Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28

Хориотой үед ч Еховагаа шүтээрэй

Хориотой үед ч Еховагаа шүтээрэй

«Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» (ҮЙЛС 4:19, 20).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ *

1, 2. а) Бурхнаа шүтэхийг хоригловол яагаад гайхах хэрэггүй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 МАНАЙ үйл ажиллагааг хориглосон эсвэл хязгаарласан улсуудад 2018 оны байдлаар 223 000 гаруй дэлгэрүүлэгч байжээ. Христийн жинхэнэ дагалдагчид хавчигдах учиртайг өмнөх өгүүллээр ярилцсан билээ (2 Тим. 3:12). Дэлхийн аль ч улс орны эрх баригчид Ехова Бурхнаа шүтэхийг маань урьдчилж хэлэхгүйгээр гэнэт хориглож мэднэ.

2 Таны оршин сууж буй улсын засгийн газар Еховаг шүтэхийг хоригловол дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Хавчигдаж байгаа маань Бурхан ивээхээ больсны шинж үү? Хоригоос болоод Еховаг шүтэхээ болих уу? Бурхнаа чөлөөтэй шүтэж болдог газар луу дүрвэх хэрэгтэй юү?». Эдгээр асуултыг энэ өгүүллээр ярилцана. Мөн манай үйл ажиллагааг хориглосон үед Еховагаа шүтсээр байхын тулд яах ёстойг, юунаас зайлсхийхийг авч үзнэ.

БУРХАН ИВЭЭХЭЭ БОЛЬСНЫ ШИНЖ ҮҮ?

3. 2 Коринт 11:23–27-д бичсэнээр, элч Паулыг хэрхэн хавчсан бэ? Паулд тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

3 Засгийн газар манай үйл ажиллагааг хоригловол Бурхан ивээхээ больжээ гэж бодож магадгүй. Огтхон ч тийм биш гэдгийг санаарай. Жишээ болгон элч Паулын тухай ярилцъя. Бурхан түүнийг сайшаадаг байсан учраас Грек Судрын 14 захидлыг бичүүлсэн. Бас харь үндэстнүүд рүү элч болгон илгээжээ. Гэсэн ч Паул хавчигдаж явсан (2 Коринт 11:23–27-г уншина). Тэгэхээр, үнэнч үйлчлэгчдийг нь хавчихыг Ехова зөвшөөрдгийг элч Паулд тохиолдсон явдал харуулж байна.

4. Биднийг яагаад үзэн яддаг вэ?

4 Биднийг яагаад эсэргүүцэхийг Есүс тайлбарласан. «Та нар ертөнцийнхөнтэй адилгүй. Тиймээс энэ ертөнцийнхөн та нарыг үзэн яддаг» гэжээ (Ёох. 15:18, 19). Тэгэхээр, хавчлага бол Ехова ивээхээ больсны шинж биш байх нь ээ. Харин ч зөв юм хийж байгаагийн баталгаа юм!

ХОРИГООС БОЛООД ЕХОВАГ ШҮТЭХЭЭ БОЛИХ УУ?

5. Эсэргүүцэгчид Еховаг шүтэхийг маань бүрмөсөн болиулж чадах уу? Жишээ хэлнэ үү.

5 Эсэргүүцэгчид хэчнээн хичээгээд ч Еховаг шүтэхийг маань бүрмөсөн болиулж чадахгүй. Олон удаа ийнхүү оролдоод бүтэлгүйтсэн. Дэлхийн ІІ дайны үед юу болсныг бодоод үз дээ. Олон орны засгийн газрууд Бурхны ард түмний эсрэг хавчлага явуулсан. Германы нацист нам, Австрали, Канад зэрэг улсын засгийн газрууд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хорьжээ. Үр дүн нь юу байсан бэ? 1939 онд дайн эхлэхэд дэлхий даяар 72 475 дэлгэрүүлэгч байсан бол, 1945 онд дайн дуусахад Еховагийн ивээлээр 156 299 дэлгэрүүлэгчтэй болсныг тайлангаас харж болно. Дэлгэрүүлэгчийн тоо 115 хувиар нэмэгджээ!

