Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Христийг дагахын тулд бүхнийг орхисон

Христийг дагахын тулд бүхнийг орхисон

«Дэлгэрүүлэх юм бол манайд битгий ирээрэй. Ирвэл хоёр хөлийг чинь хуга цохино шүү». Аавын заналтай нь аргагүй хэлсэн энэ үг чихэнд минь сонсогдсоор байсан учраас би гэрээсээ явахаар шийдсэн. Эзнийг дагахын тулд орхисон юмны минь анхных нь энэ байв. Би дөнгөж 16-тай байлаа.

ЯАГААД ийм байдалд хүрэв гэж үү? Ярьж өгье. Би 1929 оны 7 дугаар сарын 29-нд Филиппиний Булакан аймгийн нэгэн тосгонд төрж өссөн. Эдийн засгийн хямралын үе байсан болохоор хүмүүс ядуу тарчиг амьдарч байлаа. Намайг хүүхэд байхад дайн дэгдсэн. Японы арми Филиппинд орж ирсэн юм. Манай тосгон алс бөглүү газар байдаг болохоор дайны хөлд нэрвэгдээгүй. Радио, телевиз, сонин сэтгүүл байхгүй учраас дайны тухай ам дамжсан яриа л сонсогддог байв.

Би найман хүүхдийн хоёр дахь нь. Өвөө эмээ хоёр маань намайг 8 нас хүртэл өсгөсөн. Манайхан католик шашинтай байсан ч өвөө маань ямар ч шашныг үгүйсгэдэггүй, найз нарынхаа өгсөн шашны сэтгүүлүүдийг хаялгүй бүгдийг цуглуулдаг хүн байж билээ. Өвөө надад тагалог хэлээр «Хамгаалалт», «Аюулгүй байдал», «Илчилсэн нь» гэдэг товхимлууд * болон Библийг үзүүлж байсныг санаж байна. Би Библийг, ялангуяа сайн мэдээний дөрвөн номыг унших их дуртай байв. Тиймдээ ч Есүсийн жишээг дагах хүсэлтэй болсон (Ёох. 10:27).

ЕСҮСИЙГ ДАГАСАН МИНЬ

Японы дайн 1945 онд дуусав. Тэр үед аав ээж хоёр маань намайг гэртээ ирээч гэсэн. Өвөө ч зөвшөөрөв. Ингээд би явлаа.

Удалгүй 1945 оны 12 дугаар сард Ангаат хотоос Еховагийн Гэрчүүд манай тосгонд ирж дэлгэрүүлсэн юм. Настай Гэрч манай гэрт ирээд «эцсийн өдрүүдийн» талаар Библид юү гэж байдгийг ярьж өгөв (2 Тим. 3:1–5). Дараа нь хажуугийн тосгонд болох Библийн хичээлд суухыг урилаа. Аав ээж маань яваагүй ч би явав. Тэнд 20-оод хүн цугласан байлаа. Зарим нь Библийн холбогдолтой асуулт асууж байв.

Тэнд ярьсан бүхнийг би нэг бүрчлэн ойлгоогүй болохоор явъя гэж бодлоо. Тэгтэл тэд дуу дуулж эхлэв. Сэтгэл хөдөлмөөр сайхан дуу байсан тул үлдлээ. Дуулж, залбирсны дараа тэнд ирсэн бүх хүнийг Ангаатад бүтэн сайнд болох цуглаанд урив.

Би хэдэн хүнтэй хамт 8 километр замыг явган туулж Крүүз гэдэг ахынд болдог цуглаанд очлоо. Тэнд байсан 50 хүний дунд жаахан хүүхдүүд хүртэл Библитэй холбоотой, гүн утгатай асуултад хариулж байгаа нь гайхалтай санагдав. Түүнээс хойш нэлээн хэдэн удаа цуглаанд явсны дараа Дамиян Сантос гэдэг настай эхлэгч ах намайг гэртээ хонуулахаар болсон. Бид шөнийн ихэнхийг Библийн тухай ярилцсаар өнгөрөөж билээ.

