Skip to content

Гарчиг руу орох

Шагналгүй хоцрохоос сэрэмжлээрэй

Шагналгүй хоцрохоос сэрэмжлээрэй

«Шагналаа алдах аюултай» (КОЛ. 2:18).

ДУУ: 32, 55

1, 2. а) Бурхны үйлчлэгчид ямар шагнал авна гэж хүлээдэг вэ? б) Шагналаасаа нүд салгахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЕСҮСИЙН орчин үеийн тослогдсон дагалдагчид элч Паулын нэгэн адил, тэнгэрт амьдрах агуу шагналыг Бурхнаас авна (Флп. 3:14). Тэд тэнгэрийн Хаант төрд Есүс Христтэй хамт захирч, хүн төрөлхтнийг төгс болгох ажилд оролцоно (Илч. 20:6). Бурхны урилгыг хүлээж авсан тэд ямар сайхан зорилготой хүмүүс вэ! Харин өөр хонинууд дэлхий дээр мөнх амьдрах шагнал хүртэнэ. Ийм сайхан ирээдүйтэй тэд бас үнэхээр жаргалтай хүмүүс! (2 Петр 3:13).

2 Үргэлж үнэнч байж шагнал хүртээсэй гэсэндээ Паул тослогдсон итгэл нэгтнүүддээ «Дээгүүрх зүйлсийг анхаарч бай» хэмээн уриалсан (Кол. 3:2). Тэд тэнгэрт амьдрах шагналаа байнга санаж явах ёстой байлаа (Кол. 1:4, 5). Ер нь тэнгэр газрын алинд ч амьдрах бай, Бурхны үйлчлэгч бүр энэ шагналаа эргэцүүлэн боддог байх учиртай. Тэгдэг бол шагналаасаа нүд салгахгүй байж чадна (1 Кор. 9:24).

3. Паул итгэл нэгтнүүдээ ямар аюулаас сэрэмжлүүлсэн бэ?

3 Түүнээс гадна шагналгүй хоцрох аюул байдгийг Паул сануулсан. Жишээлбэл Колосай дахь хуралд бичсэн захидалдаа хуурамч дагалдагчдад мэхлэгдэх аюул байгааг дурджээ. Тэд Христэд итгэхээсээ илүү, Мосегийн хуулийг сахиж Бурхны сайшаалыг хүлээхийг эрмэлздэг байв (Кол. 2:16–18). Бас өөр аюул байдгийг Паул сануулсан нь өнөө үед ч хамаатай. Тухайлбал хуял тачаалд дийлдэхгүйн тулд, итгэл нэгтнүүдтэйгээ эвлэрэхийн тулд, гэр бүлийн асуудлыг шийдэхийн тулд яах хэрэгтэйг хэлж өгсөн. Энэ зөвлөгөө өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй. Тиймд Колосайн хуралд бичсэн зарим анхааруулгыг дэлгэрэнгүй авч үзье.

ХУЯЛ ТАЧААЛАА «ҮХҮҮЛ»

4. Яагаад хуял тачаалаас болж шагналгүй хоцрох вэ?

4 Паул ах дүү нартаа сайхан ирээдүйнх нь тухай сануулсныхаа дараа «Тиймээс садар самуун, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» хэмээн бичжээ (Кол. 3:5). Хуял тачаал маш хүчтэй байдгаас болоод Еховатай дотно байхаа больж, ирээдүйн найдвараа алдаж болзошгүй. Садар самуун явдалд орооцолдсон ч хожим нь хуралдаа эргэж ирсэн нэгэн Гэрч эрэгтэй: «Хуял тачаал ямар хүчтэй байдгийг биеэ барих чадваргүй болсон хойноо ухаарсан» гэж хэлсэн юм.

5. Аюултай нөхцөл бүрдэхэд хэрхэн болгоомжтой байх хэрэгтэй вэ?

