Skip to content

Гарчиг руу орох

Сахилгын арга хэмжээ—Бурхны хайрын илрэл

Сахилгын арга хэмжээ—Бурхны хайрын илрэл

«Ехова хайрладаг хүнээ сахилгажуулдаг» (ЕВР. 12:6).

ДУУ: 43, 20

1. Сахилга батын арга хэмжээний талаар Библид юү гэж байдаг вэ?

«САХИЛГА батын арга хэмжээ» гэдэг үгийг сонсоод та юу бодох вэ? Шийтгэлийн тухай л бодох байх. Гэхдээ үүнээс ч олон зүйл багтдаг. Библид бичсэнээр бол сахилга батын арга хэмжээ бидэнд л тустай. Заримдаа мэдлэг, мэргэн ухаан, хайр, амьтай холбож бичсэн байдаг (Сур. 1:2–7; 4:11–13). Яагаад гэвэл Бурхан биднийг хайрладаг, мөнх амьдраасай гэж хүсдэг учраас сахилгажуулдаг (Евр. 12:6). Ехова заримдаа шийтгэдэг нь үнэн. Гэхдээ хэзээ ч харгис хэрцгийгээр шийтгэдэггүй. Сахилгажуулах гэдэгт юуны түрүүнд хүүхдийг сургаж хүмүүжүүлэх орно.

2, 3. Сахилга батын арга хэмжээ гэдэгт зааж сургах, шийтгэхийн аль аль нь ордог гэхийн учир юү вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

2 Жишээ авъя. Жоони гэдэг хүү гэртээ бөмбөгөөр тоглож байлаа. Ээж нь түүнд «Жоони, гэрт бөмбөг тоглож болохгүйг мэдэж байгаа биз дээ? Юм цохиод хагалчихвал яана?» гэв. Гэвч хүү ээжийнхээ үгэнд оролгүй тоглож байтал бөмбөг нь ваар оноод хагалчихав. Ээж нь яах бол? Зааж сургана, бас тохирсон шийтгэл онооно. Эхлээд, юу нь буруу байсныг хэлж өгнө. Аав ээжийнхээ гаргасан дүрмийг сахиж дуулгавартай байх нь өөрт нь л сайн гэдгийг хүүдээ ойлгуулахыг хичээнэ. Дараа нь, үгэндээ хүрч тохирох аргаар шийтгэнэ. Жишээлбэл бөмбөгийг нь хурааж аваад нэг хэсэгтээ өгөхгүй байж магадгүй. Тэгвэл Жоони дуулгаваргүй байх нь өөрт нь л муу гэдгийг ухаарах биз ээ.

3 Бид Бурхны гэр бүлийн гишүүд билээ (1 Тим. 3:15). Тийм учраас тэнгэрийн Эцэг маань сайн муугийн хэм хэмжээ тогтоох ч эрхтэй, хэм хэмжээг нь зөрчсөн хүнийг сахилгажуулах ч эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ноцтой нүгэл үйлдээд сахилга батын арга хэмжээ авхуулсан хүн тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай байх нь хэчнээн чухал гэдгийг ухаардаг (Гал. 6:7). Бурхан бидэнд маш их хайртай учраас зовохгүй байгаасай гэж хүсдэг (1 Петр 5:6, 7).

4. а) Хүүхэд юм уу суралцагчаа ямар аргаар сургавал Ехова ивээх вэ? б) Энэ өгүүллээр юү үзэх вэ?

4 Хүүхэд юм уу суралцагчаа Библийн зарчмаар сургаж хүмүүжүүлбэл Христийн дагалдагч болох зорилгодоо хүрэхэд нь тусална. «Шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулах» гол багаж нь Бурхны Үг юм. Тийм учраас бид Есүсийн тушаасан бүхнийг хүүхэд болон суралцагчдаа ойлгуулж, сахин биелүүлдэг болоход нь туслахдаа Бурхны Үгийг ашигладаг (2 Тим. 3:16; Мат. 28:19, 20). Ингэвэл Ехова ивээнэ. Энэ аргаар заалгасан хүн бусдыг бас тэгж сургана (Тит 2:11–14-ийг уншина). Одоо дараах гурван асуултыг авч үзье. 1) Сахилга батын арга хэмжээг яагаад Бурхны хайрын илрэл гэдэг вэ? 2) Сахилгын арга хэмжээ авхуулсан хүмүүсээс юу сурах вэ? 3) Сахилга батын арга хэмжээ авахдаа Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайх вэ?