Тэр үед Библийн үндсэн сургаалыг мэдэж аваад тэр дагуу явахаар шийдсэн хүн бидний дунд олон байв. Хэдэн цуглааны дараа ах нар надаас болон бусад хүнээс «Баптисм хүртмээр байна уу?» гэж асуулаа. «Эзэн Христийн боол» болохыг хүсэж байсан болохоор би: «Тэгье» гэж хариулсан (Кол. 3:24). Тэгээд ойролцоох гол руу очиж нэг эрэгтэйтэй хамт хоёулаа баптисм хүртсэн. 1946 оны 2 дугаар сарын 15 байсан юм.

Есүсийн дагалдагч хүн Багшийгаа дуурайн тогтмол дэлгэрүүлэх шаардлагатайг бид мэдэв. Гэтэл аав маань намайг дэлгэрүүлэхэд их дургүй байлаа. «Чи дэлгэрүүлэхэд хэтэрхий залуу байна. Тэгээд ч голд шумбалаа гээд дэлгэрүүлэгч болчихдоггүй юм» гэв. Тэгэхээр нь би Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах нь Бурхны хүсэл гэж тайлбарлав (Мат. 24:14). Бас «Бурханд өгсөн тангаргаа биелүүлэх ёстой» гэж нэмж хэллээ. Тэгэхэд аав намайг сүрдүүлснийг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Аав намайг дэлгэрүүлэхэд саад хийх санаатай байсан юм. Тийм болохоор гэрээсээ явсан минь Бурханд үйлчлэхээр бүхнийг ардаа орхисон анхны явдал байлаа.

Крүүзийнхэн намайг гэртээ байлгахаар болов. Бас намайг болон бага охин Ноорагаа эхлэгч бол гэж ятгав. Ноора бид хоёр 1947 оны 11 дүгээр сараас эхлэгчээр үйлчилсэн. Ноора өөр хотод, би Ангаатад дэлгэрүүлдэг болов.

БҮХНИЙГ АРДАА ОРХИСОН БАС НЭГ ЯВДАЛ

Эхлэгчээр үйлчлээд 3 жил болж байтал салбараас ирсэн Өөрл Стюарт ах Ангаатын төв талбайд 500 гаруй хүнд илтгэл тавив. Тэрээр англиар ярьж, дараа нь би тагалогоор орчуулав. Би 7-хон жилийн боловсролтой хэр нь англи хэлийг овоо сурчихсан байлаа. Нэгдүгээрт багш нар маань байнга англиар ярьж бичдэг байсан юм. Хоёрдугаарт Библид үндэслэсэн ном хэвлэл тагалог хэлээр тун цөөхөн байсан болохоор би олон ном хэвлэлийг англиар судалсан. Ингэж англи хэлээ сайжруулсны үрээр тэр болон өөр олон илтгэлийг орчуулсан.

Тэр өдөр Стюарт ах ганц хоёр эрэгтэй эхлэгчийг Бетелд үйлчлүүлэх гэсэн салбарын хүсэлтийг манай хуралд уламжлав. Миссионеруудыг «Теократын өсөлт» гэсэн сэдэвтэй олон улсын чуулганд суухаар АНУ-ын Нью-Йорк хот руу явсан хойгуур Бетелд хүн хүч хэрэгтэй болж л дээ. Уригдсан эрчүүдийн нэг нь би байлаа. Ингээд би ээнэгшиж дассан бүхнээ дахин орхиж, энэ удаа Бетелийн ажилд туслахаар явав.

Би 1950 оны 6 дугаар сарын 19-нд Бетелд ирж шинэ томилолт авлаа. Бетел гэдэг нь 1 га талбайд ургасан аварга моддын дундах хуучин том байшин байв. Тэнд 10 гаруй ганц бие эрэгтэй үйлчилж байлаа. Би өглөө нь гал тогоонд тусална. Дараа нь 9 цагаас угаалгын газар хувцас индүүднэ. Үдээс хойш нь мөн л энэ журмаар ажиллана. Миссионерууд олон улсын чуулганаас буцаж ирсэн ч би Бетелд үйлчилсээр байлаа. Шуудангаар явуулах сэтгүүлийг боож баглана, хэвлэл захиалгатай холбоотой бичиг цаасны ажил хийнэ, зочин хүлээж авна. Ер нь хий гэсэн болгоныг хийдэг байв.

