Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

Та Еховаг хэр сайн мэдэх вэ?

Та Еховаг хэр сайн мэдэх вэ?

«Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй» (ДУУ. 9:10).

ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя

ТОЙМ *

1, 2. Анхэлитогийн туршлагаас харахад бид дор бүрнээ яах ёстой вэ?

ТАНЫ эцэг эх Еховагийн Гэрч үү? Хэрэв тийм бол, манай аав ээж Бурхантай дотно юм чинь би ч бас адилхан гэж бүү бодоорой. Эцэг эх нь Еховад үйлчилдэг ч бай, үгүй ч бай, хүн бүр дор бүрнээ Бурхантай анд нөхөр болох ёстой.

2 Анхэлито гэдэг Гэрчийн тухай бодъё. Тэрбээр Еховагийн Гэрч айлд өсөж хүмүүжсэн хэдий ч өсвөр насандаа Бурхантай тийм ч дотно биш байжээ. «Манай гэрийнхэн юу хийнэ, би түүнийг л хийдэг байсан. Иймэрхүү маягаар Бурханд үйлчилж байсан» гэж ярьсан юм. Гэхдээ Анхэлито Библиэ уншиж, эргэцүүлэн бодох цаг гаргаж байхаар шийджээ. Бас Еховад илүү олон удаа залбирдаг болсон байна. Тэрбээр ямар үр дүнд хүрсэн тухайгаа ярихдаа «Еховаг мэдэх гэж өөрөө л хичээх ёстой юм билээ. Энэ бол хайртай Эцэгтэйгээ дотносох цорын ганц арга» гэжээ. Анхэлитогийн туршлагаас харахад дараах асуулт гарч ирж байна. Еховаг бага зэрэг мэдэх, сайн мэдэх хоёр ямар ялгаатай вэ? Бурхныг хэрхэн сайн мэдэж авах вэ?

3. Еховаг бага зэрэг мэдэх, сайн мэдэх хоёр ямар ялгаатай вэ?

3 Бурхны нэрийг мэддэг болсон гээд эсвэл хэлсэн хийсэн ганц нэг зүйлийг нь гадарладаг болсон гээд Еховаг мэддэг гэж ярьж магадгүй. Гэхдээ энэ нь Еховаг сайн мэддэг гэсэн үг биш юм. Еховатай танилцаж, зан чанарыг нь судлах хэрэгтэй. Тэгвэл Бурхны хэлсэн үг, хийсэн үйлдлийнх нь учир шалтгааныг ойлгож эхэлнэ. Ингэснээр үзэл бодол, гаргасан шийдвэр, хийсэн үйлдлийг тань Бурхан сайшааж байна уу, үгүй юү гэдгийг мэдэж авна. Тэгээд Ехова юу хүсэж байгааг нэгэнт ойлгосон бол мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

4. Мосе Давид хоёрын амьдралыг судалбал юу мэдэж авах вэ?

4 Еховаг шүтэх гэхээр хүмүүс таныг шоолж магадгүй. Цуглаанд явж эхлэхээр бүр эсэргүүцэж ч мэднэ. Гэхдээ Еховад найдвал хэзээ ч хаягдахгүй. Харин ч Бурхантай үүрдийн анд найз байх үндэс суурийг тавина. Бурхныг сайн мэдэх боломжтой юу? Боломжтой гэдэг нь Библид гардаг төгс бус хүмүүсийн жишээнээс харагддаг. Мосе Давид хоёрын амьдралд тохиолдсон явдлыг судалж, дараах хоёр асуултын хариуг мэдэж авъя. Тэд Еховаг хэрхэн сайн мэдэж авсан бэ? Тэднээс юу сурах вэ?

МОСЕ «ХАРАГДАХГҮЙ НЭГНИЙГ» ХАРСАН

5. Мосе ямар шийдвэр гаргасан бэ?

5 Мосе Еховад үйлчлэхээр шийдсэн. Тэрбээр 40 орчим настай байхдаа «фараоны охины хүү гэгдэхээс татгалзаж», Бурхны ард түмэнтэй нийлэхээр болжээ (Евр. 11:24). Хэргэм зэрэг, эрх ямбаа орхиж, еврей боолуудын талд орон египетчүүдийн бурханд тооцогддог хүчирхэг захирагч фараоныг хилэгнүүлжээ. Ямар гайхалтай итгэл вэ! Ийнхүү итгэж найдсанаар Еховатай насан туршдаа анд найз болох эхлэлийг тавьсан (Сур. 3:5).

