Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

Ехова танаар юу хийлгэх бол?

Ехова танаар юу хийлгэх бол?

«Бурхан та нарт нөлөөлж, ... хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» (ФЛП. 2:13).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ *

1. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд яаж чаддаг вэ?

ЕХОВА санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу л болмоор байна, болж чаддаг. Цөөн хэдийг дурдвал Багш, Тайвшруулагч, Сайн мэдээ тунхаглагч болдог (Ис. 48:17; 2 Кор. 7:6; Гал. 3:8). Мөн санаа зорилгоо биелүүлэхдээ хүмүүсийг оролцуулах нь олонтоо (Мат. 24:14; 28:19, 20; 2 Кор. 1:3, 4). Бидэнд мэргэн ухаан, хүч чадал хайрлаж, санаа зорилгоо биелүүлэхийн тулд хэн болгож юу хийлгэмээр байна, түүнийгээ хэрэгжүүлж чадна. Энэ бүхэн Еховагийн нэрийн утгатай тохирно гэж судлаачид үздэг.

2. а) Зарим хүн яагаад Еховад хэрэгтэй эсэхдээ эргэлздэг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид бүгдээрээ Еховад хэрэгтэй хүн байхыг хүсдэг. Гэхдээ зарим хүн өөрийгөө Еховад хэрэгтэй юү, үгүй юү гэж боддог. Яагаад? Нас сүүдэр, нөхцөл байдал, авьяас чадвар нь нөлөөлдөг. Харин зарим нь хийж буй зүйлдээ сэтгэл ханаж, илүү ихийг хийх тухай боддоггүй байж магадгүй. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгтэй юмыг маань хэрхэн өгдгийг энэ өгүүллээр ярилцъя. Мөн эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх үйлчлэгчдээ хүсэл төрүүлж, хүч чадал хайрладгийг харуулах жишээг Библиэс авч үзье. Еховад хэрэгтэй хүн болохын тулд яах ёстойг эцэст нь хэлэлцье.

ЕХОВА ХЭРЭГТЭЙ ЮМЫГ МААНЬ ХЭРХЭН ӨГДӨГ ВЭ?

3. Филиппой 2:13-ыг үзвэл Ехова хэрхэн хүсэл төрүүлэх вэ?

3 Филиппой 2:13-ыг уншина. * Ехова хүсэл төрүүлж чадна. Яаж? Жишээ нь бид хуралд ямар нэгэн хэрэгцээ шаардлага гарсныг дуулдаг. Эсвэл ахлагчид салбараас ирсэн захидлыг уншиж өөр хуралд тусламж хэрэгтэй байгааг мэдэгдэж болох юм. Ийм үед бид өөрсдөөсөө «Би юу хийх вэ?» гэж асууж магадгүй. Эсвэл хэцүү даалгавар авлаа гэхэд яаж сайн биелүүлэх вэ гэж бодно. Библиэс уншлаа гэхэд «Энэ зүйлийг хэрхэн хэрэгжүүлбэл бусдад тусалж чадах вэ?» гэж өөрөөсөө асууж мэднэ. Ехова биднийг албаддаггүй. Гэхдээ ямар нэгэн зүйлд хүчээ сориход бэлэн байгааг маань хараад бодсоноо ажил хэрэг болгох хүсэл төрүүлдэг.

4. Ехова хэрхэн хүч чадал хайрлах вэ?

4 Ехова бас хүч чадал хайрладаг (Ис. 40:29). Авьяас чадварыг маань агуу хүчээрээ улам хөгжүүлж чадна (Ег. 35:30–35). Ямар даалгаврыг яаж биелүүлэхийг байгууллагаараа хэлүүлж болох юм. Та даалгавраа хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй байгаа бол тусламж аваарай. Бас өгөөмөр сэтгэлтэй тэнгэрийн Эцгээсээ «хэрээс хэтэрсэн хүчийг» нэрэлхэлгүй гуйгаарай (2 Кор. 4:7; Лук 11:13). Ехова хүсэл төрүүлж, хүч чадал хайрлаж байсныг харуулах жишээ Библид олон бий. Тэдгээрийн заримыг судалцгаая. Ехова тэр хүмүүсээр хийлгэсэнтэй төстэй ажлыг танаар хэрхэн хийлгэхийг төсөөлөн бодоорой.

