Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 46

Зоригтой бай! Ехова бол таны Туслагч

Зоригтой бай! Ехова бол таны Туслагч

«Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» (ЕВР. 13:5).

ДУУ 33 Тэднээс бүү ай!

ТОЙМ *

1. Орь ганцаараа юм шиг эсвэл бэрхшээлийг давж чадахгүй юм шиг санагдвал хэрхэн тайвшрах вэ? (Дуулал 118:5–7).

БЭРХШЭЭЛ тохиолдоход туслах хүнгүй, орь ганцаараа болсон мэт санагдах үе танд байсан уу? Олон хүнд тэгж санагддаг. Еховагийн үнэнч үйлчлэгчдэд ч мөн адил (Х.дээд 19:14). Тийм үед та Еховагийн амлалтыг санаарай. Тэрбээр: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» хэмээн амласан. Тийм учраас бид: «Ехова бол миний туслагч. Би айхгүй» гэж итгэлтэй хэлж чаддаг (Евр. 13:5, 6). Элч Паул энэ үгийг МЭ 61 оны орчим Иудей дэх итгэл нэгтнүүддээ бичжээ. Түүний үг Дуулал 118:5–7-д бичсэнийг санагдуулдаг (уншина).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Яагаад?

2 Ехова бол Туслагч гэдгийг Паул бас биеэрээ үзсэн. Жишээ авъя. Тэрбээр еврейчүүдэд захидал бичихээсээ хоёр жил гаруйн өмнө далайн аймшигт шуурганаар аюул осолтой аялал хийж явжээ (Үйлс 27:4, 15, 20). Ехова Туслагч гэдгээ тэр аяллын үед ч, түүнээс өмнө ч Паулд янз бүрийн аргаар баталсан. Гурван аргыг авч үзье. Ехова Паулд Есүс болон тэнгэрийн элч нараар, эрх мэдэлтнүүдээр, итгэл нэгтнүүдээр нь туслуулжээ. Тусламж гуйж залбирвал хариулна гэсэн Бурхны амлалт бий. Бид Паулын амьдралд тохиолдсон явдлыг судалбал Бурхны энэ амлалтад улам бүр итгэж найдна.

ЕСҮС БА ТЭНГЭРИЙН ЭЛЧ НАРЫН ТУСЛАМЖ

3. Паул юу гэж бодсон бол? Яагаад?

3 Паулд тусламж хэрэгтэй байлаа. МЭ 56 оны орчим бөөн хүн түүнийг Иерусалимын сүмээс чирч гаргаад амийг нь хөнөөхийг завджээ. Маргааш нь Паулыг Иудейн дээд шүүх дээр аваачихад дайснууд түүнийг тас татах шахав (Үйлс 21:30–32; 22:30; 23:6–10). Тэгэхэд Паул: «Энэ аймшигтай явдлыг би хэр удаан тэсэх юм бол?» гэж бодсон байх.

4. Ехова Паулд Есүсээр хэрхэн туслуулсан бэ?

4 Паулд хэрхэн тусалсан бэ? Паулыг баригдсан шөнө «Эзэн» Есүс хажууд нь зогсоод, «Зоригтой бай! Чи Иерусалимд миний тухай сайтар гэрчилсэн шигээ Ромд бас гэрчлэх ёстой» гэж хэлжээ (Үйлс 23:11). Урам сэргээм ийм л үг яг энэ мөчид Паулд хэрэгтэй байлаа! Есүс түүнийг Иерусалимд гэрчилсэн гэж магтаад, Ромд бас гэрчлэх ёстой учраас тэнд эсэн мэнд очихыг нь батлан хэлсэн. Аавдаа тэврүүлсэн хүүхэд юунаас ч айдаггүй шиг, Паул энэ үгийг сонсоод тайвширсан биз ээ.

