Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Ехова бидэнд «их өгөөмөр хандсан»

Ехова бидэнд «их өгөөмөр хандсан»

ЭХНЭР бид хоёрыг зочид буудалд ирж бүртгүүлээд буудаллах гэж байтал угтагч нь надад «Та хилийн цагдаа дуудаад өгөхгүй юү?» гэлээ. Бид Баруун Африкийн Габон улсад хэдхэн цагийн өмнө ирчихээд байгаа нь энэ. Энэ улс манай үйл ажиллагааг 1970 онд хориглосон юм.

Эхнэр Даниел маань ажигч гярхай хүн учраас миний чихэнд «Цагдаа дуудах хэрэггүй. Ирж байна!» гэж шивнэлээ. Яг тэр үед буудлын үүдэнд машин ирж зогсов. Хэдэн минутын дараа бид хоёрыг баривчиллаа. Эхнэр минь анхааруулсан учраас зарим бичиг баримтаа өөр Гэрчид дамжуулж амжсан юм.

Цагдаагийн газар хүргэгдэж явахдаа ийм зоригтой, Еховатай дотно эхнэртэй би ямар азтай хүн бэ гэж бодож байлаа. Даниел бид хоёр, нэг багийн гишүүд мэт хамтарч ажилласан олон тохиолдлын нэг нь энэ. Дэлгэрүүлэх ажлыг хязгаарласан улс орнуудад яагаад очих болсноо ярья.

ЕХОВА НҮДИЙГ МИНЬ НЭЭСЭН

Би 1930 онд Францын хойд зүгт байдаг Куа гэдэг жижиг хотод сүсэг бишрэл ихтэй католик шашинтан айлд төрсөн. Манайхан гэр бүлээрээ 7 хоног бүр Масст (магтаал талархлын мөргөлд) очдог, аав маань сүмийн найрал дууны бүлгийн идэвхтэй гишүүн байв. Харин би 14 хүрээд сүмийнхэн хоёр нүүр гаргадгийг олж харсан юм.

Дэлхийн II дайны үед Франц улс Германы армид эзлэгдээд байлаа. Манай санваартан номлол айлдахдаа нацизмын талыг баримталдаг Вишигийн дэглэмийг дэмжихийг байнга уриалдаг байв. Ямар аймаар юм ярьдаг байсан гэж санана! Бид бусад францчуудын адил, Би-Би-Си (BBC) радиогоор холбоотнуудын нэвтрүүлдэг мэдээг нууцаар сонсдог байв. Холбоотнууд 1944 оны 9 дүгээр сард Герман улс руу дайраад амжилт олсон юм. Тэгтэл манай санваартан гэв гэнэт бодлоо өөрчилж, тэдний амжилтыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгууллаа. Ийнхүү хоёр нүүр гаргаж байгаа нь надад аймшигтай санагдаж, санваартнуудад итгэхээ больж эхэлсэн.

Дайны дараа аав минь нас барав. Эгч аль эрт гэрлээд Бельгид амьдарч байсан болохоор ээжийгээ харж хандах үүрэг надад оногдлоо гэж бодоод би нэхмэлийн үйлдвэрт ажилд оров. Захирал болон түүний хөвгүүд католик шашны үнэнч сүсэгтнүүд байсан. Албан тушаал дэвших боломж байсан ч удалгүй надад нэг сорилт тулгарах гэж байлаа.

Эгч Симон маань 1953 онд манайд ирэв. Гэрч болсон тэрээр галт там, гурвал, үхэшгүй мөнхийн сүнс зэрэг католик сүмийн сургаал худал гэдгийг Библид үндэслэн тун чадварлаг илчлэв. Би эхэндээ эгчтэй маргаж, католик Библийг үндэс болгохгүй байна гэж буруутгаж байсан ч үнэн юм яриад байгааг нь удалгүй ойлгосон. Дараа нь эгч надад «Харуулын цамхаг» сэтгүүлийн хуучин дугааруудыг авчирч өгөв. Түүнийг нь би шөнөжингөө шимтэн уншиж, үнэн гэдгийг шууд ойлгосон боловч Еховагийн талд орвол ажлаа алдана гэж айсан.