6. Хавчлагаас болж ямар сайн үр дүн гардаг вэ? Жишээ хэлнэ үү.

6 Хяхаж хавчих үед бид айж ичдэггүй, харин ч Еховадаа зоригтой, тууштай үйлчлэх хүсэлтэй болдог. Жишээ дурдъя. Нэг улсын засгийн газар манай үйл ажиллагааг хоригложээ. Тэр үед бага насны хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр айж зүрхшээхийн оронд байнгын эхлэгч болов. Эхнэр нь цалин сайтай ажлаасаа гарсан байна. Хоригоос болоод олон хүн Еховагийн Гэрчүүдийн талаар сонирхож асуудаг болсон гэж нөхөр нь ярьжээ. Тийм болохоор Библийн хичээлтэй болоход амар болсон гэнэ. Тэр хоригоос болж бас нэг сайн үр дүн гарчээ. Еховад үйлчлэхээ больсон олон хүн цуглаанд явж, дахин идэвхтэй дэлгэрүүлж эхэлсэн гэж нэг ахлагч ярьсан юм.

7. а) Левит 26:36, 37-гоос юу ойлгож болох вэ? б) Манай үйл ажиллагааг хоригловол та яах вэ?

7 Эсэргүүцэгчдийн боддогоор бол, шүтэхийг нь хоригловол Гэрчүүд айснаасаа болоод Еховад үйлчлэхээ болих ажээ. Тэд зөвхөн хориглоод зогсохгүй, Еховагийн Гэрчүүдийн талаар худал мэдээлэл тарааж, гэр орныг нь нэгжиж, шүүхэд өгч, тэр байтугай зарим нэгийг нь шоронд хорьдог. Хэдэн хүнийг шоронд хорьчихвол бусад нь айна гэж боддог. Бид тэдний бодсоноор айдаст автвал идэвх муутай болох юм уу бүр Еховаг шүтэхээ больж магадгүй. Левит 26:36, 37-д гарсан хүмүүс шиг болохыг хэн маань ч хүсэхгүй шүү дээ (уншина). Бид айснаасаа болоод Хаант төрийн үйл хэрэгт оролцохоос зайлсхийх юм уу Еховад үйлчлэхээ больдоггүй. Еховад бүрэн итгэж найддаг учраас айж сандардаггүй (Ис. 12:2). Еховагаас удирдлага заавар гуйж залбирдаг. Бурхан бидэнд тусалдаг учраас төмөр нударгатай төр ч Бурханд үнэнч үйлчлэхэд маань саад хийж чадахгүй (Евр. 13:6).

ӨӨР УЛС РУУ ДҮРВЭХ ХЭРЭГТЭЙ ЮҮ?

8, 9. а) Яах нь хувь хүний болон өрхийн тэргүүний шийдэх асуудал вэ? б) Зөв шийдвэр гаргахын тулд яах нь зүйтэй вэ?

8 Засгийн газар манай үйл ажиллагааг хоригловол Еховад үйлчлэхэд саад болдоггүй улс руу дүрвэх тухай бодож болох юм. Хэн ч таны өмнөөс шийдэхгүй, та өөрөө л шийднэ. Зарим хүн шийдвэр гаргахаасаа өмнө нэгдүгээр зууны хавчлагын үед Христийн дагалдагчид яасныг боддог. Эсэргүүцэгчид Стефаныг чулуугаар цохиж алсны дараа Иерусалим дахь дагалдагчид Иудей, Самари, тэр бүү хэл, Фойник, Кипр, Антиох руу дүрвэжээ (Мат. 10:23; Үйлс 8:1; 11:19). Харин зарим хүн Паулын тухай бодож болох юм. Хавчлага дахин өрнөж дэлгэрүүлэх ажлыг хориглоход Паул тэндээс дүрвэхгүй байхаар шийдсэн. Харин ч аюулыг үл тоон, хавчлага өрнөсөн хотуудад сайн мэдээ дэлгэрүүлж, тэндхийн ах дүү нарыг зоригжуулж байжээ (Үйлс 14:19–23).