5 Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг зөрчихөд хүргэж болзошгүй нөхцөл бүрдэхэд болгоомжтой байх нь туйлын чухал. Тухайлбал эрэгтэй эмэгтэй хоёр үерхэж эхэлмэгцээ л бие биедээ хүрэх, үнсэх талаар тодорхой ярилцан тогтож, хүнгүй газар хоёулхнаа үлдэхгүй байхаар шийдэх нь ухаалаг хэрэг (Сур. 22:3). Түүнээс гадна ажлын шаардлагаар гэрээсээ хол явж байх үед эсвэл эсрэг хүйсний хүнтэй цуг ажиллах үед ёс журамгүй явдалтай орооцолдох аюул Христийн дагалдагчид тулгардаг (Сур. 2:10–12, 16). Тийм аюулаас хэрхэн зугтах вэ? Еховагийн Гэрч гэдгээ хэлээрэй. Биеэ зөв авч яваарай. Сээтгэнэх нь гашуун үр дагаварт хүргэдгийг санаарай. Түүнээс гадна сэтгэл санаа хямарсан, ганцаардсан үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь цөхөрсөн хүн ямар ч хүнээс хамаагүй сэтгэл санааны тусламж авч тайвшрахыг хүсдэг. Танд ийм хүсэл төрвөл шагнуулах эрхээ алдах юм битгий хийгээрэй. Харин Еховад хандаарай. Итгэл нэгтнүүдээсээ тусламж гуйгаарай (Дуулал 34:18; Сургаалт үгс 13:20-ийг уншина).

6. Үзэж харах зүйлээ сонгохдоо юу санах хэрэгтэй вэ?

6 Хуял тачаалаа үхүүлэхийн тулд шалиг завхай юм үзэж харахгүй байх нь чухал. Өнөөгийн зугаа цэнгэлийн ертөнцийг харахад эртний Содом, Гоморра хотууд санаанд ордог (Юуд. 7). Садар самуун явдлыг байх л ёстой зүйл, ямар ч гашуун үр дагавар амсахгүй гэсэн үзэл бодлыг хөхүүлэн дэмждэг. Тиймэрхүү юмыг юу ч бодолгүй үзэх нь аюултай. Иймээс амийн шагналаасаа нүд салгахгүй байхад саад болдог зугаа цэнгэлийг сонгохоос сэрэмжлэх хэрэгтэй (Сур. 4:23).

ХАЙР, САЙХАН СЭТГЭЛИЙГ «ӨМС»

7. Хурал дотор ямар асуудал гарч мэдэх вэ?

7 Христийн дагалдагч байна гэдэг нь ивээл юм. Үүнийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Цуглаан дээр Бурхны Үгийг судалж, бие биедээ санаа тавин, хайрлан халамжлах нь шагналаа үргэлж анхаарахад тустай байдаг. Гэхдээ хурлын гишүүд бие биеэ буруу ойлгох нь бий. Энэ асуудлаа шийдэхгүй бол хорсол зэвүүцэл төрж мэдэх юм (1 Петр 3:8, 9-ийг уншина).

8, 9. а) Шагнал авахад ямар зан чанар чухал үүрэгтэй вэ? б) Итгэл нэгтэндээ гомдсон бол эв эеэ хичээхийн тулд яах хэрэгтэй вэ?

8 Хорсол зэвүүцлээс болоод шагналгүй хоцрохыг хэн маань ч хүсэхгүй. Паул Колосайн итгэл нэгтнүүддээ «Бурхны сонгосон, ариун, хайрт хүмүүсийн хувьд та нар өрөвч сэтгэл, сайхан сэтгэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай. Хамгийн гол нь, хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» хэмээн зөвлөжээ (Кол. 3:12–14).

9 Бие биеэ уучлахад хайр, сайхан сэтгэл чухал үүрэгтэй. Жишээ нь итгэл нэгтнийхээ хэлсэн үг эсвэл хийсэн үйлдлээс болж гомдсон бол би өөрөө бусдыг хэзээ гомдоолоо гэдгээ санахыг хичээгээрэй. Таны алдааг юман чинээ бодолгүй хайр, сайхан сэтгэл гаргасан итгэл нэгтэндээ та талархсан биз дээ? (Номлогчийн үгс 7:21, 22-ыг уншина). Тэгвэл жинхэнэ шүтэгчдийг сайхан сэтгэлээр цуглуулж нэгтгэсэн Христэд бүр ч их талархахгүй гэж үү? (Кол. 3:15). Бид бүгдээрээ нэг л Бурхныг хайрладаг, нэг л мэдээг тунхагладаг, тулгардаг бэрхшээлийн маань ихэнх нь адилхан байдаг шүү дээ. Бие биеэ хайрлаж, сайхан сэтгэл гаргаж, уучилдаг бол хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулж, шагналаа үргэлж анхаарч чадна.