Би Библи болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүллүүдийг хэдэн сар бие дааж судлав. Сүүлдээ Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очихоор шийдлээ. Гишүүд нь намайг халуун дотноор угтан авахад сэтгэл их хөдөлж билээ. Туршлагатай ахаар 6 сар Библийн хичээл заалгаад 1954 оны 9 дүгээр сард баптисм хүртэв. Удаа ч үгүй, ээж дүү хоёр маань бас Гэрч болсон.

ЕХОВАД НАЙДАН БҮРЭН ЦАГИЙН ҮЙЛЧЛЭГЧ БОЛСОН МИНЬ

Харамсалтай нь ээж минь 1958 оны олон улсын чуулганаас хэдхэн 7 хоногийн өмнө нас барлаа. Тэр чуулганд суух завшаан надад тохиосон. Харин буцаж ирээд гэр бүлээ тэжээх үүргээс чөлөөлөгдсөнөө ойлгож, ажлаасаа гараад эхлэгч боллоо. Тэр үед би Даниел Дэли гэдэг идэвх зүтгэлтэй эхлэгч бүсгүйтэй үерхэж байгаад 1959 оны 5 дугаар сард гэрлэсэн.

Даниел маань бүрэн цагаар үйлчлэхийн тулд гэрээсээ хол, Бриттани гэдэг тосгонд очсон юм билээ. Тэнд католик сүмийн нөлөө ихтэйн дээр, дугуйгаар явж хөдөө дэлгэрүүлдэг учраас зориг их шаарддаг байжээ. Төгсгөл удахгүй болно гэж боддогоороо бид хоёр адилхан байв (Мат. 25:13). Хүний л төлөө гэсэн сэтгэлтэй эхнэрийнхээ ачаар бид хоёр бүрэн цагаар тасралтгүй үйлчилсэн дээ.

Гэрлээд хэдхэн хонож байтал намайг дүүрэг хариуцагчаар томилов. Ингээд шинэ амьдрал эхэллээ. Бидний очсон анхны хурал 14 дэлгэрүүлэгчтэй, гэртээ хонуулах боломжтой айл нэг ч байхгүй. Тиймд бид хоёр цуглааны танхимын тайзан дээр матраас тавиад унтана. Тав тухтай биш боловч нуруу туруунд тун сайн байсан шүү!

Бид хоёр, жижигхэн машинаараа хурлуудад очдог байлаа

Хэчнээн шахуу хуваарьтай ч Даниел маань явуулын ажилд амархан дассан. Урьдчилж төлөвлөөгүй ахлагчдын уулзалтаас гарч ирэхэд жижигхэн машиндаа суугаад хүлээж байдаг сан. Гэхдээ нэг ч удаа гомдоллож байсангүй. Эхнэр нөхөр хоёр илэн далангүй ярилцаж, нэг багийн гишүүд шиг хамтарч ажиллах нь хэчнээн чухал байдгийг 2 жил дүүргийн ажил хийх хугацаандаа ойлгож авсан юм (Ном. 4:9).

ШИНЭ ТОМИЛОЛТ

Нью-Йоркийн Брүүклинд Гилеад сургуулийн 37 дахь ангид 10 сар суралцах урилгыг бид хоёр 1962 онд хүлээж авав. 100 оюутны 26 нь гэр бүл байлаа. Бид хоёр хамт суралцах болсондоо их баярласан. Итгэлийн жишээ болсон Фредерик Фрэнц, Юлисис Гласс, Александр Макмиллан ахтай уулзаж учирч явсан сайхан дурсамж одоо ч сэтгэлд тодхон.

Гилеад сургуульд хамт сурах болсондоо бид хоёр их баярласан

Ажигч гярхай байхыг сургалтын туршид уриалж байлаа. Заримдаа хагас сайны үдээс хойш хичээл тарсны дараа Нью-Йорк хотын дурсгалт газруудаар аялна. Юу үзсэнээ тайлагнаж бичээд даваа гарагт шалгуулах ёстой. Бид бямба гаргийн орой ихэнхдээ үхтэлээ ядарчихсан буцаж ирнэ. Гэсэн ч хөтөч маань (сайн дураараа хөтөч хийдэг бетелчин) үзсэн харсан зүйлийг маань сануулахын тулд асуулт асуудаг байв. Нэг бямба гарагт хотыг өдөржин тойрон аялсан юм. Одон орныг судлах төвд очиж солир, толирын тухай мэдэж авлаа. Америкийн Үндэсний түүхийн музейд очоод жирийн матар, аллигатор матрын ялгааг мэдсэн. Бетелд буцаж очсоны дараа хөтөч маань: «За, солир толир хоёр ямар ялгаатай вэ?» гэж асуулаа. Даниел маань ядарсандаа «Толир нь урт шүдтэй!» гэж билээ.