9 Энэ явдлаас юу сурах вэ? Дүрвэх эсэхийг өрхийн тэргүүн шийдэх ёстой. Харин шийдвэр гаргахаасаа өмнө залбирч, гэрийнхнийхээ тухай болон дүрвэх нь тэдэнд хэрхэн нөлөөлөхийг нухацтай бодох учиртай. Христийн дагалдагч бүр ийнхүү «ачаагаа үүрнэ» (Гал. 6:5). Гаргасан шийдвэрээс нь болж бид тэднийг шүүмжлэх ёсгүй.

ХОРИОТОЙ ҮЕД БУРХНАА ХЭРХЭН ШҮТЭХ ВЭ?

10. Салбар болон ахлагчид ямар заавар өгөх вэ?

10 Хориотой үед ч Бурхнаа тасралтгүй шүтэхийн тулд яах хэрэгтэй вэ? Ном хэвлэл хэрхэн авах, хаана яаж цуглах, сайн мэдээг хэрхэн дэлгэрүүлэх тухай нарийвчилсан зааврыг салбар өгнө. Хэрэв салбар танай хурлын ахлагчидтай холбоо барьж чадахгүй байвал яах вэ? Ехова Бурхнаа тасралтгүй шүтэхэд тань ахлагчид тусална. Тэд хурлын бүх гишүүнд Библи болон манай ном хэвлэлд гарсан удирдамжийн дагуу заавар өгнө (Мат. 28:19, 20; Үйлс 5:29; Евр. 10:24, 25).

11. Бат итгэлтэй байхад хэрэгтэй бүхнээр дутахгүй гэдэгтээ яагаад итгэж болох вэ? Библи болон ном хэвлэлээ хамгаалахын тулд яах шаардлагатай вэ?

11 Ехова үйлчлэгчдээ бэлгэдлийн хоол ундаар элбэг дэлбэг хангахаа амласан билээ (Ис. 65:13, 14; Лук 12:42–44). Тиймээс бат итгэлтэй байхад хэрэгтэй бүхнийг Еховагийн байгууллага өгнө гэдэгт итгэж болно. Харин та юу хийх вэ? Хорионд орсон үед Библи болон бусад ном хэвлэлээ сайтар нуух газар олоорой. Таны хамгийн үнэтэй зүйл учраас хэвлэмэл ч бай, цахим ч бай, бүх хэвлэлээ амархан олдохооргүй газар тавиарай. Бат итгэлтэй байхын тулд бид дор бүрнээ шаардлагатай бүхнийг хийх ёстой.

Ехова тусалдаг учраас бид цуглаан хийхээс айдаггүй (12-р догол мөрийг үзээрэй) *

12. Ахлагчид цуглааныг хэрхэн зохион байгуулах вэ?

12 Долоо хоног бүрийн цуглаан яах бол? Эсэргүүцэгчдэд мэдэгдэхгүйгээр цуглах аргыг ахлагчид боловсруулна. Цөөхүүлээ цуглах бөгөөд цуглаан хийх цаг, байрлалыг байн байн өөрчилж магадгүй. Та цуглаанд ирэхдээ, тарж явахдаа аяархан ярьж байвал ах дүүдээ аюул учруулахгүй. Бас бусдын анхаарлыг татахааргүй хувцаслах шаардлагатай болж мэднэ.

Засгийн газар хориглолоо ч бид дэлгэрүүлэхээ болихгүй (13-р догол мөрийг үзээрэй) *

13. ЗХУ-ын үед амьдарч байсан итгэл нэгтнүүдээсээ юу сурах вэ?