БУРХАН ХАЙРЫН СЭТГЭЛЭЭР САХИЛГАЖУУЛДАГ

5. Бурхан хайрын сэтгэлээр хэрхэн сахилгажуулдаг вэ?

5 Өөртэй нь дотно байгаасай, мөнх амьдраасай гэсэндээ Ехова биднийг хайрын сэтгэлээр засаж залруулдаг, зааж сургадаг, хүмүүжүүлдэг (1 Ёох. 4:16). Ингэхдээ биднийг хэзээ ч гутаан доромжилдоггүй, хэнд ч хэрэггүй гэсэн бодол төрүүлдэггүй (Сур. 12:18). Харин ч сайн талыг маань анхаарч, сонгох эрхийг хүндэтгэдэг. Бурхан таныг Үгээрээ, Библид үндэслэсэн ном хэвлэлээр дамжуулан зааж сургадаг. Мөн эцэг эх болон хурлын ахлагчдаар зөвлөгөө өгүүлдэг. Та энэ бүхнийг Бурхны хайрын илрэл гэж үздэг үү? Санаатай ч, санамсаргүй ч «замаасаа хазайсан» хүний дутагдлыг засахын тулд ахлагчид «аядуу зөөлөн байдаг». Ийнхүү тэд биднийг гэсэн Еховагийн хайрыг тусгадаг (Гал. 6:1).

6. Үүрэгт ажлаас чөлөөлөх, хурлаас хасах арга хэмжээг яагаад Бурхны хайрын илрэл гэж хэлж болох вэ?

6 Гэхдээ сахилга батын арга хэмжээ нь зөвлөгөө өгөх, зэмлэх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Ноцтой алдаа гаргасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлдөг. Үүнийг Бурхны хайрын илрэл гэж хэлж болно. Жишээ нь тийм хүн Библийг бие дааж судлах, эргэцүүлэн бодох, залбирах нь хэчнээн чухал байдгийг хариуцлагатай үүрэг гүйцэтгэх эрхгүй болсныхоо дараа ойлгож болох юм. Тэгээд Еховатай дотносоход хэрэгтэй бүхнийг хийж магадгүй (Дуу. 19:7). Яваандаа дахин хариуцлагатай үүрэг даалгах биз ээ. Хурлаас хасах арга хэмжээ ч Еховагийн хайрын илрэл юм. Яагаад гэвэл энэ нь хурлын гишүүдийг муу нөлөөнөөс хамгаалдаг (1 Кор. 5:6, 7, 11). Шударга Бурхан зөв зохистой аргаар сахилгажуулдаг учраас хурлаас хасагдсан хүн хэр зэрэг ноцтой нүгэл үйлдсэнээ ухаараад гэмшиж магадгүй (Үйлс 3:19).

ЕХОВАГИЙН АРГА ХЭМЖЭЭ АЧ ТУСТАЙ

7. Шебна гэж хэн бэ? Ямар болсон бэ?

7 Сахилга батын арга хэмжээний үнэ цэнг ойлгохын тулд Хезекиа хааны үед амьдарч байсан Шебна болон өнөөдөр бидний дунд амьдарч буй Грэмийн тухай ярилцъя. Ехова тэднийг сахилгажуулжээ. Шебна бол «ордны даамал» хэмээх хариуцлагатай ажил хийдэг, эрх мэдэлтэй нэгэн байсан (Ис. 22:15). Харамсалтай нь бардам болж өөрийгөө алдаршуулахыг хүсжээ. Тэр ч байтугай өөртөө зориулж сүрлэг сайхан бунхан бариулж, «тансаг тэрэг» унаж явдаг болсон (Ис. 22:16–18).

Дутагдлаа засаж даруу байвал Бурхан ивээнэ (8–10-р догол мөрийг үзээрэй)

8. Ехова Шебнаг яаж сахилгажуулсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?

