СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2
Цуглаан дээр Еховаг магтацгаая
«Чуулганы дунд би Таныг магтах болно» (ДУУ. 22:22).
ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!
ТОЙМ *
1. Давид Еховаг хайрладаг хүн байсан нь юунаас харагддаг вэ?
ДАВИД ХААН: «ЭЗЭН бол агуу ба өндөрт магтууштай» хэмээн бичжээ (Дуу. 145:3). Тэрээр Еховад хайртай байв. Энэ хайрандаа хөтлөгдөн Бурхныг «чуулганы дунд» магтжээ (Дуу. 22:22; 40:5). Еховаг хайрладаг та Давидын хэлсэн дараах үгтэй санал нийлдэг биз ээ. Тэрээр: «Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай» хэмээжээ (Ш.дээд 29:10–13).
2. а) Еховаг магтах нэг арга юу вэ? б) Зарим хүнд ямар бэрхшээл тулгардаг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?
2 Өнөө үед Еховаг магтах нэг арга нь цуглаанд оролцож хариулах юм. Гэхдээ хариулах нь олон хүнд амаргүй санагддаг. Тэд хариулахыг хүсдэг ч айдас нь саад болдог. Яавал айдсаа ялах вэ? Ямар зөвлөгөөг дагавал цуглаан дээр хариулж бусдынхаа урмыг сэргээх вэ? Эдгээр асуултыг ярилцахаасаа өмнө, яагаад цуглаан дээр хариулдгийн дөрвөн чухал шалтгааныг үзье.
БИД ЯАГААД ЦУГЛААН ДЭЭР ХАРИУЛДАГ ВЭ?
3-5. а) Еврей 13:15-д тайлбарласнаар, бид цуглаан дээр яагаад хариулдаг вэ? б) Бүх хүн яг адилхан хариулах ёстой юу? Тайлбарлана уу.
3 Бид бүгдээрээ Еховаг магтах завшаантай хүмүүс (Дуу. 119:108). Цуглаан дээр хариулах нь «магтаалын тахилын» нэг хэсэг юм. Өөр хүн бидний өмнөөс энэ тахилыг өргөх боломжгүй (Еврей 13:15-ыг уншина). Ехова яг адилхан тахил өргөх буюу яг адилхан хариулахыг хүн бүрээс шаарддаг уу? Үгүй!
4 Ехова хүн бүрийн авьяас чадвар, нөхцөл байдал өөр өөр гэдгийг мэддэг бөгөөд бидний өргөж буй тахилыг өндөр үнэлдэг. Израйлчууд ямар тахил өргөдөг байсныг бодоод үзье. Зарим нь хонь юм уу ямаагаар тахил өргөдөг байв. Ядуу нэг нь «хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтаа» өргөнө. Хэрвээ хоёр шувуу өргөж чадахгүй бол яах вэ? «Ефагийн аравны нэгэн сайн гурилыг» тахил болгон өргөж болдог байжээ (Лев. 5:7, 11). Гурил хэдийгээр хямдхан ч сайн чанарынх бол Ехова үнэ цэнтэй өргөл гэж үзээд хүлээж авдаг байв.
5 Сайхан сэтгэлтэй Бурхан маань өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Апол шиг уран цэцэн, Паул шиг цог золбоотой ярь гэж биднээс шаарддаггүй (Үйлс 18:24; 26:28). Гагцхүү чадах чинээгээрээ хариулаасай гэж хүсдэг. Хоёр жижиг зоос хандивласан бэлэвсэн эмэгтэйг сана даа. Хамгийн сайныгаа өгсөн учраас Ехова тэр эмэгтэйг үнэ хүндтэй гэж үзсэн шүү дээ (Лук 21:1–4).
6. а) Хүмүүс цуглаан дээр хариулахлаар танд ямар санагддагийг Еврей 10:24, 25-тай холбож тайлбарлана уу. б) Урам сэргээм хариулт өгсөн хүнийг хэрхэн урамшуулах вэ?
6 Хариултаараа бие биеэ урамшуулдаг (Еврей 10:24, 25-ыг уншина). Хүмүүс янз янзаар хариулахыг сонсох сайхан. Жаахан хүүхэд өөрийнхөө үгээр чин сэтгэлээсээ хариулахад бүгд л өхөөрддөг биз дээ? Библиэс саяхан судалж мэдсэн зүйлээ баяр хөөртэй хуваалцаж буй нэгнийхээ хариултыг сонсоод сэтгэл хөдөлдөг. Хэлийг маань сурч эхлээд удаагүй байгаа хэр нь эсвэл ичимхий атлаа «эр зоригтой» хариулж буй нэгнээрээ бид бахархдаг (1 Тес. 2:2). Хичээл зүтгэл гаргасан тэднийгээ хэрхэн урамшуулах вэ? Цуглааны дараа уулзаад, урам сэргээм хариулт өгсөнд баярлалаа гэж хэлж болно. Өөр нэг арга нь бид өөрсдөө цуглаан дээр хариулах юм. Тэгвэл бид ч урамшина, тэд ч урамшина (Ром 1:11, 12).
