Арвин ургац
ТӨГСГӨЛИЙН цаг үед дагалдагчид нь арвин ургац хураахыг Есүс зөгнөсөн билээ (Мат. 9:37; 24:14). Энэ зөгнөл Украины Закарпат мужид хэрхэн биелж байгааг үзье. Уг мужид байдаг зэргэлдээ гурван хотод 50 хурал, 5 400 гаруй дэлгэрүүлэгч бий. * Гурван хотын хүн амын 4 хүн тутмын 1 нь Еховагийн Гэрч гэсэн үг!
Энэ гурван хотын хүмүүс ямар онцлогтой вэ? Нутгийн Гэрч Василе: «Манай нутгийнхан Библийг эрхэмлэдэг, шударга ёсыг дээдэлдэг, ах дүүсэг, бие биедээ чин сэтгэлээсээ тусалдаг» гэж ярьсан юм. Тэрээр цааш нь «Тэд итгэж үнэмшдэг зүйлийг маань тэр бүр хүлээн зөвшөөрөөд байдаггүй ч Библиэс үзүүлэхээр анхаарч сонсдог» гэжээ.
Олон дэлгэрүүлэгчтэй хэсгийн ах дүү нарт маань өвөрмөц бэрхшээл тулгардаг. Жишээ нь, 134 дэлгэрүүлэгчтэй хурлын хэсэгт ердөө 50-хан айл байдаг гээд бод доо! Тэгвэл ийм үед яаж дэлгэрүүлдэг бол?
Хэрэгцээ ихтэй газар очиж дэлгэрүүлэхийг хичээдэг ажээ. 90 настай Ёонаш ах: «Манай хурлын хэсэгт байдаг айлууд болон дэлгэрүүлэгчийн тооны харьцаа 1:2. Би тосгонд дэлгэрүүлдэг. Саяхан болтол бие маань танагтай байхад 160 километрт байдаг харьяа бус хэсэгт очиж унгар хэлээр дэлгэрүүлдэг байлаа» гэж ярьсан юм. Дэлгэрүүлэгчид өөр хэсгүүдэд очиж туслахын тулд ямар нэг юмаа золиослох шаардлага гардаг. Ёонаш: «Галт тэргэнд суухын тулд өглөө 4 цагт босно. Тэгээд галт тэргээр буцаад харихдаа дэлгэрүүлсээр оройн 6 цаг хүртэл явдаг байлаа. Долоо хоногт 2–3 удаа ийм аялал хийдэг байсан» гэлээ. Ийм их хичээл зүтгэл гаргасны үр дүн байсан болов уу? «Би ингэж дэлгэрүүлээд бөөн баяр хөөр болдог байсан. Хөдөөний нэг гэр бүлд үнэнийг мэдэхэд нь тусалсан шүү» гэж тэрээр ярьсан.
Хүн болгон тийм хол явж чадахгүй л дээ. Гэхдээ эндхийн хурлуудын хөгшин залуу бүх дэлгэрүүлэгч хэсгээ сайтар боловсруулах гэж дор дороо хичээдэг ажээ. Үүний дүнд, 2017 оны Дурсах цуглаанд энэ гурван хотын дэлгэрүүлэгчдийн нийт тооноос бараг хоёр дахин олон буюу гурван хотын хүн амын тал нь хүрэлцэн иржээ. Бид хаана ч үйлчилсэн, «Эзний үйл хэргээр үргэлж бялхдаг» (1 Кор. 15:58).
^ д/м 2 Хотуудын нэр нь Глибокий Потик, Середне Водяне, Нижня Апша юм.