10, 11. а) Атаархах нь яагаад аюултай вэ? б) Атаархлаас болж шагналгүй хоцрохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

10 Библид байдаг сургамжтай жишээнүүдээс харвал атаархлаас болж шагналгүй хоцрох аюул байдгийг мэдэж болно. Жишээлбэл Каин атаархсандаа дүү Абелаа хөнөөсөн. Кора Датан Абирам гурав атаархсандаа Мосег эсэргүүцсэн. Саул хаан Давидыг амжилт гаргахад атаархаад амийг нь хөнөөхийг оролдсон. Библид «Хаана атаархал, өрсөлдөөн байна, тэнд замбараагүй явдал, муу муухай бүхэн байдаг» гэж бичсэн нь санамсаргүй хэрэг биш юм (Яак. 3:16).

11 Хэрэв бид чин зүрхнээсээ хайрлаж, сайхан сэтгэл гаргаж сурахгүй бол бусдад атаархдаг болох амархан. Бурхны Үгэнд «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Атаархдаггүй» гэж байдаг (1 Кор. 13:4). Атаархуу хүн болохгүйн тулд ах дүүгээ нэг биеийн эрхтнүүд гэж бодон Бурхны үзлээр хандаж сурахыг хичээх шаардлагатай. «Нэг эрхтэн хүндэтгэл хүлээвэл бусад нь бүгдээрээ баярладаг» гэж Библид бий (1 Кор. 12:16–18, 26). Нэг нь Бурхны ивээл хүртвэл бусад нь атаархахын оронд баярлах хэрэгтэй. Саул хааны хүү Ионатаны тухай бодож үзээрэй. Тэрээр Давидыг хаан ширээ залгамжлахаар болоход атаархаагүй. Харин ч зоригжуулсан (1 Сам. 23:16–18). Та Ионатаныг дуурайн сайхан сэтгэл гаргаж, хайрлаж чадах уу?

ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАГНАЛ АВААРАЙ

12. Гэр бүлээрээ шагнал авахад Библийн ямар зөвлөгөө тус болох вэ?

12 Библийн зарчмын дагуу амьдардаг бол өнөөдөр гэр бүлээрээ амар тайван, аз жаргалтай байж, ирээдүйд шагнал авна. Паул Колосайн итгэл нэгтнүүддээ гэр бүлд зориулсан ямар зөвлөгөө өгсөн бэ? Тэрээр: «Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Ингэх нь Эзний таалалд нийцдэг. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж яв. Тэдэнд хатуурхаж болохгүй. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай бай. Ингэх нь Эзэнд таалагддаг. Эцгүүд ээ, урмыг нь хугалахгүйн тулд хүүхдээ бүү уурлуул» хэмээн бичжээ (Кол. 3:18–21). Бурхнаар удирдуулан бичсэн энэ зөвлөгөө өнөөдөр ч эхнэр нөхөр, хүүхдүүдэд ач тустай гэдэгтэй та санал нийлэх байх.

13. Гэрч эмэгтэй яавал Гэрч биш нөхрөө Еховад үйлчлэх хүсэлтэй болгох вэ?

13 Хэрэв таны нөхөр Еховаг шүтдэггүй бөгөөд тантай зөв зохистой харьцдаггүй бол яах вэ? Үүгээр шалтаглан маргаад байвал байдал сайжрах уу? Маргаанд яллаа ч нөхрийгөө Еховад үйлчлэх хүсэлтэй болгож чадах уу? Юу л бол! Харин тэргүүнийх нь хувьд хүндэлбэл гэр бүлээ тайван амгалан байлгахад хувь нэмэр оруулж, Еховаг алдаршуулна. Түүгээр ч зогсохгүй нөхөр тань Еховагийн үйлчлэгч болж болох юм. Ингэвэл та нөхөртэйгөө хамт шагнал авна (1 Петр 3:1, 2-ыг уншина).

14. Гэрч биш эхнэр нь хүндэтгэлтэй харьцдаггүй бол нөхрүүд яах хэрэгтэй вэ?

