Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Бурхан бидэнд нигүүлслээ янз бүрээр үзүүлсэн

Бурхан бидэнд нигүүлслээ янз бүрээр үзүүлсэн

МИНИЙ аавыг Артур Гээст гэдэг. Хүүхэд байхдаа их сүсэгтэй байсан учраас Методист сүмийн номлогч болохыг хүсдэг байжээ. Харин Библи Судлаачдын хэвлэлийг уншиж тэдэнтэй уулздаг болсноосоо хойш бодлоо өөрчилсөн гэдэг. Тэгээд 1914 онд 17-тойдоо баптисм хүртжээ. Тэр үед дэлхийн І дайн дэгдэж аавд цэргийн зарлан иржээ. Аав татгалзсан учраас Канадын Онтарио мужийн Кингстон шоронд арван сар хоригдсон юм билээ. Суллагдсаныхаа дараа ном түгээгч (эхлэгч) болжээ.

Аав 1926 онд Хэйзл Вийлкинсон гэдэг бүсгүйтэй гэрлэсэн. Миний ээж л дээ. Ээжийн ээж 1908 онд үнэнтэй танилцжээ. Би 1931 оны 4 дүгээр сарын 24-нд дөрвөн хүүхдийн хоёр дахь нь болж төрсөн. Аав минь Библийг маш их эрхэмлэдэг байсан болохоор бидэнд бас ингэхийг зааж өгсөн. Манай гэр бүлийн хамгийн чухал зүйл нь Еховаг шүтэх байлаа. Бид айлаар дэлгэрүүлэх ажилд гэр бүлээрээ тогтмол оролцдог байв (Үйлс 20:20).

ААВЫГАА ДУУРАЙН ТӨВИЙГ САХИЖ, ЭХЛЭГЧ БОЛСОН НЬ

Дэлхийн ІІ дайн 1939 онд эхэлж, хойтон жил нь Канад дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хорьсон юм. Хүүхдүүд сургууль дээрээ туг далбаанд мөргөж, төрийн дуулал дуулах ёстой байв. Тэр үеэр миний төрсөн эгч Дороти бид хоёр ангиасаа гараад явчихдаг байсан. Гэтэл нэг өдөр багш маань намайг ичээхийн тулд хулчгар гэж хэллээ. Хичээлийн дараа манай ангийн хэдэн хүүхэд над руу дайрч, газар унагаан зодов. Гэхдээ би хулчийх нь бүү хэл, улам зоригжиж «хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагана» гэж эрс шийдсэн (Үйлс 5:29).

Би 1942 оны 7 дугаар сард 11-тэйдээ фермийн ус хадгалдаг саванд баптисм хүртсэн юм. Сургуулийнхаа амралтаар амралтын эхлэгч буюу одоогийн туслах эхлэгчээр үйлчлэх их дуртай. Нэг удаа гурван Гэрч ахтай хамт Онтариогийн хойно байдаг харьяа бус хэсэгт очоод мод бэлтгэгчдэд дэлгэрүүлж билээ.

1949 оны 5 дугаар сарын 1-нд байнгын эхлэгч болов. Канадын салбарын барилга баригдаж байсан учир би тэнд ажиллах урилга авсан. Дараа нь 12 дугаар сарын 1-нээс бетелчин болов. Хэвлэх үйлдвэрт томилогдон хэвлэлийн машин дээр ажиллаж сурсан. Канад дахь Гэрчүүдэд тулгарч буй хавчлагын тухай танилцуулга хэвлэх ажилд оролцож хэдэн долоо хоног шөнийн ээлжид гарснаа санаж байна.