ГИЛЕАДАД СУРАХААР ФИЛИППИНИЙГ «ОРХИСОН» МИНЬ

Би 1952 онд Гилеад сургуулийн 20 дахь ангид сурах урилга авч 6 ахтай хамт Филиппинээс явах болсондоо сэтгэл хөдөлж билээ. Америкт үзэж өнгөрүүлсэн бүхэн бидэнд цоо шинэ, сонин содон байлаа. Жижигхэн тосгоноос маань тэс өөр байв.

Гилеад сургуулийн ангийнхантайгаа

Жишээлбэл бидний мэдэхгүй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглаж сурах хэрэгтэй болсон. Цаг агаар нь эрс ялгаатай! Нэг өглөө гадаа гараад харсан чинь дэлхий ертөнц хачин гоё цагаан болчихож. Анх удаа цас харж байгаа минь энэ! Харин дараа нь ямар хүйтэн байдгийг нь ойлгож билээ.

Гэхдээ энэ бүхэн Гилеад сургуулиас мэдэж авсан олон сайхан зүйлийн хажууд ялихгүй юм байсан. Багш нар маань маш сайн заадаг учраас бид үр бүтээлтэй судалгаа хийж сурсан. Еховатай илүү дотно болоход Гилеад сургууль их тус болсон.

Сургуулиа дүүргээд Нью-Йоркийн Бронкс хотод тусгай эхлэгчээр түр томилогдов. Уг хотод 1953 оны 7 дугаар сард болсон «Шинэ Ертөнц» гэдэг чуулганд суух завшаан энэ үеэр надад тохиосон юм. Чуулганы дараа Филиппинд томилогдсон.

ХОТЫН ТАВ ТУХТАЙ АМЬДРАЛЫГ ОРХИСОН МИНЬ

Салбарын ах нар надад «Одоо чи дүүрэг хариуцагчаар ажиллаж гадуур их явна шүү» гэлээ. Есүс Еховагийн хоньдод туслахаар хязгаар нутгаар явдаг байсан шүү дээ. Надад ч Христийг мөрөөр нь дагах шинэ боломж олдсон (1 Петр 2:21). Филиппиний хамгийн том аралд тооцогддог Төв Лузоны өргөн уудам нутгийг хамарсан дүүрэгт томилогдлоо. Энэ дүүрэгт Булакан, Нюэва Эсиха, Тарлак, Замбалэс аймаг орж байв. Зарим хот тосгонд очихын тулд даваа гүвээ ихтэй Сьера Мадрэгийн уулсыг давах хэрэг гарна. Тийшээ шугамын автобус явдаггүй учраас том том гуалин ачсан машины жолооч нараас ачаан дээр чинь суугаад явъя гэж гуйдаг байлаа. Голдуу зөвшөөрнө. Гэхдээ энэ нь тийм ч тухтай унаа биш л дээ.

Ихэнх хурал харьцангуй жижиг, байгуулагдаад удаагүй байлаа. Тийм болохоор цуглаан, дэлгэрүүлэх ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд нь туслахад тэндхийн ах нар их баярлаж билээ.

Дараа нь Бикол мужийг бүхэлд нь хамардаг дүүрэгт томилогдсон. Ихэнхдээ алслагдсан бүлгүүдээс бүрдэнэ. Гэрчүүд очиж байгаагүй газруудад тусгай эхлэгчид очиж дэлгэрүүлдэг байв. Миний хоносон нэг айлын жорлон нь хоёр мод хөндөлдүүлж тавьсан нүх байлаа. Би өглөө босоод тийшээ очин дөнгөж гишгэнгүүтээ л хоёр модтойгоо хамт нүх рүү уначихдаг байгаа! Усанд орох гэсээр байтал багагүй цаг өнгөрсөн дөө!

Тэр үеэс би Ноорагийн тухай боддог болов. Ноора Булакан аймгийн Думагэтэ хотод тусгай эхлэгчээр үйлчилдэг болсон байлаа. Би түүн дээр очив. Дараа нь бид хоёр захидлаар харилцаж байгаад 1956 онд гэрлэсэн. Хуримаа хийсний дараах 7 хоногийг Рапу Рапу аралд байдаг хуралд эргэлт хийж өнгөрөөв. Ууланд авирч, явган их явсан. Гэхдээ хоёулаа болчихоод алс хязгаар нутгийн итгэл нэгтнүүддээ очиж үйлчлэх нь хэчнээн сайхан байсан гэж санана!

