Skip to content

Гарчиг руу орох

«Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн»

«Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн»

«Намайг амар тайвныг тогтоох гэж дэлхийд ирсэн гэж бүү бод. Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн юм» (МАТ. 10:34).

ДУУ: 43, 24

1, 2. а) Одоо амар тайван байх боломжтой юу? Яагаад? б) Гэхдээ жинхэнэ ёсоор амар тайван байх нь яагаад хэцүү вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

САНАА зовох юмгүй амар тайван амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Ехова бидэнд «амар тайвныг» өгч, сэтгэл үймрүүлэх юм бодохгүй байхад тусалдагт талархаад баршгүй! (Флп. 4:6, 7). Түүнээс гадна бид Еховад амь амьдралаа зориулсан учраас «Бурхантай эвтэй байдаг» (Ром 5:1).

2 Хүн төрөлхтнийг жинхэнэ ёсоор амар тайван амьдруулах Бурхны цаг хараахан болоогүй байна. Энэхүү «эцсийн өдрүүд» бэрхшээл зовлонгоор дүүрэн. Өрсөлдөөнч, хэрүүлч хүмүүс хаа сайгүй байна (2 Тим. 3:1–4). Түүнээс гадна бид Сатантай дайтаж, түүний хуурамч сургаалын эсрэг бат зогсох ёстой (2 Кор. 10:4, 5). Гэтэл Еховад итгэдэггүй гэрийнхэн маань эсэргүүцэхлээр амар тайван байхад хэцүү болдог. Тэд дооглож тохуурхана, гэр бүл салгадаг гэж буруутгана, шашнаасаа гарахгүй бол гэрээсээ хөөнө гэж сүрдүүлнэ. Эсэргүүцлийг юү гэж үзэх нь зүйтэй вэ? Эсэргүүцэлтэй тулгарсан ч үргэлж амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?

ЭСЭРГҮҮЦЛИЙГ ЮҮ ГЭЖ ҮЗЭХ ВЭ?

3, 4. а) Есүсийн сургаал хүмүүст яаж нөлөөлөх вэ? б) Христийн дагалдагч байх нь ямар үед илүү хэцүү вэ?

3 Сургаалыг нь бүх хүн хүлээж авахгүй бөгөөд хүлээж авсан нэгэн нь эсэргүүцлийг сөрж тууштай байх хэрэгтэйг Есүс мэдэж байлаа. Тэдний хувьд гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байхад амаргүй болох ажээ. Есүс: «Намайг амар тайвныг тогтоох гэж дэлхийд ирсэн гэж бүү бод. Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгээс нь, охиныг эхээс нь, бэрийг хадмаас нь салгахаар ирсэн юм. Хүний дайсан гэрийнхнээс нь гарна» гэжээ (Мат. 10:34–36).

4 «Намайг амар тайвныг тогтоох гэж ... ирсэн гэж бүү бод» гэдэг нь Есүсийг дагавал ямар бэрхшээл тулгарахыг бодох хэрэгтэй гэсэн үг ажээ. Есүсийн сургаал хүмүүсийг хагалан бутаргаж ч мэдэхээр байв. Уг нь Есүс хүмүүсийг эвдрэлцүүлэх бус, Бурхны тухай үнэнийг мэдүүлэх зорилгоор ирсэн нь мэдээжийн хэрэг (Ёох. 18:37). Гэлээ ч Христийн дагалдагч байна гэдэг тийм ч амар юм биш, ялангуяа найз нөхөд, гэрийнхэн нь үнэнийг эсэргүүцдэг бол бүр ч ярвигтай гэдгийг шавь нар нь ойлгох ёстой байлаа.

5. Есүсийн дагалдагчид юуг тэвчих ёстой вэ?