7. Цуглаан дээр хариулах нь ямар ач тустай вэ?
7 Цуглаан дээр хариулах нь өөрсдөд маань ач тустай (Ис. 48:17). Ямар ач тустай вэ? Нэгдүгээрт, хариулах зорилго тавивал цуглаандаа сайн бэлдэх гэж мэрийнэ. Сайн бэлдвэл Бурхны Үгийг улам гүнзгий ойлгоно. Ойлголт гүнзгийрэх тусам мэдэж авсан зүйлээ илүү сайн хэрэгжүүлж чадна. Хоёрдугаарт, цуглаанд идэвхтэй оролцохлоор илүү их баяр баясгалантай болно. Гуравдугаарт, хариулахын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг учраас юу ярьснаа нэг хэсэгтээ мартахгүй.
8, 9. а) Биднийг хариулахад Ехова яадаг вэ? Энэ талаар Малахи 3:16-гаас юу мэдэж болох вэ? б) Зарим хүнд ямар бэрхшээл тулгардаг вэ?
8 Итгэл үнэмшлийнхээ талаар ярихад Ехова баярладаг. Цуглаан дээр хариулах үед Ехова биднийг сонсдог бөгөөд хичээл зүтгэлийг маань өндөр үнэлдэг (Малахи 3:16-г уншина). Энэ нь юунаас харагддаг вэ? Таалалд нь нийцүүлэх гэж ихээхэн зүтгэл гаргаж буй биднийг Ехова ивээдэг (Мал. 3:10).
9 Тэгэхээр цуглаан дээр хариулах шалтгаан олон байдаг ажээ. Гэхдээ зарим хүн гар өргөхөөс айдаг байж болох юм. Та бас тийм бол санаагаар бүү унаарай. Цуглаан дээр илүү олон удаа хариулахад тань туслах Библийн зарчим, жишээ, зөвлөгөөг одоо авч үзье.
АЙДСАА ЯЛАХ НЬ
10. а) Олон хүн яагаад айдаг вэ? б) Хариулахаасаа айх нь яагаад сайны шинж байж болох вэ?
10 Цуглаан дээр гар өргөнө гэж бодохоор л хүйтэн хөлс чийхардаг уу? Тийм бол та ганцаараа биш ээ. Үнэндээ ихэнх хүн хариулж байхдаа ямар нэг хэмжээгээр айдаг. Та айдсаа ялъя гэвэл юунаас болоод айдгаа эхлээд мэдэж аваарай. Хэлэх үгээ мартах вий эсвэл буруу зөрүү хэлчих вий гэж айдаг уу? Бусад хүн шиг сайн хариулж чадахгүй гэж санаа зовдог уу? Ингэж айдаг бол сайны шинж. Та бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг даруу хүн байна. Ехова даруу хүнд хайртай Дуу. 138:6; Флп. 2:3). Гэхдээ намайг цуглаан дээр магтан алдаршуулаасай, ах дүүгийнхээ урмыг сэргээгээсэй гэж Ехова танаас хүсдэг (1 Тес. 5:11). Ехова таныг хайрладаг учраас зоригжуулна.
(11. Библийн ямар зарчмуудыг санах хэрэгтэй вэ?
11 Библийн зарим зарчмыг саная. «Ярихдаа алдаа гаргадаггүй хүн» байхгүй гэж Библид бичжээ. Үгээ буруу сонгоно, буруу ярина (Яак. 3:2). Гэхдээ Ехова биднээс төгс байхыг шаарддаггүй. Итгэл нэгтнүүд маань ч ялгаагүй (Дуу. 103:12–14). Бид бүгдээрээ нэг гэр бүлийн гишүүд шүү дээ. Тэд бидэнд хайртай (Марк 10:29, 30; Ёох. 13:35). Заримдаа буруу хариулчихвал тэд маань ойлгоно.
12, 13. Нехемиа Иона нарт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?