8 Шебна өөрийгөө алдаршуулахыг хүссэн учраас Бурхан «албанаас [нь] буулгаж», оронд нь Елиакимыг томилжээ (Ис. 22:19–21). Ассирийн хаан Сеннахериб Иерусалим руу довтлохыг санаархаж байх үед энэ явдал болсон. Хожим нь Сеннахериб иудейчүүд болон Хезекиа хааныг айлган сүрдүүлж, дагаар оруулахаар түшмэдээ их цэрэгтэйгээ хамт Иерусалим руу илгээдэг (Х.дэд 18:17–25). Хезекиа Сеннахерибын түшмэдтэй хэлэлцээр хийлгэхээр Елиакимыг хоёр түшмэлтэй илгээжээ. Нэг нь нарийн бичиг Шебна байлаа. Эндээс харахад тэрээр даруу болсон бололтой. Тушаал буурууллаа гэж дургүйцэн гомдоллох юм уу уурлан хорсоогүй. Шебнад тохиолдсон явдал бидэнд юу сануулдаг вэ?

9-11. а) Шебнад тохиолдсон явдал ямар сургамжтай вэ? б) Еховагаас юу сурах вэ?

9 Нэгдүгээрт, Шебна байр сууриа алдсан. Энэ нь «сүйрлийн өмнө бардам зан явдаг бол бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг» гэдгийг сануулдаг (Сур. 16:18). Хэрэв та тусгай үүрэг даалгавар авч, итгэл нэгтнүүдийнхээ дунд нэр хүндтэй болбол үргэлж даруу байх гэж хичээх үү? Авьяас чадвартай бол, эсвэл чухал даалгавар биелүүллээ гэхэд үүнийгээ Еховагийн ач гэж бодох уу? (1 Кор. 4:7). Элч Паул: «Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод. Харин ... ухаалаг бай» хэмээн бичжээ (Ром 12:3).

10 Хоёрдугаарт, Ехова Шебнаг хатуу шийтгэсэн нь засарч өөрчлөгдөнө гэж найдсаны шинж юм (Сур. 3:11, 12). Хариуцлагатай үүрэг гүйцэтгэх эрхээ хасуулсан хүмүүс эндээс чухал сургамж авууштай! Уурлаж унтууцахын оронд сахилга батын арга хэмжээг Еховагийн хайрын илрэл гэж үзээд шинэ нөхцөлдөө дасан зохицож хамаг чадлаараа үйлчлэх хэрэгтэй. Ийнхүү даруу байвал Ехова шагнана гэдгийг санаарай (1 Петр 5:6, 7-г уншина). Ехова бидэнд хайртай учраас засарч сайжраасай гэсэндээ сахилга батын арга хэмжээ авдаг. Тиймээс зөөлөн шавар шиг буюу даруу байцгаая.

11 Гуравдугаарт, сахилга батын арга хэмжээ авах эрх бүхий хүмүүс, тухайлбал эцэг эх, ахлагчид Еховагаас сурах хэрэгтэй. Юу сурах вэ? Ехова нүглийг үзэн яддаг ч, нүгэл үйлдсэн хүнийг үзэн яддаггүй. Харин ч хайрлаж, сайн талыг нь хардаг. Хэрэв та эцэг эх юм уу ахлагч бол хүүхдээ, итгэл нэгтнээ сахилгажуулахдаа хийсэн хэргийг нь үзэн ядахын зэрэгцээ тухайн хүний сайн талыг олж харах уу? (Юуд. 22, 23).

12-14. а) Сахилга батын арга хэмжээ авхуулсан зарим хүн яадаг вэ? б) Бурхны Үгийн ачаар нэг Гэрч дутагдлаа хэрхэн зассан бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

12 Харамсалтай нь сахилгын арга хэмжээ авхуулсандаа гомдоод Бурхнаас болон ард түмнээс нь хөндийрдөг хүн байдаг (Евр. 3:12, 13). Тэгвэл тэдэнд туслах арга байхгүй юү? Үгүй, тийм биш! Жишээ авъя. Грэм хурлаас хасагдаад, хэсэг хугацааны дараа эрхээ сэргээлгэжээ. Гэвч дараа нь идэвхгүй болов. Нэг ахлагч түүнтэй дотносохыг их хичээжээ. Хэдэн жилийн дараа Грэм хамт Библи судалъя гэсэн хүсэлтийг тэр ахлагчид тавьсан гэнэ.