ЕХОВА ЭРЧҮҮДЭЭР ЮУ ХИЙЛГЭСЭН БЭ?

5. Ехова Мосегоор хэзээ, юу хийлгэснээс ямар сургамж авч болох вэ?

5 Ехова Мосег аврагч болгосон. Хэзээ? «Египетчүүдийн бүх эрдмийг эзэмшиж» өөрийгөө бэлэн боллоо гэж бодсон үед нь үү? (Үйлс 7:22–25). Үгүй ээ. Мосег даруу, дөлгөөн хүн болгож өөрчилснийхөө дараа израйлчуудыг аврах даалгавар өгчээ (Үйлс 7:30, 34–36). Ехова түүнийг Египетийн хэмжээгүй эрхт эзэн хаантай ярих зоригтой болгосон (Ег. 9:13–19). Ехова Мосегоор хэзээ, юу хийлгэснээс ямар сургамж авч болох вэ? Бурхан өөрт нь таалагдах зан чанартай, мөн өөрт нь найддаг хүнд чухал даалгавар өгдөг байх нь ээ (Флп. 4:13).

6. Ехова Барзиллаиг Давид хаан руу илгээснээс юу мэдэж болох вэ?

6 Түүнээс хойш олон зууны дараа болсон явдлыг саная. Давид болон ардууд Абсаломоос зугтаж явахдаа «өлсөж ядран, цангажээ». Ехова тэдэнд туслуулахаар Барзиллаи тэргүүтэй хүмүүсийг илгээдэг. Өндөр настай Барзиллаи Давид болон түүнтэй хамт байгаа хүмүүст хоол хүнс өгөхийн тулд амь насаараа дэнчин тавьсан. Өтөлсөн учраас Еховад хэрэггүй болсон гэж Барзиллаи бодоогүй. Харин ч Бурхны үйлчлэгчдэд туслахын тулд байгаа бүхнээ харамгүй өгсөн (2 Сам. 17:27–29). Эндээс юу мэдэж болох вэ? Манай нутагт эсвэл хилийн чанадад амьдардаг итгэл нэгтэн маань зайлшгүй хэрэгцээт зүйлээр гачигдаж байна гэж бодъё. Тэгвэл Ехова тэдэнд туслах ажлыг биднээр хийлгэхдээ хөгшин хөвөө гэж голдоггүй байх нь ээ (Сур. 3:27, 28; 19:17). Хэрэв өөрөө очоод тусалж чадахгүй бол дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандив өргөж болно. Тэгвэл өргөсөн хандивыг маань хэрэгтэй газар нь хуваарилна (2 Кор. 8:14, 15; 9:11).

7. Ехова Симеоноор юу хийлгэсэн бэ? Энэ нь бидэнд яагаад урамтай санагддаг вэ?

7 Ехова Иерусалимд амьдардаг Симеон гэдэг үнэнч үйлчлэгчдээ Мессиаг үзэхээс нааш үхэхгүйг нь илчилжээ. Мессиаг олон жил хүлээж байсан өвгөн буурал Симеон үүнийг сонсоод ихэд баярласан нь эргэлзээгүй. Итгэлтэй, тэвчээртэй байсан Симеоныг Ехова ивээсэн юм. Нэг өдөр тэрээр «Бурхны агуу хүчээр удирдуулан» сүмд очоод нялх Есүсийг харжээ. Христ болж тодрох энэ хүүхдийн тухай зөгнөлийг Ехова Симеоноор хэлүүлсэн (Лук 2:25–35). Есүс дэлхий дэх үйлчлэлээ эхлэхийг Симеон хараагүй байх. Гэлээ ч сайхан боломж олгосон Еховад талархаж байлаа. Ирээдүйд бүр ч их ивээл хүртэнэ. Шинэ ертөнцөд бүх үндэстэн Есүст захирагдан ивээл хүртэхийг энэ үнэнч хүн үзнэ (Эх. 22:18). Бид бас Ехова Бурхандаа талархах нь зүйтэй. Яагаад гэвэл тэрээр өөрт нь үйлчлэх боломж олгодог билээ.