Хожим нь би Үйлчлэлийн хэлтэст ажиллаж байхдаа салбар үзэж явсан эхлэгчдээс ярилцлага авсан юм. Тэд хавчлагын голомт болсон Кэбэкт үйлчлэхээр явж байжээ. Алберта мужийн Эдмонтон хотоос ирсэн Мээри Зазуула тэдний нэг байв. Эцэг эх нь үнэн алдартны шашинтай ажээ. Мээри ахтайгаа хоёулаа Еховагийн Гэрчүүдтэй Библи судлахаа болихгүй гэснээсээ болоод гэрээсээ хөөгдчихжээ. Тэр хоёр 1951 оны 6 дугаар сард баптисм хүртэж, 6 сарын дараа эхлэгч болжээ. Мээри Еховад ямар их хайртайг хараад сэтгэл хөдөлж билээ. Тэгээд би дотроо «Янз бүрийн юм болчихгүй бол энэ охинтой сууна даа» гэж бодлоо. Бид 9 сарын дараа, 1954 оны 1 дүгээр сарын 30-нд гэрлэж, 7 хоногийн дараа дүүрэг хариуцагчийн сургалтад суув. Дараа нь Онтариогийн хойд хэсэгт дүүрэг хариуцагчаар 2 жил үйлчилсэн.

Дэлхий даяар дэлгэрүүлэх ажил нэмэгдэхийн хэрээр миссионерууд их хэрэгтэй болов. Бид хоёр Канадын өвлийн тэсгим хүйтнийг давж, зуны язганасан шумуулыг тэсэж чадсан юм чинь хаана ч үйлчилж чадна гэж хоорондоо ярилцлаа. Ингээд 1956 оны 7 дугаар сард Гилеад сургуулийн 27 дахь ангийг дүүргээд 11 дүгээр сард Бразилд томилогдлоо.

БРАЗИЛД МИССИОНЕРООР ҮЙЛЧИЛСЭН НЬ

Бразил дахь салбарт ирээд португал хэл сурч эхлэв. Харилцан ярианы энгийн хэдэн үг сурч, сэтгүүл өгөхдөө хэлэх нэг минутын оршил үг чээжилж аваад дэлгэрүүлэх ажилд гарав. Сонирхсон хүнд Бурхны Хаанчлалын үед амьдрал ямар байхыг дүрсэлсэн Библийн зүйлүүдийг үзүүлдэг байлаа. Дэлгэрүүлсэн эхний өдөр нэг эмэгтэй анхааралтай сонссон болохоор би Илчлэлт 21:3, 4-ийг уншиж өгөв. Тэгснээ ухаан алдчихдаг байгаа! Халуун, чийглэг уур амьсгалд дасаагүй миний хувьд энэ нь том бэрхшээл байлаа.

Эхнэр бид хоёр Кампүүс гэдэг хотод томилогдлоо. Одоо энэ хотод 15 хурал бий. Тэр үед ганц бүлэг, миссионерын ганц байр л байв. Тэнд Ээстр Трэйси, Рамона Баавр, Луиза Шварц, Лорейн Брүүкс (одоо Уолэн болсон) гэдэг дөрвөн миссионер амьдарч байлаа. Миссионерын байранд хийх миний ажил бол юм угаалцах, түлээ бэлтгэх байв. Нэгэн даваа гаргийн орой «Харуулын цамхаг» судлах цуглаан хийсний дараа манайд урилгагүй зочин ирэв. Эхнэр буйдан дээр хэвтээд бид хоёр тэр өдрийн болсон явдлаа ярилцаж байлаа. Мээриг босох гээд өндийтөл дэрэн доороос могой гараад ирдэг байгаа! Бөөн юм болж байж тэр могойг алж билээ.

Бүтэн жил португал хэл үзсэний дараа дүүрэг хариуцагчаар томилогдов. Бид хоёр хөдөө их энгийн амьдардаг боллоо. Гэрэл цахилгаан байхгүй, газар унтана, морь, морин тэргээр явна. Харьяа бус газар дэлгэрүүлэх аян болоход бид уулсын дунд байдаг хотод галт тэргээр очоод дотуур байрны нэг өрөө түрээслэв. Дэлгэрүүлэхэд зориулаад салбараас 800 сэтгүүл ирсэн учир хайрцагтай сэтгүүлүүдийг шуудангаас байр луугаа зөөх гэж олон удаа нааш цааш явж билээ.