13 «Грэм бардам зангаасаа л болж буруудсан. Тэрээр өөрийг нь хурлаас хассан ахлагчдыг шүүмжилдэг байв. Тийм болохоор бид хоёр дараагийн хэдэн хичээлээр бардам зан, түүний хор хөнөөлийн талаар Библид үндэслэн ярилцсан. Грэм Бурхны Үгийн толинд өөрийгөө тод харж эхэлсэн. Харсан зүйл нь үзэшгүй муухай санагдаж л дээ! Тэгээд юу болсон гээч! Бардам зан гэдэг «дүнз» нүдийг нь халхалж, юм л бол шүүмжилдэг нь өөрийнх нь гол дутагдал байсныг ойлгомогцоо маш хурдан өөрчлөгдөж эхэлсэн. Цуглаанд тогтмол явж, Бурхны Үгийг шаргуу судалж, өдөр бүр залбирдаг болсон. Бас өрхийн тэргүүний үүргээ ухамсарлан гэр бүлийн хичээлээ удирдаж эхлэхэд эхнэр хүүхдүүд нь бөөн баяр болсон» гэж тэр ахлагч дурссан юм (Лук 6:41, 42; Яак. 1:23–25).

14 Ахлагч цааш нь ярихдаа «Нэг удаа Грэмийн хэлсэн үгэнд сэтгэл хөдөлж билээ. “Би үнэнийг мэдээд олон жил болсон. Эхлэгчээр ч үйлчилж байсан. Гэхдээ Еховад хайртай гэж одоо л чин сэтгэлээсээ хэлж чадна” гэж хэлсэн юм. Удалгүй тэрээр цуглааны үеэр микрофон зөөх даалгавар аваад ямар их баярласан гэж санана! Сахилгажууллаа гэж уурлаж эгдүүцэхийн оронд засарч өөрчлөгдөн даруу байвал Бурхан ивээлээ хальтал асгадгийг Грэмд тохиолдсон явдлаас ойлгосон» гэжээ.

САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХДАА ЕХОВА ЕСҮС ХОЁРЫГ ДУУРАЙЯ

15. Та ямар байвал хүмүүс зөвлөгөөг тань дуртайяа хүлээж авах вэ?

15 Сайн багш болъё гэвэл эхлээд сайн шавь байх хэрэгтэй (1 Тим. 4:15, 16). Сахилга батын арга хэмжээ авах эрх бүхий хүмүүс өөрсдөө Еховагийн удирдлага зааврыг дагаж мөрддөг байх учиртай. Тэгвэл даруу, дуулгавартай тэр хүмүүсийг бусад нь хүндэлнэ, зөвлөгөөг нь дуртайяа хүлээж авна. Есүсийн үзүүлсэн жишээг авч үзье.

16. Зөв зохистой засаж залруулж, үр дүнтэй зааж сургахын тулд Есүсээс юу сурч болох вэ?

16 Есүс цаг үргэлж Эцэгтээ дуулгавартай байсан. Маш хэцүү даалгавар өгөхөд ч үгэнд нь ордог байв (Мат. 26:39). Мэргэн ухаан, гайхалтай сайхан сургаал айлдах чадвар хайрласан Эцэгтээ талархдаг байжээ (Ёох. 5:19, 30). Эцгийнхээ хэлснийг ягштал дагадаг байсан учраас өрөвч, энэрэнгүй багш болсон. Тиймээс чин сэтгэлтэй хүмүүс түүнд татагддаг (Матай 11:29-ийг уншина). Урам сэргээсэн үг нь «бяцлагдсан хулс», «сүүмэлзэх зул» мэт хүмүүсийн сэтгэлийг дулаацуулдаг байжээ (Мат. 12:20). Тэвчээр барагдмаар үед ч хайрын сэтгэлээр учирлан ярьдаг байв. Хэн хамгийн агуу нь болох талаар ширүүн маргалдсан элчүүддээ хэрхэн хандсанаас нь үүнийг мэдэж болно (Марк 9:33–37; Лук 22:24–27).