13 Дэлгэрүүлэх ажлын тухайд гэвэл, нөхцөл байдал газар бүрд харилцан адилгүй. Гэхдээ бид Еховад хайртай бөгөөд Хаант төрийнх нь талаар ярих дуртай учраас аргаа олоод дэлгэрүүлэх нь дамжиггүй (Лук 8:1; Үйлс 4:29). ЗХУ-ын үеийн Еховагийн Гэрчүүдийн талаар түүхч Эмили Баран: «Засгийн газар сайн мэдээ дэлгэрүүлэхийг хориглоход Гэрчүүд итгэл үнэмшлийнхээ талаар хөршүүд, хамт ажилладаг хүмүүс, найз нөхдөдөө ярьдаг болсон. Тэд засан хүмүүжүүлэх газруудад хоригдсон ч хоригдлуудад дэлгэрүүлэх арга зам хайж эхэлсэн» гэж ярьсан юм. ЗХУ дахь ах дүү нар маань хоригийг үл тоон дэлгэрүүлсээр байв. Таны оршин суугаа улсад дэлгэрүүлэхийг хоригловол тэднийг дуурайгаарай!

ЮУНААС ЗАЙЛСХИЙХ ВЭ?

Хэзээ дуугүй байх хэрэгтэйгээ мэддэг байя (14-р догол мөрийг үзээрэй) *

14. Дуулал 39:1-д ямар сэрэмжлүүлэг байдаг вэ?

14 Хүнтэй ярихдаа болгоомжтой байгаарай. Манай үйл ажиллагааг хоригловол хэдийд «дуугүй байх» ёстойгоо мэддэг байх хэрэгтэй (Ном. 3:7). Итгэл нэгтнүүдийнхээ нэр, цугладаг газар, яаж дэлгэрүүлж байгаа, ном хэвлэлээ хэрхэн авч байгаа зэрэг чухал мэдээллийг нууцлах ёстой. Үүнийг албаны хүмүүст хэлж болохгүй. Мөн танай нутагт болон гадаадад амьдарч буй сайхан сэтгэлт найз нөхөд, хамаатан садандаа ч хэлэх ёсгүй. Эс тэгвэл ах дүү нартаа аюул учруулна (Дуулал 39:1-ийг уншина).

15. Сатан яахыг оролдох вэ? Сатаны урхинд орохгүйн тулд яах вэ?

15 Шалихгүй асуудлаас болж эвдрэлцэхээс сэрэмжлээрэй. Айл гэр хуваагдвал сүйрнэ гэдгийг Сатан мэддэг (Марк 3:24, 25). Тэрээр биднийг өөртэйгөө биш, өөр хооронд маань тэмцэлдүүлэх гэж зогсоо чөлөөгүй оролдоно.

16. Гертрүд Пөтцингер эгч ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

16 Төлөвшсөн Гэрчүүд ч энэ урхинд орж болзошгүй. Гертрүд Пөтцингер, Элфрийде Лөөр гэдэг тослогдсон эгч нарын жишээг авч үзье. Тэд нацистын хорих лагерьт олон Гэрч эмэгтэйтэй хамт хоригдож байжээ. Элфрийдег урам сэргээм сайхан юм ярихад Гертрүд атаархжээ. Харин дараа нь ичээд Еховагаас тусламж гуйсан байна. Тэрээр: «Бусад хүн илүү чадварлаг эсвэл илүү их хүндэтгэл хүлээсэн бол үүнийг нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй юм билээ» хэмээн бичжээ. Гертрүд атаархуу зантайгаа хэрхэн тэмцсэн бол? Элфрийдегийн сайхан зан чанар, сайн талыг харахыг хичээсний дүнд атаархахаа больжээ. Хоёулаа хорих лагериас эсэн мэнд суллагдсан бөгөөд дэлхий дэх амьдралаа дуустал Еховад үнэнч үйлчилсэн юм. Ах дүүтэйгээ эвтэй байхад шаардлагатай бүхнийг хийх гэж хичээдэг бол эвдрэлцэх аюулаас зайлж чадна (Кол. 3:13, 14).

17. Яагаад зааврыг ягштал биелүүлэх ёстой вэ?