1962 онд Бразилын янз бүрийн хотод Христиан үйлчлэлийн сургуулиуд байгуулагдав. Би 6 сарын хугацаанд сургуулиудад очиж багшлах даалгавар авлаа. Энэ удаа ганцаараа Манаус, Белен, Фортализа, Хэсифи, Сальвадор хотод очсон. Би Манауст байхдаа мужийн чуулган зохион байгуулж алдартай дуурийн театрт хийхээр болов. Бороо их орсны улмаас ундны ус бохирдсон бөгөөд чуулганы цайны газар болгочих талбай олдохгүй байлаа (Тэгэхэд чуулганы үеэр хоол өгдөг байв). Би нэг офицерт учир байдлаа хэлсэнд чуулганы туршид биднийг ундны усаар хангахаар болов. Бас цэргүүдээ явуулж гал тогоо, цайны газрын 2 том майхан бариулсан.

Тэр хооронд эхнэр маань португал наймаачдын байдаг газар дэлгэрүүлжээ. Тэд мөнгөнөөс өөр юм сонирхдоггүй болохоор Библийн сэдвээр ярилцаж чадаагүй аж. Мээригийн урам нь хугараад «Португалд л амьдармааргүй юм байна» гэж найзууддаа хэлсэн гэсэн. Тэгтэл юу болсон гэж санана! Португалд үйлчлээрэй гэсэн захиа аваад Мээри шоконд орж билээ. Гэлээ ч бид хоёр тухайн үед манай үйл ажиллагаа хориотой байсан тэр улсад үйлчлэхээр болсон.

ПОРТУГАЛД ҮЙЛЧИЛСЭН НЬ

Бид 1964 оны 8 дугаар сард Португалын Лийсбонд ирлээ. Португалын нууц цагдаагийн газар ах дүү нарыг маань харгислан хавчдаг учраас хүнээр тосуулахгүй, нутгийн Гэрчүүдтэй холбоо барихгүй нь дээр байлаа. Эхнэр бид хоёр оршин суух зөвшөөрөл хүлээнгээ дотуур байрны нэг өрөө хөлсөлж байв. Виз авсны дараа байр түрээсэлж амьдарлаа. Салбартай холбоо барих боломж 1965 оны 1 дүгээр сард л олдож билээ. Таван сарын дараа анх удаа цуглаанд суухад хэчнээн сайхан байсан гээч!

Хаанчлалын танхимуудыг хаасан болохоор цуглаанаа айлд явуулдаг байв. Тиймээс цагдаа нар итгэл нэгтнүүдийн маань гэрт өдөр бүр нэгжлэг хийнэ. Хэдэн зуун ах дүү маань цагдаагийн газар хүргэгдэн, байцаагдсан. Цагдаа нар цуглаан хөтөлдөг хүмүүсийн овгийг хэлүүлэхийн тулд эрчүүдэд илүү харгис ханддаг байлаа. Тийм учраас итгэл нэгтнүүд маань бие биеэ овгоор нь бус, нэрээр нь Жоозэ, Пауло гэх мэтчилэнгээр дууддаг болжээ. Бид хоёр ч ингэж сурсан.

Ах дүү нараа хэвлэлээр хангах нь бидний гол зорилго байлаа. Мээри «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллүүд болон бусад хэвлэлийг бичгийн машинаар бичнэ. Түүнийг нь мимеограф машин дээр хэвлэдэг байв.

САЙН МЭДЭЭГ ШҮҮХ ДЭЭР ХАМГААЛСАН НЬ

1966 оны 6 дугаар сард Лийсбонд онцгой шүүх хурал болсон юм. Дөчин есөн гишүүнтэй Фэйжо хурлыг айлын гэрт хууль бусаар цуглаан явуулсан гэж шүүх буруутгажээ. Би итгэл нэгтнүүдээ шүүх хуралд бэлдэхийн тулд өөрөө улсын яллагч болж жүжиглэн янз бүрээр асууж байцаав. Манайхан ялагдах нь тодорхой байлаа. Гэхдээ үнэний тухай сайтар гэрчлэх боломж олдож байгааг ойлгосон. Өмгөөлөгч маань шүүх хурал дээр хэлсэн үгийнхээ төгсгөлд Библиэс Гамалиелын үгийг эш татаж билээ (Үйлс 5:33–39). Шүүх хурлын талаар сонин хэвлэлээр шуугьж, 49 итгэл нэгтэн маань 45 хоногоос 5,5 сарын хорих ял авсан. Зоригт өмгөөлөгч маань Библийн хичээл хийж, нас бартлаа цуглаанд явсан даа.