5 Дагалдагчдынх нь тэвчих ёстой нэг зүйл бол гэр бүлийнхний эсэргүүцэл гэдгийг Есүс хэлсэн (Мат. 10:38). Гэрийнхэн нь шоолсон ч, тэр байтугай гэрээсээ хөөсөн ч Есүст таалагдахын тулд энэ бүхнийг тэвчих ёстой. Гэхдээ алдсанаасаа илүүг олох ажээ (Марк 10:29, 30-ийг уншина).

6. Гэрийнхэн маань эсэргүүцвэл юуг санах нь зүйтэй вэ?

6 Еховаг шүтлээ гэж гэрийнхэн маань эсэргүүцэж болох юм. Гэлээ ч бид тэднийгээ хайрласаар байдаг. Гэхдээ Бурхныг болон Христийг гэсэн хайр маань гэрийнхнээ хайрлах хайраас илүү байх ёстойг санах нь зүйтэй (Мат. 10:37). Сатан биднийг Еховад үнэнч бус болгохын тулд гэрийнхнээ гэсэн хайрыг маань урхи болгон ашигладгийг бас санах хэрэгтэй. Юу тулгарч болох, хэрхэн даван туулахыг ярилцъя.

ХАНЬ ТАНЬ ЕХОВАД ИТГЭДЭГГҮЙ БОЛ

7. Еховаг шүтдэггүй ханьтай Гэрчүүд ямар үзэл бодолтой байх ёстой вэ?

7 «Гэрлэхээр санаа зовох юм нэмэгдэнэ» гэсэн анхааруулга Библид байдаг (1 Кор. 7:28). Хань тань Еховаг шүтдэггүй бол санаа зовох юм бүр ч их гарах нь лавтай. Гэсэн хэдий ч Еховагийнхтай адилхан үзэл бодолтой байгаарай. Еховад үйлчилдэггүй гэдгээр шалтаглан ханиасаа салъя, тусдаа амьдаръя гэж бүү бодоорой (1 Кор. 7:12–16). Таны нөхөр гэр бүлээ удирдан Еховагийн замаар явахад туслахгүй байлаа ч та түүнийг өрхийн тэргүүнийх нь хувьд ямагт хүндлэх ёстой. Түүнчлэн Гэрч нөхрүүд Гэрч биш эхнэрээ хайрлан халамжилж санаа тавих учиртай (Эф. 5:22, 23, 28, 29).

8. Хань тань хязгаар тогтоовол өөрөөсөө юү гэж асуух хэрэгтэй вэ?

8 Хэрвээ таны хань Еховаг шүтэхийг хориглоогүй хэр нь хязгаар тогтоовол яах вэ? Жишээ нь 7 хоногийн тодорхой хэдэн өдөр л дэлгэрүүлж болно гэж нэг Гэрч эмэгтэйн нөхөр хэлжээ. Танд бас иймэрхүү асуудал тулгарсан бол «Бурхнаа шүтэхээ боль гэж хань минь надад хэлсэн үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ тэгээгүй бол хэлснээр нь байж болохгүй нь юү билээ? Ухаалаг байвал гэр бүлийн маргаанаас зайлсхийх боломжтой (Флп. 4:5).

9. Гэрч биш эцэг эхээ хүндлэхийг хүүхдэдээ хэрхэн заах вэ?

9 Гэрч биш ханьтай бол хүүхдээ сургаж хүмүүжүүлэх амархан биш. Жишээ авъя. Библид «Эцэг эхээ хүндэл» гэсэн тушаал байдаг. Энэ тушаалыг дагадаг болгож сургах нь таны үүрэг (Эф. 6:1–3). Гэтэл хань тань Библийн хэм хэмжээг баримталдаггүй бол яах вэ? Ханиа хүндлэн хүүхдэдээ үлгэр дуурайл болоорой. Сайхан зан чанарыг нь л голлон анхаараарай. Сайн юм хийх бүрд нь үнэлж, талархаж байгаарай. Хүүхдийнхээ дэргэд ханиа муулахаас зайлсхийгээрэй. Еховаг шүтэх эсэхээ хүн бүр өөрөө шийдэх эрхтэйг хүүхдэдээ тайлбарлаж өгөөрэй. Хүүхэд тань Гэрч биш аавыгаа (эсвэл ээжийгээ) хүндэлдэг болчихвол хань тань Еховагийн тухай мэдэхийг хүсэж болох юм.