6. Мосегоос юу сурах вэ?

6 Мосегоос юу сурах вэ? Бурханд үйлчилж ард түмэнтэй нь нэгдэх эсэхээ шийдэх эрх бүх хүнд бий. Энэ шийдвэрийг гаргавал ямар нэг юмаа золиосолж магадгүй. Бас Еховаг мэддэггүй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Гэхдээ тэнгэрийн Эцэгтээ найддаг бол тусалж дэмжинэ гэдэгт нь эргэлзэх хэрэггүй!

7, 8. Мосе Еховагийн талаар юу мэдэж авсан бэ?

7 Мосе Еховагийн зан чанарыг судалдаг, хүслийг нь биелүүлдэг байсан. Жишээ нь, Ехова түүнд израйлчуудыг Египетээс удирдан гаргаач гэсэн санал тавьжээ. Мосе өөртөө итгэлгүй байсан учраас энэ ажилд тэнцэхгүй гэдгээ нэг биш удаа хэлсэн. Харин Бурхан түүнийг ойлгож, өрөвч сэтгэлээр тусалжээ (Ег. 4:10–16). Тийм учраас Мосе фараонд шүүх мэдээ хүргэж чадсан. Ехова израйлчуудыг аврахын хажуугаар фараоныг цэргүүдтэй нь Улаан тэнгист живүүлэн устгаж агуу хүчээ үзүүлэхийг Мосе харсан билээ (Ег. 14:26–31; Дуу. 136:15).

8 Израйлчууд Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнийхөө дараа байнга гомдоллодог болов. Гэлээ ч Ехова тэднийг ямар их тэвчиж байгааг Мосе ажиглажээ (Дуу. 78:40–43). Бас израйлчуудыг битгий устгаач гэсэн гуйлтыг нь биелүүлснийг хараад гайхалтай даруу Бурхан гэдгийг нь ойлгосон (Ег. 32:9–14).

9. Еврей 11:27-д бичсэнээр, Ехова Мосе хоёр хэр дотно байсан бэ?

9 Египетээс гарснаас хойш Мосе тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносжээ. Библид бичсэнээр, «тэрээр харагдахгүй Нэгнийг харж байгаа мэт» байсан (Еврей 11:27-г уншина). «Хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт, ЭЗЭН Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа» гэж бичсэнийг харвал Ехова Мосе хоёр хэр дотно байсныг ойлгож болно (Ег. 33:11).

10. Еховаг сайн мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

10 Ямар сургамж авах вэ? Еховаг сайн мэдэхийн тулд зан чанарыг нь мэдээд зогсохгүй хүслийг нь биелүүлэх хэрэгтэй. Түүний хүсэл юу вэ? «Ямар ч хүнийг аврагдаасай, үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой гэж Бурхан хүсдэг» (1 Тим. 2:3, 4). Бурхны тухай бусдад зааж өгөх нь хүслийг нь биелүүлэх нэг арга юм.

11. Библийн хичээл заахын хэрээр Бурхныг илүү сайн мэдэж авдаг гэхийн учир юу вэ?

11 Библийн хичээл заахын хэрээр бид өөрсдөө Бурхныг илүү сайн мэдэж авдаг. Жишээлбэл, Ехова биднийг зөв хандлагатай хүн рүү явуулдгийг бодож үзвэл өрөвч сэтгэлтэйг нь ойлгож болно (Ёох. 6:44; Үйлс 13:48). Библийн хичээл заалгадаг хүн маань муу зуршлаа хаяж, өөрчлөгдөхөд Бурхны Үг ямар их хүчтэйг ухаардаг (Кол. 3:9, 10). Өөрийнх нь тухай мэдэх, аврагдах боломжийг хүмүүст удаа дараа өгч байгааг нь харахлаар үнэхээр тэвчээртэй Бурхан гэдгийг ойлгодог (Ром 10:13–15).

12. Египетээс гарсан нь 33:13-т бичсэнээр, Мосе ямар хүсэлт тавьсан бэ? Яагаад?

12 Мосе Еховатай анд болсондоо үргэлж баярлаж, үүнийгээ завшаан гэж үздэг байсан. Тэрбээр Бурхны нэрээр агуу үйлс олныг бүтээжээ. Тийм учраас Еховаг сайн мэддэг болсон. Гэлээ ч Бурхныг илүү сайн мэдмээр байгаагаа хүндэтгэлтэйгээр илэрхийлжээ (Египетээс гарсан нь 33:13-ыг уншина). Энэ үедээ 80 гарч явсан хэдий ч тэнгэрийн хайртай Эцгээ илүү сайн таньж мэдэх хэрэгтэйгээ ойлгож байсан.

13. Бурхантай анд болсныгоо завшаан гэж үздэгээ батлах нэг арга юу вэ?

13 Ямар сургамж авах вэ? Еховад олон жил үйлчилж байгаа хүн ч, үйлчилж эхлээд удаагүй хүн ч түүнтэй анд болсондоо үргэлж баярлаж, үүнийгээ завшаан гэж үзэх учиртай. Яаж? Нэг арга нь Бурханд залбирах явдал юм.

14. Бурхныг сайн мэддэг болоход залбирал чухал гэж хэлэхийн учир юу вэ?

14 Хэн нэгэнтэй дотносон нөхөрлөе гэвэл байнга ярьж хөөрч байх хэрэгтэй. Үүн шиг, Бурхантай найз болъё гэвэл байнга залбирч, юу бодож санаж байгаагаа айлгүй хэлэх хэрэгтэй (Эф. 6:18). Туркт амьдардаг Криста: «Еховад сэтгэлээ уудлан залбираад, яаж хариулж байгааг нь харах бүрдээ түүнийг улам их хайрлаж, илүү их найдаж сурсан. Тэгээд Еховаг Аав, Найз гэж үздэг болсон» гэжээ.

ЕХОВАГИЙН СЭТГЭЛД НИЙЦДЭГ ХҮН

15. Бурхан Давидын тухай юу гэж хэлсэн бэ?

15 Давид хаан Еховагийн ард түмний дунд төрж өсжээ. Эцэг эх нь Бурхныг шүтдэг байсан гээд тэднийгээ сохроор дагаагүй. Харин өөрөө хүсээд Бурхантай нандин харьцаа тогтоосон учир Ехова түүнийг ихэд хайрласан. Бурхан Давидыг «сэтгэлд минь нийцдэг» хүн гэж хэлсэн байдаг (Үйлс 13:22). Тэрбээр Бурхантай хэрхэн дотноссон бол?

16. Давид Еховагийн бүтээлээс юу мэдэж авсан бэ?

16 Давид Еховаг бүтээлээс нь мэдэж авсан. Тэрбээр хүүхэд байхдаа эцгийнхээ хонийг хариулан хээр хонохдоо Бурхны бүтээлүүдийн тухай эргэцүүлэн боддог байсан биз ээ. Жишээлбэл, шөнө тэнгэр ширтэн мянга мянган оддыг ажиглан байхдаа тэдгээрийг бүтээсэн Нэгний зан чанарыг ойлгож ухаарсан байх. Сэтгэл нь хөдөлсөндөө «Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» хэмээн бичжээ (Дуу. 19:1, 2). Хүнийг хэрхэн бүтээснийг тунгаан бодоод Еховагийн мэргэн ухааныг биширчээ (Дуу. 139:14). Еховагийн ажил үйлсийг эргэцүүлэн бодоод хэчнээн өчүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн (Дуу. 139:6).

17. Бурхны бүтээлийн тухай эргэцүүлэн бодвол юу мэдэж авах вэ?

17 Ямар сургамж авах вэ? Бурхны бүтээлд анхаарлаа хандуулж байгаарай. Еховагийн бүтээсэн гайхамшигтай энэ ертөнцийг ажиглан харж хэчнээн гайхалтайг мэдрээрэй! Эргэн тойрныхоо бүтээлүүдийг, тухайлбал ургамал, амьтан, хүнийг ажиглаж, Еховагийн талаар юу өгүүлж байгааг өдөр бүр эргэцүүлэн бодоорой. Ингэдэг бол хайртай Эцгийнхээ талаар өдөр бүр шинэ юм мэдэж авна (Ром 1:20). Тэгээд Бурхныг улам бүр хайрлаж байгаагаа мэдэрнэ.

18. 18-р дууллыг харвал, Давид юуг хүлээн зөвшөөрсөн бэ?

18 Ехова өөрт нь тусалж байсныг Давид ойлгосон. Жишээ нь тэрбээр арслан, баавгайнаас эцгийнхээ хонийг авардаг байжээ. Гэхдээ эдгээр махчин араатныг алахад нь Ехова тусалсныг ойлгосон. Аварга биетэй Голиатыг ялахад ч Ехова удирдаж байгаа нь тов тодорхой байлаа (1 Сам. 17:37). Атаархуу хаан Саулаас зугтах үед Бурхан аварч хамгаалж байсныг хүлээн зөвшөөрдөг (Дуу. 18, оршил). Хэрэв Давид бардам хүн байсан бол өөрийн хүчээр гавьяа байгуулсан гэж бодох байсан байх. Харин даруу учир Бурхан тусалсныг хүлээн зөвшөөрсөн билээ (Дуу. 138:6).