8. Ехова Барнабаар юу хийлгэсэн бэ? Биднээр бас юу хийлгэж болох вэ?

8 Еховагийн өгсөн ямар ч даалгаврыг биелүүлэхэд бэлэн, өгөөмөр сэтгэлтэй Иосеф гэдэг хүн МЭ I зуунд амьдарч байжээ (Үйлс 4:36, 37). Иосеф бусдыг тайвшруулахдаа гаргууд сайн байсан болохоор нь тэр үү, элч нар түүнийг Барнаб («Тайвшруулагч» гэсэн утгатай) гэж нэрлэжээ. Жишээлбэл хурлуудыг хавчдаг байсан Саулыг Христийн дагалдагч болоход бусад дагалдагч түүнтэй уулзахаас айж байхад, халуун сэтгэлт Барнаб туслахаар очсон. Саул үүнд нь ихэд талархсан нь лавтай (Үйлс 9:21, 26–28). Иерусалим дахь ахлагчид Сирийн Антиохт байдаг ах дүү нарын урмыг сэргээх хэрэгтэй болжээ. Тэд хэнийг явуулсан бэ? Барнабыг! Хүнээ олж сонгожээ. «Тэрээр ... Эзэнд тууштай үйлчлэхийг бүгдэд нь уриалжээ» гэж Библид байдаг (Үйлс 11:22–24). Ехова биднийг ч «тайвшруулагч» болгож чадна. Жишээлбэл үхэл хагацал үзэж буй итгэл нэгтнийг маань тайвшруулахын тулд биднийг явуулж болох юм. Эсвэл өвчтэй, сэтгэл гутралтай хүнд хэдэн аятайхан үг хэлэх, утсаар ярих хүсэл төрүүлж магадгүй. Еховагийн ямар ч даалгаврыг биелүүлэхэд бэлэн байсан Барнабыг та дуурайх уу? (1 Тес. 5:14).

9. Ехова Василийг сайн «хоньчин» болгосон явдлаас юу ойлгож болох вэ?

9 Ехова Василий гэдэг Гэрч эрэгтэйг сайн «хоньчин» болгосон юм. Түүнийг 26-тай байхад ахлагчаар томилжээ. Тэр үед Василий хурлынхандаа, ялангуяа зовлон туулж яваа ах эгч нартаа тусалж чадахгүй байх хэмээн айж байсан ч туршлагатай ахлагчдаар заалгаад, мөн ахлагч, туслах үйлчлэгчийн сургуульд сураад их юм мэдэж авчээ. Тэгээд улам сайжрахыг хичээсэн байна. Жишээ нь зорилтуудаа жагсааж бичив. Зорилт биелэх болгонд айдас нь бага багаар арилж байлаа. «Тэр үед аймшигтай санагддаг байсан зүйлээ одоо баяртай хийдэг болсон. Итгэл нэгтнээ тайвшруулах зүйлийг Библиэс олоход минь Ехова тусалдаг. Тэгэх бүрд сэтгэл амардаг» гэж Василий ярьсан юм. Эрчүүд ээ, та бүхэн Василийг дуурайн ямар ч даалгаврыг биелүүлэхэд бэлэн байвал Ехова та нарыг илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэх чадвартай болгоно.

ЕХОВА ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ЮУ ХИЙЛГЭСЭН БЭ?

10. Абигаил яасан бэ? Та Абигаилаас юу сурах вэ?