12 Айдсаа ялахад туслах хэдэн жишээг Библиэс үзье. Эхлээд Нехемиагийн тухай ярилцъя. Тэрээр хааны ордонд үйлчилдэг байжээ. Нэг удаа Нехемиа Иерусалимын хэрэм, хаалганууд эвдэрхий хэвээрээ байгааг дуулаад царай нь барайв (Нех. 1:1–4). Яагаад ийм гунигтай байгааг нь хаан асуухад ямар их тэвдэж сандарсан бол оо! Нехемиа бушуухан залбирчихаад хаанд хариу айлтгажээ. Тэгэхэд хаан Бурхны ард түмэнд туслахын тулд маш их юм хийсэн (Нех. 2:1–8). Ионагийн тухай бас бод доо. Ехова Ионад Ниневегийн оршин суугчидтай ярих даалгавар өгөхөд тэрээр айсандаа өөр зүг рүү зугтсан (Иона 1:1–3). Гэхдээ Еховагийн ачаар даалгавраа биелүүлсэн. Хэлсэн үг нь Ниневе хотынхонд тус болжээ (Иона 3:5–10). Хариулахаасаа өмнө залбирах хэрэгтэйг Нехемиагаас мэдэж авлаа. Мөн үйлчлэгч нь хэчнээн айж байлаа ч даалгавраа биелүүлэхэд нь Ехова тусалдгийг Ионад тохиолдсон явдлаас ойлголоо. Тэгээд ч Ниневе хотынхон шиг аймшигтай хүмүүс аль ч хуралд байдаггүй биз дээ?
13 Ямар зөвлөгөөг дагавал цуглаан дээр хариулж бусдынхаа урмыг сэргээх вэ? Хэдэн зөвлөгөө үзье.
14. Цуглаандаа сайн бэлдэх ёстойн учир юу вэ? Хэзээ бэлдэх вэ?
14 Цуглаан болгонд бэлдээрэй. Урьдчилан төлөвлөөд, сайтар бэлдвэл өөртөө итгэлтэй хариулна (Сур. 21:5). Цуглаанд бэлдэх цагийн хуваарь хүн хүнийх өөр байх нь мэдээжийн хэрэг. 80 настай Эловиз гэдэг эгч «Харуулын цамхаг» судлалын цуглаандаа 7 хоногийн эхээр бэлддэг ажээ. Тэрээр: «Урьдчилаад бэлдчихээр цуглаан илүү сонирхолтой санагддаг» гэж ярьсан. Бүтэн өдрөөр ажилладаг Жой гэдэг Гэрч эмэгтэй бямба гарагт «Харуулын цамхаг» сэтгүүлээ судалдаг. «Цуглааны өмнөхөн бэлдвэл санахад амар байдаг» гэж Жой ярьжээ. Хурлын ахлагч Аик эхлэгчээр үйлчлээд тун завгүй байдаг. Тэрээр: «Нэг амьсгаагаар бүгдийг бэлдсэнээс, 7 хоногийн турш бага багаар бэлдэх нь надад тохиромжтой байдаг» гэжээ.
15. Цуглаандаа яаж сайн бэлдэх вэ?
15 Цуглаандаа яаж сайн бэлдэх вэ? Судлах болгондоо эхлээд Еховагаас агуу хүчийг нь гуйж залбираарай (Лук 11:13; 1 Ёох. 5:14). Дараа нь гол гарчиг, дэд гарчиг, зураг, давтах асуултыг ерөнхийд нь хараарай. Тэгээд догол мөр бүрийг судлахдаа, дурдсан Библийн зүйлүүдийг бүгдийг уншихыг хичээгээрэй. Юу гэж хариулахыг хүсэж байна, түүнтэйгээ холбоотой Библийн зүйлийг сайтар эргэцүүлж бодоорой. Хэдийчинээ сайн бэлдэнэ, төдийчинээ их ач тус хүртэнэ. Хариулахад хялбар болно (2 Кор. 9:6).
16. Танд тустай ямар цахим багаж байдаг вэ? Хэрхэн ашиглах вэ?
16 Боломжтой бол, мэддэг хэлээр тань гарсан цахим багажийг ашиглаарай. Цуглаандаа бэлдэхэд тустай цахим багажийг Ехова байгууллагаараа дамжуулан бидэнд өгдөг. Жишээ нь JW Library® app (Жэй Даблю Лайбрари апп) бол судлах хэвлэлүүдийг зөөврийн хэрэгсэлдээ татаж авахад туслах цахим багаж юм. Хэвлэлээ татаад авчихсан байхад хаана ч, хэзээ ч судалж болно. Үгүй ядахдаа унших, сонсох боломжтой. Зарим хүн энэхүү багажийг ашиглан ажил, сургууль дээрээ цайны цагаар эсвэл унаагаар явж байхдаа судалдаг. Хүссэн сэдвээ гүнзгийрүүлж судлахад «Харуулын цамхаг номын сан», «Харуулын цамхаг—ОНЛАИН НОМЫН САН» тустай.