Боломж бүрийг ашиглаж хүүхдэдээ Библийн үнэнийг заагаарай (10-р догол мөрийг үзээрэй)

10. Хань тань Гэрч биш бол хүүхдэдээ Библийн үнэнийг хэрхэн заах вэ?

10 Гэрч биш эцэг эхчүүдийн зарим нь хүүхдээ баяр ёслолд оролцуулах эсвэл тэдэнд хуурамч шашны сургаал заахыг оролдож болох юм. Гэрч эхнэр нь хүүхдэдээ Библийн сургаалыг заах гэхээр нөхөр нь хориглож магадгүй. Тэглээ ч гэсэн эхнэр нь хүүхдэдээ үнэнийг чадах ядахаараа заадаг (Үйлс 16:1; 2 Тим. 3:14, 15). Хүүхэдтэйгээ Библийн хичээл хийх, цуглаанд авч явахыг нөхөр нь зөвшөөрдөггүй бол яах вэ? Нөхрөө хүндэтгэж шийдвэрийг нь дагахын зэрэгцээ хүүхдэдээ итгэл үнэмшлийнхээ талаар ярих боломж бүрийг ашиглах нь зүйтэй. Ингэвэл хүүхэд нь Еховаг, Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг мэдэж авна (Үйлс 4:19, 20). Эцэст нь Еховаг шүтэх эсэхээ хүүхэд өөрөө шийднэ (Д.хууль 30:19, 20).

ГЭРИЙНХЭН ТАНЬ ЖИНХЭНЭ ШҮТЛЭГИЙГ ЭСЭРГҮҮЦДЭГ БОЛ

11. Юунаас болоод гэрийнхэнтэйгээ ойлголцохоо больж мэдэх вэ?

11 Та Еховагийн Гэрчүүдээр хичээл заалгаж байгаагаа эхэн үед гэрийнхэндээ хэлээгүй байж болох ч итгэл төрөхийн хэрээр ичиж зоволгүй ярих хэрэгтэйгээ ойлгосон байх (Марк 8:38). Харин үүнээс болж та гэрийнхэнтэйгээ ойлголцохоо больсон бол яах вэ? Тэдэнтэйгээ эвтэй, Еховад үнэнч байхад юу тус болохыг ярилцъя.

12. Гэрийнхэн маань биднийг яагаад эсэргүүцэж мэдэх вэ? Тэднийг ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

12 Гэрийнхнийгээ ойлгохыг хичээгээрэй. Бид Библийн үнэнийг мэддэг болсондоо баяртай байдаг. Харин гэрийнхэн маань биднийг мэхлэгдчихлээ гэх юм уу хачин шашинд орлоо гэж андуу боддог. Хамт баяр ёслол тэмдэглэхээ болихлоор хайрлахаа больчихож гэж бодож магадгүй. Тэр бүү хэл хойд насандаа яана даа гэж санаа зовж мэднэ. Тэдний сэтгэлийг ойлгохыг хичээгээрэй. Яагаад санаа зовоод байгааг нь мэдэхийн тулд яриаг нь анхааралтай сонсоорой (Сур. 20:5). Элч Паул «хүн бүрийг» ойлгохыг хичээдэг байжээ. Ингэснээр сайн мэдээг дэлгэрүүлж чадсан. Бид ч бас гэрийнхнийгээ ойлгохыг хичээвэл үнэнийг заах аргаа олж болох юм (1 Кор. 9:19–23).

13. Гэрийнхэнтэйгээ яаж ярих нь зөв бэ?

