Skip to content

Гарчиг руу орох

Бурхны ард түмнийг өнөөдөр хэн удирддаг вэ?

Бурхны ард түмнийг өнөөдөр хэн удирддаг вэ?

«Та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана» (ЕВР. 13:7).

ДУУ: 43, 18

1, 2. Есүсийг тэнгэр өөд явсны дараа элч нарт нь юу бодогдсон байж болох вэ?

ЕСҮСИЙН элч нар Чидун уулан дээр зогсоод тэнгэр ширтэх ажээ. Эзэн бөгөөд найз Есүс нь «дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов» (Үйлс 1:9, 10). Есүс бараг хоёр жил тэдэнд зааж сурган, урамшуулан зоригжуулж, удирдан чиглүүлжээ. Гэтэл одоо байхгүй. Шавь нар яах бол?

2 Есүс дагалдагчдадаа «Та нар ... Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэсэн даалгавар өгчээ (Үйлс 1:8). Тэд даалгавраа яаж биелүүлэх бол? Бурхны ариун сүнс тусална гэж Есүс тэдэнд хэлж байсан нь үнэн (Үйлс 1:5). Гэхдээ дэлхий даяар дэлгэрүүлэх аян өрнүүлэхэд хэн тэднийг удирдан зохион байгуулах болж байна? Ехова эрт үед ард түмнээ хүмүүсээр удирдуулдаг байсан шүү дээ. Тийм учраас элч нар: «Ехова одоо шинээр удирдагч томилох юм болов уу?» гэж бодсон байх.

3. а) Үнэнч элч нар ямар чухал шийдвэр гаргасан бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Хоёр долоо хоногийн дараа шавь нар нь Сударт үндэслэн ярилцаж, Бурхнаас удирдлага гуйн залбирч, Искариотын Иудасын оронд Маттиаг 12 дахь элч болгон сонгожээ (Үйлс 1:15–26). Ингэж сонгосон нь тэдэнд ч, Еховад ч яагаад чухал байсан бэ? Заавал 12 элч байх ёстойг тэд ойлгожээ. * Есүс элч нараа зөвхөн дэлгэрүүлэх ажилдаа дагуулж явах гэж сонгоогүй, харин Бурхны ард түмний төлөө чухал үүрэг гүйцэтгүүлэхийн тулд сургаж бэлтгэсэн. Тэд ямар үүрэг гүйцэтгэх байсан бэ? Үүргээ биелүүлэхэд нь Ехова тэднийг Есүсээр дамжуулан хэрхэн сургасан бэ? Өнөөдөр үүнтэй төстэй ямар арга хэмжээ байдаг вэ? Биднийг «тэргүүлж явсан хүмүүсийг», ялангуяа «итгэмжит ухаалаг боолыг» хэрхэн санах вэ? (Евр. 13:7; Мат. 24:45).

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ЕСҮСЭЭР УДИРДУУЛДАГ

4. I зуунд элч нар болон Иерусалим дахь ахлагчид ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?

4 Элч нар МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн хурлыг удирддаг болсон. Тэр өдөр «Петр бусад арван нэгийн хамт босож» амь аврах мэдээг хуран цугласан олон түмэнд тунхаглажээ (Үйлс 2:14, 15). Тэнд байсан олон хүн Есүсийн дагалдагч болов. «Тэд байнга элч нарын сургаалыг» сонсдог байлаа (Үйлс 2:42). Элч нар хурлын мөнгө төгрөгийг захиран зарцуулдаг байв (Үйлс 4:34, 35). Бас итгэл нэгтнүүддээ зааж сурган тэдний төлөө залбирдаг байсан. Тийм учраас «Бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя» гэжээ (Үйлс 6:4). Түүнээс гадна шинэ хэсгүүдэд дэлгэрүүлэх ажил хийлгэхээр туршлагатай хүмүүсийг илгээдэг байсан (Үйлс 8:14, 15). Яваандаа өөр ахлагчид элч нартай нийлж удирдах зөвлөлийг бүрдүүлжээ. Тэд хурлуудын үйл ажиллагааг удирдаж заавар өгдөг байв (Үйлс 15:2).

5, 6. а) Удирдах зөвлөл ариун сүнсээр хэрхэн удирдуулдаг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Тэнгэрийн элчүүд удирдах зөвлөлд хэрхэн тусалдаг байсан бэ? в) Удирдах зөвлөл Бурхны Үгийг хэрхэн удирдлага болгодог байсан бэ?