Нэг тэнгэрийн элч Паулд усан онгоцон дээрх бүх хүн далайн шуургыг эсэн мэнд давахыг батлан хэлж байна (Догол мөр 5-ыг үзнэ үү)

5. Ехова Паулд тэнгэрийн элчээр хэрхэн туслуулсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

5 Паулд өөр ямар бэрхшээл учирсан бэ? Иерусалимд болсон тэр явдлаас хойш хоёр жил орчмын дараа Паул Итали руу хөлөг онгоцоор явж байлаа. Далайн хүчит шуурга дэгдэхэд хөлгийн багийнхан болон зорчигчид амиа алдах нь гэж боджээ. Харин Паул айсангүй. Яагаад? Тэрбээр хөлөг дээр байсан бүх хүнд хандан «Өнгөрсөн шөнө миний шүтэж үйлчилдэг Бурхны тэнгэрийн элч дэргэд минь зогсоод “Паул аа, айх хэрэггүй. Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Бурхан чамтай хамт яваа хүмүүсийн амийг аварна” гэж хэлсэн юм» гэжээ. Ехова Паулд урьд нь Есүсээр хэлүүлснээ тэнгэрийн элчээр дахин хэлүүлсэн нь энэ байлаа. Үнэхээр ч Паул Ромд эсэн мэнд хүрсэн (Үйлс 27:20–25; 28:16).

6. Есүсийн ямар амлалт бидэнд сэтгэлийн тэнхээ хайрладаг вэ? Яагаад?

6 Бидэнд хэрхэн тусалдаг вэ? Есүс Паулыг дэмжсэн шигээ биднийг ч дэмжинэ. Жишээлбэл Есүс: «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал би та нартай үргэлж хамт байх болно» гэж дагалдагчдадаа амласан (Мат. 28:20). Есүсийн энэ үг сэтгэлийн тэнхээ өгдөг. Яагаад? Зарим өдөр бидний хувьд дааж давшгүй мэт хүнд байдаг. Жишээ нь хайртай хүн маань нас барвал бид хэдэн өдөр ч биш, бүр хэдэн жил гашууддаг. Зарим хүн өтөл насны хүнд өдрүүдийг туулдаг. Өөр нэг хэсэг нь сэтгэл гутралд автсанаас болоод олон өдөр зовдог. Гэлээ ч Есүс үргэлж, тэр байтугай хүнд хэцүү өдрүүдэд ч хамт байдгийг бид мэддэг учраас зовлонгоо тэвчих тэнхээтэй болдог (Мат. 11:28–30).

Биднийг дэлгэрүүлж явах үед тэнгэрийн элч нар тусалж дэмжин, удирдан чиглүүлдэг (7-р догол мөрийг үзээрэй)

7. Илчлэл 14:6-г үзвэл Ехова өнөөдөр бидэнд хэрхэн тусалдаг вэ?

7 Ехова бидэнд тэнгэрийн элч нараараа туслуулна гэсэн амлалт Бурхны Үгэнд байдаг (Евр. 1:7, 14). Жишээ нь «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэнд» «Хаант төрийн тухай ... сайн мэдээг» тунхаглах үед маань тэнгэрийн элч нар бидэнд тусалж, удирдан чиглүүлдэг (Мат. 24:13, 14; Илчлэл 14:6-г уншина).

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ТУСЛАМЖ

8. Ехова Паулд мянгатын даргаар хэрхэн туслуулсан бэ?

8 Паулд хэрхэн тусалсан бэ? МЭ 56 онд болсон явдлыг бодъё. Ромд эсэн мэнд очихыг нь Есүс түүнд батлан хэлжээ. Гэхдээ Иерусалимд байсан зарим иудейчүүд Паулыг отож байгаад барьж аван, амийг нь хөнөөхөөр төлөвлөсөн байлаа. Ромын цэргийн мянгатын дарга Клавдий Луси уг төлөвлөгөөг мэдээд Паулд туслахаар иржээ. Тэгээд түүнийг олон цэргээр хамгаалуулан, Иерусалимаас 105 километрийн зайтай орших Цезариа хот руу нэн даруй илгээсэн. Тэнд очиход нь захирагч Феликс Паулыг «Херодын ордонд байлгаж харуулаар мануулахыг тушаав». Ийнхүү Паул амийг нь эрэгчдийн гараас мултарчээ (Үйлс 23:12–35).