17. Бурхны сүргийг сайн хариулдаг хоньчин байхын тулд ахлагч ямар байх хэрэгтэй вэ?

17 Сахилгын арга хэмжээ авахдаа Христийг дуурайх нь ухаалаг хэрэг юм. Ингэдэг бол Бурхан болон түүний Хүүгийн гар дахь зөөлөн шавар байж хүссэнээр нь хэлбэржихийг боддог гэсэн үг. Элч Петр: «Та нарт хариуцуулсан Бурхны сүргийг хариул. Анхаарч халамжлан, албадлагаар биш, Бурхны таалалд нийцүүлэн сайн дураараа, ашиг хонжоо хайлгүй, чин сэтгэлээсээ үйлчлээрэй. Бурхны эзэмшил болсон хүмүүсийг ноёлох бус, харин сүрэгтээ үлгэр дуурайл болж байгаарай» хэмээн бичжээ (1 Петр 5:2–4). Ахлагч хүн Ехова Есүс хоёрт дуртайяа захирагддаг бол өөрт нь ч, хурлын гишүүдэд ч тустай (Ис. 32:1, 2, 17, 18).

18. а) Ехова эцэг эхчүүдээс юү хүсдэг вэ? б) Эцэг эхчүүд үүргээ биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Ехова яаж туслах вэ?

18 Энэ зарчим гэр бүлд ч хамаатай. «Хүүхдээ бүү уурлуул. Харин Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүл» гэж өрхийн тэргүүнүүдэд зөвлөдөг (Эф. 6:4). Энэ нь хэр чухал бэ? Сургаалт үгс 19:18-д «Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл. Түүний үхлийг бүү хүс» гэж бий. Гэрч эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхгүй бол Еховагийн өмнө хариуцлага хүлээнэ! (1 Сам. 3:12–14). Харин залбирч, Үгийг нь уншиж судлан, агуу хүчээр нь удирдуулан даруу байвал Ехова тэдэнд мэргэн ухаан, хүч тэнхээ өгнө (Яаков 1:5-ыг уншина).

ҮҮРД АМАР ТАЙВАН АМЬДРАХАД СУРАЛЦАХ НЬ

19, 20. а) Сахилга батын арга хэмжээ авлаа гэж дургүйцэхийн оронд дутагдлаа засвал Ехова хэрхэн ивээх вэ? б) Дараагийн өгүүллээр юү үзэх вэ?

19 Бурхан биднийг сахилгажуулахад дургүйцэлгүй хүлээн авдаг бол, мөн бусдыг сахилгажуулахдаа Ехова Есүс хоёрыг дуурайдаг бол дундаршгүй их ивээл хүртэнэ. Наад зах нь гэр бүлүүд, хурлууд амар тайван байна. Хүн нэг бүр хайрлуулж, хүндлүүлж, хамгаалуулна. Энэ бол ирээдүйд хүртэх ивээлийн маань өчүүхэн нэг хэсэг юм (Дуу. 72:7). Ехова сахилгажуулдаг нь биднийг ирээдүйн сайхан амьдралд бэлдэж байна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Хайр халамжтай Эцгийнхээ нөмөрт хоргодон гэр бүлээрээ үүрд амар тайван, эв нэгдэлтэй амьдрах ирээдүй бий (Исаиа 11:9-ийг уншина). Ингэж бодвол сахилга батын арга хэмжээг илүү их үнэлж эрхэмлэн, биднийг гэсэн Еховагийн агуу хайрыг ойлгоно.

20 Дараагийн өгүүллээр, хүүхэд хүмүүжүүлэх болон хурлын гишүүдэд сахилгын арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй үзнэ. Мөн хүн бүр сахилга баттай байх шаардлагатайг ярилцана. Арга хэмжээ авхуулах сайхан биш. Гэхдээ үүнээс ч дор юм бий. Хэрхэн зайлсхийхийг ярилцъя.