5 Ехова удирдах зөвлөлийг Есүсээр дамжуулан удирдаж байгаа гэдэгт I зууны дагалдагчид итгэдэг байжээ. Яагаад? Нэгд, удирдах зөвлөл ариун сүнсээр удирдуулдаг байв (Иох. 16:13). Тэр үеийн бүх дагалдагч ариун сүнс авсан нь үнэн. Гэхдээ хурлуудыг удирдах үүргээ биелүүлэхэд нь элч нар болон Иерусалим дахь ахлагчдад ариун сүнс бүр ч хүчтэй нөлөөлсөн юм. Жишээ нь МЭ 49 онд удирдах зөвлөл хөвч хөндөхтэй холбоотой асуудлыг ариун сүнсээр удирдуулан шийджээ. Тэдний шийдвэрийг дагасан учраас «чуулгануудын итгэл тийнхүү бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв» (Үйлс 16:4, 5). Удирдах зөвлөл хайр, итгэл зэрэг ариун сүнсний үр жимсийг илэрхийлдэг байсан нь уг шийдвэрийг бичсэн захидлаас харагддаг (Үйлс 15:11, 25–29; Гал. 5:22, 23).

6 Хоёрт, тэнгэрийн элчүүд удирдах зөвлөлд тусалдаг байсан. Нэгэн тэнгэрийн элч Петрийг авчруулахыг Корнелд зөвлөдөг. Петр ирж Корнел болон төрөл саданд нь сайн мэдээ дэлгэрүүлжээ. Тэгтэл эрчүүд нь хөвч хөндүүлээгүй атал ариун сүнс тэдний дээр асгарах нь тэр. Ийнхүү Корнел хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдээс анх удаа Есүсийн дагалдагч болжээ. Элч нар болон бусад ахлагч үүнийг сонсоод Бурхны хүслийг ойлгож, хөвч хөндүүлээгүй харь үндэстнийг хурлын гишүүнээ хэмээн хүлээн авчээ (Үйлс 11:13–18). Удирдах зөвлөлийн хариуцдаг дэлгэрүүлэх ажлыг тэнгэрийн элчүүд идэвхтэй дэмждэг байв (Үйлс 5:19, 20). Гуравт, удирдах зөвлөл Бурхны Үгийг удирдлага болгодог байлаа. Сургаал болон зохион байгуулалттай холбоотой асуудлыг Сударт үндэслэн шийддэг байжээ (Үйлс 1:20–22; 15:15–20).

7. Есүс эртний дагалдагчдаа удирддаг байсны баталгаа юу вэ?

7 Нэгдүгээр зууны удирдах зөвлөл эрх мэдэлтэй байсан хэдий ч Есүсээр удирдуулах ёстойгоо ойлгодог байжээ. Элч Паул Есүсийн талаар «Тэр заримыг нь элч» болгосон гээд «Бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой» гэж бичжээ (Еф. 4:11, 15). Дагалдагчид нэр алдартай хэн нэг элчийн бус, харин Христийн нэрээр нэрлэгддэг байв (Үйлс 11:26). Удирдах үүрэг хүлээсэн элч нар болон бусад ахлагчийн өгдөг, Сударт үндэслэсэн зааврыг дагах нь хэчнээн чухал болохыг элч Паул ойлгодог байжээ. Гэлээ ч тэрээр: «Христ бол эр хүн бүрийн [түүний дотор удирдах зөвлөлийн гишүүн бүрийн] тэргүүн, ... Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн бичжээ (1 Кор. 11:2, 3). Тэгэхлээр Ехова Хүү Есүс Христээ хурлын Тэргүүнээр томилсон байх нь ээ.

«ЭНЭ БОЛ ХҮНИЙ АЖИЛ БИШ»

8, 9. Раасел ах ямар чухал үүрэг гүйцэтгэсэн бэ?