9. Захирагч Фест Паулд хэрхэн тусалсан бэ?

9 Хоёр жил өнгөрсөн ч Паул Цезариад хоригдсон хэвээрээ байв. Феликсийн дараа Фест захирагчаар томилогджээ. Иудейчүүд Паулыг шүүх нэрийдлээр Иерусалим руу явуулж өгөхийг гуйсан боловч Фест татгалзав. «Паулыг отож байгаад замд нь алах санаатай» байсныг энэ захирагч мэдсэн байж болох юм (Үйлс 24:27—25:5).

10. Захирагч Фест Паулын хүсэлтэд ямар хариу өгсөн бэ?

10 Паулыг шүүх ажиллагаа Цезариад болов. Фест «иудейчүүдэд тал засах» гэсэндээ Паулаас «Та Иерусалимд очиж хэргээ шүүлгэмээр байна уу?» гэж асуулаа. Паул Иерусалимд очвол алагдана гэдгээ, харин Ромд очвол амьд үлдэж, үргэлжлүүлэн үйлчилнэ гэдгээ мэдэж байсан. Тийм учраас «Би Цезарьт давж заалдана!» гэжээ. Фест зөвлөхүүдтэйгээ хэлэлцээд «Та Цезарьт давж заалдана гэсэн. Таныг Цезарь луу явуулна» гэж хариулав. Фест ийм шийдвэр гаргаснаараа Паулыг дайснуудаас нь аварчээ. Паул амийг нь эрж байсан иудейчүүдийн хүрч чадахгүй газар буюу Ромд очихоор боллоо (Үйлс 25:6–12).

11. Паул Исаиагийн ямар сануулгыг бодсон байж болох вэ?

11 Паул Итали явахаа хүлээх зуураа Исаиагийн зөгнөлийг бодсон байж болох юм. Зөнч Исаиа: «Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна» гэж Еховаг эсэргүүцдэг хүмүүст анхааруулжээ (Ис. 8:10). Бурхан тусална гэдгийг Паул мэдэж байсан учраас тулгарах сорилтод бэлтгэлтэй болсон биз ээ.

Дээр үед Ехова үйлчлэгчдээ хамгаалахын тулд эрх мэдэлтнүүдийг ашигладаг байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй (12-р догол мөрийг үзээрэй)

12. Юлий Паулд хэрхэн хандсан бэ? Паул юу ойлгосон бэ?

12 Итали орох аялал МЭ 58 онд эхлэв. Хоригдол Паулыг Ромын цэргийн офицер Юлий гэдэг хүнд хариуцуулжээ. Тэр мөчөөс эхлэн Паулын үхэх сэхэх нь Юлийгээс шалтгаалах болов. Эрх мэдлээ хэрхэн эдлэх бол? Маргааш нь хөлөг онгоц эхний зогсоол дээр очиход «Юлий, Паулд хүнлэг сэтгэл гаргаж, найз нөхдийндөө очин тусламж дэмжлэг авахыг» зөвшөөрчээ. Хожим нь тэрбээр Паулын амийг аварсан. Яаж? Цэргүүд хөлөг дээр байсан бүх хоригдлыг алах бодолтой байсан ч Юлий тэднийг хорьж болиулжээ. Яагаад? «Паулыг аврах санаатай байсан». Ехова сайхан сэтгэлт энэ цэргийн даргыг удирдаж байгааг Паул ойлгосон нь лавтай (Үйлс 27:1–3, 42–44).

(13-р догол мөрийг үзээрэй)

13. Ехова эрх мэдэлтнүүдэд хэрхэн нөлөөлж мэдэх вэ?