10 Саул хаанаас зугтаж явсан Давид ба түүний үнэнч нөхдөд тусламж хэрэгтэй байв. Тэд Набал гэдэг баян израйл эрээс жаахан идэх юм гуйжээ. Урьд нь Набалын хонь малыг цөлд байхад нь хамгаалж байсан болохоор тусална гэж найдаж байлаа. Гэтэл аминч Набал тэдэнд юу ч өгөхийг хүссэнгүй. Давид хилэгнэн уурлаж, Набалыг болон түүний бүх эрчүүдийг хүйс тэмтрэхээр шийджээ (1 Сам. 25:3–13, 22). Набалын үзэсгэлэнт эхнэр Абигаил ухаалаг бүсгүй байв. Тэрээр маш их зориг гарган Давид дээр очиж хөлд нь сөгдөөд, өшөө авч цусны буруутан болохгүй байхыг ятгажээ. Хэрэг явдлыг Еховад даатгахыг эвтэйхэн зөвлөв. Даруу, ухаалаг бүсгүйн хэлсэн үг, хийсэн үйлдэл Давидын сэтгэлийг хөдөлгөжээ. Ехова Абигаилыг илгээснийг тэрээр ойлгосон (1 Сам. 25:23–28, 32–34). Гэрийнхнийгээ болон итгэл нэгтнээ тайвшруулах хэрэг өнөөдөр ч гардаг. Хүний аргыг олдог, ухаалаг Абигаил шиг эмэгтэйчүүдийг Ехова ийм үед дайчилдаг (Сур. 24:3; Тит 2:3–5).

11. Шаллумын охид юу хийсэн бэ? Өнөөдөр ямар хүмүүс тэднийг дуурайдаг вэ?

11 Түүнээс хойш олон зууны дараа Иерусалимын хэрмийг сэргээн засварлах шаардлагатай болжээ. Энэ даалгаврыг Еховагаас авсан хүмүүсийн дунд Шаллумын охид байв (Нех. 2:20; 3:12). Аав нь захирагч байсан хэдий ч охид нь аюул осол ихтэй тэр хүнд ажлыг хийхэд бэлэн байсан (Нех. 4:15–18). «Эздийнхээ ажлыг тэтгээгүй» язгууртан текоичуудаас ямар их ялгаатай байж вэ! (Нех. 3:5). Сэргээн босгох ажил 52-хон хоногийн дотор дуусахад Шаллумын охид хэчнээн их баярласан бол оо! (Нех. 6:15). Еховаг шүтэхэд зориулсан барилга барих, засвар үйлчилгээний ажилд дуртайяа оролцдог Гэрч бүсгүйчүүд орчин үед олон бий. Тэд гараа гаргаж, урам зоригтой, үнэнч шударгаар ажилладаг учраас энэ ажил урагштай явдаг.

12. Табитагийн жишээг бодвол Ехова биднийг ямар хүн болгож чадах вэ?

12 Ехова Табитаг «их тусч, өглөгч хүн» болгожээ (Үйлс 9:36). Табита бусдад, нэн ялангуяа бэлэвсэн эмэгтэйчүүдэд тусалдаг байв. Тийм учраас гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй энэ эмэгтэйг нас барахад олон хүн гашуудсан. Харин түүнийг элч Петр амилуулахад тэд магнай хагартал баярлажээ (Үйлс 9:39–41). Табитагаас юу сурах вэ? Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй аль нь ч бай, бид бүгдээрээ итгэл нэгтэндээ тустай зүйлийг хийж өгөх учиртай байх нь ээ (Евр. 13:16).

13. Ичимхий зантай Рут гэдэг Гэрч эмэгтэйг Ехова ямар хүн болгосон бэ? Рут юу гэж дүгнэсэн бэ?