8 XIX зууны сүүлчээр Чарлз Тейз Раасел хэдэн нөхдийнхөө хамт жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийжээ. Библийн үнэнийг олон хэлээр тунхаглахын тулд «Сионы Харуулын Цамхаг Нийгэмлэг»-ийг 1884 онд албан ёсоор бүртгүүлж, ерөнхийлөгчөөр нь Раасел сонгогдов. * Раасел Библийг нямбай судалдаг байсан ба гурвал, үхэшгүй мөнхийн сүнс гэх мэтийн сургаалыг хуурамч гэж зоригтой илчилдэг байлаа. Бас Христ үл үзэгдэх байдлаар залран ирж, «харь үндэстний цаг» 1914 онд дуусахыг мэджээ (Лук 21:24). Тэрээр үнэнийг бусдад мэдүүлэхийн тулд цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө харамгүй зориулсан. Энэ чухал цаг үед Ехова Есүс хоёр Раасел ахаар дамжуулан хурлыг удирдаж байсан нь тодорхой.

9 Раасел ах өөрийгөө алдаршуулахыг бодоогүй. Тэрээр 1896 онд бичихдээ «Бид өөрсдийнхөө эсвэл бичдэг зүйлийнхээ төлөө нэр хүндтэй болохыг ч, Гэгээнтэн, Багш гэж дуудуулахыг ч хүсдэггүй. Энэ ажлыг бидний нэрээр нэрлэх ёсгүй» гэжээ. Бас хожим нь «Энэ бол хүний ажил биш» гэж хэлсэн байдаг.

10. а) Есүс «итгэмжит ухаалаг боолыг» хэзээ томилсон бэ? б) Удирдах Зөвлөлийг Харуулын Цамхаг Нийгэмлэгээс яагаад тусад нь авч үзэх болсон бэ?

10 Раасел ахыг нас барснаас хойш гурван жилийн дараа буюу 1919 онд Есүс «итгэмжит ухаалаг боолыг» томилсон. Ямар зорилгоор? «Зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхийн» тулд ажээ (Мат. 24:45). Тэр үед Нью-Йоркийн Брүүклин дэх Байгууллагын төвд үйлчилдэг тослогдсон эрчүүд Есүсийн дагалдагчдад «хоол ундыг» өгдөг байв. «Удирдах зөвлөл» гэдэг үг 1940-өөд оноос хойш манай ном хэвлэлд гарч эхэлсэн. Тухайн үед үүнийг Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгтэй нягт холбоотой гэж ойлгодог байсан. Харин 1971 оноос энэ хоёрыг тусад нь авч үзэх болжээ. Харуулын Цамхаг Нийгэмлэгийг Библид үндэслэн байгуулсан юм биш, харин зүгээр л хуулийн этгээд учраас Удирдах Зөвлөлийн гишүүд Нийгэмлэгийн ерөнхийлөгч болохоо больжээ. Сүүлийн жилүүдэд «өөр хонинуудын» бүрэлдэхүүнд ордог эрчүүд Харуулын Цамхаг Нийгэмлэг болон дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн байгуулсан нийгэмлэгүүдийн ерөнхийлөгчөөр ажилладаг болсон. Энэ нь сургаал заавраа голлон анхаарах боломжийг Удирдах Зөвлөлд олгож байгаа юм (Иох. 10:16, ШГ; Үйлс 6:4). «Итгэмжит ухаалаг боол» нь цөөн тооны тослогдсон эрчүүдээс бүрддэг Удирдах Зөвлөл юм гэдгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд тайлбарласан билээ.

Удирдах зөвлөл, 1950-аад он

11. Удирдах Зөвлөл хэрхэн шийдвэр гаргадаг вэ?

11 Удирдах Зөвлөлийн гишүүд хамтарч шийдвэр гаргадаг. Яаж? Долоо хоног бүр хурал хийдэг. Үүний үрээр эв нэгдэлтэй байж, санал бодлоо чөлөөтэй хуваалцдаг (Сур. 20:18). Тэд хурлаа жил бүр ээлжээр ахалдаг учраас нэг нь нөгөөгөөсөө илүү гэсэн ойлголт байдаггүй (1 Петр 5:1). Бас Удирдах Зөвлөлийн 6 хороог ээлжээр хариуцаж ажилладаг. Удирдах Зөвлөлийн гишүүд өөрсдийгөө итгэл нэгтнүүдийнхээ удирдагч гэж бодох бус, харин Есүсийн «зарц нарын» нэг гэж үздэг. Тийм учраас итгэмжит боолын өгдөг хоолноос хүртэж, удирдамж зааврыг нь дуулгавартай дагадаг.

Итгэмжит боол 1919 онд томилогдсоноосоо хойш Бурхны ард түмэнд «хоол унд» өгч байна (10, 11-р догол мөрийг үзээрэй)

«ИТГЭМЖИТ УХААЛАГ БООЛ НЬ ХЭН БЭ?»