ДАХИАД БЕТЕЛИЙН УРИЛГА АВСАН МИНЬ

Бид хоёр бараг 4 жил дүүрэг хариуцан ажилласныхаа дараа салбарт үйлчлэх урилга авлаа. Ийнхүү 1960 оны 1 дүгээр сараас бетелчин болж өнөөдрийг хүртэл эндээ үйлчилж байна. Энэ олон жилийн турш хариуцлагатай үүрэг биелүүлдэг ах нартай хамт үйлчлэн тэднээс их юм сурсан. Ноора маань янз бүрийн ажил хийж ирсэн.

Би чуулган дээр илтгэл тавьж, орчуулагч себуан хэлээр орчуулж байна

Бетелд олон жил үйлчлэхдээ Филиппин дэх Хаант төрийн үйл хэрэг хэрхэн өргөжин тэлж, Гэрчүүдийн тоо нэмэгдэж байгааг би харж байна. Анх ганц бие залуу байхдаа Бетелд ирэх үед Филиппин даяар 10 мянга орчим дэлгэрүүлэгч байв. Одоо 200 мянга гаруй дэлгэрүүлэгч, хэдэн зуун бетелчин дэлгэрүүлэх ажлыг дэмжин идэвхтэй үйлчилж байна.

Ажил нэмэгдэхийн хэрээр Бетелийн барилга жижигдэж эхэлсэн. Тиймээс Удирдах Зөвлөл том барилга барих газар хайхыг бидэнд даалгав. Хэвлэх үйлдвэр хариуцсан ах бид хоёр тэр хавийн айлуудаар явж газраа зарах хүн байгаа эсэхийг асуув. Гэвч байсангүй. Тэр байтугай нэг хүн: «Хятадууд бид худалддаггүй, харин худалдаж авдаг юм» гэлээ.

Аалберт Шрөөдер ахын илтгэлийг орчуулж байгаа минь

Гэтэл нэг өдөр, газар худалдаж авахгүй биз гэж асуусан хүн ирэв. АНУ руу нүүх гэж байгаа гэнэ. Энэ үеэс эхлээд ар араасаа цуварсан итгэмээргүй үйл явдал болов. Өөр нэг хөрш маань газраа зарахаар шийджээ. Түүгээр ч барахгүй газраа зарахыг хөршүүддээ уриалж л дээ. «Хятадууд бид худалддаггүй» гэж хэлсэн эрэгтэй хүртэл манайд газраа зарсан. Богинохон хугацаанд салбарын эзэмшил газар 3 дахин томорч билээ. Энэ нь Ехова Бурхны хүсэл байсан гэдэгт би итгэсэн.

Би 1950 онд Бетелийн хамгийн залуу гишүүн байсан. Харин одоо эхнэр бид хоёр хамгийн ахмад гишүүд. Би Эзэн Христийн мөрөөр дагаж явсандаа огтхон ч харамсдаггүй. Эцэг эх минь намайг гэрээсээ хөөсөн ч Ехова намайг итгэл нэгтнүүдээс маань бүрдсэн өнөр гэр бүлтэй болгосон юм. Ямар ч даалгавар авсан, Ехова хэрэгтэй бүхнийг өгдөг гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Ноора бид хоёр сайхан сэтгэлтэй, өгөөмөр Бурхан Еховадаа маш их талархаж явдаг. Еховаг «шалгаж» үзэхийг хүмүүст уриалдаг (Мал. 3:10).

Есүс нэг удаа татвар хураагч Леви буюу Матайд «Намайг дага» гэж хэлдэг. Тэгэхэд нь Матай яалаа? «Бүх юмаа орхин босож [Есүсийг] дагав» гэсэн байдаг (Лук 5:27, 28). Надад ч бас тийм л боломж олдсон. Бүх юмаа орхиод их ивээл хүртэхийг чин сэтгэлээсээ уриалж байна.

Филиппинд өрнөж буй агуу ажилд оролцож байгаадаа баярладаг

^ Еховагийн Гэрчүүдийн гаргасан хэвлэл. Одоо хэвлэхээ больсон.