөртэй нь, Хүүтэй нь дотносох гэж хичээж байгаа биднийг хараад Еховад ямар санагдаж байгаа бол?
15. Цуглаанд очдог маань Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгийн шинж гэхийн учир юу вэ?
15 Цуглаанд очдог маань Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгийн шинж юм. Ехова цуглаанд очихыг тушаасан ч энэ тушаалыг дага гэж хүчилдэггүй (Ис. 43:23). Еховаг чин зүрхнээсээ хайрлаж, эрх мэдлийг нь дэмждэг хүн л энэ тушаалыг биелүүлдэг (Ром 6:17). Зарим хүнийг дарга нь их ажлаар шахаж цуглаанд тогтмол очиход нь саад болдог. Эсвэл цуглаанд явбал торгоно, шоронд хийнэ, түүнээс ч дор шийтгэл онооно гэх зэргээр засгийн газар сүрдүүлдэг. Заримдаа бидэнд цуглааныг бус, тоглоом наадам, зугаа цэнгэлийг илүүд үзмээр санагдах үе бий. Аль нь ч байлаа гэсэн «Би хэнд үйлчлэх вэ?» гэсэн асуулт тулгардаг (Үйлс 5:29). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг бол «зүрхийг [нь] баярлуулна» (Сур. 27:11).
АХ ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ЦУГЛАСААР БАЙЯ
16, 17. а) I зууны Христийн дагалдагчдад цуглаан маш чухал байсныг хаанаас мэдэж болох вэ? б) Жорж Гангэс ах цуглааны талаар ямар бодолтой байсан бэ?
16 Христийн дагалдагчид МЭ 33 оны Пентекостын өдөр цугласан билээ. Түүнээс хойш ч Еховаг шүтэхээр цугладаг байсан. «Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд ... өөрсдийгөө зориулдаг байлаа» (Үйлс 2:42, АБН). «Өөрсдийгөө зориулдаг» гэж орчуулсан грек үг нь маш их хүчин чармайлт гаргах, тууштай, тэвчээртэй байх гэсэн утгатай. Тэдгээр дагалдагч Ромын засгийн газарт хавчигдаж, Иудейн шашны удирдагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан ч цөхрөлтгүй цугласаар байсан.
17 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид цуглааныг өндөр үнэлдэг. 22 жил Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Жорж Гангэс: «Миний хувьд итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах нь амьдралын минь хамгийн тааламжтай, сэтгэл сэргээсэн мөч байдаг. Би Хаанчлалын танхимд, болж өгвөл хамгийн түрүүнд очоод хамгийн сүүлд явах дуртай. Бурхны үйлчлэгчидтэй ярихад сэтгэл зүрх минь баяраар бялхдаг. Тэдний дунд байхлаар аав ээж, ах дүүтэйгээ хамт байгаа юм шиг л байдаг» гээд цааш нь «Луужин хэзээд хойд зүгийг заадаг шиг миний бодол санаа, хүсэл тэмүүлэл бол цуглаанд явах юм» гэжээ.
18. Та цуглааныхаа талаар ямар бодолтой явдаг вэ? Цаашдаа яая гэж бодож байна вэ?
18 Та бас Еховаг шүтэхээр ах дүүтэйгээ цуглахыг завшаан гэж үздэг үү? Тэгдэг бол цуглаандаа тогтмол явахын тулд хүчин чармайлт гаргаж, тууштай, тэвчээртэй байгаарай. «ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй[д] ... хайртай» гэж хэлсэн Давид хааныхтай адилхан сэтгэлтэй гэдгээ харуулаарай (Дуу. 26:8).
^ [1] (3-р догол мөр) Зарим итгэл нэгтэн маань хүнд өвчин зэргээс болоод цуглаанд тогтмол очих боломжгүй байдаг. Гэлээ ч Ехова тийм үйлчлэгчдээ ойлгодог бөгөөд чин сэтгэлээсээ шүтдэгийг нь үнэлж эрхэмлэдэг. Ахлагчид тэдэнд цуглааны хөтөлбөрийг утсаар сонсгох юм уу бичлэг хийгээд өгч болно.
^ [2] (3-р догол мөр) «Цуглаанд очих нь ямар ач тустай вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй.