Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35

Даруу зантай үйлчлэгчид нь Еховад үнэ цэнтэй

Даруу зантай үйлчлэгчид нь Еховад үнэ цэнтэй

«ЭЗЭН ... дорд хүнийг харж ханддаг» (ДУУ. 138:6).

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

ТОЙМ *

1. Ехова даруу зантай хүмүүсийг яадаг вэ? Тайлбарлана уу.

ЕХОВА даруу зантай хүмүүсийг хайрладаг. Даруу зантай хүн л Еховатай халуун дотно харьцаатай байдаг. Нөгөө талаар, «бардамнагчийг Тэр холоос ч мэддэг» (Дуу. 138:6). Еховагийн таалалд багтаж, халуун хайрыг нь мэдрэхийг бид бүгдээрээ хүсдэг. Тийм учраас даруу байхыг хичээдэг.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Энэ өгүүллээс: 1) ямар хүнийг даруу зантай гэх вэ? 2) яагаад даруу байх шаардлагатай вэ? 3) ямар үед даруу байх хэцүү вэ? гэсэн гурван асуултын хариуг авъя. Бид даруу байвал Еховагаа баярлуулна, өөрсдөө ч ач тус хүртэнэ (Сур. 27:11; Ис. 48:17).

ЯМАР ХҮНИЙГ ДАРУУ ЗАНТАЙ ГЭХ ВЭ?

3. Ямар хүнийг даруу зантай гэх вэ?

3 Даруу зантай хүн өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй, бардамнан сагсуурдаггүй. Библид бичсэнээр бол, даруу зантай хүн Ехова Бурхныг хамгийн агуу Нэгэн гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусдын талаар зөв үзэлтэй байдаг. Хүн болгон өөрөөс нь аль нэг талаараа давуу гэдгийг ухамсарладаг (Флп. 2:3, 4).

4, 5. Хүнийг гаднаас нь хараад даруу гэж дүгнэж болох уу? Тайлбарлана уу.

4 Зарим хүн даруу юм шиг харагддаг. Угийн ичимхий, дуугүй учраас тэгж харагддаг байж болох юм. Эсвэл бусдыг хүндэл, эелдэг найрсаг бай гэж багаасаа заалгасан болохоор тэр байх. Гэвч зүрх сэтгэлд нь юу байгаа нь эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ (Лук 6:45).

5 Нөгөөтээгүүр, нүүрэмгий юм  уу шуудхан хэлчихдэг хүн болгоныг бардам гэж дүгнэж болохгүй (Ёох. 1:46, 47). Гэхдээ ийм хүмүүс авьяас чадвартаа найдахаас болгоомжлох учиртай. Бид дээрх хоёрын аль нь ч байлаа гэсэн, үнэхээр даруу байхын тулд маш их хичээх ёстой.

Элч Паул даруу учраас өөрийгөө хамгийн хэрэгтэй хүн гэж бодож байгаагүй (6-р догол мөрийг үзээрэй) *

6. 1 Коринт 15:10-т бичсэнийг үзвэл, элч Паулаас юу сурах хэрэгтэй вэ?

6 Элч Паулын тухай ярилцъя. Паул бол Еховагийн даалгавраар нэг хотоос нөгөөд очиж шинэ хурлуудыг үүсгэн байгуулсан бөгөөд Есүс Христийн бусад элчээс ч илүү их юм хийсэн хүн. Гэхдээ өөрийгөө бусдаас илүү гэж бодож байгаагүй. Харин ч «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш ээ. Яагаад гэвэл би Бурхны хурлыг хавчиж явсан» гэж хэлжээ (1 Кор. 15:9). Тэгээд Еховатай дотно байдгийнхаа учрыг тайлбарлахдаа бусдаас онцгойдоо эсвэл илүү их хөдөлмөрлөсөндөө биш, харин Ехова нигүүлссэнийх гэсэн (1 Коринт 15:10-ыг уншина). Паул даруу байх талаар сайхан жишээ үзүүлжээ. Тэрээр Коринтынхонд бичсэн захидалдаа өөрөөрөө сайрхаагүй. Харин тэндхийн зарим дагалдагч түүнийг шүүмжилдэг байжээ (2 Кор. 10:10).

Удирдах Зөвлөлийн гишүүн Карл Клайн ах даруу байсан (7-р догол мөрийг үзээрэй)

7. Нэр алдартай нэг Гэрч хэрхэн даруу байсан бэ?

7 Даруу байх талаар гайхалтай сайхан жишээ үзүүлсэн өөр нэг хүн бол Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Карл Клайн ах юм. Түүний намтар Еховагийн олон үйлчлэгчийн урам зоригийг бадраадаг. Карл ах ямар дутагдалтайгаа тэмцэж, ямар саадыг давж явсан тухайгаа илэн далангүй өгүүлсэн байдаг. Жишээлбэл 1920-оод онд анх удаа айлаар дэлгэрүүлж үзээд маш хэцүү санагдсан учраас хоёр жил дэлгэрүүлээгүй ажээ. Хожим нь Бетелд үйлчилж байхад нь нэг ах зэмлэжээ. Тэгэхэд нь нэг хэсэг гомдож явсан гэдэг. Бас сэтгэл мэдрэлийн өвчин тусаж, хожмоо эдгэжээ. Гэхдээ тэрээр хариуцлагатай олон үүрэг даалгавар гүйцэтгэж явсан. Нэр алдартай энэ ах даруу биш байсан бол алдаа дутагдлаа ингэж ний нуугүй хэлнэ гэж үү? Клайн ахыг болон илэн далангүй өгүүлсэн түүх намтрыг нь дурсаж ярьдаг итгэл нэгтэн олон бий. *

ЯАГААД ДАРУУ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

8. 1 Петр 5:6-гаас үзвэл Ехова даруу зантай хүнд хэрхэн ханддаг вэ?

8 Даруу байвал Ехова баярлана. Энэ бол даруу байх гол шалтгаан юм. Элч Петр үүнийг тодорхой бичсэн (1 Петр 5:6-г уншина). «Ирж, намайг дага» номд Петрийн тэр үгийг тайлбарлажээ. Тэнд «Бардам зан бол хор юм. Бөөн гай тарьдаг. Хэчнээн авьяастай байлаа ч бардам зантай бол Бурханд хэрэггүй. Харин өчүүхэн дорд байлаа ч даруу зантай бол Еховад хэрэгтэй. ... [Тэрээр] даруу зантай таныг ... шагнаад баярлана» гэж бичсэн байна. * Еховагаа баярлуулахаас илүү сайхан юм байна гэж үү? (Сур. 23:15).

9. Хүмүүс яагаад даруу зантай хүнд татагддаг вэ?

9 Даруу байвал Еховаг баярлуулахаас гадна бидэнд ач тустай. Жишээ нь бусад хүн бидэнд татагдана. Яагаад гэдгийг ойлгохын тулд та ямар хүнтэй хамт байх дуртайгаа бод доо (Мат. 7:12). Юм л бол өөрийнхөөрөө зүтгэдэг, бусдын саналыг сонсдоггүй хүнтэй хамт байх дуртай хүн ховор биз ээ. Харин «бие биеэ гэсэн сэтгэлтэй, ах дүү шигээ хайрладаг, өрөвч энэрэнгүй, даруу» зантай итгэл нэгтэнтэйгээ хамт байхад сэтгэл сэргэдэг (1 Петр 3:8). Тийм хүмүүст хэн ч татагдана шүү дээ. Та даруу байвал бусад хүн танд татагдах нь дамжиггүй.

10. Даруу зантай хүн аливаа бэрхшээлийг даван туулахдаа сайн байдгийн учир юу вэ?

10 Даруу зантай хүн аливаа бэрхшээлийг даван туулахдаа сайн байдаг. Шударга бус, буруу гэмээр юм амьдралд тохиолддог нь үнэн. Мэргэн хаан Соломон үүнийг хүлээн зөвшөөрч «Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа» хэмээн бичжээ (Ном. 10:7). Чадвартай болгон алдаршаад байдаггүй. Чадваргүй хэр нь тэднээс илүү магтуулдаг хүн ч бий. Гэхдээ санаснаар болсонгүй гэж шаналахын оронд бодит байдалтай нүүр тулах нь хавьгүй дээр гэдгийг Соломон ойлгожээ (Ном. 6:9). Хэрэв бид даруу бол юмыг санаснаараа болгох гэж зүтгэхгүй, харин байгаагаар нь хүлээж авна.

ЯМАР ҮЕД ДАРУУ БАЙХ ХЭЦҮҮ ВЭ?

Ийм үед даруу байх нь яагаад амаргүй вэ? (11, 12-р догол мөрийг үзээрэй) *

11. Зэмлүүлэхээрээ яах нь зүйтэй вэ?

11 Даруу эсэхээ батлах боломж өдөр бүр олддог. Хэдэн нөхцөлийг бодож үзье. Зэмлүүлэхээрээ. Хэрэв хэн нэг нь зориуд цаг зав гаргаад таныг зэмлэвэл яах нь зөв бэ? Нэлээд ноцтой алдаа гаргажээ гэдгээ ойлгох нь зүйтэй. Ер нь зэмлэсэн даруйд дуртайяа хүлээж авдаг хүн ховор. Харин ч зэмлэсэн хүнийг эсвэл яаж хэлснийг нь шүүмжилж магадгүй. Хэрэв бид даруу бол зөв хандлагатай байна.

12. Сургаалт үгс 27:5, 6-д бичсэнээр, засах хэрэгтэй юмыг маань хэлж өгсөн хүнд яагаад талархах учиртай вэ? Жишээгээр тайлбарлана уу.

12 Ямар байгааг нь хэлээд өгөхөөр даруу зантай хүн баярладаг. Үүнийг жишээгээр бодъё. Та цуглаанд иржээ. Хэдэн хүнтэй ярилцаж байтал нэг нь таныг олноос зайдуу аваачаад, шүдэн дээр чинь юм наалдчихаж гэж шивнэв. Танд эвгүй санагдах нь мэдээж. Гэхдээ хэлж өгсөн хүнд талархана биз дээ? Тэр байтугай, эртхэн хэлээд өгчихгүй дээ гэж бодох байх. Зэмлүүлэх үедээ ийм хандлагатай байх ёстой. Засах хэрэгтэй юмыг маань зориглон хэлсэн итгэл нэгтэндээ талархах учиртай. Тэр хүнийг дайсан шиг санахын оронд анд нөхрөө гэж бодоорой (Сургаалт үгс 27:5, 6-г уншина; Гал. 4:16).

Өөр хүнд хариуцлагатай үүрэг даалгавал бид яагаад даруу байх хэрэгтэй вэ? (13, 14-р догол мөрийг үзээрэй) *

13. Өөр хүн хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр болбол даруу хүн ямар байдаг вэ?

13 Өөр хүнд хариуцлагатай даалгавар өгвөл. «Өөр хүнд хариуцлагатай үүрэг даалгахлаар надад яагаад даалгадаггүй юм бол гэж хааяа боддог» хэмээн Жэйсон гэдэг ахлагч үнэнээ хэлсэн юм. Та тэгж бодож байсан уу? Еховагийн төлөө илүү ихийг хийх гэж хүсэх нь буруу биш ээ (1 Тим. 3:1). Гэхдээ юу бодож байгаагаа анхаараарай. Сэрэмжтэй байхгүй бол бардам зан гаргаж болзошгүй. Жишээ нь Гэрч эрэгтэй өөрийгөө хариуцлагатай үүрэг гүйцэтгэх хамгийн чадвартай хүн гэж боддог болж мэднэ. Эсвэл эхнэр нь: «Миний нөхөр түүнээс илүү сайн хийнэ!» гэж бодож магадгүй. Гэхдээ үнэхээр даруу бол ингэж бодохгүй.

14. Мосегоос юу сурах вэ?

14 Бид Мосегоос суралцах хэрэгтэй. Ехова өөр хүмүүст хариуцлагатай үүрэг даалгахаар болоход Мосе яасан бэ? Тэрээр Израйлын ард түмнийг удирдах үүргээ өндөр үнэлдэг байв. Тэгтэл Ехова Мосегийн хийдэг зарим ажлыг өөр хүмүүст даалгасан. Мосе атаархсан уу? Үгүй (Тоол. 11:24–29). Даруу зантай учир ард түмнийг шүүх ажлыг тэдэнтэй хамтарч хийхээр болжээ (Ег. 18:13–24). Израйлчууд ийнхүү олон шүүгчтэй болсон учраас хэрэг заргаа шүүлгэх гэж удаан хүлээх шаардлагагүй болсон. Мосе олны эрх ашгийг үүрэг даалгавар, байр сууриасаа дээгүүр тавьсныг энэ явдал харуулдаг. Ямар сайхан жишээ вэ! Еховад хэрэгтэй хүн байя гэвэл авьяас чадвартай байх нь гол биш, даруу байх нь илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Ехова «хэдийгээр өндөрт оршдог боловч дорд хүнийг харж ханддаг» (Дуу. 138:6).

15. Олон хүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

15 Амьдрал өөрчлөгдөхөд. Сүүлийн жилүүдэд туршлагатай Гэрчүүдийн томилолтыг өөрчилж байна. Жишээлбэл 2014 оноос муж хариуцагчдыг эхнэртэй нь хамт бүрэн цагийн өөр үйлчлэлд томилж эхэлсэн. Мөн 70 хүрсэн дүүрэг хариуцагчдыг үүргээс нь чөлөөлдөг болсон. Ная болон түүнээс дээш насны эрчүүдийг хурлын ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаар үйлчлүүлэхээ болив. Түүнээс гадна, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Бетелийн гэр бүлийн олон гишүүний томилолтыг өөрчилсөн. Эрүүл мэндийн асуудал, гэр бүлд гүйцэтгэх үүрэг зэрэг хувийн асуудлаас болоод тусгай бүрэн цагаар үйлчлэхээ больсон хүмүүс ч бий.

16. Итгэл нэгтнүүд маань хэрхэн даруу байсан бэ?

16 Эдгээр итгэл нэгтэнд маань амьдралаа өөрчлөх нь тийм ч амархан байгаагүй. Олон жил хийж дадсан, үнэлж эрхэмлэдэг ажилдаа сэтгэл хоргодон «гашуудсан» хүн олон байсан. Гэхдээ тэд шинэ амьдралдаа аажмаар дасжээ. Яагаад? Еховад хайртай нь хамгийн гол шалтгаан юм. Тэд Еховад өөрсдийгөө зориулахдаа ажил, цол хэргэм, хариуцлагатай үүрэг өгвөл л танд үйлчилнэ гэж амлаагүй гэдгээ санасан (Кол. 3:23). Ямар ч байсан, Ехова Бурхандаа тасралтгүй үйлчилж байгаадаа баяртай байдаг ажээ. Ехова санаа тавьдгийг мэддэг учраас тэд «бүх зовнилоо Бурханд даатгадаг» (1 Петр 5:6, 7).

17. Даруу байх нь ямар ач тустай вэ?

17 Даруу байхыг бидэнд уриалдаг Бурхны Үгийг үнэлж эрхэмлээд баршгүй. Хэрэв бид даруу байвал өөрсдөд маань ч, өрөөл бусдад ч тустай. Амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулж чадна. Хамгийн гол нь тэнгэрийн Эцэгтэйгээ дотносно. Ехова «өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн» атлаа даруу зантай үйлчлэгчдээ хайрлаж, үнэлдгийг нь бодохлоор бид өөрийн эрхгүй баярладаг! (Ис. 57:15).

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

^ д/м 5 Бидэнд хэрэгтэй хамгийн чухал нэг чанар бол даруу зан юм. Ямар хүнийг даруу зантай гэх вэ? Яагаад даруу байх шаардлагатай вэ? Амьдрал өөрчлөгдөхөд даруу байх нь яагаад амаргүй вэ? Эдгээр чухал асуултын хариу энэ өгүүлэлд бий.

^ д/м 7 Карл ахын намтар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1984 оны 10-р сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн («Jehovah Has Dealt Rewardingly With Me»).

^ д/м 8 Бүлэг 3, догол мөр 23 («Come Be My Follower»).

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Элч Паул итгэл нэгтнийдээ байна. Тэрээр даруу учраас томчуудтай ч, хүүхдүүдтэй ч ярилцаж байна.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөрөөс нь дүү хүн Библид үндэслэсэн зөвлөгөө өгөхөд Гэрч эрэгтэй хүлээн авч байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Настай ах хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буй залууд атаархахгүй байна.