13 Бидэнд хэрхэн тусалдаг вэ? Хэрэв Ехова шаардлагатай гэж үзвэл хүчирхэг агуу хүчээрээ эрх мэдэлтнүүдийг удирдан, хүсэл тааллаа гүйцэтгүүлнэ. Соломон хааны хэлсэнчлэн, «хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг» (Сур. 21:1). Үүнийг юу гэж ойлгох вэ? Хүмүүс суваг шуудуу ухаж усыг хүссэн зүг рүүгээ урсгадаг. Үүнтэй адил, Ехова агуу хүчээрээ эрх мэдэлтнүүдэд нөлөөлж санаа зорилгодоо нийцэх зүйлийг бодуулж чадна. Хэрэв тэгвэл эрх мэдэлтнүүд Бурхны ард түмний талд ашигтай шийдвэр гаргана (Езра 7:21, 25, 26-тай харьцуулаарай).

14. Үйлс 12:5-д бичсэнийг үзвэл, бид хэнд залбирдаг вэ?

14 Бид яах нь зүйтэй вэ? «Хаад, эрх мэдэлтнүүд» Христийн дагалдагч бидний амьдрал, үйл хэрэгт нөлөөлөх шийдвэр гаргахаар болбол тэднийг «залбиралдаа дурдаж» болно (1 Тим. 2:1, 2; Нех. 1:11). Бид шоронд буй ах дүү нарынхаа төлөө І зууны Христийн дагалдагчид шиг шаргуу залбирах учиртай (Үйлс 12:5-ыг уншина; Евр. 13:3). Мөн ах дүү нарыг маань хариуцдаг шоронгийн харгалзагчдын талаар залбирах хэрэгтэй. Тэр хүмүүсийн бодол санаанд нөлөөлж, шоронд буй ах дүү нарт маань Юлий шиг хүнлэг сэтгэл гаргуулаач гэж Еховагаас гуйх нь зүйтэй (Үйлс 27:3).

ИТГЭЛ НЭГТНҮҮДИЙН ТУСЛАМЖ

15, 16. Ехова Паулд Аристарх Лук хоёроор хэрхэн туслуулсан бэ?

15 Паулд хэрхэн тусалсан бэ? Паулыг Ром руу явах замд Ехова итгэл нэгтнүүдээр нь олон удаа туслуулсан. Хэдэн жишээ үзье.

16 Үнэнч анд Аристарх Лук хоёр нь Паултай хамт Ром руу явахаар шийджээ. * Есүс тэр хоёрыг Ромд эсэн мэнд очно гэж хэлсэн тухай Библид байдаггүй. Тийм учраас аюул осолтой энэ аяллыг хийнэ гэдэг нь Аристарх Лук хоёрын хувьд амь насаараа дэнчин тавьсан хэрэг байлаа. Гэлээ ч тэд Паулд туслахад бэлэн байв. Аристарх Лук хоёр амь аврагдана гэдгээ бүр сүүлд, догшин шуурганы үеэр л мэджээ. Тэднийг Цезариагаас Ром хүрэх усан онгоцонд суух гэж байгааг Паул хараад Еховад чин сэтгэлээсээ залбирсан нь лавтай. Учир нь энэ хоёр зоригт андаар туслуулж байгаад талархсан биз ээ (Үйлс 27:1, 2, 20–25).

17. Ехова Паулд итгэл нэгтнүүдээр нь хэрхэн туслуулсан бэ?

17 Паулыг аялах замд итгэл нэгтнүүд нь нэг бус удаа тусалжээ. Тухайлбал, Сидон хотын зогсоол дээр ирж зогсоход Юлий Паулд «найз нөхдийндөө очин тусламж дэмжлэг авахыг» зөвшөөрсөн. Дараа нь усан онгоц Путиол хотод зогсоход Паул болон түүний нөхөд «нутгийн ах дүүгээ олж уулзав». Итгэл нэгтнүүд нь тэднийг ятгаж долоо хонуулжээ. Тэгээд хэрэгтэй бүхнийг өгч санаа тавихад Паул ихэд баярлан, урам сэргээм юм ярьж өгсөн нь лавтай (Үйлс 15:2, 3-тай харьцуулаарай). Сэтгэл сэргээсэн энэ явдлын дараа Паул нөхөдтэйгөө аяллаа үргэлжлүүлжээ (Үйлс 27:3; 28:13, 14).