14 Хэрэв Гэрч биш эхнэр тань таныг хүндэлдэггүй юм шиг санагддаг бол яах вэ? Хэн нь тэргүүн гэдгийг эхнэртээ ойлгуулах гээд уурлаж хашхичвал таныг хүндэлдэг болох уу? Огтхон ч үгүй! Есүсийг дуурайн хайрын сэтгэлээр тэргүүний үүргээ биелүүлээсэй гэж Ехова танаас хүсдэг (Эф. 5:23). Хурлын Тэргүүн Есүс дагалдагчдаа хайрлаж, тэвчээртэй ханддаг байсан шүү дээ (Лук 9:46–48). Нөхрүүд Есүсийг дуурайхыг хичээдэг бол эхнэр нь Еховад үйлчлэх хүсэлтэй болж ч юуны магад.

15. Гэрч эрчүүд эхнэрээ яаж хайрладаг вэ?

15 «Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлаж яв. Тэдэнд хатуурхаж болохгүй» гэж Ехова тушаасан (Кол. 3:19). Халамжтай нөхрүүд эхнэрээ хүндэлдэг. Яаж? Саналыг нь сонсдог. Бас хэлдэг үгийг нь чухал гэж үздэг (1 Петр 3:7). Хэлсэн болгоныг нь хийх боломжгүй ч эхнэртэйгээ зөвлөлддөг бол илүү зөв шийдвэр гаргаж чадна (Сур. 15:22). Халамжтай нөхрүүд намайг хүндэл гэж эхнэрээсээ шаарддаггүй. Харин хүндэтгэх сэтгэл төрүүлэхийг хичээдэг. Эхнэр хүүхдээ хайрладаг бол гэр бүлээрээ Еховад баяр хөөртэй үйлчилнэ, амийн шагналыг авна.

Гэр бүлээрээ шагналаа авахын тулд яах хэрэгтэй вэ? (13–15-р догол мөрийг үзээрэй)

ОХИД ХӨВГҮҮД ЭЭ, ШАГНАЛААС БҮҮ ХОЦРООРОЙ!

16, 17. Эцэг эхдээ уурлахгүйн тулд охид хөвгүүд яах хэрэгтэй вэ?

16 Өсвөр насны охид хөвгүүд ээ, эцэг эх тань та нарыг ойлгодоггүй эсвэл хэтэрхий хатуу чанга юм шиг санагддаг уу? Тийм бол Еховад үйлчлэх хэрэгтэй юү, үгүй юү гэсэн эргэлзээ төрж мэдэх юм. Гэхдээ үүнээс болоод Еховагаас холдвол Гэрч эцэг эх, хурлын найзуудаас чинь өөр хэн ч чин сэтгэлээсээ хайрлахгүйг чи яваандаа ойлгоно.

17 Бодоод үз дээ. Хэрэв эцэг эх чинь юу ч хэлдэггүй, алдааг чинь засахыг оролддоггүй байсан бол чамд санаа тавьдаг гэж хэлэх үү? (Евр. 12:8). Хүмүүжүүлэх арга нь чамд таалагдахгүй байж болох юм. Гэхдээ үүнийг анхаарах хэрэггүй. Харин яагаад тэгснийг нь ойлгохыг хичээгээрэй. Хэтэрхий эмзэглэлгүй тайван байгаарай. «Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. Ухаантай хүмүүн уужим дотортой» гэж Бурхны Үгэнд байдаг (Сур. 17:27). Төлөвшсөн хүн болох зорилго тавиарай. Тийм хүн зэмлүүлэхээрээ уурладаггүй, харин ч зөвлөгөөг дагадаг (Сур. 1:8). Еховаг хайрладаг эцэг эхтэй байна гэдэг ивээл шүү дээ. Тэд чамд амийн бэлэг авахад чинь туслахыг л хүсэж байгаа.

18. Та яагаад шагналаа үргэлж анхаарч явахаар шийдсэн бэ?

18 Тэнгэрт эсвэл диваажин болох дэлхий дээр мөнх амьдрах гайхамшигтай шагнал биднийг хүлээж байна. Бүтээгч маань амласан учраас энэ бол хий хоосон зүйл биш юм. Диваажин дэлхийн талаар Бурхан: «Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» гэж хэлсэн (Ис. 11:9). Тэр үед дэлхий дээр амьдрах бүх хүн Бурхнаар заалгана. Ийм шагнал авахын тулд шамдах хэрэгтэй. Еховагийн амлалтыг үргэлж санаж яваарай. Юу ч болж байсан, шагналгүй хоцрохгүйг хичээгээрэй!