13 Эелдэг яриарай. «Эелдэг ярьж бай» гэж Библид байдаг (Кол. 4:6). Гэрийнхэнтэйгээ ярихдаа Еховагаас агуу хүчийг нь гуйгаарай. Тэгвэл агуу хүчний нөлөөгөөр бий болдог сайхан зан чанаруудыг илэрхийлнэ. Хуурамч шашнаас үүдэлтэй итгэл үнэмшлийнх нь талаар маргалдах хэрэггүй. Хэрэв тэд үгээрээ юм уу үйлдлээрээ таныг гомдоолоо гэхэд элчүүдийг дуурайгаарай. Паул: «Доромжлоход нь ерөөдөг, хавчихад нь тэвчдэг. Гүтгэхэд нь эелдэг хариулдаг» гэж бичжээ (1 Кор. 4:12, 13).

14. Үргэлж биеэ зөв авч явдаг бол ямар үр дүнтэй вэ?

14 Үргэлж биеэ зөв авч яваарай. Эелдэг ярих нь гэрийнхэнтэйгээ эвтэй байхад тустай ч биеэ зөв авч явах нь түүнээс ч илүү үр дүнтэй (1 Петр 3:1, 2, 16-г уншина). Еховагийн Гэрчүүд ханьтайгаа жаргалтай байдаг, хүүхдээ сайн хүмүүжүүлдэг, цэвэр ариун, ёс журамтай, утга учиртай амьдардаг хүмүүс гэдгийг та өөрийн биеэр харуулж гэр бүл, төрөл төрөгсдөдөө үлгэр дуурайл болоорой. Танайхан үнэнийг хүлээж авахгүй байлаа ч үнэнч байгааг тань Ехова хараад баярлаж байгаа гэж бодохоороо та баярладаг биз дээ?

15. Гэрийнхэнтэйгээ маргалдахаас хэрхэн зайлсхийх вэ?

15 Урьдчилж төлөвлөөрэй. Юунаас болоод маргаан гарч болзошгүй вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэж бодоорой (Сур. 12:16, 23). Австралид амьдардаг нэг Гэрч эмэгтэй: «Хадам аав маань үнэнийг аймаар эсэргүүцдэг байлаа. Нөхөр бид хоёр тэднийд очихоосоо өмнө Еховад залбирч, уурлахгүй байхад туслахыг гуйдаг байсан. Эелдэг найрсаг байхын тулд ямар сэдвээр ярилцахаа бэлдээд очдог байв. Хэтэрхий удаан ярилцвал голдуу шашны талаар маргалдаж эхэлдэг болохоор аавынд хэр удаан байхаа урьдаас төлөвлөдөг» гэж ярьжээ.

16. Гэрийнхнийгээ уурлуулсандаа өөрийгөө буруутгаад байвал юу санах хэрэгтэй вэ?

16 Гэрийнхэнтэйгээ огт маргалдахгүй байх аргагүй. Ам мурийлаа гэхэд та өөрийгөө буруутгах гээд байж магадгүй. Яагаад гэвэл хайртай дотны хүмүүсийнхээ сэтгэлд нийцүүлэхийг үргэлж хичээдэг шүү дээ. Гэхдээ Еховад үнэнч байх нь гэрийнхэндээ хайртай байхаас илүү чухал гэдгийг санаарай. Тэд үүнийг анзаарвал Библийн үнэнийг хүлээж авах эсэх нь амь настай холбоотой чухал асуудал юм байна гэдгийг ойлгож болох юм. Ямар ч атугай, та хэнийг ч хүчлэн үнэний зам дээр гаргаж чадахгүй. Харин Еховагийн заасан замаар явбал ач тустай гэдгийг ойлгуулж чадна. Аль замаар явахаа сонгох боломжийг Ехова бидэнд олгосон шигээ тэдэнд ч бас олгодог (Ис. 48:17, 18).

ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮН ТАНЬ ЕХОВАГ ОРХИВОЛ

17, 18. Хайртай дотны хүн маань Еховаг орхивол тэр хэцүү үеийг хэрхэн давах вэ?

17 Хайртай дотны хүн маань хурлаас хасагдах юм уу Еховагийн байгууллагаас сайн дураараа гарахлаар тэнгэр ниргэж газар цөмрөх шиг л болдог. Ийм зовлонг хэрхэн давах вэ?

18 Еховад үйлчлэхийг голлон анхаараарай. Танд ийм зовлон тохиолдоод байгаа бол итгэлээ батжуулах хэрэгтэй. Яаж? Библийг тогтмол уншиж, цуглаанд бэлдэж, оролцож, дэлгэрүүлээрэй. Бас энэ хэцүү үеийг давах сэтгэлийн тэнхээтэй болгож өгөхийг Еховагаас гуйгаарай (Юуд. 20, 21). Энэ бүхнийг хийгээд ч зовлон нимгэрэхгүй бол яах вэ? Бууж өгч болохгүй! Сайн хэвшлээ алдахгүй байвал элдэв юм бодохгүй, сэтгэлээ барьж чадна. Дуулал 73-ыг бичсэн хүнд юу тохиолдсоныг бодоорой. Тэрээр нэг хэсэг буруу үзэлтэй болж, сэтгэл нь их хямарчээ. Харин «Бурханы ариун газар ороод» үзэл бодлоо өөрчилсөн (Дуу. 73:16, 17). Ехова Бурхандаа үнэнч байвал та ч бас дуулалч шиг болно.

19. Сахилга батын арга хэмжээ авсан Еховаг хүндэтгэдэг бол яах ёсгүй вэ?

19 Сахилга батын арга хэмжээ авсан Еховаг хүндэтгээрэй. Авсан арга хэмжээ нь бүх хүнд тустай. Хурлаас хасагдсан хүнд ч тустай. Тухайн үедээ хэцүү ч хэзээ нэгэн цагт Ехова руу буцаж ирэхэд нь хэрэгтэй (Еврей 12:11-ийг уншина). Жишээ нь нүгэл үйлдсэн хүнээс «холбоогоо тасал» гэж Ехова бидэнд тушаадаг (1 Кор. 5:11–13). Хэчнээн хэцүү байлаа ч тэдэнтэйгээ утас, мессеж, захидал, цахим шуудан, олон нийтийн сүлжээгээр урьдынх шигээ харилцаж болохгүй.

20. Юунд найдах хэрэгтэй вэ?

20 Итгэл найдвараа бүү алдаарай. «Хайрладаг хүн ... бүх юманд найддаг» учраас Еховаг орхисон хүнийг эргээд ирнэ гэж найддаг (1 Кор. 13:7). Хэрвээ Еховаг орхисон хайртай хүний тань хандлага өөрчлөгдөж байгааг та анзаарсан бол Библиэс сэтгэлийн тэнхээ олж аваасай хэмээн залбираарай. Бас «Над уруу эргэгтүн» гэсэн Еховагийн урилгыг хүлээж аваасай гэж залбирч болно (Ис. 44:22).

21. Есүсийн дагалдагч гэдгээс болоод гэрийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарч байгаа бол яах хэрэгтэй вэ?

21 Есүсийн хэлснээр бид хэн нэгэн хүнийг Есүсээс илүү хайрлах ёсгүй. Шавь нар нь гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарлаа ч өөрт нь үнэнч, эр зоригтой байна гэдэгт Есүс итгэж байсан. Таныг Есүсийн дагалдагч гэдгээс болоод танай гэр бүлд «илд» ирсэн бол Еховад найдаарай. Энэ бэрхшээлийг давахад туслаач гэж залбираарай (Ис. 41:10, 13). Ехова Есүс хоёрыг баярлуулж байгаагаа болон үнэнч байсныхаа төлөө шагнуулна гэдгээ санаад баяр хөөртэй байгаарай.