19. Давидаас юу сурах вэ?

19 Ямар сургамж авах вэ? Бурхнаас тусламж гуйгаад зогсохгүй хэзээ, хэрхэн тусалж байгааг нь олж харахыг хичээх хэрэгтэй. Хэрэв бид хэрээ мэдээд даруу байвал бүхнийг өөрийн хүчээр хийж чадахгүйгээ ойлгоод, чадал хүрэхгүй юмаа Еховад даатгана. Ехова тусалж байгааг ойлгох тусам түүнтэй улам дотносно. Бурханд олон жил үнэнч үйлчилж буй, Фижи улсад амьдардаг Исаак гэдэг Гэрч үүнийг биеэрээ үзжээ. Тэрбээр: «Библи судалж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Ехова надад тусалж ирсэн нь тодорхой харагддаг. Тийм учраас би Бурхантай дотноссон» гэж ярьсан юм.

20. Давид Еховатай яаж дотно болсон бэ? Түүнийг хэрхэн дуурайх вэ?

20 Давид Еховагийн зан чанарыг илэрхийлдэг байсан. Ехова хүнийг өөрийнх нь зан чанарыг илэрхийлэх чадвартайгаар бүтээжээ (Эх. 1:26). Бид Бүтээгчийнхээ зан чанарыг судалж мэдэхийн хэрээр түүнийг илүү сайн дуурайж чадна. Давид тэнгэрийн Эцгээ сайн мэддэг болсон учраас түүнийг дуурайж бусадтай харьцдаг байв. Нэг жишээ авъя. Тэрбээр Батшебатай завхайрч, нөхрийг нь хөнөөж Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн ч Ехова түүнийг өршөөн хэлтрүүлсэн билээ (2 Сам. 11:1–4, 15). Яагаад гэвэл Давид Еховаг дуурайж бусдыг уучилдаг хүн байсан. Ехова Бурхантай ийм дотно байсан тэрбээр израйлчуудын хамгийн хайртай хаадын нэг болсон. Мөн Ехова Израйлын бусад хааныг Давидтай харьцуулан дүгнэдэг байжээ (Х.дээд 15:11; Х.дэд 14:1–3).

21. Эфэс 4:24; 5:1-д бичсэнээр, «Бурхныг дуурайх» нь ямар үр дүнтэй вэ?

21 Ямар сургамж авах вэ? Бид «Бурхныг дуурайх» ёстой. Ингэх нь бидэнд тустай. Түүгээр барахгүй Бурхныг сайн мэдэж авна. Мөн Еховагийн зан чанарыг илэрхийлдэг бол хүүхдүүд нь гэдгээ батална (Эфэс 4:24; 5:1-ийг уншина).

ЕХОВАГ ИЛҮҮ САЙН МЭДЭХ НЬ

22, 23. Еховагийн тухай мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлдэг бол яах вэ?

22 Бидэнд үлгэр дуурайл болсон Мосе Давид нарын сайхан жишээг авч үзлээ. Ехова Бурхан бүтээлээрээ болон Үгээрээ өөрийгөө илчилсэн. Ийнхүү хийх юмаа хийсэн. Харин бидний хийх ёстой юм бол Еховаг илүү сайн мэддэг болохыг хамаг чадлаараа хичээх явдал юм.

23 Еховаг таньж мэдэхэд хязгаар гэж үгүй (Ном. 3:11). Гэхдээ Бурхны тухай их мэдлэгтэй болохоос илүүгээр, мэдлэгээ ажил хэрэг болгох нь хамгийн чухал юм. Мэдсэнээ хэрэгжүүлж хайртай Эцгээ дуурайхыг хичээдэг бол тэрбээр бидэнтэй улам дотно болно (Яак. 4:8). Өөрийг нь эрэн хайгчдыг хэзээ ч орхихгүй гэдгээ Ехова Үгэндээ бичүүлсэн байдаг.

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

^ д/м 5 Олон хүн Бурхан байдаг гэж итгэдэг ч үнэндээ Бурхны тухай сайн мэддэггүй. Еховаг мэднэ гэж юу гэсэн үг вэ? Бурхантай хэрхэн дотносох вэ? Энэ талаар Давид Мосе нараас юу сурч авах вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээр ярилцъя.