Ехова Паулд итгэл нэгтнүүдээр нь туслуулдаг байсан. Бидэнд ч бас адил (18-р догол мөрийг үзээрэй)

18. Паул яагаад Бурханд талархаж, зориг орсон бэ?

18 Паул гурван жилийн өмнө юу бичсэнээ Ромд очоод санасан байх. Тэрбээр энэ хотын хурлынханд «Танай тэнд очихыг олон жил хүсэж байсан» гэж бичжээ (Ром 15:23). Гэхдээ хоригдол болчихоод ирнэ гэж бодоогүй биз ээ. Ром дахь итгэл нэгтнүүд нь замд тосож уулзахад Паул ямар их баярласан бол оо! «Паул тэднийг хараад Бурханд талархаж, зоригтой болов» (Үйлс 28:15). Тэрбээр ийм ах дүүг өгсөн Бурхандаа талархсан. Яагаад? Ехова итгэл нэгтнүүдээр нь туслуулж байгааг дахин ойлгосон ажээ.

(19-р догол мөрийг үзээрэй)

19. 1 Петр 4:10-ыг үзвэл, Ехова тусламж хэрэгтэй хүмүүст биднээр хэрхэн туслуулах вэ?

19 Бид яах нь зүйтэй вэ? Танай хуралд зовлон үзэж буй итгэл нэгтэн байна уу? Өвчнөөсөө эсвэл өөр янз бүрийн бэрхшээлээс болоод зовж байгаа байх. Хайртай хүнээсээ хагацсан ч байж мэднэ. Тусламж авах шаардлагатай хүнийг анзаарсан бол сэтгэл тайвшруулам үг хэлэхэд эсвэл сайн юм хийхэд туслахыг Еховагаас гуйгаарай. Тэгвэл бидний үг, үйлдэл тэдгээр ах дүүг маань зоригжуулж магадгүй (1 Петр 4:10-ыг уншина). * «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэсэн Еховагийн амлалт өөрсдөд нь хамаатай гэдэгт тэд бат итгэдэг болох биз ээ. Үүнийг хараад та баярлахгүй гэж үү?

20. Бид яагаад «Ехова бол миний туслагч» гэж итгэлтэй хэлж чадах вэ?

20 Паул ба түүний нөхөд далайд аялж явахдаа догшин шуурганд өртсөн шиг, бид амьдрал хэмээх далайд аялж явахдаа догшин шуурга мэт бэрхшээлтэй учирдаг. Гэхдээ Ехова бидэнтэй хамт байгаа учраас зоригждог. Тэрбээр бидэнд Есүсээр, тэнгэрийн элч нараар туслуулдаг. Бас санаа зорилгод нь нийцэж байвал эрх мэдэлтэй хүмүүсээр туслуулж болох юм. Түүнээс гадна, бидэнд туслах чин хүслийг итгэл нэгтнүүдийн маань зүрх сэтгэлд агуу хүчээрээ төрүүлдгийг бид амьдрал дээрээ үзсэн. Тийм учраас «Ехова бол миний туслагч. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?» хэмээн Паул шиг итгэл төгс хэлж чадна (Евр. 13:6).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

^ д/м 5 Ехова хүнд бэрх зовлон туулсан элч Паулд ямар гурван аргаар тусалсныг энэ өгүүллээр үзнэ. Ехова эрт цагт хэрхэн Туслагч болж байсныг судалбал өнөөдөр ч амьдралын шуургыг давж гарахад тусална гэсэн итгэл батажна.

^ д/м 16 Аристарх Лук хоёр урьд нь Паултай цуг аялж байжээ. Паулыг Ромд хоригдоход ч түүнтэй хамт үлдэж, үнэнч нөхөд гэдгээ баталсан (Үйлс 16:10–12; 20:4; Кол. 4:10, 14).