12. Удирдах Зөвлөлийн гишүүд төгс бусаас үүдээд ямар асуулт гарч ирдэг вэ?

12 Удирдах Зөвлөл төгс бус хүмүүсээс бүрддэг. Тиймээс сургаалыг буруу тайлбарлах юм уу алдаатай заавар өгч болох юм. Жишээлбэл «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг»-т «Тодорхой болсон ойлголтууд» гэдэг гарчгийн дор 1870-аад оноос хойш өөрчлөгдсөн ойлголтуудыг жагсаасан байдаг. «Итгэмжит ухаалаг боол» төгс «хоол унд» өгнө гэж Есүс хэлээгүй. Тэгвэл Есүсийн асуусан «итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» (Мат. 24:45). Энэ нь Удирдах Зөвлөл юм. Үүнийг юу нотолдог вэ? I зууны удирдах зөвлөлд гурван зүйл тус болсон. Өнөөдөр ч бас адилхан.

13. Ариун сүнс Удирдах Зөвлөлд хэрхэн тусалдаг вэ?

13 Ариун сүнс Удирдах Зөвлөлд тусалдаг. Ойлгомжгүй байсан Библийн үнэнийг ариун сүнс тэдэнд ойлгуулдаг. Дээр дурдсан «Тодорхой болсон ойлголтууд» гэдэг гарчгийн доорх жагсаалтыг жишээ болгон авъя. Эдгээр «гүн юмсыг» нэг ч хүн өөрөө ойлгож, тайлбарлаж чадахгүй! (1 Коринт 2:10-ыг уншина). Удирдах Зөвлөл Паултай санал нэг байдаг. Тэрээр: «Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг» гэжээ (1 Кор. 2:13). Тэрс явдал гаарч, Бурхан удирдлага заавраа өгөхөө болиод олон зуун жил өнгөрсөн ч Библийн үнэнийг 1919 оноос зөв ойлгох болсон. Энэ нь ариун сүнсний нөлөө биш гэж үү?

14. Илчлэлт 14:6, 7-г үзвэл тэнгэрийн элчүүд Бурхны ард түмэнд хэрхэн тусалдаг вэ?

14 Тэнгэрийн элчүүд тусалдаг. Дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд оролцдог 8 сая гаруй хүнийг удирдах туйлын хариуцлагатай үүргийг Удирдах Зөвлөл хүлээдэг. Энэ ажил амжилтад хүрч байгаагийн нэг шалтгаан нь тэнгэрийн элчүүдтэй холбоотой (Илчлэлт 14:6, 7-г уншина). Бурхнаас тусламж гуйж байгаа хүний гэрт дэлгэрүүлэгчид очсон тохиолдол олон бий. * Дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг маань зарим оронд ширүүн эсэргүүцдэг ч улам бүр өргөжин тэлж байна. Энэ бүхэн бол тэнгэрийн элчүүдийн ач юм.

15. Удирдах Зөвлөл Христийн шашны удирдагчдаас ямар ялгаатай вэ? Жишээ хэлнэ үү.

15 Бурхны Үгэнд найддаг (Иохан 17:17-г уншина). Нэг жишээ авъя. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1973 оны 6 дугаар сарын 1-ний дугаарт «Тамхи татдаг хүн баптисм хүртэж болох уу?» гэж асуугаад «Библийн зарчмаар бол болохгүй» хэмээн хариулжээ. Энэ асуудалтай холбоотой Библийн зүйлүүдийг эш татаад, тамхинаас гарч чадахгүй хүнийг хурлаас хасах ёстойн учрыг тайлбарлажээ (1 Кор. 5:7; 2 Кор. 7:1). Бас энэхүү өндөр хэм хэмжээг хүн бус, харин «үзэл бодлоо Үгээрээ илэрхийлдэг Бурхан тогтоосон» гэж бичсэн байна. Хэчнээн хэцүү байлаа ч Бурхны Үгийг ягштал баримталдаг шашин өөр байна уу? АНУ-ын шашны тухай өгүүлсэн саяхны нэг номд «Христийн шашны удирдагчид сургаалаа гишүүдийнхээ болон нийт олны хүлээн зөвшөөрдөг итгэл үнэмшил, үзэл бодолтой нийцүүлэн тогтмол өөрчилдөг» гэж бичжээ. Харин Удирдах Зөвлөлийн гишүүд олон нийтийн үзэл бодолд бус, Бурхны Үгэнд үндэслэн шийдвэрээ гаргадаг. Тэгэхлээр Бурхны ард түмнийг үнэн хэрэгтээ хэн удирддаг гэсэн үг вэ?