17. а) Нэлээд хэдэн хариулт бэлдэх нь яагаад сайн бэ? б) «Еховагийн найз болъё—Хариултаа бэлдэцгээе» гэдэг киноноос та юу сурсан бэ?
17 Болж өгвөл нэлээд хэдэн хариулт бэлдээрэй. Яагаад? Таныг гар өргөнгүүт сонгохгүй байж магадгүй. Зөвхөн та биш, өөр олон хүн гар өргөнө. Тэдний нэгийг сонгож болох шүү дээ. Цуглааныг цагт нь дуусгах ёстой учраас удирдаж байгаа хүн зарим хэсэгт хариулах хүний тоог хязгаарлаж болох юм. Тиймд таныг сонгоогүй бол гомдох ч хэрэггүй, шантрах ч хэрэггүй. Нэлээд хэдэн хариулт бэлдчихвэл цуглаанд оролцох боломж нэмэгдэнэ. Нэг удаад нь Библийн эшлэл уншиж болно. Түүнээс гадна, чадвал өөрийн үгээр хариулахад бэлдээрэй. *
18. Яагаад товчхон хариулах хэрэгтэй вэ?
18 Товчхон хариулаарай. Ер нь хамгийн Сур. 10:19; 15:23). Та цуглаан дээр хариулаад олон жил болж байгаа бол товчхон хариулах талаар бусдадаа үлгэр дуурайл болоорой. Хэтэрхий нарийн төвөгтэй зүйлийг хэдэн минутын турш тайлбарладаг бол бусад хүн тан шиг сайн ярьж чадахгүй гэж бодоод сүрдэж магадгүй. Түүнээс гадна товчхон хариулбал цуглаанд оролцох боломж илүү олон хүнд олдоно. Тухайн догол мөрийн асуултад та хамгийн түрүүнд хариулах болбол нуршилгүй, оновчтой хариулаарай. Догол мөрд байгаа бүх юмыг ярих гэсний хэрэггүй. Гол санааг хэлэлцсэний дараа нэмж тайлбарлаж болно ( «Асуултад хариулах ямар арга байдаг вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).
урамтай хариулт товч бөгөөд оновчтой байдаг. Тиймээс товчхон хариулж байх зорилго тавиарай. 30 секундэд багтаахыг хичээгээрэй (19. Удирдагч хэрхэн туслах боломжтой вэ? Та яах шаардлагатай вэ?
19 Аль догол мөрд хариулахаа удирдагчид хэлээрэй. Энэ аргыг хэрэглэхээр шийдсэн бол цуглаан эхлэхээс өмнө удирдагчтай уулзах нь зүйтэй. Таны бэлдсэн догол мөрийн асуултыг асуувал гараа бушуухан өргөөрэй. Удирдагчид харагдахын тулд аль болохоор дээш нь өргөөрэй.
20. Цуглаанд оролцохыг яагаад найзуудтайгаа хамт хоол идэхтэй зүйрлэж болох вэ?
20 Цуглаанд оролцохыг сайн найзуудтайгаа хамт хоол идэхтэй зүйрлэж болно. Хурлын тань зарим найз хамт хоол идэхээр болж, таныг жаахан идэх юм авчраарай гэжээ. Та яах вэ? Эхэндээ юу авч очихоо мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ хүн болгоны дуртай юмыг авч очих гэж чадлаараа хичээх байх. Ехова биднийг цуглаан гэдэг найранд урьж, ширээ дүүрэн сайхан хоол бэлддэг (Дуу. 23:5; Мат. 24:45). Чамин тансаг биш ч гэсэн чадах ядахаараа хийгээд авч очсон хоолыг маань Ехова хараад баярлана. Тиймээс цуглаандаа сайн бэлдэж, аль болохоор олон удаа оролцохыг хичээгээрэй. Тэгвэл Еховагийн ширээнээс хооллоод зогсохгүй хурлынхандаа бэлэг өгч байна гэсэн үг.
ДУУ 138 Таны нэр бол Ехова
^ д/м 5 Бид бүгдээрээ Еховагаа хайрлаж, баяр хөөртэйгөөр магтан алдаршуулдгаараа дуулалч Давидтай адилхан. Бурханд хайртайгаа батлах онцгой боломж цуглааны үед олддог. Гэвч цуглаан дээр хариулах нь зарим хүнд амаргүй санагддаг. Та тэдний нэг бол хариулахаасаа яагаад айдаг, айдсаа хэрхэн ялахыг энэ өгүүллээс мэдэж аваарай.
^ д/м 17 «Еховагийн найз болъё—Хариултаа бэлдэцгээе» киног jw.org-оос үзээрэй. БИБЛИЙН СУРГААЛ > ХҮҮХДҮҮД гэж орно уу.