Би 1966 оны 12 дугаар сард салбар хариуцагчаар томилогдож, хууль зүйн асуудалд их цаг зарцуулдаг болов. Ехова Бурхнаа чөлөөтэй шүтэх эрхээ олж авахын тулд бид чадах бүхнээ хийсэн (Флп. 1:7). Эцэст нь, 1974 оны 12 дугаар сарын 18-нд албан ёсны зөвшөөрөл авсан юм. Байгууллагын төвөөс Нэйтан Ноор, Фредрик Фрэнц ах нар Португалд айлчлан ирж бидний баяр хөөрийг хуваалцаж билээ. Опорто болон Лийсбонд болсон энэ түүхт цуглаанд 46 870 хүн хүрэлцэн ирсэн.

Ехова португал хэлтнүүд амьдардаг арлуудад, тухайлбал Азоорис, Каапе Вээрж, Мадейра, Сон Томе ба Принсипи аралд сайн мэдээ түгээх үүд хаалгыг нээж өгсөн юм. Тэнд Гэрчүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр салбараа өргөтгөх шаардлага гарав. Ингээд 1988 оны 4 дүгээр сарын 23-нд салбарыг зориулах ёслол болж Мийлтн Хээншил ах илтгэл тавилаа. Нийт 45 522 хүн сонссон. Португалд өмнө нь миссионероор үйлчилж байсан 20 хүн энэ түүхэн үйл явдалд оролцохоор ирж баяр дээр баяр нэмсэн.

ҮНЭНЧ ХҮМҮҮСЭЭС ҮЛГЭР ДУУРАЙЛ АВСАН НЬ

Өнөөдрийг хүртэл эхнэр бид хоёр үнэнч итгэл нэгтнүүдээсээ ихийг сурч ирлээ. Би Теодор Яарач ахыг даган нэг салбарыг эргэхээр очсон юм. Тэгтэл тэнд ярвигтай асуудал тулгарсан байв. Салбарын хорооныхон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийжээ. Яарач ах тэднийг тайвшруулан «Одоо ариун сүнсэнд боломж олгох хэрэгтэй» гэж билээ. Бас олон жилийн өмнө Мээри бид хоёр Брүүклинд очсон юм. Тэгэхэд Фрэнц ах зэрэг хэдэн итгэл нэгтэнтэйгээ нэг оройг сайхан өнгөрүүлэх боломж олдов. Еховад олон жил үйлчилсэн туршлагадаа үндэслэн зөвлөгөө өгөхийг гуйхад Фрэнц ах: «Ямар ч үед Еховагийн байгууллагаас битгий гараарай. Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагла гэсэн Есүсийн даалгаврыг биелүүлдэг цорын ганц байгууллага шүү дээ! Ингэж л зөвлөе» гэсэн.

Эхнэр бид хоёр дэлгэрүүлэх ажилд оролцохлоороо жаргалтай байдаг. Салбаруудыг эргэж тойрч байсан сайхан дурсамжаа хэзээ ч мартдаггүй. Яагаад гэвэл тэр үеэр хөгшин залуу үнэнч итгэл нэгтнүүддээ талархаж, Еховад тууштай үйлчлээрэй гэж хэлэх боломж олддог байсан.

Он жил өнгөрч бидний нас хэдийнээ 80 давжээ. Мээри маань янз бүрийн өвчинтэй тэмцэж байна (2 Кор. 12:9). Гэхдээ бидэнд тулгардаг сорилт бэрхшээл итгэлийг маань бэхжүүлж Еховад ямагт үнэнч байх хүслийг бадраадаг. Өнгөрсөн амьдралаа эргээд харахлаар Ехова бидэнд нигүүлслээ янз бүрээр үзүүлсэн байна. *

^ д/м 29 Энэ өгүүллийг хэвлэлтэд бэлтгэж байх үед буюу 2015 оны 10 дугаар сарын 25-нд Дааглас Гээст ах нас барсан.