13 Рут миссионер болохыг хүсдэг байв. Ичимхий охин байсан болохоор айлаар дэлгэрүүлэхдээ танилцуулгаа бушуухан өгөөд салахын түүс болно. Айлын үүдэнд зогсоод Бурхны Хаант төрийн тухай ярих нь хэцүү санагддаг байжээ. Гэхдээ тэрээр: «Би энэ ажилд үнэхээр дуртай байсан» гэсэн юм. Хэчнээн ичимхий ч 18 хүрээд байнгын эхлэгч болов. 1946 онд Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургуульд сурч, хожим нь Хавайд, тэгээд Японд үйлчилжээ. Тэнд сайн мэдээ түгээх ажлыг Ехова Рутээр хийлгэсэн юм. Рут дэлгэрүүлэх ажилд 80 шахам жил оролцсоныхоо дараа «Ехова намайг байнга зоригжуулж ирсэн. Ичимхий зангаа ялахад тусалсан. Ехова өөрт нь найддаг хэнээр ч ажлаа хийлгэдэгт би бат итгэдэг» гэж ярьсан юм.

ЕХОВАД ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛООРОЙ

14. Колосай 1:29-д бичсэнээр, Еховад хэрэгтэй хүн болъё гэвэл яах ёстой вэ?

14 Ехова үйлчлэгчдээрээ янз бүрийн үүрэг гүйцэтгүүлж ирсэн. Тэгвэл танаар ямар үүрэг гүйцэтгүүлэх бол? «Биеэ дайчлахад» хэр бэлэн байгаагаас ихээхэн шалтгаална (Колосай 1:29-ийг уншина). Хэрэв та хүсэлтэй бөгөөд бэлэн байдаг бол Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд таныг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгч, сайн багш, чадварлаг тайвшруулагч, ур дүйтэй ажилчин, түшиг тулгуур болсон найз гээд юу л болгомоор байна, тийм болгож чадна.

15. 1 Тимот 4:12, 15-д бичсэнээр, хөвгүүд Еховагаас юу гуйх хэрэгтэй вэ?

15 Насанд хүрч яваа, эрч хүчтэй Гэрч хөвгүүд ээ! Хурлуудад туслах үйлчлэгчийн хэрэгцээ их байна. Ер нь ахлагчид туслах үйлчлэгчдээс олон байдаг. Гэрч хөвгүүд та нар хурлынхаа төлөө илүү их юм хийх хүсэлтэй болоорой. Зарим хүн: «Би жаргалтай байна. Дэлгэрүүлэгч байхад л хангалттай» гэж хэлдэг. Та нар тэгж боддог бол Еховагаас тусламж гуйгаарай. Туслах үйлчлэгч болох хүсэлтэй болгож өгөөч, чадах бүхнээ хийж танд үйлчлэх хүч өгөөч гэж залбираарай (Ном. 12:1). Та нарын тусламж үнэхээр хэрэгтэй! (1 Тимот 4:12, 15-ыг уншина).

16. Еховагаас юу гуйх хэрэгтэй вэ? Яагаад?

16 Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд таныг юу л болгохыг хүснэ, тийм болгож чадна. Тиймээс ажлыг нь хийх хүсэлтэй болгож өгөхийг гуйж залбираарай. Бас хүч чадал өгөхийг гуйгаарай. Хөгшин залуу аль нь ч бай цаг зав, хүч чадал, авьяас чадвар, эд хөрөнгөө Еховаг магтан алдаршуулахад зориулаарай (Ном. 9:10). Еховагийн төлөө илүү ихийг хийх боломж бүрдвэл чадахгүй гэж бүү бодоорой, яаран бүү татгалзаарай. Хайртай Эцгээ магтан алдаршуулахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэг бол үнэлж баршгүй завшаан юм!

ДУУ 29 Үнэнч явъя

^ д/м 5 Та Еховагийн төлөө одоогийнхоосоо илүү ихийг хийх сэн гэж хүсдэг үү? Эсвэл хангалттай үйлчилж байна, илүү их юм хийх шаардлагагүй гэж боддог уу? Еховад хэрэгтэй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг уу? Ехова ажлаа хийлгэхийн тулд таныг хэн болгож, юу хийлгэмээр байна, түүнийгээ заавал биелүүлж чадна. Танд хүсэл төрүүлж, хүч чадал хайрлана. Яаж гэдгийг энэ өгүүллээр үзье.

^ д/м 3 Паулын захидал Христийн I зууны үеийн дагалдагчдад зориулагдсан боловч өнөөгийн бидэнд бас хамаатай.