17 Зааврыг ягштал биелүүлж байгаарай. Хариуцлагатай үүрэгтэй ах нарын өгсөн зааврыг биелүүлдэг бол аливаа асуудлаас хол байна (1 Петр 5:5). Манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон нэг улсад тохиолдсон явдлыг жишээ болгон авъя. Хариуцлагатай үүрэгтэй ах нар хэвлэмэл ном хэвлэлийг дэлгэрүүлэх ажилдаа бүү ашиглаарай гэсэн заавар өгчээ. Гэтэл нэг эхлэгч эрэгтэй том толгой гарган, хэвлэл тараачихав. Тэгтэл юу болсон бэ? Түүнийг бусад дэлгэрүүлэгчтэй хамт албан бусаар дэлгэрүүлж дуусаад удаагүй байтал цагдаа нар тэднийг саатуулжээ. Хойноос нь мөрдөж, тараасан хэвлэлийг нь хурааж авсан бололтой. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Заавар таалагдахгүй байлаа ч биелүүлэх л хэрэгтэй. Томилсон эрчүүдтэй нь хамтарч ажилладаг хүн бүрийг Ехова дандаа ивээдэг (Евр. 13:7, 17).

18. Яагаад дүрэм зохиохоос зайлсхийх ёстой вэ?

18 Онцын шаардлагагүй дүрэм журам бүү гаргаарай. Ахлагчид ямар ч ашиггүй дүрэм журам гаргавал бусдад ачаа болно. Чехословак улсын үед манай үйл ажиллагаа хориотой байжээ. Тэр үед юу болсныг Юрай Камински ийн ярьсан юм. «Олон ахлагч баригдсаны дараа хурал болон дүүрэг хариуцаж үлдсэн зарим хүн дэлгэрүүлэгчдэд зориулж юу хийж болох, болохгүйг жагсаасан дүрэм гаргасан» гэжээ. Хүний өмнөөс шийдвэр гаргах эрхийг Ехова хэнд маань ч өгөөгүй. Онцын шаардлагагүй дүрэм гаргавал ах дүүгээ хамгаалахгүй, харин итгэлийг нь захирсан хэрэг болно (2 Кор. 1:24).

ЕХОВАГ ШҮТЭХЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ БОЛИОРОЙ

19. Шастирын дэд 32:7, 8-д бичсэнээр, зоригтой байх ямар шалтгаан бидэнд байдаг вэ?

19 Сатан Диавол гэгч дайсан Еховагийн үнэнч үйлчлэгчдийг хавчихаа болихгүй (1 Петр 5:8; Илч. 2:10). Сатан болон түүний талынхан Еховаг шүтэхийг маань хориглох гэж оролдоно. Бид айсан ч Еховагаа шүтсээр байна! (Д.хууль 7:21). Ехова бидний талд байгаа. Үйл ажиллагааг маань хориглосон үед ч биднийг дэмжинэ (Шастирын дэд 32:7, 8-ыг уншина).

20. Та яахаар шийдсэн бэ?

20 Нэгдүгээр зууны ах дүү нар шигээ шийдэмгий байцгаая. Тэд: «Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй» гэсэн (Үйлс 4:19, 20).

ДУУ 137 Зоригтой байхад туслаач

^ Засгийн газар Еховаг шүтэхийг маань хоригловол яах вэ? Бурхнаа шүтэхээ болихгүйн тулд юу хийх, юунаас зайлсхийх талаарх тустай зөвлөгөөг энэ өгүүллээс мэдэж авна.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Манай үйл ажиллагааг хориглосон улсад үйлчилж буй Гэрчүүдийг харуулжээ. Гэрч эрэгтэйн байшингийн хонгилд цөөхүүлээ цуглаан хийж байна.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч бүсгүй (зүүн гар талд) нэг эмэгтэйтэй жирийн юм ярилцангаа Еховагийн тухай ярих боломж хайж байна.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цагдаа нарт байцаагдаж буй Гэрч эрэгтэй хурлынхаа тухай мэдээлэхээс татгалзаж байна.