«ТА НАРЫГ ТЭРГҮҮЛЖ ЯВСАН ХҮМҮҮСИЙГ САНА»

16. Удирдах Зөвлөлийг санах нэг арга юу вэ?

16 Еврей 13:7-г уншина. «Сана» гэж орчуулсан үгийг «дурд» гэж орчуулж болдог. Тэгэхлээр биднийг тэргүүлдэг хүмүүсийг санах нэг арга нь Удирдах Зөвлөлийг залбиралдаа дурдах явдал юм (Еф. 6:18). Бидэнд «хоол унд» өгөх, дэлхий даяар дэлгэрүүлэх ажлыг удирдах, хандивыг захиран зарцуулах зэрэг үүрэг хүлээдгийг нь бодохлоор тэдний төлөө шаргуу залбирах хэрэгтэй байгаа биз?

17, 18. а) Удирдах Зөвлөлийг санах бас нэг арга юу вэ? б) Бид итгэмжит боол болон Есүсийг хэрхэн дэмжих вэ?

17 Удирдах Зөвлөлийн төлөө залбирахаас гадна, өгсөн зааврыг нь дагах нь тэднийг санах бас нэг арга юм. Тэд ном хэвлэл, цуглаан, чуулганаар дамжуулан заавар өгдөг. Бас дүүрэг хариуцагчдыг томилдог. Дүүрэг хариуцагчид ахлагчдыг томилдог. Дүүрэг хариуцагчид болон ахлагчид Удирдах Зөвлөлийн өгдөг удирдамж зааврыг ягштал дагаж мөрддөг бол тэднийг санаж байгаа хэрэг юм. Хурлын бүх гишүүн хариуцлагатай үүрэгтэй эрчүүдэд дуулгавартай байж, захирагддаг бол Удирдагч Есүсээ хүндэлж байна гэсэн үг (Евр. 13:17).

18 Бас дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох нь Удирдах Зөвлөлийг санадгийн баталгаа юм. Хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийнхтэй адилхан итгэлтэй болоорой гэж Паул уриалсан шүү дээ. Итгэмжит боол Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй тунхаглаж бат итгэлтэйгээ харуулдаг. Та энэ чухал ажлыг хийхэд нь тослогдогсдод тусалдаг уу? Есүс танд «Эдгээр ах дүүсийн ... хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг» гэж хэлбэл та баярлана биз дээ? (Мат. 25:34–40).

19. Та яагаад Удирдагч Есүсийг дагахаар шийдсэн бэ?

19 Есүс тэнгэр өөд буцаж явсан ч дагалдагчдаа орхиогүй (Мат. 28:20). Дэлхий дэх үүргээ биелүүлэхэд нь ариун сүнс, тэнгэрийн элчүүд, Бурхны Үг хэчнээн их тус болсныг тэрээр мэддэг байсан. Тийм учраас итгэмжит боолд яг ийм гурван тусламжийг үзүүлдэг. Удирдах зөвлөлийн гишүүд «Хургыг хаашаа ч явсан» дагадаг (Илч. 14:4). Тэгэхлээр тэдний зааврыг дагаж байна гэдэг нь Удирдагч Есүсийг дагаж байна гэсэн үг. Тун удахгүй Есүс биднийг мөнхийн амьтай болгоно (Илч. 7:14–17). Өөр ямар ч удирдагч ийм амлалтыг өгч чадахгүй!

^ д/м 3 Ехова 12 элчийг Шинэ Иерусалимын «арван хоёр суурь» байлгахыг хүссэн бололтой (Илч. 21:14). Тиймээс энэ үнэнч 12 элчээс хэн нэг нь нас барлаа гэхэд өөр хүнийг оронд нь тавих шаардлагагүй байлаа.

^ д/м 8 Тус нийгэмлэг 1955 оноос Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэг гэж нэрлэгдэх болсон.

^ д/м 14 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 3-р сарын 1-ний дугаарт буй «Христ хурлаа удирддаг» гэсэн өгүүллийн 8-р догол мөрийг үзнэ үү.