Африкийн үнэнч нэгтнүүд дээрээ очих сайхан байв

Хамгийн гайхалтай нь, бид хоёр Франц дахь салбарт томилогдож, тэндээ 53 жил үйлчилсэн. 1976 онд намайг Салбарын хорооны зохицуулагчаар томилсон. Бас манай үйл ажиллагааг хязгаарласан эсвэл хориглосон Африк, Ойрх Дорнодын улсуудад эргэлт хийх даалгавар өглөө. Өгүүллийн эхэнд дурдсан явдал Габон улсад болсон юм. Үнэнийг хэлэхэд, гэнэт ийм даалгавар өгөхөд биелүүлж чадах болов уу гэж санаа зовдог байлаа. Гэвч Даниел минь үргэлж түшиг болдог байсан учраас ямар ч даалгаврыг биелүүлж чадах юм шиг санагддаг байв.

Парист 1988 онд болсон «Шударга Бурхан» сэдэвтэй чуулганы үеэр Теодор Яарач ахын илтгэлийг би орчуулж байна

ХҮНД БЭРХ СОРИЛТ ТУЛГАРСАН НЬ

Бетелийн амьдрал бид хоёрт анхнаасаа л таалагдсан. Даниел маань Гилеадад сурахаасаа өмнө 5 сар англи хэл үзээд сайн орчуулагч болсон. Бид хоёр Бетелийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг ч, хурлынхантайгаа хамт үйлчлэх нь бүр ч сайхан байлаа. Ахиц гаргадаг суралцагчидтай Библийн хичээл хийгээд шөнө орой болсон хойно Парисын метрогоор буцаж явсан гэгээн дурсамж сэтгэлд тодхон байдаг юм. Харамсалтай нь Даниелын бие гэнэт муудаж хүссэнээрээ идэвхтэй үйлчлэх боломжгүй боллоо.

Эхнэр маань хөхний хорт хавдартай болсноо 1993 онд мэдэв. Хүнд мэс засал, химийн эмчилгээ хийлгэсэн. Түүнээс хойш 15 жилийн дараа дахиад л хавдар гэсэн онош сонслоо. Илүү хурдан явцтай хорт хавдар байв. Гэсэн ч Даниел орчуулагчийн ажилдаа дуртай болохоор биеэ жаахан дээрдэнгүүт ажлаа хийдэг байсан.

Хэчнээн хүнд өвчтэй байсан ч эхнэр бид хоёр Бетелээс гарах тухай нэг ч удаа бодож үзээгүй. Гэхдээ л хүнд өвчтэй хүн Бетелд байхад, ялангуяа өвчин нь хэр ноцтойг бусад хүн мэдэхгүй бол үнэхээр хэцүү (Сур. 14:13). Даниел 70 хол давсан хэдий ч төрөлхийн царайлаг, сайхан бүсгүй байсан учраас өвдөж зовж явааг нь хэн ч олж хардаггүй байв. Өөрийгөө гэхээсээ илүү бусдад туслахыг л бодно. Тийм учраас зовсон хүмүүсийн ярихыг анхааралтай сонсдог байсан (Сур. 17:17). Өөрийгөө хэзээ ч зөвлөгч гэж хэлж байгаагүй ч туршлагадаа тулгуурлан зөвлөгөө өгч хорт хавдраас айхаа болиход нь олон эмэгтэйд тусалсан даа.

Бид хоёрт өөр бэрхшээл тулгарав. Эхнэр маань бүрэн цагаар ажиллах боломжгүй болсон ч надад тусалж, ажлыг маань хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн. Жишээ нь хоёулаа хамт өрөөндөө хооллочихоод жаахан амрахын тулд бүх юмыг өдөр бүр урьдчилаад бэлдчихдэг байсан (Сур. 18:22). Тийм учраас би Салбарын хорооны зохицуулагчаар 37 жил үйлчилсэн.

САНАА ЗОВООСОН АСУУДЛАА ӨДӨР БҮР ШИЙДЭЖ СУРСАН

Эхнэр маань гайхалтай өөдрөг, амьд явах чин хүсэлтэй хүн байлаа. Тэгтэл дахиад л хорт хавдар илрэв. Хоёулаа ямар ч тэнхээгүй болсон. Химийн болон туяа эмчилгээнээс болоод эхнэр маань тамирдаж, заримдаа арай гэж алхдаг болов. Гайхалтай орчуулагч байсан хайртай эхнэрийгээ чадан ядан ярьж байгааг харахаар зүрх шимширдэг байлаа.

Тамир тасарсан байсан ч бид залбирсаар, хэрээс хэтэрсэн сорилт тулгарахыг Ехова хэзээ ч зөвшөөрөхгүй гэдэгт итгэж найдсаар байв (1 Кор. 10:13). Ехова Үгээрээ, Бетелийн эмч сувилагчдаар, ах дүү нараар туслуулдаг байсанд бид үргэлж талархаж явдаг.

Бас хийлгэх эмчилгээг маань зааж өгөөч гэж Еховад залбирдаг байв. Эхнэрт маань нэг хэсэг ямар ч эмчилгээ хийсэнгүй. Даниелыг 23 жил эмчилсэн эмч химийн эмчилгээний дараа яагаад ухаан алдаад байгааг нь тайлбарлаж чадаагүй юм. Өөр ямар нэг эмчилгээ хийлгэхийг ч зөвлөж чадсангүй. Энэ хорвоо дээр хоёулхнаа үлдсэн юм шиг санагдаж, цаашдаа юу болохыг хүлээх л үлдлээ. Тэгтэл өөр нэг эмч Даниелыг эмчлэхээр болов. Санаа зовоосон асуудлаа даван туулахад Ехова л тусалж зам нээж байх шиг санагдсан.

Бид санаа зовоосон асуудлаа өдөр бүр шийдэж сурсан. «Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» гэж Есүс хэлсэн шүү дээ (Мат. 6:34). Бас өөдрөг, хөгжилтэй байх нь тустай. Жишээ нь Даниел хоёр сар химийн эмчилгээгүй байхдаа хөхүүн баясалтайгаар над руу хараад «Бие минь хэзээ ч одоогийнх шиг сайн байгаагүй юм шиг санагдаж байна» гэж билээ (Сур. 17:22). Хэчнээн зовж шаналж байсан ч цуглааны шинэ дуунуудыг чангаар, өөртөө итгэлтэй, баяр хөөртэй дуулдаг байсан.

Эхнэр маань өөдрөг байсны ачаар би өөрийнхөө бэрхшээлийг давдаг байв. Бид хоёр ханилаад 57 жил болоход эхнэр минь л хамаг юмаа хийдэг байлаа. Үнэнийг хэлэхэд, өндөг яаж шарахыг ч би мэдэхгүй байлаа шүү дээ! Хүнд өвчин тусаад чадал нь барагдаад ирэхээр аяга таваг, хувцас хунар яаж угаадгийг, хамгийн амархан хоол яаж хийдгийг би сурахаас өөр аргагүй болсон. Тэр хугацаанд хэдэн шилэн аяга хагалсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ баярлуулах гэж хичээж байгаадаа бөөн баяр болдог сон. *

ЭНЭРЭНГҮЙ ЕХОВАДАА ТАЛАРХДАГ

Өвдөж хавдах, өтөлж хөгшрөхийн зовлон үзээд би чухал юм ойлгосон. Нэгд, ханьдаа хайртай л юм бол хэтэрхий завгүй байж болохгүй. Хүч тэнхээтэй, эрүүл саруул байгаа дээрээ хайртай хүндээ санаа тавих ёстой юм байна (Ном. 9:9). Хоёрт, аар саар юманд хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Хэрэв тэгвэл өдөр бүр хүртдэг өчнөөн сайхан ивээлийг олж харахгүй өнгөрөх аюултай (Сур. 15:15).

Эхнэртэйгээ хамт бүрэн цагаар үйлчилсэн он жилүүдээ эргээд бодохоор Ехова бидэнд төсөөлөхийн аргагүй гайхалтай ивээл хүртээснийг ойлгодог. «ЭЗЭН [надад] их өгөөмөр хандсан» гэж хэлсэн дуулалчтай би санал нэг байдаг (Дуу. 116:7).

^ д/м 32 Даниел Бокарт эгч энэ сэтгүүлийг гарахаас өмнө 78 насандаа таалал төгссөн юм.